| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 374 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох эрүүгийн 1806 09846 0057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Н.Б .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. Их монгол хорооллын 904-81 тоотоос иргэн М.Юмжирмаагийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Юмжирмаагийн өгсөн мэдүүлэг /хх-5/, гэрч Б.Ганбатын өгсөн мэдүүлэг /хх-9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, шүүгдэгч Н.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-23-24/, шүүгдэгч Н.Б урьд ял шийтгэгдсэн
эсэхийг шалгах хуудас /хх-29/, зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. Их монгол хорооллын 904-81 тоотоос иргэн М.Юмжирмаагийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 390.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Юмжирмаагийн өгсөн: “...Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр годон гутлаа өмсөх гээд хайхад байхгүй байхаар нь би яараад явчихсан юм. Тэр өдрийн орой буюу 12 сарын 6-ны орой ажлаасаа ирээд гутлаа хайгаад олоогүй бөгөөд хүү Б.Ганбатаас “манай гэрт ямар хүмүүс ирсэн юм бэ” гэж асуухад “Н.Б гэх өвгөн орж ирсэн” гэхээр нь “та хоёр архи уусан юм уу” гэж асуухад бид хоёр хамт архи уусан гэж хэлсэн.” /хх-5/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Н.Б ах над руу залгаад “чи гэр лүү ороод ир, чамтай уулзах хэрэгтэй байна” гээд байхаар нь гэр рүү нь орсон. Тэгэхэд “би цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн, би гэнэт саналаа ээжийн чинь гутал надад байна” гэж хэлээд гялгар уутанд хийгээд манай ээжийн гутлыг надад өгсөн.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б яллагдагчаар өгсөн: “...Тэднийд Б.Ганбат бид хоёр архиа хувааж ууж дуусаад би гэр рүүгээ явахаар болсон байсан. Тэгээд би тэднийхээс гарахдаа архины шилийг энгэртээ хийгээд мөн үүдэнд нь байсан эмэгтэй хүний годон гутлыг аваад куртикнийхаа дотор талын энгэртээ хийгээд гарсан юм.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-7/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-15-16/,
Шүүгдэгч Н.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. Их монгол хорооллын 904-81 тоотоос иргэн М.Юмжирмаагийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Юмжирмаа, гэрч Б.Ганбат, Н.Б яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлэгээ, хэрэгт эд мөрийн баримтаар сидиг тооцсон тогтоол болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч М.Юмжирмаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Б ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б нь цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,
хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС