| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2019/0024/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 24
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Д.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Ү ,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Байгальмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Д.Г ,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ямаат овгийн Д.Г т холбогдох эрүүгийн 1828000000154 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-нд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Ханхонгор сум, Жанжин багийн Гүн худаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ямаат овгийн Д.Г /РД:....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д овогтой Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ....................... хашааны гадаа 33 настай, эрэгтэй Ц.Ш тэй хувийн таарамжгүй байдлаас хоорондоо маргалдан түүний нүүр, цээж орчимд цохиж, өшиглөж санаатайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…“2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач өглөө манайд ирээд би өглөө эмнэлэгт хүүхэддээ хоол хүргэж өгөх гээд явахад хамт явсан. Эмнэлэгээс гараад 2-уулаа Т-нд очиж пинг нь тавьж өгчихөөд 1 шил 0,5 граммтай архи уусан. Тэгээд Дундсайханд очоод дахиж 1 шил архи уугаад тийм үйл явдал болсон. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Талийгаач Ц.Ш миний төрсөн дүү. Миний дүү 02 дугаар сарын 21-нд Хүрмэн сумын төрөх эмнэлэгт төрсөн байдаг. Бага боловсролтой. Аав ээжийн гар дээр мал маллаж өссөн. Ам бүл 4, 2 хүүхэдтэй амьдардаг байсан. Өнгөрсөн зунаас эхнэртэйгээ таарч тохирохоо болиод 2 тийшээ болж 2 хүүхэд нь эцэг эхийнхээ хооронд ирэн очин байдаг байсан. Талийгаач дүү минь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Дунд сайханы 6-15 тоот хашаанд байх манайхаас гараад явсан. Тэгэхэд архи уугаагүй эрүүл явсан. Аймаг дээр байсан шалтгаан нь манай гэр аймаг дээр байдаг. Тэгээд манайд хүүхдээ хараад байж байсан. Урд шөнө нь бид нар хөдөөнөөс ирсэн байсан. Үдээс хойш 4 цагийн үед Хүрмэн сумын төлөөлөгч над руу талийгаачийн эгч мөн үү гэж утсаар яриад цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би очиход надад тодорхой зүйл хэлээгүй. Цагдаагийн газар манай ахыг орж ирэхэд болсон үйл явдлыг хэлж очоод үзээдэх гэсэн. Тэгээд бид нар очсон. Буяны ажилд гарсан зардал 6.000.000 төгрөгийг гаргуулж авсан. Талийгаачийн 2 хүүхдэд хадгаламж нээлгэе гэж хэлсэн шүүгдэгчийн тал миний нэхэмжилсэн мөнгийг өгсөн байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн миний дүүтэй хар багаасаа найзалсан найзууд байсан. Тиймээс энэ хүн миний дүүг алъя гэж бодож санаатай амь насыг нь хохироогоогүй байх. Архинаас болж ийм зүйл боллоо гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 1828000000154 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 2018.11.16-ны өдөр “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 8-14 тоот хашааны гадаа байх гудамжинд бөгөөд хашааны ертөнцийн зүгээр урагшаа харсан саарал өнгийн явган хүний жижиг хаалганы ертөнцийн зүгээр зүүн талын баГ с зүүн тийш 410 см-т /толгой орой хүртэл/ хашаанаас урагшаа 30 см зайд ертөнцийн зүгээр толгойн орой хэсэг зүүн хойшоо чиглэлд харсан 2 гарыг биеийн дагуу байрлуулсан, баруун хөл шулуун, зүүн хөлийг өвдөгний үеэр хагас нугалсан байдалтай цээж нүүр хэсгийг хөх саарал эрээн өнгийн куртикээр хучсан эрэгтэй хүний цогцос байв. Цогцос нь шаргал өнгийн цамцтай доогуураа хар өнгийн даавуун өмдтэй хар өнгийн урт түрийтэй гуталтай байх бөгөөд хучсан куртика /даавуун/-ыг сөхөж үзэхэд цогцосны толгой нүүр хэсэг ертөнцийн зүгээр урагшаа харсан хамар ам хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн цогцосны энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай. Өмссөн цамц дээш сөхөгдөж гэдэс хэсэг ил гарсан байдалтай байв. Цогцосны ар дагз хэсгээс ертөнцийн зүгээр хойд талд 30 см зайд хашааны доор эвж тавьсан цементэн боржур байх ба боржурны баруун урд булангаас 45 см-т 5*5 харьцаатай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг байв. Уг боржурны урд хананд цогцосны мөр хэсэг хүрсэн байдалтай байх ба боржуран дээр үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн бохирлогдсон хэсэг нь цогцосны хүзүү хэсгийн харалдаа үүссэн байсныг тэмдэглэн авав. Мөн уг боржуран дээр байх хашааны банзанд хадсан хар өнгийн панеран дээр панерны баруун дээд булангаас зүүн дээш 25 см-т хоорондоо 16 см-ын зайтай 5*3 хэмжээний цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Цогцосны эргэн тойрон дахь хөрс цул шороон хөрс байх бөгөөд уг хэсэгт хүний ширэлсэн олон тооны мөр үүссэн байх ба хээ нь мэдэгдэхгүй мөрнүүд байв. Цогцосны толгойн орой хэсгээс урагшаа 250 см зайд гудамжаар явсан шороон замын хөвөө хэсгийн ирмэг байх бөгөөд уг замын өргөн 310 см зайтай байв. Уг шороон замын гол хэсэгт цогцосны толгойн орой хэсгээс урагшаа 305 см зайд 220*90 см тайлбайд хүний гутлын улаар үүссэн байж болох хөрсний хонхойлгож зурж үүсгэсэн мөр үүссэн байв. Уг хэсэгт өөр сэжигтэй ул мөр илрээгүй. Замын хөвөөн дээгүүр байх цасан дээгүүрх газрын хөрс хатуу чулуурхаг байх ба мэдэгдэх ул мөргүй байв. Дунд сайханы 8-14 тоот хашаа нь урагшаа харсан гарц явган хүний хаалгатай байх бөгөөд хашаан дотор нэг байшин байв. Уг хашаанд оршин суух Ө овогтой Ө.А нь хэрэг болохыг харсан гэж хэлсэн байв. Цогцосны баруун хөлний өсгийнөөс хойш 41 см-т хар өнгийн саравчтай малгай дээшээ харсан байдалтай хэвтэж байв. Хэргийн газрын хамгаалалтыг цогцосны байгаа хэсгээс зүүн баруун тийш 50*50 метрийн зайтай авсан бөгөөд уг хэсэгт үзлэгийг самнах байдалтайгаар буюу 100 см-ын талбайгаар явуулахад өөр сэжигтэй ул мөр илрээгүй ба цогцсыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зөөвөрлөж хүргэхээр албаны 52-95 ӨМӨ улсын дугаартай автомашинд хийхэд цогцосны доор буюу толгой хэсэг байсан газар газрын хөрсний 8-5 см талбайд цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг хөрстэй нь хамт хуулж шинжилгээнд зориулж авав. Цогцсыг холдуулж зөөвөрлөхөд боржур ил гарсан бөгөөд хэмжиж үзэхэд газраас дээш 16 см өндөр, 100 см урттай байв. Хашаанаас уг болжур нь 10 см цухуйсан байдалтай байв. /гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8, 9-12 дугаар хуудас/,
Цогцосны гадна болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /2018.11.17/ “Цогцос нь дээгүүрээ шаргал өнгийн цамцтай, цамц нь энгэр хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон GRAM гэсэн бичиглэлтэй байв. Уг цамцны дотор талаар улбар шар өнгийн фудволктой, фудволк нь мөн энгэр хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Доогуураа хар өнгийн бэлтгэл өмдтэй уг өмдний 2 хажуу болон өвдөг хэсгээрээ ногоон өнгийн канттай байв. Түүний дотор талд хөх өнгийн ноосон өмдтэй, түүний дотор талд хар эрээн түрсийктэй байв. Хөлдөө хар өнгийн урт түрийтэй гуталтай цагаан саарал өнгийн оймстой байв. Мөн цогцсыг бүтээж хучиж ирсэн саарал өнгийн цамц нь /куртик/ байх ба мөн хар өнгийн саравчтай малгай байв. Өмсөж явсан хувцсанд нь ил харагдах урагдал цооролгүй байв. Цогцос нь 167 см урттай толгойдоо 3 см буурал орсон хүрэн өнгийн өтгөн үстэй, биеийн галбир зөв мах мираа биедээ тохирсон, эрхтэн бүрэн, 33 настай, эрэгтэй хүний цогцос байна. Цогцос бүлээн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн улаан өнгөөр бүдэг үүсэж эхэлсэн, хүүрийн хөшилт эрүү хүзүүнд сулавтар үүссэн дээд доод мөчилтөд үүсээгүй 2 нүдний зовхи аниастай, зовхийг сөхөж харахад хүүхэн хараа 2 талд жигд үүссэн эвэрлэг тунгалаг, зовхины талс цайвар ягаан өнгөтэй, хамрын яс мөгөөрс бүтэн ам хаалттай, уруул цайвар хүрэн бор өнгөтэй, үзэгдэх дээд доод шүд бүрэн, амны хөндий цусаар бохирлогдсон, уруулан дотор доод салстад зүүн доод 1,2,3 дугаар шүдний харалдаа 1 см гүн шархтай, эргэн тойрон улаан хүрэн өнгийн цус хуралттай, эрүүний зүүн хэсэгт 3,5*3 см зүүн шууны ар дээд хэсэгт 1,4*1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, биед өөр ил харагдах гэмтэлгүй, дээд доод мөчдөд хугаралгүй байв.” Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14, 15-24 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Г ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл: /2019-11-16/ “Толгойдоо хөх өнгийн саравчтай малгайтай, цээж хэсгээрээ бор ногоон өнгийн үстэй захтай куртиктэй дотуур нь улаан өнгийн ханцуйтай ноосон цамцтай, саарал өнгийн хоёр талдаа халаастай өмдтэй дотуур нь шар канттай хөх өнгийн бэлтгэл өмдтэй дотуур нь хар өнгийн дотуур өмдтэй дотуур нь улаан цоохор түрсиктэй байв. Хөлдөө хар өнгийн түрийтэй гуталтай байв. Бор ногоон өнгийн куртикний баруун ханцуй хэсэгт 10*3 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон уг цус мэт зүйлээс дээш 5,5 см зайд 1,5x0,5 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг куртикэнд урагдал болон өөр бохирлогдсон зүйлгүй байв. Саарал өнгийн өмд нь хир мэт зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдсон байх бөгөөд баруун халаасны хажууд тууш 25 см урагдалтай, зүүн халаасны хэсэгт 14,5 см хуучин урагдалтай байв. Дотуур өмссөн улаан өнгийн nike гэсэн бичигтэй цамц нь ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байв. Дотуур өмссөн шар өнгийн канттай өмд нь ямар нэг зүйлээр бохирлогдоогүй байв. Дотуур өмссөн хар өмд, улаан эрээн түрсийк ямар нэг зүйлээр бохирлогдоогүй байв. Хөлдөө өмссөн хар өгийн түрийтэй гутал нь өсгий ул хэсгээрээ элэгдсэн гутал байв. Д.Г ийг нүцэглэж харах байдлаар үзлэгийг хийхэд баруун талын уруул хэсэгт 0,2*02 см хэмжээтэй шархтай баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хуруунуудын дунд үе хэсэгт халцарсан шархтай, цээж хэсэгт ямар нэгэн шарх сорвигүй. Нуруундаа шарх соривгүй гуя хөл хэсэгтээ шарх сорвигүй, зүүн шилний гадна талд хуучин 0,8*2,5 см хэмжээтэй сорвитой өөр ил харагдах шарх, сорви, шивээс байхгүй байв.” Гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх 26, 27-32 дугаар хуудас/
Гэрч Д.Т ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /2018.11.16/ “Дашхорол овогтой Д.Т нь цагаан үс ихтэй халимаг үстэй. Үс хоёр талаараа халзарч эхэлсэн гонзгой бор царайтай 166 см өндөртэй байв. Саарал өнгийн бэлтгэл цамцтай уг цамц нь хир мэт зүйлээр бохирлогдсон дотуур нь ногоон өнгийн ноосон цамцтай уг цамцны энгэр хэсэг 4 см урагдалтай, дотуур нь цэнхэр өнгийн фудволктой, уг фудволк нь хир мэт зүйлээр бохирлогдсон байв. Хөлдөө саарал бэлтгэл өмдтэй уг өмд нь нилэнхүйдээ хир мэт зүйлээр бохирлогдсон баруун өвдөгний хэсэгт 8*7 см хэмжээтэй өмөрч байхгүй болсон байв. Дотуур нь саарал өнгийн ноосон өмдтэй цагаан саарал өнгийн дотуур хувцастай байв. Д.Т ийг нүцэглэж харах байдлаар үзлэгийг хийхэд цээж, Нуруу,гуя, шилбэ болон биеийн бүх хэсэгт ямар нэгэн ил харагдах шарх, сорви, шивээс байхгүй байсныг тэмдэглэн авав.” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 33, 34-38 дугаар хуудас/
Д.Т ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: /2018.12.16/ “Гэрч Д.Т нь хэрэг учрал болсон газрыг зааж өгье гэснээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дундсайханы 08-15 тоот хашаанд ирсэн бөгөөд уг хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан саарал өнгийн том автомашины болон жижиг явган хүний хаалгатай. Явган хүний хаалга нь ертөнцийн зүгээр баруун талдаа байх ба уг хашаа нь гаднаа хаяггүй байв. Уг хашаанд байх айлд хамгийн сүүлд архи уусан гэж хэлж байв. Ертөнцийн зүгээр зүүн тийшээ 39 метрийн зайд буюу Дунд сайханы 08-14 тоот хашааны гадаа ирээд хашааны хаалГ с зүүн тийш 2 метр, хашаанаас урагшаа 1,5 метрийн зайд зогсоод талийгаач Ц.Ш болон Д.Г нарыг хоорондоо түлхэлцэж байсан гэх газар гэж зааж харуулав. Уг газраас зүүн тийш 90 см, хашаанаас урагшаа 1,5 метрийн зайд зогсоод энд талийгаачийг Д.Г нь өшиглөж унагасан газар байгаа юм гэж хэлээд зааж үзүүлэв. Мөн уг газраас гудамжаар зүүн тийш 42 метрийн зайтай газарт буюу Дунд сайханы 08-13 тоот хашааны зүүн урд талд очиж зогсоод талийгаач Ц.Ш болон Д.Г нарыг хоорондоо түлхэлцээд байсныг би эндээс хараад зогсож байсан гэж хэлээд зааж харуулав. Мөн уг харж зогсож байсан гэх газраас зүүн тийш 3 метрийн зайтай газарт очиж зогсоод Д.Г ийн талийгаачийг өшиглөж байх үед би энд байсан гэж зааж үзүүлэв. Уг газар нь талийгаачийн өшиглүүлсэн гэж заасан газраас 45 метрийн зайтай байв. Мөн өшиглүүлсэн гэх газраас зүүн тийш 2 орчим метр яваад энд байж байхад Д.Г над дээр ирээд тэгээд бид хоёр Цогтхан дэлгүүрийн урд талын хаалгаар ороод зүүн хойд хэсгээр давж гарсан. Тэгээд тэндээс айлын эмэгтэй ирээд Д.Г ийг аваад явсан. Би тэндээсээ доошоо гэрлүүгээ явсан гэж хэлж байв. Цогтхан дэлгүүрийн хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан ногоон өнгийн хаалгатай байх ба хаалга нь мөн онгорхой баив. Цогтхан дэлгүүр нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан дэлгүүр байх ба уг дэлгүүрийн зүүн талын болон хойд талын хашаа нь блокон хашаа байв. Хашаа давсан гэх газар нь Цогтхан дэлгүүрийн зүүн тийшээ харсан хаалГ с хойшоо 10 метрийн зайтай байв. Цагдаа дуудна гэхээр нь маргааш ажилтай эрүүлжүүлэхэд орчихно гэж бодоод айгаад зугтаачихсан юм. Бусдаар нас барчихсан гэж бодоогүй байсан юм. Би нарийн хэмжээсийг нь мэдэхгүй байна. Би хараад бараг газраа барагцаалж зогсож зааж үзүүлсэн. Тийм хол зөрүүтэй бол биш бараг ойролцоо л зогсож зааж үзүүлсэн.” Гэрэл зургийн үзүүлэлт /хх 48, 49-50 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар хураан авсан гутлын гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-57 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Хүрмэн сумаас уржигдар шөнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө аймгийн төвд байх гэртээ буюу Дунд сайханы 6а-15 тоотод ирсэн. Манай гэрт дүү Ц.Ш ганцаараа унтаж байсан. Хүүхэд нь эмээгийнх рүүгээ явчихсан байсан юм. \Манай дүү Ц.Ш манай аймгийн төвд байх гэрт түр хугацаагаар хүүхэдтэйгээ амьдарч байсан юм/ Би тухайн үед өөрийн нөхөр болон ахын хамт ирсэн байсан. Тэгээд бид гурав хоол цай идэж уугаад унтаж амарсан. Тэгээд өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 07 цагийн үед нөхөр бид хоёр боссон. Тэгээд хөдөөнөөс авч ирсэн мах шөлөө янзлаад байж байхад талийгаач дүү Ц.Ш нь 09 цагийн үед боссон. Тэгээд гэртээ байж байгаад 10 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Гарахдаа юүдэнтэй саарал цамцтай гарсан. Тэгэхээр нь би ойр зуур л гарч байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд нөхрийг гадаа хашаанд байж байгаад ороод ирэхээр нь талийгаачийг яачихав гэж асуусан чинь гараад доошоо алхаж явна гэж хэлсэн. Тэгэхээр нь хаашаа явах гэж байгаа гэж байна. Юм хэлэв үү гэсэн чинь мэдэхгүй би асуусангүй гэж хэлсэн. Хашаанаас доош гарч яваа харагдлаа гэж байсан. Тэгээд санаанд ороогүй байж байгаад нөхөр бид хоёр 13 цаг өнгөрөөгөөд гадагшаа гарч ойр зуур ажил төрөл хөөцөлдөөд явж байгаад 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгэхэд талийгаач ирээгүй байсан. Тэгэхээр нь би цамцтай хаашаа явчихдаг байна залга гээд нөхрөөрөө залгуулсан. Тэгсэн талийгаачийн утас нь холбогдохгүй байсан. Тэгээд удаагүй гар утсаа орхиод явсныг мэдсэн. Тэгээд бид хоёр гэрээс гараагүй гэрт байж байгаад 20 цагийн үед Хүрмэн сумын хэсгийн төлөөлөгч утсаар яриад намайг хаана байна ирээд уулзах боломж байна уу. Унаатай юу гэж асуусан. Тэгэхээр нь би суманд байхгүй, аймгийн төв дээр байгаагаа хэлээд унаа байхгүй гэж хэлсэн. Тэгсэн өөрөө ирж уулзъя гэж байснаа цагдаагийн газар дээр яваад ирээ Ц.Ш гэж дүү чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирээд талийгаач дүүгээ нас барсан талаар мэдсэн. Талийгаач уг нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хүрмэн суманд амьдардаг. Тэгээд энэ зун эхнэрээсээ салаад хоёр тусдаа амьдраад 2 хүүхэд нь эцэг эх дээрээ ирэн очин байдаг байсан юм. Талийгаач зан аашийн хувьд элдэв янзын зан аашгүй хүн байсан. Шулуун шударга зантай, хүнд хэлье гэснээ шууд хэлчихдэг тийм хүн байсан. Огцом ууртай байсан боловч тэгж уурласандаа бухимдаж бусдад хар буруу санаж хорсож барьж явдаггүй хүн байсан. Архи уучихдаг хүн байсан. Бусдаар бол өөр ямар нэг муу зүйл байхгүй байсан. Д.Г нь манай багийн иргэн байгаа юм. Бусдаар бол ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Д.Г нь манай талийгаач дүү Ц.Ш гийн найз нь байсан.” “Талийгаач Ц.Ш нь О тай суугаад 2 хүүхэдтэй болсон. 2 хүүхэд нь одоо 8 настай, 3 настай бага насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж хадгаламжтай болгуулмаар байна. 1 хүүхэд 15.000.000 төгрөг буюу нийт 30.000.000 төгрөгийн хуримтлалтай болгуулмаар байна. Тэрийг нь 18 насанд хүрэхээр нь авахуулахаар тийм хадгаламжтай болгуулмаар байна. Мөн дээр нь талийгаачийн оршуулгын зардал болох 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаач эхнэрээсээ салаад сүйдтэй зүйл болсон юм байхгүй. Гэрлэлтийн гэрчилгээ байдаг үгүйг мэдэхгүй байна. 2 хүүхэд нь яг талийгаачийн өөрийнх нь хүүхэд байгаа юм. Эхнэр нь түр хугацаанд Цагаан хаданд ажил хийхээр явчихсан байсан. Ам бүлээ салгуулчихсан гэх зүйл байгаагүй. Өөрөө хүүхдээ хараад аймгийн төв дээр байж байсан.” гэх мэдүүлэг /хх 62-63, 65-66 дугаар хуудас/
Гэрч Ө.Ө.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы 8-14 тоотод гэртээ бага насны хүүхдээ асардаг юм. 2018 оны 11 дүгээр сар 16-ны орой 17 цаг 30 минутын үед эгчийн гэрт хоол хийгээд байж байхад манай хашааны гадаа хүмүүс хашаа мөргөөд байгаа юм шиг чимээ гарахаар нь би дүүгээ гарч хашааны хаалга хаа гэж хэлээд дүүгээ гаргасан юм. Тэгээд удаагүй би өөрөө ямар хүмүүс зодолдож байгааг харах гээд гэрээс гарч ирээд хашааны завсраар харахад бор куртиктэй хүн одоо хашааны гадаа хэвтэж байгаа хүний нүүр рүү өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хашаанаас гарч ирээд хүн өшиглөсөн хүнд хандаж та яагаад хүн зодоод байгаа юм бэ наад хүнээ аваад эндээс яв манай хашааны үүдэнд үхвэл яах юм бэ гэж хэлэхэд тэр ах би босгож аваад явчихна гээд нөгөө хүнээ татахад тэр хүн нь босохгүй байсан. Би тэр хүнийг хашааны гадаа 10 орчим минут загнасан юм. Тэгэхэд тэр ах нөгөө газар сууж байсан хүнээ Жижгээ босолдоо гээд байсан. Би тэр ахыг загнаж байхад нөгөө өшиглүүлсэн хүн хашаа налаад хамар, амнаасаа цус гоожуулаад суугаад байсан. Тэгсэн хашаанд байх байшингаас манай ээж гараад ирсэн. Гарч ирээд цагдаа дууд гээд цагдаагийн газар руу өөрийн 88482075 дугаараас дуудлага өгсөн. Тэгсэн тэр өшиглөдөг ах Цогтхан дэлгүүрийн хашаа даваад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод та ямар муухай юм бэ нэгнийгээ ийм болгочихоод хаяад яваад байхдаа яадаг юм бэ энэ хүн чинь үхчихвэл яах юм бэ гэж хэлээд тэр ахыг дагуулаад буцаад нөгөө өшиглүүлдэг ах дээр ирсэн. Тэгсэн өшиглүүлдэг ах хажуугаараа уначихсан байсан. Тэгсэн нөгөө ах очоод найзаа босоорой, уучлаарай гээд байсан. Тэгж байхад нь цагдаа хүрээд ирсэн. Цагдаа ирээд нөгөө хүн өшиглөсөн ахыг машинд суулгаад түргэн дуудсан цагдаа 5-7 минутын дараа ирсэн эмнэлэг 15-20 минутын дараагаар ирсэн. Эмнэлэг ирээд тэр хүнийг үзсэн. Тэгсэн цагдаагийн хүмүүс бид нарыг гэртээ ор гэж хэлсэн Ийм зүйл болсон юм. Намайг гэрээс гараад ирэхэд хашааны гадаа 3 хүн байсан. Бор куртиктэй ах цамцтай ахыг нэг удаа өшиглөөд авсан. Туранхай настай ах зүүн хашааны гадаа хол байж байсан юм. Тэр хүн бол зодоонд оролцоогүй. Би тэр шар хувцастай зодоонд оролцоогүй ахыг цагдаа дууд гэсэн чинь зугтаагаад яваад өгсөн юм. Би тэр хүмүүсийг танихгүй. Тэр хүмүүс хаанаас ирснийг ч мэдэхгүй. Миний харснаар бол тэр ах газар хэвтэж байгаа ахын нүүр рүү нэг л удаа өшиглөсөн юм. Урьд нь яаж зодолдсон талаар мэдсэн зүйл байхгүй. Гэрт байж байхад нэгнийгээ хашаа мөргүүлээд байгаа юм шиг чимээ гарч байсан. Хашааны гадаа байсан 3 ах 3 уулаа архи уусан байсан.””Намайг яг гэрээсээ гараад хашааны хаалга руу явж байх үед хашааны завсраар харагдсан. Тэгэхэд ертөнцийн зүгээр баруун талд нь зогсож байсан бордуу өнгөтэй куртиктэй урт хар түрийтэй гуталтай залуу нь зүүн талд зогсож байсан цайвар шаргал өнгийн цамцтай залууг гуйваГ д доошоо бага зэрэг тонгойх үед нь нүүр рүү өшиглөчихсөн. Тэгтэл нөгөө өшиглүүлсэн хүн нь хойшоо ухарч хэд алхаад хашаа налаад тэгээд ажжмаар доошоо ёолоод суусан. Нүүр амаа гараараа дараагүй. Тэгээд би гарч очоод тэр өшиглөсөн хүнийг загнасан. Өшиглүүлээд саваад унаагүй. Хойшоо ухраад хашаа налаад суусан. Тэгж суухдаа хөлөө жийгээд суусан байсан. Тэгэхдээ цээжин хэсэг ертөнцийн зүгээр зүүн тийш маягтай байсан. Хөл нь баруун урд зүг рүү маягтай байсан. Тэгж байгаад ер нь бага багаар цээжин хэсэг нь зүүн тийшээ налж гулгаад аажмаар доошоо хэвтсэн байх. Намайг тэр өшиглөсөн хүний араас явчихаад дагуулаад ирэхэд тэр хүн газарт хэвтэж байсан. Тухайн үед нохой хуцаад байсан болохоор ямар нэгэн яриа бол сонсогдоогүй. Намайг гарч очсоноос хойш бол хоорондоо ямар нэг зүйл огт яриагүй.Тэр өшиглүүлсэн хүн нь ёоё гэхээр өөр нэг ч үг дуугараагүй. Ёоё гэх дуу нь маш бүдэг сонсогдож байсан. Өшиглүүлсэн хүн нь нилээд согтуу байгаа байдалтай гуйвж дайвсан байдалтай байсан. Өшиглөсөн бор куртиктэй хүн нь согтуу нь бол согтуу байсан. Гэхдээ тийм их согтсон гэхээр харагдаагүй. Надад загнуулаад хүүхэд шиг зогсоод байсан. Над руу дайрч давшлах зэрэг үйлдэл үзүүлээгүй. Тийм хэрцгий хүн биш гэж харагдсан. Тэр настайвтар ах бол бас согтуу байсан. Гэхдээ арай гайгүй байсан. Талийгаачийг хучсан хөх эрээн өнгийн зүйлээр хучсан байсан нь манай баруун айлын хашааны үүдэнд хэвтэж байсан цамц юм. Намайг тэр өшиглөсөн хүнийг загнаад зогсож байхад манай дүү гарч ирсэн юм. Тэр дүү уг куртикийг нь аваад дэргэд нь тавьсан. Тэр куртикээ өмсөөд явах байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 67-68, 69-70 дугаар хуудас/
Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багт оршин суудаг найз Д.Г нь зүс таних Ц.Ш гийн хамт манайд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд ирсэн. Ирэхдээ тэр хоёр архи дарс уугаагүй эрүүл ирсэн. Тэр хоёроор би гэрийн үүдний пинг гэртэйгээ залгуулж тавиулсан. Тэгээд би тэр хоёрт тус болсон гээд АПУ-гийн бөөний төвөөс 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч өгсөн юм. Түүнийг Д.Г , Ц.Ш бид гурав манайд хувааж уусан. Тэгэхэд манайд хүн байгаагүй. Бид гурав л байсан. Тэгээд 13 цагийн үед манай 2 хүүхэд ирсэн. Хүүхдүүдийг ирэхэд нь архиа бол хувааж уугаад дуусгасан байсан. Тэгээд намайг архи уухаар хүүхдүүд уурлаад байдаг болохоор нь зөрөөд Д.Г , Ц.Ш хоёртой гадагшаа гарсан. Д.Г нь манайд ирэхдээ хоолны халуун сав барьчихсан хүүхдээ эмнэлэгт очиж эргээд ирлээ гэж байсан юм. Тэгээд тэр хоолны саваа гэртээ тавихаар бид гурав Д.Г ийн аймгийн төв дээр байдаг гэр рүү нь буюу 5 дугаар баг Ногоочдын гудамж руу явсан. Би хаягыг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд Ц.Ш бид хоёр гадаа нь хүлээгээд байж байтал Д.Г гэрээсээ мөнгө аваад гараад ирсэн. Тэгээд бид гурав буцаж яваад дахиад АПУ компаний дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн Ерөөл архи авсан. Тэгээд түүнийг Ц.Ш гийн хамаатны гэх айлд буюу Дунд сайханы 8 гудамжинд /би тоотыг нь нарийн мэдэхгүй байна/ байдаг нэг айлд очсон. Ороход 2 жижиг хүүхэдтэй нэг хүүхэн байсан. Тэнд ороод архиа Ц.Ш , Д.Г бид гурав хувааж уусан. Тэгээд би галч хийдэг учраас гал түлэх болчихсон байна гээд явъя гэж хэлээд гарсан. Тэгсэн тэр хоёр араас гараад ирсэн. Би түрүүлээд гарсан чинь Ц.Ш , Д.Г хоёр хоорондоо түлхэлцээд маргалдаад байсан. Юу ярьж маргалдаад байсныг нь би сайн ойлгоогүй. Д.Г ийг л Ц.Ш явуулахгүй гээд байгаа юм болов уу гэж ойлгосон. Тэгээд би тэр айлын хашаанаас нилээн наашаа гараад явсан. Араас тэр хоёр явж байгаад хоорондоо түлхэлцэж байснаа бие биенийгээ заамдаад авсан. Тэгээд Д.Г нь Ц.Ш г хашаа руу заамдсан хоёр гараараа түлхээд өшиглөсөн аль талынхыг нь санахгүй байна. Хажуу бөөрнийх нь дээхэн хэсэг рүү нь өшиглөөд авсан. Тэгтэл Ц.Ш хашааг жаахан зүүн тийшээ маягтай налаад унасан. Гэхдээ ар нуруу хэсгээрээ налж бол унаагүй. Ц.Ш гийн толгой хэсэг хашааны ёроол хавьд таарахаар газарт унасан. Би жаахан зайдуу байсан болохоор яг толгойн аль хэсгээрээ газарт унасан талаар нарийн хараагүй. Тэгээд газар уначихаад л хөдөлгөөнгүй болчихсон. Тэгтэл Д.Г сандараад Ц.Ш гийн цээж хэсэгт дараад хувцаснаас нь татаад сэгсрээд босгох гээд байсан. Гэтэл Ц.Ш огт хөдлөөгүй. Энэ үед цаахан талаас нь нэг хүүхэн гарч ирээд цагдаа дуудлаа энэ хүнээ аваач хашааны гадаа хүн зодож унагачихаад яасан сонин хүн бэ гэж хэлж байсан. Тэгэхэд Д.Г миний араас гүйгээд ирсэн. Би тэр үед мөн арагшаа харан харан явсаар байсан юм. Тэгтэл Д.Г Цогтхан дэлгүүр байдаг хашааны урд талд \Цогтхан дэлгүүр болохоор зүүн тийшээ харсан дэлгүүр байдаг юм/ намайг гүйцэж ирээд би хүн алчих шиг боллоо гэж хэлээд Цогтхан дэлгүүрийн хашаа руу урд талын онгорхой том хаалгаар ороод явсан. Би мөн хамт явсан. Тэгээд бид хоёр уг хашааны зүүн хойд булангаар гадагшаа даваад гудамжинд гараад Цогтхан дэлгүүрийн үүдэн дээр ирэх үед нөгөө цаанаас гарч ирсэн хүүхэн урдаас амдаад гараад ирсэн. Тэгээд тэр бор куртиктэй залуу нааш ир чи л өшиглөж байсан тэр газар унасан хүнээ ав, би цагдаа дуудлаа гээд Д.Г ийг дагуулаад явсан. Тэгээд би болохоор байгууллагын гал түлэх ёстой байсан учраас галаа түлэхээр явсан. Тэгээд би гэртээ очоод гэрийнхээ галыг хийчихээд байгуулгын галаа түлэх гээд байж байтал цагдаа ирсэн. Манайд архи уухдаа огт хэрүүл маргаан хийгээгүй. Тэгээд Ц.Ш гийн хамаатаных гэх айлд архи уусан. Тэгэхэд мөн л хэрүүл маргаан болоогүй байсан. Гэхдээ Ц.Ш гийн дуу яриа нь чангарчихсан нилээн агсан бололтой харагдаж байсан. Тэгээд тэднийхээс гарах гэж байхад л Д.Г , Ц.Ш хоёр хоорондоо ам мурийгаад эхэлсэн. Би ч түрүүлээд гараад явсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Д.Г ийг явуулахгүй гээд байсан болов уу гэх зүйл санаанд байна. Ц.Ш бид хоёр нилээн согтсон байсан байх. Д.Г болохоор бид хоёрыг бодвол арай гайгүй байсан болов уу гэж бодож байна. Би тэр хоёрыг зууралдаад түлхэлцээд байхад нь нэг зогсоод эргэж хараад бага багаар явж байсан юм. Тэгээд намайг 2-3 айлын хашаа өнгөрөөд явж байх үед буюу 60-70 метрийн зайтай явж байхад Д.Г ертөнцийн зүгээр хойшоо харсан харин Ц.Ш нь урагшаа харсан байдалтай бие биенийгээ заамдсан байдалтай байж байгаад Д.Г нь Ц.Ш г түлхээд нэг өшиглөөд авсан. Хажуу бөөрний дээд талд хавирга хэсэгт нь өшиглөх шиг болсон. Тэгтэл Ц.Ш газарт унаад огт хөдөлгөөнгүй болчихсон. Би тэр хоёрыг зүүн талаас нь хараад байж байсан юм. Хашаанаас урагшаа 1-2 алхамын зайтай байсан. Тэгээд газарт унахдаа зүүн тийшээ маягтай унасан. Яг толгойныхаа аль хэсгээр газарт унасан талаар нарийн хараагүй. Айлын хашааны ёроол хавьд л толгой нь таарах шиг болсон. Тэгээд газарт унаад л хөдөлгөөнгүй болсон. Д.Г тэгээд сандраад сэгсрээд хувцаснаас нь наашаа цаашаа болгон татаад байсан. Хашаа налж сууж бариагүй. Өшиглүүлээд л газарт унасан тэгээд огт хөдлөөгүй. Зүүн хажуу тийш маягтай л унасан тэгтэл Д.Г сэгсэрээд байсан. Тэгж байхад харахад бол Ц.Ш дээшээ харсан байдалтай харагдсан. Унасан хойно нь цохиж зодсон асуудал байхгүй. Сэгсрээд байсан гэдэг сэргээх гээд л сэрсэрсэн асуудал байгаа юм. Тэгээд цээжин дээр нь дараад массаж хийгээд байсан. Тэгээд цагдаа дуудлаа энэ хүнээ ав гэсэн чинь Д.Г миний араас гүйгээд ирсэн. Би хүн алчихлаа гэж хэлж байсан. Хамт архи ууж байхад ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй.” “Би бага багаар зүүн тийшээ явж байгаад хааяа нэг эргэж хараад явсан. Харах үед цохьсон зүйлийг олж хараагүй. Д.Г талийгаачийг нэг өшиглөсөн. Би хол байсан болохоор яг хаана өшиглөсөн талаар сайн мэдэхгүй байна. Цээжний хажуу орчим л өшиглөчихлөө гэж харсан. Өшиглөсөн дараа л ухаан алдчих шиг болсон. Тэгээд шууд нас барсан байх гэж бодож байна. Тэр үед айлын хүн гараад ирсэн. /хх 71-72, 73 дугаар хуудас/
Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы 8-14 тоотод оршин суудаг юм. 2018 оны 11 дүгээр сар 16-ны орой 17 цаг өнгөрч байхад би гэртээ ойр зуурын юм хийгээд байж байхад манай нохой хуцаад байхаар нь байшингийнхаа цонхоор харахад хашааны хаалга онгорхой байсан. Хашааны хаалганы хажууд хүмүүс шуугилдаад байгаа бололтой байхаар нь юу болоод байна гээд байшингаас гарч алхаад хашааны хаалгаар гарахад хашааны гадаа манай охин Ө.А байж байсан. Манай хашааны урд талд нэг согтуу бололтой хүн суучихсан тэр хүний зүүн хацар, нүүрний зүүн талаар нь нилээд цус болчихсон байсан. Хажуүд нэг залуу нөгөө сууж байсан хүнийг миний найз бос бос гээд цээжээр нь тэврээд дээш нь өргөх гээд байсан. Нөгөө хүн нь босохгүй байсан. Би тэр хүнийг тасарчихсан юм уу гэж харж байсан юм. Хажуунаас манай охин энэ хүмүүс чинь гурвуулаа байсан нэг нь тэр байна гээд заасан харахад манай хашаанаас доош 2 хашааны урьд наашаа хараад зогсож байсан. Тэгээд би буцаж гэрлүүгээ ороод өөрийн гар утсаа аваад буцаж хашаанаас гарч харсан чинь нөгөө газар сууж байсан залуу нь босохгүй байгаа бололтой байхаар нь ер нь цагдаа дуудаад өгөөд явуулъя гэж бодоод гэртээ орж байгаад цагдаад манай хашааны гадаа согтуу танихгүй хүмүүс зодолдоод нэг нь босохгүй байна гэж дуудлага өгсөн юм. Цагдаагийн машин удахгүй ирэхээр нь би гэрээс гараад ирэхэд цагдаа нар машинаасаа буучихсан үзэж байсан. Би хашааанаас гараад ирэхэд газар сууж байгаа хүний гар нь дээшээ харчихсан сонин болчихсон байсан. Цагдаа нар ирж тэр хүнийг харчихаад түргэн дуудсан. Түргэн 20 орчим минут болсоны дараагаар ирсэн. Түргэн ирээд тэр хүнийг үзэж байх шиг байсан. Тэгсэн цагдаа нар гэрээсээ битгий гарч ирээд бай гэж хэлсэн. Тэгээд би дахиж хашаанаасаа гараагүй юм. Би бол зодоон болсон явдлыг нүдээрээ хараагүй. Нохой хуцаад байхаар нь гараад очиход тэр хүн газар уначихсан байсан юм. Хажууд нь нэг залуу зогсож байсан юм. Намайг гараад ирэхэд нэг хүн нь зүүн тийшээ хараад хажуугаараа байсан хажууд нь байсан залуу миний найз босоорой явъя гээд л байсан. Би тэр хүмүүсийг танихгүй тэр хүмүүс хаанаас ирснийг ч мэдэхгүй. Тэр хүмүүч согтуу л байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх 74 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хичээлээ тараад 13 цагийн үед эмээгийндээ буюу Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 8-14 тоотод очсон. Эмээгийнд Ө.А эгч, нялх хүүхэдтэйгээ бас эмээ байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд оройхон 17 цагийн үед гэрт байж байхад Ө.А эгч хашааны хаалга хаа гэж хэлсэн. Би хаалга онгорхой салхинд түжигнээд байгаа юм байх гэж бодоод хаах гээд гарсан. Тэгсэн гараад хашааны явган хүний жижиг хаалгыг хаах гэсэн чинь манай хашааны урд 2 хүн бие биенийгээ цохиж байсан. Намайг хаалга хаах гээд гарах үед буюу гараад хаалГ саа барих үед цайвар өнгийн өнгийн цамцтай нас барчихдаг ах куртиктэй ахыг нүүр хавь руу нь цохиод авсан. Тэгсэн чинь нөгөө куртиктэй ах нь цамцтай нас барчихдаг ахыг хашаа руу түлхээд цохьсон. Тэр үед би хаалгаа хааж түгжээд буцаад орсон. Тэгээд намайг эмээгийн гэрийн үүд хавьд явж байхад хашаа түг гээд дуугарсан. Тэгээд эргээд харсан чинь нөгөө нас бардаг ах хэг гэж дугарсан. Гэдэс хавьд нь өшиглөчихсөн байх. Гэдэс рүүгээ цохиулсан хүн хэг гээд дуугардаг шиг дуугарсан. Тэгээд доошоо хагас сууж байсан. Тэгэхэд нөгөө куртиктэй ах хажууд нь зогсож байсан. Тэгээд би гэрлүүгээ ороод гадаа хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн чинь надтай зөрөөд Ө.А эгч юу болоод байна очиж үзнэ гээд гараад явсан. Тэгээд би Ө.А эгчийн хүүхдийг хараад байж байгаад нэг гараад очсон чинь цамцтай нас барчихдаг ах газарт суучихсан цээжин хэсэг нь хашаа налчихсан байдалтай хоёр хөлөө дээш нь нугалаад суучихсан байсан. Ө.А эгч хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд нөгөө куртиктэй ахыг чи энэ хүнээ аваад яваач сонин амьсгалаад байна ш дээ гэж хэлсэн. Тэр нас бардаг ах нээх сонин их их гээд дуугараад байсан. Тэгсэн чинь нөгөө куртиктэй ах зүгээрээ энэ миний найз байгаа юм гээд нөгөө суучихсан байсан ах дээр очоод босгох гэсэн боловч дийлээгүй. Нөгөө хүн бол огт хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэгсэн чинь нөгөө куртиктэй залуу нөгөө сууж байсан ахыг миний найз тоглоод байгаа юм уу гэж хэлээд байсан. Тэгтэл манай эгч Ө.А миний дүү тэр цамцыг нь аваад өгчих гэж хэлсэн. Тэгээд би манай баруун айлын хашааны зүүн урд талд байсан хөх эрээн өнгийн даавуун материалтай куртик байсныг нь аваад хашаа налаад сууж байсан хүний хажууд нь тавьсан. Тэгсэн чинь эмээ нохойны хоол надад өгөөд гэрлүүгээ яв ээж аав чинь дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд би гэрүүгээ явсан. Би бол 2 хүн харсан. Тэр хоёр л хоорондоо бие биенийгээ нэг нэг цохих шиг болсон. Хэн хэлсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг нь миний зөв мэдүү гээд байх шиг байсан. Өөр зүйл би сонсоогүй. Анх бол хамар амнаас нь цус гараагүй байсан. Сүүлд гараад цамцыг нь дөхүүлж өгөх үед хашаа налаад сууж байх үед хамар амнаас нь цус гарсан байсан. Би өөр зүйл хараагүй.” гэх мэдүүлэг /хх 84 дүгээр хуудас/
Гэрч А.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ дүү болон дүүгийн найз болон өөрийн хүүхдүүдийн хамт байж байсан юм. \бүгд бага насны хүүхдүүд байга юм\. Тэгсэн ойролцоогоор 16 цагийн үед байх гэж бодож байна. Гаднаас талийгаач Ц.Ш ганцаараа орж ирсэн. Архи уучихсан байсан. Тэгээд надаас талийгаач би хүнтэй явж байна танай хойд өрөөнд чинь ганц юм хувааж уучихаад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач тэгвэл нэг аяга өгчих гэж хэлээд байж байтал гаднаас талийгаачтай хамт явж байгаа гэх хоёр хүн ороод ирсэн. Тэр талийгаачтай хамт явж байсан хоёр хүний нэгийг нь би зүс таньдаг хүн байсан. Г гэдэг хүн байсан. Тэгээд яг хэн нь архи гаргаж ирсэн талаар мэдэхгүй байна. Г гаргаж ирсэн байх гэж бодож байна. 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи байсан. Түүнийг талийгаач аягалаад тойруулаад хуваагаад уусан. Тэгээд талийгаач надаас амсах уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй үгүй гэж хэлсэн. Тэгэхэд харахад аль хэдийн шил архи нь талаасаа доогуур болчихсон байсан. Намайг харж байхад хоёр ч удаа тэр Г нь архийг нь уухгүй буцааж өгч байгаа харагдсан. Дотор муухайраад байна гэж хэлээд буцааж өгч байсан. Г нь нөгөө хоёроосоо арай гайгүй согтолттой байгаа бололтой байсан.Тэд нарын хоорондоо ярьж баигаа зүйлээс сонсож байхад талийгаач орой хүнсэндээ явна гэж ярьж байсан. Бас талийгаач Г д манай хэдэн адууг маллаад манай хүүг том болохоор өгөөрэй гэж хэлээд байсан. Талийгаач хөдөө байхгүй төв дээр байгаа болохоор л тэгж хэлсэн байх. Талийгаач аймгийн төв дээр хүүтэйгээ хамт байсан юм. Эхнэрээсээ салсан сурагтай байсан. Талийгаач Г г чи тэгээд Д-тай явах гээд байгаа юм уу гэж асуугаад байсан. Тэгж байтал Г гийнх нь утас дуугараад Г нь утсаа авсан. Тэгсэн утасны цаанаас нэг эмэгтэй хүний дуу гараад байсан. Тэгж байгаад харин тэр Г нь утсаа гэнэт эсрэг талынхаа хана руу шидчихсэн. Юу ярьсан болоод тэгсэн талаар мэдэхгүй байна. Тэгсэн чинь газар унасан утас нь дахиад дугарсан. Түүнийг нь манай хүү л авч өгсөн байх. Ямар ч байсан талийгаач тэр утсыг нь авчихсан утсаар нь ярих шиг болоод талийгаач намайг пизда гэлээ гээд уурлаад эхэлсэн. Хэнтэй ч ярьсан юм мэдэхгүй байна. Г руу залгасан хүн л пизда гэсэн юм шиг юм ярьсан. Тэгэхээр нь би айгаад тэр гурвыг бушуухан гар яв гээд гурвууланг нь байшингаас гаргаад эргэж орж ирээд цонхоор харсан чинь хашаан дотор гурвуулаа өөд өөдөөсөө хараад зогсчихсон байгаа харагдсан. Тэгэхээр нь би буцаж гараад та хоёр бушуухан гарцгаа гээд хашааны хаалга онгойлгоод хашаанаас гаргасан. Эхлээд талийгаач гарсан. Дараа нь нөгөө ахимаг настай хүн гарсан. Хамгийн сүүлд Г нь гараад явсан. Тэгээд би хаалгаа түгжээд гэрлүүгээ орсон. Тэгсэн чинь манай хүү ханиад хүрсэн байсан болоод халуураад эхэлсэн. Би хэвтүүлээд толгой дээр нь жин тавьчихаад цонхоор харсан чинь хоёр нь зүүн тийшээ алхаад явж байгаа харагдсан. Тэгээд би цонхоо хаачихаад гэртээ байж байгаад хүүхэд авах цаг болчихоод гарсан чинь манай зүүн талын зүүн талын хашааны гадаа цагдаа нар ирчихсэн байгаа харагдсан. Тэгээд би дээд талын нарийн гудамжаар ороод сургууль явсан. Сургуулиас хүүхэд авчихаад ирэх үед гадаа харанхуй болчихсон байсан. Энэ хэдийг гараад ийм зүйл болсон гэж тэр үед огт бодоогүй. Гантөмер, талийгаач Ц.Ш болон Д.Т нар хоорондоо ямар нэг маргаан хийгээгүй. Д.Т гэх хүн болон Д.Г хоёр нь орон дээр бараг зүүрмэглэн сууж байсан. Тэр үед талийгаач тэр хоёрыг бос явъя гэж хэлж байсан. Архи нь дуусчихсан байсан. Манайхаас гарахдаа хоорондоо маргалдаж муудалцаагүй. Манайхаас 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн үед явсан. Манайд сайндаа л 20 минут болсон байх гэж бодож байна. Би тэр хэдийг гэрээс гаргачихаад цаг харахад 16 цаг 16 минут болж байсан. Анх ирэхдээ үүдээр орж чадахааргүй гуйвж дайвсан зүйл байгаагүй. Гарахдаа ч мөн тийм их согтуу байгаагүй. Гайгүй л гарцгаасан. Би орж ирэхдээ уучихсан байсан эсэхийг нь бол мэдээгүй. Бага зэрэг уучихсан байсан баиж магадгүй. Талийгаач дээгүүрээ үзмийн ягаан гэхээр тийм эрээн өнгийн цамцтай байсан байх. Доогуураа үстэй хар урт түрийтэй гуталтай байсан. Тэр гурав архиа маш хурдан тойруулж уугаад дуусгасан. Тэгээд талийгаач нөгөө хоёроо явъя гэж хэлээд байж байтал утас нь дугараад тэгээд утсаа шидэхээр нь би бушуухан яв яв гээд гаргасан. Талийгаачийн төрсөн ах нь манай хойд аав байгаа юм. Талийгаачийн ах нь манай ээжтэй 3 жилийн өмнөөс л хамт амьдардаг болсон. Ээжтэй суусан хүний дүү гэдэг утгаар нь танина. Бусдаар нарийн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 85-86 дугаар хуудас/
Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач Ц.Ш бид хоёр 2009 онд суусан. 2010 онд хүү О.Бүрэнтөгс, 2015 онд охин Ш.Отгонтуяа нар төрсөн. Хүрмэн сумын Жанжин багт амьдарч байгаад 2017 оноос Тулга багт шилжиж ирсэн. Мал маллаж амьдардаг. Би 2018 оны 06 сараас 11 сарын 17-ны өдрийг хүртэл Цагаан хаданд ШТГ-т түгээгчээр ажиллаж байсан. 2018 оны 11 сарын 16-ны өдөр 16 цаг 16 минут орчимд талийгаач Ц.Ш нь найз Г гийнхаа дугаараас над руу залгасан байсан. Тэр өдөр би ажилтай байсан болохоор залгасныг нь мэдээгүй. Тэгээд мөн 5 орчим минутын дараа 8877-тай дугаараас над руу дохьсон. Дохихоор нь яагаад дохив гэж бодоод эргүүлээд залгасан. Тухайн үед ажил багатай байсан болохоор би залгасан юм. Тэгээд байна уу байна уу гээд хариу дуугарахгүй байхаар нь би утсаа салгалгүй хэсэг сонссон. Тэгсэн чинь утасны цаана талийгаач Ц.Ш нь утсаа өгчих би наад хүнтэй чинь ганц ярьчихъя гэсэн чинь цаана нь дахиад нэг эрэгтэй хүн наадахыгаа яриулж яадаг юм наад утсаа тасал гэх яриа гараад байсан. Тэгээд ажилтай болчихоод \машинтай хүн ирээд түлш авах гээд ирсэн\ утсаа салгасан. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй байж байтал манай төрсөн ээж маргааш нь буюу 2018.11.17-ны өглөө нөхөр Ц.Ш г нас барчихсан талаар дуулгасан. Яг хэрүүл маргаан хийгээд зодоон цохион болоод байсан гэхээр зүйл бол сонсогдоогүй. Талийгаач нэг хүнээс утсаа өгчих гээд байсан. Харин өөр нэг хүн надтай яриулаад яадаг юм гэх утгатай зүйл ярьж байсан. Өөр зүйл бол сонсоогүй. Талийгаачтай нийлээд 2-3 хүн байсан байх гэж бодож байна. Талийгаач Ц.Ш нь архи дарс уухаараа хүнтэй хардаад янз бүр болоод байдаг байсан юм. Тэгээд би 2018 оны 06 дугаар сараас хойш би саллаа гэж хэлээд бага хүүхдээ аваад явсан. Том хүүгээ өөрийн ээж дээрээ үлдээгээд явсан байсан юм. Би талийгаачаас салж яваад Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт очиж тэндээ ажилд орсон. Тэгээд хааяа нэг аймгийн төв дээр ирээд хүүхэдтэйгээ уулзаад явдаг байсан. Тэгэхэд талийгаач мөн над дээр ирээд хоёулаа эргэж сууя хоёр хүүхдээ бодъё гэдэг л байсан. Тэгэхээр нь би чи яахав хоёр хүүхэд дээрээ ирж бай би бол эргэж суухгүй гэж хэлдэг байсан. Гэхдээ бол ер нь архи дарс уухгүй болчихвол эргэж сууя гэсэн бодол надад байсан. Бид хоёр 8 жил хамт амьдарсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Том хүүг гарах үед гэрчилгээгээ авахаар хөдөөнөөс хүнээр бичиг баримтаа авахуулаад Хүрмэн сум руу явуулчихсан чинь та хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй учир чамаар овоглох ёстой байдаг юм байна гээд надаар овоглуулчихсан байсан юм. Талийгаач Ц.Ш нь жаахан тийм ширүүхэн зантай хүн байсан. Сүүлийн үед архи уугаад байдаг болчихсон. Архи уухаараа агсан согтуу тавьдаг элдэв янзын хараал хэлдэг байсан. Зодож нүддэг бол байгаагүй. Би Дэмид овогтой Д.Г ийг танина. Талийгаачийн найз нь байгаа юм. Бусдаар ах дүү хамаатан садангийн холбоо бол байхгүй. Дэмид овогтой Д.Г нь дуу муутай даруухан л хүн байдаг. Талийгаачтай архи дарс уугаад хамт л манайхаар орж гараад явдаг байсан. Янз бүрийн зан авир гаргаж байхыг нь бол мэдэхгүй юм байна. Талийгаачийн л найз байсан. Д.Г ийн эхнэрийг нь би танина. Ер нь гэр бүлийн найз нөхдүүд байсан. Надтай хардаж байсан удаа байхгүй. Би Д.Г тэй ямар нэг өөр харилцаа холбоо байгаагүй. Санал хүсэлт гээд байх зүйл байхгүй байна. Бид нарыг төлөөлөөд Үйтүмэн эгч энэ хэрэгт оролцож байгаа тэр хүнээр дамжуулаад санал хүсэлтээ уламжилж байгаа. Талийгаач хоёр хүүхэддээ дэмжлэг үзүүлдэг байсан болохоор 2 хүүхэддээ л хадгаламж нээлгэж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх 87-88 дугаар хуудас/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би жижүүрийн шуурхай албаны жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ өдөр 17 цаг өнгөрч байхад нэг иргэнээс би одоо нэрийг нь санахгүй байна. Дунд сайханы 08 дугаар гудамжний 14 тоот хашааны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагыг тухайн үед гарч байсан туслах жижүүр цагдаагийн дэд ахлагч БА н авсан байх. Тэгээд ямар ч байсан Ба бид хоёр уг дуудлаганд явсан. Тэгээд дуудлагаар Дунд сайханы 08-14 тоот хашааны гадаа ирэхэд нэг хүн уг хашааны өмнө талд хашаатай ойрхон, толгойн орой хэсэг нь зүүн хойшоо маягтай харсан, дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Уг хэвтэж байсан хүний хамар амнаас нь цус гарсан байдалтай ямар нэг хөдөлгөөнгүй байсан. Түүний хажууд уг хөдөлгөөнгүй хэвтэж байсан хүний толгойг нь нэг залуу илчихсэн сууж байсан. Тэрийг нь уг хүнээс холдуулаад машинд суулгасан. Бид нарыг ирэх үед мөн уг хашаанд амьдардаг гэх нэг хүүхэн хашааныхаа үүдэнд зогсож байсан. Түүнээс би түргэн тусламж дуудсан эсэхийг асуугаад дуудлагаар очоод хүн хэвтэж байхыг хараад би өөрөө түргэн тусламж дуудсан. Энэ хооронд нөгөө хашааны үүдэнд зогсож байсан хүүхэн бас нэг хүн хамт явж байсан гэж хэлсэн учраас тэр хавиар нь бид хоёр уг хүнийг хайсан боловч байгаагүй. Ингээд түргэн тусламжийн эмч ирж үзээд уг хашааны гадаа хэвтэж байсан хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. БА н бид хоёрыг уг дуудлага дээр очиход хашааны урд хэвтэж байсан хүнийг хараад би эмнэлэгт дуудлага өгсөн. Харин БА н нөгөө хэвтэж байсан хүний хажууд сууж байсан залууг машинд суулгасан. Тэгээд уг хүн ямар нэг ухаангүй ямар ч хөдөлгөөнгүй байсан учраас БА н бид хоёр очиж судасны цохилтыг нь шалгаж үзсэн. БА н гүрээний судас би болохоор гарын судсыг тэмтэрч үзсэн. Тэгэхэд ямар нэг судасны цохилт мэдрэгдээгүй. Ер нь бол нас барчихсан байсан байх. Тэгээд ч эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Машинд суулгасан гэх залуу тухайн үед нилээн согтуу байсан. Гэхдээ ямар ч үг дуугараагүй. Яасан юу болсон гэж асуухад ямар нэг хариу хэлээгүй. Тэгээд нилээн согтуу байсан учраас эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тэр хашааныхаа үүдэнд зогсож байсан гэх эмэгтэй болохоор бид хоёрын нөгөө машинд суулгадаг хүнийг хашааны үүдэнд нас барсан хүнийг өшиглөж зодож байхыг нь харсан гэж байсан. Тэгээд өшиглүүлсэн хүн нь унаад өгсөн. Тэгсэн чинь өшиглөсөн хүн нь хаяад явчихсан би очиж дагуулж ирсэн гэж хэлж байсан. Харин нөгөө байхгүй байгаа гэх арай настайвтар хүн нь уг зодоонд оролцоогүй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 196-197 дугаар хуудас/
Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн ээлжийн жижүүрийг 17 цагт хүлээж аваад байж байтал 17 цаг өнгөрч байхад цагдаагаас гудамжинд хүн зодуулчихсан ухаангүй байдалтай байна гэх дуудлага ирсэн. Тэгээд уг дуудлагыг хүлээж авмагцаа явсан. Тэгээд Дунд сайханы 8 дугаар гудамжинд явж очсон. Очиход 30-40 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хама р амнаас нь цус гарч хатсан байдалтай байсан. Тэгээд уг хүнийг үзэхэд өөрийн амьсгалгүй, зүрх нь зогссон хүүхэн хараа өргөссөн нас барсан байдалтай байсан. Цамц нь бага зэргийн цус болсон байсан. Анхны үзлэгээр нас барсан нь тодорхой байсан учраас уг хүнийг хөдөлгөөгүй тэнд нь орхиод явсан. Тэнд байсан цагдаад нас барсан байна гэдгийг хэлсэн. Миний мэдэхээс цагдаагаас 2 хүн байсан. Тэгээд ойролцоо амьдардаг гэх 2 хүн бас зогсож байсан. Өөр хүн харагдаагүй. Цагдаагийн машинд хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Хаягыг нь одоо мэдэхгүй байна. Хашааны гадаа уг талийгаач хашаа дагуу дээшээ харсан байдалтай. Толгойн оройн хэсэг ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай байсан. Очиход би уг хүнийг бага зэрэг хөдөлгөсөн. Би зүрхний цохилт дахин орж ирж магадгүй гэж бодоод Адерналин 1 мл-ээр булчинд тарьсан. Тэгээд ер нь бол зүрхний цохилт дахиж орж ирээгүй. Би анх үзэхдээ цамцийг нь сөхөж чагнуураар чагнаж үзсэн. Тэгэхэд бол зүрх зогссон байсан юм.” гэх мэдүүлэг /хх 198 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаачид их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт, уруулын дотор салстад шарх, цус хуралт, эрүү, зүүн шуу зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2.3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин, хуучин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. б.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусан 4,2 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 90-91 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Дээрх гэмтлүүдээс их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заалтаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, уруулын дотор салстын шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, уруулын дотор салстын цус хуралт, эрүү, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл гэдэг ойлголтонд дээрх их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт хамаарна. 3. Гавал тархины битүү гэмтэл нь толгойгоороо унах үед үүсэх боломжтой, тухайн хэргийн үед талийгаачид үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр хавсарч үүсгэгдсэн байх боломжтой. 4. Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэх дүгнэлт /хх 200-201 дүгээр хуудас/ ,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г Даланзадгад сум” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 1,6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 93 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12289 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Т Даланзадгад сум” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 1,9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 96 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12290 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Ш 33 н/эр Даланзадгад сум 11.16” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 4,2 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 4,2 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 99 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6584 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 17 ширхэг шинэ урагдалт, ханзралт байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүлэлт /хх 103, 105-106 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шаргал өнгийн дотоож урдаа хар өнгийн бичигтэй бичигтай цайвар өнгийн бөөрөнхий захтай цамц, захтай шар өнгийн футболк, шороон дээр илэрсэн. Бусад зүйлс дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй. 2. Урдаа хар өнгийн бичигтэй бичигтай цайвар өнгийн бөөрөнхий захтай цамц, захтай шар өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Урдаа хар өнгийн бичигтэй бичигтай цайвар өнгийн бөөрөнхий захтай цамц, захтай шар өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Ц.Ш гэж хаягласан цустай тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн шороон дээрх илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт /хх 96 дугаар хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 38/18 дүгнэлтэд: “а. Дэмид овогтой Д.Г нь сэтгэцийн хувьд эрүүл болно. б. Дэмид овогтой Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. В. Дамид овогтой Д.Г нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /хх 113-114 дүгээр хуудас/
Д.Г ийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлд: “ Д.Г нь Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байранд хүргэгдэн ирэхэд Alcotest 6810 маркийн багажаар согтуурлын зэрэг шалгахад 1,30 хувьтай байсан.” /хх 179-180 дугаар хуудас/
Д.Т ийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлд: “ Д.Т нь Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байранд хүргэгдэн ирэхэд Alcotest 6810 маркийн багажаар согтуурлын зэрэг шалгахад 0,90 хувьтай байсан.” /хх 181-182 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн үед намайг гэрт байхад Ц.Ш хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр хамтдаа эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт манай хүүхэд хэвтэж байсан. Тэгээд Ц.Ш бид хоёр эмнэлэгт манай хүүхдэд хоол хүргэчихээд буцаад гэр рүүгээ явж байхдаа Дунд сайханд Ц.Ш гийн таньдаг хүнийд очсон. Тэнд очоод нэг шил 0.500 граммын Ерөөл архийг Ц.Ш бид хоёр хувааж уусан. Тэгээд тэр айлаас гэр рүүгээ явах гээд гарсан. Тэндээс гарахдаа Ц.Ш бид хоёр хоорондоо маргалдаж нэг нэгэндээ агсам тавьсан. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирж эрүүлжүүлэгдсэн. Ц.Ш бид хоёр нэг нутгийн найзууд. Дунд сайханд байдаг айлын нэрийг нь мэдэхгүй. Ц.Ш гийн хамаатны хүүхдүүд юм билээ. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Дунд сайханд Ц.Ш бид хоёр нэг шил 0.500 граммын архи хувааж уусан өөр архи уугаагүй. Тэр үед гэрт хэдэн хүүхэд, нэг хүүхэн байсан, нэрийг нь мэдэхгүй. Ц.Ш бид хоёр манай гэрээс 10 цаг өнгөрч байхад гараад эмнэлэг дээр очсон Тэнд нилээд удаад тэгээд Дунд сайханд айлд очсон. Би буруу яриад байна. Ц.Ш бид хоёр эмнэлэгээс гараад эхлээд Оюутад байдаг Д.Т ийнд очоод амбаар өргөлцөж тавьсан. Тэгсэн айлын хүн бид хоёрт нэг шил 0.500 граммын Ерөөл архи гаргаж өгсөн. Түүнийг нь уучихаад 15 цагийн үед Ц.Ш бид хоёр хамтдаа харих гээд гарсан. Тэндээс гараад АПУ-гийн дэлгүүрээс орж нэг шил архи аваад Дунд сайханд байдаг Ц.Ш гийн хамаатныд очсон. Ц.Ш бид хоёр хамт Дунд сайханд байдаг айлд очсон. Тэр айлд очоод АПУ-гаас авсан архийг уусан. Юунаас болж Ц.Ш бид хоёр маргалдсаныг мэдэхгүй байна. Ц.Ш бид хоёрыг маргалдаж байхад бид хоёрын дэргэд хүн байгаагүй. Би Ц.Ш гийн нүүр рүү нь хоёр удаа гараараа цохьсон. Өөр юм болоогүй. Ц.Ш миний дух руу цохьсон хөндүүр байна өөр юм болоогүй. Дунд сайханы айлд орж нэг шил архи уугаад гарсан. Тэгээд гудамжинд Ц.Ш бид хоёр нэг нэгнийгээ цохьсон. Дунд сайханы 6 билүү 7 дугаар гудамж л байсан байх. Бид хоёр тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ойчсон л байх согтуу улсууд чинь. Ц.Ш бид хоёр согтуу байсан. Би тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Архи уусан дэн дунтай байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Д.Т Ц.Ш бид хоёртой хамт Дунд сайханд айлд очоод түрүүлээд явсан. Ц.Ш бид хоёр дэлгүүрээс архи аваад Дунд сайханд айлд очоод байж байхад араас Д.Т хүрээд ирсэн. Тэгээд тэр нөгөө архинаас бага зэрэг уугаад гэр рүүгээ явсан байсан байх. Ц.Ш бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Би эхээс төрөөд хөдөө мал маллаж байгаад Хүрмэн сумын сургуульд 1986 оноос нэгдүгээр ангид ороод 2 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч шууд мал дээр гарсан. Сургуулиас гараад Хүрмэн сумын Жанжин багт аав ээжтэйгээ хамт мал малласан. Түүнээс хойш мал маллахаас өөр ажил хийгээгүй. Цэрэгт яваагүй. Тухайн үед би согтуу байсан. Цагдаа дээр ирээд үлээхэд 1 бүхэлтэй гарч байсан. Ц.Ш д надаас өөр гар хүрсэн хүн байхгүй. Би түүнийг цохьсоноо сайн мэдэхгүй, гараараа л цохьсон байх. Намайг цагдаа нар ирээд авах үед түргэний машин ирээд аваад явсан. Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Гүн худаг гэх газар 1978 оны 12 дугаар сарын 15-нд төрсөн. Айлын 5 дахь буюу отгон хүү. Түмэн овогтой Т.О гэдэг хүнтэй 2006 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноосоо хойш дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том хүүхэд дагавар хүүхэд байгаа юм.Том хүүхдийг 2 настай байхад нь би Т.О тэй суусан. Том охин ээжээрээ овоглож явдаг. Эхнэр маань хүүхдийн хичээл сургууль эхлэхээр аймгийн төв дээр хүүхдээ хараад байдаг юм. Зун нь хөдөө мөл дээрээ байдаг. Манай аав намайг 5 настай байхад өнгөрчихсөн юм. Тэгээд ээж, ах, эгч нартайгаа байдаг байсан. Манай том ах намайг арван хэдтэй байхад мотоциклийн ослоор хас барсан. Одоо миний дээр 3 эгч байгаа. Мөн ээж байгаа. Манайд ноднин 800 гаруй мал тоолуулсан. Том охин 10 дугаар ангид сурдаг, 16 настай. Дунд охин 13 настай, бага охин 10 настай. Ц.Ш тэй юунаас болоод маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед согтуу байсан учраас сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх142-143, 144-145 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг судлав.
Эрүүгийн 1828000000154 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав:
Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Д.Г тэй 5-6 жилийн өмнөөс нэг дор нэг газарт өвөлжиж зунжиж байсан юм. Д.Г нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Ээж нь тусдаа гэрт дэргэд нь хамт бас байдаг юм. Ер нь Д.Г нь хүнтэй их яаран дуугардаггүй төлөв томоотой хүн байгаа юм. Тэг ингэ гэж хүн хэлвэл нэг өмнөөс нь ганц үг хэлж байх жишээтэй тийм хүн байгаа юм. Морь маланд сайн морь уядаг хүн байгаа юм. Амьдрал ахуй нь бол боломжийн 4 хошуу малтай. Янз бүрийн сэтгэцийн өвчин эмгэг байхгүй. Зүгээр л дуу цөөнтэй л хүн байгаа юм бусдаар ямар нэг сэтгэцийн өвчин байхгүй. Зан аашийн хувьд элдэв янзын ааш авир байхгүй зүгээр л хүн байдаг юм. Талийгаач Ц.Ш г танина. Манай Д.Г ийнхөөр орж гараад явдаг хоорондоо найз нөхөд гэцгээдэг байсан. Манай сумын хүн байгаа юм. Би Ц.Ш гийн талаар сайн мэдэхгүй байна. Эхнэр хүүхдээсээ салсан гэх зүйл дуулдаж байсан. Бусдаар өөр зүйл сонсоогүй. Зан ааш нь ямар гэдгийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 83 дугаар хуудас/
Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Надад хэргийн талаар бол мэдэх зүйл байхгүй. Хэрэгт холбогдоод хоригдсон тухай мэдсэн. Тэр хэрэг болдог өдөр нь би өглөө 06 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан. Д.Г гэрт унтаад үлдсэн. Явахдаа би эмнэлэгт байгаа хүүхэддээ хоол аваачиж өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй. Орой нь гэртээ ирж хоноогүй. Тэгээд өглөө нь сурагласан чинь цагдаа дээр эрүүлжүүлэхэд хоносон байсан. Тэгээд энэ тухай дуулж мэдсэн. Д.Г нь 1978 онд Хүрмэн суманд төрсөн. Сургуульд сурч байгаад 2 дугаар ангиасаа гараад түүнээс хойш мал дээр өссөн. Одоо ч мал маллаж амьдардаг. Би анх Д.Г тэй 2004 онд танилцаад уг ондоо нэг гэрт орсон. Би Д.Г тэй суухдаа нэг охинтой байсан. Д.Г тэй сууснаас хойш буюу 2007, 2009 онуудад 2 охин гарсан. Д.Г нь мал маллаж хөдөө байдаг. Өөр энд тэнд ямар нэг ажил хийж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Д.Г ийн ээж нь бид нартай цуг байдаг юм. Хүүхдийн сургууль эхэлснээс хойш буюу 2018 оны 09 дүгээр сараас хойш би сургуулийн хүүхдүүдээ аваад аймгийн төв дээр байх болсон. Ингэж байх хугацаандаа зүгээр байхаас гээд Баян-уул ХХК-д ажилд орсон байсан юм. Манай нөхөр болохоор ээжтэйгээ хоёул малаа маллаад хөдөө байдаг юм. Д.Г нь дуу цөөтэй, төлөв даруу, элдэв янзын уур ааш байхгүй. Морь уядаг сумын алдарт уяач хүн байгаа юм. Гэр бүл дотроо бол таарамж сайтай. Эхнэр хүүхдүүддээ халамжтай. Амьдралынхаа төлөө гэсэн сэтгэлтэй тийм хүн байгаа юм. Огт архи уудаггүй хүн бол биш гэхдээ тэгж байнга архидаад байдаг хүн биш. Баяр ёслолын үеэр тохируулан хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хх 75 дугаар хуудас/
Гэрч Т.От мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”Би Д.Г ийн аавыг нь бараг мэддэггүй юм. Нилээн дээр бид нарыг бага байхад нас барчихсан юм. Д.Г нь ээжтэйгээ хамт л дандаа байдаг байсан. Том ах нь бас бид нарыг 13, 14-тэй байхад нас барчихсан байх. Тэгээд эгч нар нь тусдаа гараад явчихсан эхтэйгээ л хоёулаа хөдөө байдаг байсан. Айлын 5 дахь хүүхэд буюу хамгийн бага нь байгаа юм. Д.Г нь хүүхэд байхын дуу цөөтэй хүүхэд байсан. Одоо ч гэсэн дуу цөөтэй байдаг. Эгч нар нь ч мөн тийм дуу цөөтэй төлөв даруу хүмүүс байдаг юм. Д.Г бол намайг олон үг ярьж байхад ганц үг хэлэх жишээний л хүн байгаа юм. Бид хоёр бол хаана хэн байна тэнд л хоёулаа байдаг байсан юм. Д.Г нь 24, 25 настайдаа Т.О гэж хүүхэнтэй ханилж суусан. Тэр хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Эхнэр нь өмнө нь нэг охинтой Д.Г тэй суусан байх. Тэр охин нь энэ хоёрыг суухад бага байсан. Д.Г нь ажил мэргэжлийн хувьд багаасаа л мал дээр байсан хүн байгаа юм. Бид хоёр зун болохоор нийлээд морь уядаг ажилтай. Манай Д.Г чинь сумын алдарт уяач хүн байгаа юм. Д.Г нь тийм яаран хүнтэй дуугарч яаран өндийх хүн бол биш. Бага байхад их нойртой хүүхэд байсан. Ер нь л чимээгүйхэн хүн байгаа юм. Элдэв янзын зан ааш байхгүй. Архи дарсны хувьд бол хаяа бид хоёр цуг суугаад уучихдаг л байсан. Гэхдээ би учиргүй согтуу тасраад уначихсан байхыг нь харж сонсоогүй. Балгах нь балгадаг байсан. Би архи уухаар нь жаахан уурлачихдаг байсан. Хааяа нэг уучихсан таарвал надаас уучлалт гуйгаад өнгөрдөг байсан. Тийм л хүн байгаа юм. Цэргийн алба хаагаагүй байх. Сургуульд мөн л 4 жил суугаад гарсан байх гэж бодож байна. Д.Г ийн гэр бүлийнхэнтэйгээ сүүлийн 3 жилийн хоорондын харилцааг нь сайн мэдэхгүй байна. Нэг салсан гэж байсан. Тэгээд сүүлдээ эргээд эвээ олоод нийлж байгаа тухай сонсогдож байсан. Тэр талаар бол чухам мэдэхгүй байна. Харин сүүлийн 3 жилээс өмнө бол хоорондын харилцаа бол их таарамжтай байдаг байсан. Би талийгаач Цогхүү овогтой Ц.Ш г танина. Ц.Ш нь манай сумын нэг нутгийн нэг усны хүүхэд байгаа юм. Д.Г бид хоёроос бол насаар бол бага хүүхэд байсан. Өөр бас бусдаар ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Ц.Ш нь эхнэр хүүхэдтэй байсан. Тэгээд тэр эхнэрээсээ салсан сураг байсан. Сүүлд эргэж нийлсэн байсан үгүйг мэдэхгүй байна. Ц.Ш нь бас л тусархуу хүүхэд байдаг байсан. Том болсноос нь хойш бол би тийм их ойр дотно байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хэлчихвэл нүгэл болох байгаадаа архи дарс уух дуртай болчихсон байсан. Энд тэнд агсам согтуу тавиад байгаа сураг сонсогдож л байсан. Гэхдээ бол үнэн худлыг нь мэдэхгүй байна. Ц.Ш нь архи уучихаараа бас их овилгогүй байдаг гэж сонсож байсан. Харин Д.Г , Ц.Ш хоёр бол хамт явж байхдаа жигтэйхэн эвтэй байдаг байсан хоёр байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 76-77 дугаар хуудас/
Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний дүү Д.Г дуу цөөтэй, хүн юм яривал ярина, бусдаар яриад байдаггүй хүн. Хүнтэй эвсээд ямар ч ажлыг хийчихдэг. Хүний үгээр байдаг, ажил амьдралаа сайхан аваад явж байсан хүн. Эхээсээ 5-уулаа, миний ганц дүү байгаа юм. Эхнэр хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Бага байхын инээсэн, дуугүй даруухан хүүхэд байсан. Манай аав нас бараад, ээж маань хөдөө ганцаараа болохоор бага ангиасаа хөдөө гарсан. Би бол аавынхаа дүүд өргүүлсэн айлын өргөмөл охин болохоор нэг гэрт бага хугацаатай байсан. Дүү маань инээж гүйсэн, хүнд тусархуу хүүхэд байсан. Хүнтэй муудалцаж, уурлаад байдаггүй хүн. Багаасаа аавтайгаа морь унаж, уядаг байсан. Ажил төрөлд маш сайн. Дүү нартаа морь унах, морь мал уяхыг нилээд сайн заасан. Манай хүүхэд Д.Г ах дээрээ морь уяж, мал маллах арга туршлага их зүйл сурсан. Хүнд тусархуу, алдсан малыг нь олоод өгчихдөг зэрэг найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн. Гэр бүлийн хувьд эхнэр 3 охины хамт амьдардаг. Гэр бүлийн харилцаа таарамжтай байсан байх. Бага нь 4 дүгээр ангид сурдаг, дундах нь 8 дугаар ангид сурдаг. Том нь 10 дугаар ангид сурдаг. Би талийгаач Цогхүү овогтой Ц.Ш г танина. Нэг нутаг усны хүн. Өөр харилцаа холбоо байхгүй. Талийгаач Ц.Ш ахаа эгчээ гээл орж гараад явж байдаг элдэв янзын зангүй л юм шиг байсан. Хүнтэй ярьж хөөрсөн хүн байсан. Бас сайхан дуулдаг хүн байсан.” /хх 78-79 дүгээр хуудас/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний дүү Д.Г нь 1978 онд Хүрмэн суманд төрсөн. Бага боловсролтой. Багаасаа ээжтэйгээ хамт мал маллаж өнөөдрийг хүртэл ээж. эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж байна. Малласан мал гэвэл адуу тэмээ. хонь ямаа гэсэн 4 хошуу мал малладаг. Т.О гэдэг хүнтэй ханилаад 2 охинтой болсон. Нэг дагавар охинтой. Гэхдээ тэр охин нь багадаа ирсэн учраас өөрийн охин шиг байдаг. Гэр бүлтэй болсон он сарыг сайн мэдэхгүй байна. Амьдралынхаа хугацаанд мал сайн малласан. Зан төлвийн хувьд үг дуу цөөн, төлөв даруу дөлгөөн тайван зантай. Ярих хүнтэйгээ тайвуу, уужуу ярьдаг хүн. Мал маллаж байх хугацаандаа сум, багтаа нэр хүнд сайтай байж малынхаа тоо толгойг өсгөсөн. 2008 оноос морь уяж эхэлсэн. Бага наснаасаа хурдан морь унаж байсан. Манай аав морь уядаг байсан юм. Тэр арга ухааныг өвлөж морь уяж ирсэн. Уясан морь нь сайн давхиж айраг түрүү их олон авсан. Нийт 35 медаль авсан. Аймгийн наадамд морь айрагдуулж том амжилт гаргасан. Мөн сум багийн олон жижиг наадамд айраг түрүу авч хөгшин ээжийгээ их баярлуулсан. Мал маллах арга ухаан сайтай. Малд нүдтэй хүн. Найз нөхөдтэйгээ эвтэй. даруухан харилцдаг. Ах дүү нартайгаа ч мөн адил сайхан харилцдаг. Эхнэр хүүхэдтэйгээ сайхан харилцдаг, ноён нуруутай, халамжтай хүн. Болж бүтэж байна гэж бид баярлаж байлаа. Ширүүн дориун зангүй болохоор гэр бүлийн маргаан гардаггүй. Би талийгаач Цогхүү овогтой Ц.Ш г танина. Бидний аав ээж, талийгаачийн аав ээж нар нэг дор нэгдлийн мал маллаад нэг нутаг усанд мэндтэй устай сайхан хүмүүс байсан. Бие биеэ сайн мэднээ. Талийгаачийн ах, эгч, дүү нар нь бид нартай эелдэг сайхан харилцдаг дотно хүмүүс баидаг. Талийгаачийн эхнэр нь бас манай нутгийн хүн. Эхнэрийн эцэг эх нь бидний эцэг эхтэй хамт нэгдлийн олон зуун мал маллаж байсан. Бага зэрэг архи уудаг, архи уухаараа хурц, ширүүндүү зантай гэж хүнээс сонож байсан. Өөрөө бол харж байгаагүй. Манай дүүтэй маргаж байхыг би мэдэхгүй. Эрүүлдээ бол зүгээр яриа хөөрөөтэй зан ааш сайтай хүн байсан. Энэ хоёр бол багаасаа үерхэж нөхөрлөөд бие биенийдээ орж гардаг байсан. Хөдөө ч малд хамт явдаг аймгийн төв дээр ирсэн ч уулзаж учраад найзлаж нөхөрлөж байдаг. Гэнэт ийм зүйл боллоо гэсэн. Яасныг мэдэхгүй байна. Хүний үр өнгөрөхөд ойр дотны бидэнд маш харамсалтай байна. Өөрийн дүүгээ бас ийм хэрэгт холбогдсонд санаа сэтгэл маш их зовж байна. Хууль нь харж үзэж миний дүүг ял багатай гаргах арга байдаг болов уу яадаг юм бол доо гэж зовж сууна. Настай хүн болохоор шөнө ч унтаж чадахгүй өдөр нь уйлаад байж байна. Хуулийн байгууллага нь харж үзэж миний дүүг наанатай сайхан шийдэж өгөх байх гэж найдаж байна. Тэр хүүхэд нь ямар нэг юм мөргөөд унасан юм биш байгаа юм. Миний дүү биед нь халдсан юм болов уу, уг нь зодолдоод бие биеэ гэмтээсэн гэж хэлэхээргүй юм байна гэсэн. Тухайн газар нь бид нар очиж үзсэн. Газар шороо нь хүний хөлийн хүчтэй чирсэн мөр, ямар нэг зодолдсон гэхээр юм байхгүй байсан. Дэмий л шаналж, аль аль талаа бодох юм. Гэнэт ийм сүрхий аюул болж бид нарыг ингэж зовоох гэж. Өндөр настай ээж минь их хэцүү байна. Нэг эгч нь нөхөр нь нас барсан хэдэн малтай хөдөө амьдарч байгаа. Хууль шүүх нь энэрэлтэй хандаасай. энэ сүрхий зүйлээс сэтгэл амар салах юмсан. Өөр зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 80-81 дүгээр хуудас/
Гэрч Д.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Д.Г тэй багаасаа нэг дор ойрхон нутагладаг байсан учраас найзлаад их олон жил болж байна. Одоо бол нутаг их зайтай байдаг болчихсон. Гэхдээ энэ хүний талаар сайн мэднэ. Д.Г нь багаасаа л мал маллаж мал дээр байдаг байсан. Боловсролыг нь сайн мэдэхгүй байна. Сургуульд суух нь сууж байсан. Чухам хэддүгээр анги тө сөж байсан талаар сайн мэдэхгүй байна. Амьдрал ахуйн хувьд гайгүй боломжийн айл байгаа юм. Тэмээ, адуу, хонь, ямаа гээд 4 хошуу мал малалдаг хүн байгаа юм. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Зан аашийн хувьд бол дуу цөөтэй их даруухан хүн байгаа юм. Өөр элдэв янзын зан ааш гаргаж байгааг нь бол би сайн мэдэхгүй байна. Их л дуу цөөтэй даруухан л хүн байдаг юм. Д.Г нь морь уядаг сумын алдарт уяач хүн байгаа юм. Их малч хүн байгаа юм. Мал маллахаас өөр ажил хөдөлмөр хийж байгаагүй байх. Д.Г гэр бзлийн харилцаа гайгүй байх. Янз бүрийн харьцаа гаргаад байхыг нь мэдэхгүй л юм байна. Зүгээр хэвийн харилцаатай байдаг. Ер нь бол нэг нутгийн хүн гэдэг утгаар нь танина. Бусдаар найз нөхөд ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Талийгаач Ц.Ш гийн зан ааш амьдрал ахуйн талаар сайн мэдэхгүй. Зүгээр танихаас цаашгүй. Энэ хүний талаар сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 82 дугаар хуудас/
Д.Г ийн цахим сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 149, 159 дүгээр хуудас/, Д.Г ийн 2018 оны жилийн эцэст тоолуулсан малын тоо /хх 205 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01/2019-01 дугаар лавлагаа /хх 206 дугаар хуудас/, Гэрч Ц.Гүзээгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 160 дугаар хуудас/, Гэрч Т.Т.О ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Г , Т.Т.О нарын гэрлэлтийн гэрчилгээ, Д.Г ийн Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар, Т.О ийн Сэлэнгийн төрсний гэрчилгээ, Д.Г ийн Номинжингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 161, 162, 163 дугаар хуудас/, Хүрмэн сумын Жанжин багийн уяач Дэмид овогтой Д.Г ийн “Алдарт уяач” батламжийн хуулбар /хх 166 дугаар хуудас/, Ял шалгах хуудас /хх 183 дугаар хуудас/, хохирол төлбөр төлсөн баримтууд /хх 243-245 дугаар хуудас/, Д.Н , Д.Б, Т.Т.О , Х.Д, С.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 129-131 дүгээр хуудас/, Ц.Ш , Ц.Ү нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 156 дугаар хуудас/, О гийн Б-ийн төрсний гэрчилгээ, Ц.Ш гийн О-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 169, 170 дугаар хуудас/, Нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх 173-177 дугаар хуудас/, Ц.Ш гийн цахим сангийн мэдээлэл /хх 148 дугаар хуудас/, Хохирогч Ц.Ш гийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх 207 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Г нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дунд сайханы 8-14 тоот хашааны гадаа 33 настай, эрэгтэй Ц.Ш тэй хувийн таарамжгүй байдлаас хоорондоо маргалдан түүний нүүр, цээж орчимд цохиж, өшиглөж алсан үйл баримт тогтоогдож байна.
Амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шинжээчийн дүгнэлтэд заасан “1. Талийгаачид их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт, уруулын дотор салстад шарх, цус хуралт, эрүү, зүүн шуу зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2.3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин, хуучин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. б.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусан 4,2 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 90-91 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Дээрх гэмтлүүдээс их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заалтаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, уруулын дотор салстын шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, уруулын дотор салстын цус хуралт, эрүү, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл гэдэг ойлголтонд дээрх их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт хамаарна. 3. Гавал тархины битүү гэмтэл нь толгойгоороо унах үед үүсэх боломжтой, тухайн хэргийн үед талийгаачид үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр хавсарч үүсгэгдсэн байх боломжтой. 4. Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэх дүгнэлт /хх 200-201 дүгээр хуудас/-ээр хохирогч Ц.Ш гийн биед үүссэн гэмтэл хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн, их болон бага тархины хоёр тал бөмбөлөгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл, уг гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний 2018 оны 12 сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Г ийн гэмт үйлдэл, хэргийн үйл баримтыг шууд нотлосон дараах баримтуудаар хөдөлбөргүй нотлон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү гийн...” 20 цагийн үед Хүрмэн сумын хэсгийн төлөөлөгч утсаар яриад намайг хаана байна ирээд уулзах боломж байна уу. Унаатай юу гэж асуусан. Тэгэхээр нь би суманд байхгүй, аймгийн төв дээр байгаагаа хэлээд унаа байхгүй гэж хэлсэн. Тэгсэн өөрөө ирж уулзъя гэж байснаа цагдаагийн газар дээр яваад ирээ Ц.Ш гэж дүү чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирээд талийгаач дүүгээ нас барсан талаар мэдсэн. Талийгаач уг нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хүрмэн суманд амьдардаг. Тэгээд энэ зун эхнэрээсээ салаад хоёр тусдаа амьдраад 2 хүүхэд нь эцэг эх дээрээ ирэн очин байдаг байсан юм. Талийгаач зан аашийн хувьд элдэв янзын зан аашгүй хүн байсан. Шулуун шударга зантай, хүнд хэлье гэснээ шууд хэлчихдэг тийм хүн байсан. Огцом ууртай байсан боловч тэгж уурласандаа бухимдаж бусдад хар буруу санаж хорсож барьж явдаггүй хүн байсан. Архи уучихдаг хүн байсан. Бусдаар бол өөр ямар нэг муу зйүл байхгүй байсан. Д.Г нь манай багийн иргэн байгаа юм. Бусдаар бол ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Д.Г нь манай талийгаач дүү Ц.Ш гийн найз нь байсан.” “Талийгаач Ц.Ш нь О тай суугаад 2 хүүхэдтэй болсон. 2 хүүхэд нь одоо 8 настай, 3 настай бага насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж хадгаламжтай болгуулмаар байна. 1 хүүхэд 15.000.000 төгрөг буюу нийт 30.000.000 төгрөгийн хуримтлалтай болгуулмаар байна. Тэрийг нь 18 насанд хүрэхээр нь авахуулахаар тийм хадгаламжтай болгуулмаар байна. Мөн дээр нь талийгаачийн оршуулгын зардал болох 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаач эхнэрээсээ салаад сүйдтэй зүйл болсон юм байхгүй. Гэрлэлтийн гэрчилгээ байдаг үгүйг мэдэхгүй байна. 2 хүүхэд нь яг талийгаачийн өөрийнх нь хүүхэд байгаа юм. Эхнэр нь түр хугацаанд Цагаан ханданд ажил хийхээр явчихсан байсан. Ам бүлээ салгуулчихсан гэх зүйл байгаагүй. Өөрөө хүүхдээ хараад аймгийн төв дээр байж байсан.” гэх мэдүүлгээр /хх 62-63, 65-66 дугаар хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн ....“Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 8-14 тоот хашааны гадаа байх гудамжинд бөгөөд хашааны ертөнцийн зүгээр урагшаа харсан саарал өнгийн явган хүний жижиг хаалганы ертөнцийн зүгээр зүүн талын баГ с зүүн тийш 410 см-т /толгой орой хүртэл/ хашаанаас урагшаа 30 см зайд ертөнцийн зүгээр толгойн орой хэсэг зүүн хойшоо чиглэлд харсан 2 гарыг биеийн дагуу байрлуулсан, баруун хөл шулуун, зүүн хөлийг өвдөгний үеэр хагас нугалсан байдалтай цээж нүүр хэсгийг хөх саарал эрээн өнгийн куртикээр хучсан эрэгтэй хүний цогцос байв. Цогцос нь шаргал өнгийн цамцтай доогуураа хар өнгийн даавуун өмдтэй хар өнгийн урт түрийтэй гуталтай байх бөгөөд хучсан куртика /даавуун/-ыг сөхөж үзэхэд цогцосны толгой нүүр хэсэг ертөнцийн зүгээр урагшаа харсан хамар ам хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн цогцосны энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай. Өмссөн цамц дээш сөхөгдөж гэдэс хэсэг ил гарсан байдалтай байв. Цогцосны ар дагз хэсгээс ертөнцийн зүгээр хойд талд 30 см зайд хашааны доор эвж тавьсан цементэн боржур байх ба боржурны баруун урд булангаас 45 см-т 5*5 харьцаатай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг байв. Уг боржурны урд хананд цогцосны мөр хэсэг хүрсэн байдалтай байх ба боржуран дээр үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн бохирлогдсон хэсэг нь цогцосны хүзүү хэсгийн харалдаа үүссэн байсныг тэмдэглэн авав. Мөн уг боржуран дээр байх хашааны банзанд хадсан хар өнгийн панеран дээр панерны баруун дээд булангаас зүүн дээш 25 см-т хоорондоо 16 см-ын зайтай 5*3 хэмжээний цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Цогцосны эргэн тойрон дахь хөрс цул шороон хөрс байх бөгөөд уг хэсэгт хүний ширэлсэн олон тооны мөр үүссэн байх ба хээ нь мэдэгдэхгүй мөрнүүд байв. Цогцосны толгойн орой хэсгээс урагшаа 250 см зайд гудамжаар явсан шороон замын хөвөө хэсгийн ирмэг байх бөгөөд уг замын өргөн 310 см зайтай байв. Уг шороон замын гол хэсэгт цогцосны толгойн орой хэсгээс урагшаа 305 см зайд 220*90 см тайлбайд хүний гутлын улаар үүссэн байж болох хөрсний хонхойлгож зурж үүсгэсэн мөр үүссэн байв. /хх-7-9 дүгээр хуудас, 12-14 дүгээр хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн...” амны хөндий цусаар бохирлогдсон, уруулан дотор доод салстад зүүн доод 1,2,3 дугаар шүдний харалдаа 1 см гүн шархтай, эргэн тойрон улаан хүрэн өнгийн цус хуралттай, эрүүний зүүн хэсэгт 3,5*3 см зүүн шууны ар дээд хэсэгт 1,4*1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, биед өөр ил харагдах гэмтэлгүй, дээд доод мөчилтөд хугаралгүй байв.” Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14, 15-24 дүгээр хуудас/, Гэрч Ө.Ө.А ын өгсөн мэдүүлгийн ...”би өөрөө ямар хүмүүс зодолдож байгааг харах гээд гэрээс гарч ирээд хашааны завсраар харахад бор куртиктэй хүн одоо хашааны гадаа хэвтэж байгаа хүний нүүр рүү өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хашаанаас гарч ирээд хүн өшиглөсөн хүнд хандаж та яагаад хүн зодоод байгаа юм бэ наад хүнээ аваад эндээс яв манай хашааны үүдэнд үхвэл яах юм бэ гэж хэлэхэд тэр ах би босгож аваад явчихна гээд нөгөө хүнээ татахад тэр хүн нь босохгүй байсан. Би тэр хүнийг хашааны гадаа 10 орчим минут загнасан юм. Тэгэхэд тэр ах нөгөө газар сууж байсан хүнээ Жижгээ босолдоо гээд байсан. Би тэр ахыг загнаж байхад нөгөө өшиглүүлсэн хүн хашаа налаад хамар, амнаасаа цус гоожуулаад суугаад байсан” гэх /хх-67-68. 69-70 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч М.Э ын өгсөн мэдүүлгийн... “Намайг хаалга хаах гээд гарах үед буюу гараад хаалГ саа барих үед цайвар өнгийн өнгийн цамцтай нас барчихдаг ах куртиктэй ахыг нүүр хавь руу нь цохиод авсан. Тэгсэн чинь нөгөө куртиктэй ах нь цамцтай нас барчихдаг ахыг хашаа руу түлхээд цохьсон. Тэр үед би хаалгаа хааж тугжээд буцаад орсон” гэх мэдүүлгээр, /хх 84 дүгээр хуудас/
-Гэрч А.Ж гийн өгсөн мэдүүлгийн... “Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ дүү болон дүүгийн найз болон өөрийн хүүхдүүдийн хамт байж байсан юм. \бүгд бага насны хүүхдүүд байга юм\. Тэгсэн ойролцоогоор 16 цагийн үед байх гэж бодож байна. Гаднаас талийгаач Ц.Ш ганцаараа орж ирсэн. Архи уучихсан байсан. Тэгээд надаас талийгаач би хүнтэй явж байна танай хойд өрөөнд чинь ганц юм хувааж уучихаад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач тэгвэл нэг аяга өгчих гэж хэлээд байж байтал гаднаас талийгаачтай хамт явж байгаа гэх хоёр хүн ороод ирсэн. Тэр талийгаачтай хамт явж байсан хоёр хүний нэгийг нь би зүс таньдаг хүн байсан. Г гэдэг хүн байсан. Тэгээд яг хэн нь архи гаргаж ирсэн талаар мэдэхгүй байна. Г гаргаж ирсэн байх гэж бодож байна. 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи байсан. Түүнийг талийгаач аягалаад тойруулаад хуваагаад уусан. Тэгээд талийгаач надаас амсах уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй үгүй гэж хэлсэн. Тэгэхэд харахад аль хэдийн шил архи нь талаасаа доогуур болчихсон байсан. Намайг харж байхад хоёр ч удаа тэр Г нь архийг нь уухгүй буцааж өгч байгаа харагдсан. Дотор муухайраад байна гэж хэлээд буцааж өгч байсан. Г нь нөгөө хоёроосоо арай гайгүй согтолттой байгаа бололтой байсан.Тэд нарын хоорондоо ярьж баигаа зүйлээс сонсож байхад талийгаач орой хүнсэндээ явна гэж ярьж байсан. Бас талийгаач Г д манай хэдэн адууг маллаад манай хүүг том болохоор өгөөрэй гэж хэлээд байсан. Талийгаач хөдөө байхгүй төв дээр байгаа болохоор л тэгж хэлсэн байх. Талийгаач аймгийн төв дээр хүүтэйгээ хамт байсан юм. Эхнэрээсээ салсан сурагтай байсан. Талийгаач Г г чи тэгээд Дагватай явах гээд байгаа юм уу гэж асуугаад байсан. Тэгж байтал Г гийнх нь утас дуугараад Г нь утсаа авсан. Тэгсэн утасны цаанаас нэг эмэгтэй хүний дуу гараад байсан. Тэгж байгаад харин тэр Г нь утсаа гэнэт эсрэг талынхаа хана руу шидчихсэн. Юу ярьсан болоод тэгсэн талаар мэдэхгүй байна. Тэгсэн чинь газар унасан утас нь дахиад дугарсан. Түүнийг нь манай хүү л авч өгсөн байх. Ямар ч байсан талийгаач тэр утсыг нь авчихсан утсаар нь ярих шиг болоод талийгаач намайг пизда гэлээ гээд уурлаад эхэлсэн. Хэнтэй ч ярьсан юм мэдэхгүй байна. Г руу залгасан хүн л пизда гэсэн юм шиг юм ярьсан. Тэгэхээр нь би айгаад тэр гурвыг бушуухан гар яв гээд гурвууланг нь байшингаас гаргаад эргэж орж ирээд цонхоор харсан чинь хашаан дотор гурвуулаа өөд өөдөөсөө хараад зогсчихсон байгаа харагдсан. Тэгэхээр нь би буцаж гараад та хоёр бушуухан гарцгаа гээд хашааны хаалга онгойлгоод хашаанаас гаргасан. Эхлээд талийгаач гарсан. Дараа нь нөгөө ахимаг настай хүн гарсан. Хамгийн сүүлд Г нь гараад явсан. Тэгээд би хаалгаа түгжээд гэрлүүгээ орсон” гэх мэдүүлгээр /хх 85-86 дугаар хуудас/
Гэрч Д.Б ы өгсөн мэдүүлгийн... “Тухайн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би жижүүрийн шуурхай албаны жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ өдөр 17 цаг өнгөрч байхад нэг иргэнээс би одоо нэрийг нь санахгүй байна. Дунд сайханы 08 дугаар гудамжний 14 тоот хашааны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагыг тухайн үед гарч байсан туслах жижүүр цагдаагийн дэд ахлагч БА н авсан байх. Тэгээд ямар ч байсан БА н бид хоёр уг дуудлаганд явсан. Тэгээд дуудлагаар Дунд сайханы 08-14 тоот хашааны гадаа ирэхэд нэг хүн уг хашааны өмнө талд хашаатай ойрхон, толгойн орой хэсэг нь зүүн хойшоо маягтай харсан, дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Уг хэвтэж байсан хүний хамар амнаас нь цус гарсан байдалтай ямар нэг хөдөлгөөнгүй байсан. Түүний хажууд уг хөдөлгөөнгүй хэвтэж байсан хүний толгойг нь нэг залуу илчихсэн сууж байсан. Тэрийг нь уг хүнээс холдуулаад машинд суулгасан. Бид нарыг ирэх үед мөн уг хашаанд амьдардаг гэх нэг хүүхэн хашааныхаа үүдэнд зогсож байсан. Түүнээс би түргэн тусламж дуудсан эсэхийг асуугаад дуудлагаар очоод хүн хэвтэж байхыг хараад би өөрөө түргэн тусламж дуудсан. Энэ хооронд нөгөө хашааны үүдэнд зогсож байсан хүүхэн бас нэг хүн хамт явж байсан гэж хэлсэн учраас тэр хавиар нь бид хоёр уг хүнийг хайсан боловч байгаагүй. Ингээд түргэн тусламжийн эмч ирж үзээд уг хашааны гадаа хэвтэж байсан хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. БА н бид хоёрыг уг дуудлага дээр очиход хашааны урд хэвтэж байсан хүнийг хараад би эмнэлэгт дуудлага өгсөн. Харин БА н нөгөө хэвтэж байсан хүний хажууд сууж байсан залууг машинд суулгасан. Тэгээд уг хүн ямар нэг ухаангүй ямар ч хөдөлгөөнгүй байсан учраас БА н бид хоёр очиж судасны цохилтыг нь шалгаж үзсэн. БА н гүрээний судас би болохоор гарын судсыг тэмтэрч үзсэн. Тэгэхэд ямар нэг судасны цохилт мэдрэгдээгүй. Ер нь бол нас барчихсан байсан байх. Тэгээд ч эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлгээр /хх 196-197 дугаар хуудас/
Гэрч А.Б-ийн өгсөн мэдүүлгийн “Тухайн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн ээлжийн жижүүрийг 17 цагт хүлээж аваад байж байтал 17 цаг өнгөрч байхад цагдаагаас гудамжинд хүн зодуулчихсан ухаангүй байдалтай байна гэх дуудлага ирсэн. Тэгээд уг дуудлагыг хүлээж авмагцаа явсан. Тэгээд Дунд сайханы 8 дугаар гудамжинд явж очсон. Очиход 30-40 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хамар амнаас нь цус гарч хатсан байдалтай байсан. Тэгээд уг хүнийг үзэхэд өөрийн амьсгалгүй, зүрх нь зогссон хүүхэн хараа өргөссөн нас барсан байдалтай байсан” гэх мэдүүлгээр /хх 198 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаачид их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт, уруулын дотор салстад шарх, цус хуралт, эрүү, зүүн шуу зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2.3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин, хуучин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. б.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусан 4,2 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 90-91 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Дээрх гэмтлүүдээс их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заалтаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, уруулын дотор салстын шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, уруулын дотор салстын цус хуралт, эрүү, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл гэдэг ойлголтонд дээрх их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт хамаарна. 3. Гавал тархины битүү гэмтэл нь толгойгоороо унах үед үүсэх боломжтой, тухайн хэргийн үед талийгаачид үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр хавсарч үүсгэгдсэн байх боломжтой. 4. Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэх дүгнэлт /хх 200-201 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г Даланзадгад сум” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 1,6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 93 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12290 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Ш 33 н/эр Даланзадгад сум 11.16” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 4,2 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 4,2 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 99 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6584 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 17 ширхэг шинэ урагдалт, ханзралт байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүлэлт /хх 103, 105-106 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шаргал өнгийн дотоож урдаа хар өнгийн бичигтэй бичигтай цайвар өнгийн бөөрөнхий захтай цамц, захтай шар өнгийн футболк, шороон дээр илэрсэн. Бусад зүйлс дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй. 2. Урдаа хар өнгийн бичигтэй бичигтай цайвар өнгийн бөөрөнхий захтай цамц, захтай шар өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Урдаа хар өнгийн бичигтэй бичигтай цайвар өнгийн бөөрөнхий захтай цамц, захтай шар өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Ц.Ш гэж хаягласан цустай тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн шороон дээрх илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт /хх 96 дугаар хуудас/ ,
Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 38/18 дүгнэлтэд: “а. Дэмид овогтой Д.Г нь сэтгэцийн хувьд эрүүл болно. б. Дэмид овогтой Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. В. Дамид овогтой Д.Г нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /хх 113-114 дүгээр хуудас/
Д.Г ийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлд: “ Д.Г нь Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байранд хүргэгдэн ирэхэд Alcotest 6810 маркийн багажаар согтуурлын зэрэг шалгахад 1,30 хувьтай байсан.” /хх 179-180 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн үед намайг гэрт байхад Ц.Ш хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр хамтдаа эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт манай хүүхэд хэвтэж байсан. Тэгээд Ц.Ш бид хоёр эмнэлэгт манай хүүхдэд хоол хүргэчихээд буцаад гэр рүүгээ явж байхдаа Дунд сайханд Ц.Ш гийн таньдаг хүнийд очсон. Тэнд очоод нэг шил 0.500 граммын Ерөөл архийг Ц.Ш бид хоёр хувааж уусан. Тэгээд тэр айлаас гэр рүүгээ явах гээд гарсан. Тэндээс гарахдаа Ц.Ш бид хоёр хоорондоо маргалдаж нэг нэгэндээ агсам тавьсан. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирж эрүүлжүүлэгдсэн. Ц.Ш бид хоёр нэг нутгийн найзууд. Дунд сайханд байдаг айлын нэрийг нь мэдэхгүй. Ц.Ш гийн хамаатны хүүхдүүд юм билээ. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Дунд сайханд Ц.Ш бид хоёр нэг шил 0.500 граммын архи хувааж уусан өөр архи уугаагүй. Тэр үед гэрт хэдэн хүүхэд, нэг хүүхэн байсан, нэрийг нь мэдэхгүй. Ц.Ш бид хоёр манай гэрээс 10 цаг өнгөрч байхад гараад эмнэлэг дээр очсон Тэнд нилээд удаад тэгээд Дунд сайханд айлд очсон. Би буруу яриад байна. Ц.Ш бид хоёр эмнэлэгээс гараад эхлээд Оюутад байдаг Д.Т ийнд очоод амбаар өргөлцөж тавьсан. Тэгсэн айлын хүн бид хоёрт нэг шил 0.500 граммын Ерөөл архи гаргаж өгсөн. Түүнийг нь уучихаад 15 цагийн үед Ц.Ш бид хоёр хамтдаа харих гээд гарсан. Тэндээс гараад АПУ-гийн дэлгүүрээс орж нэг шил архи аваад Дунд сайханд байдаг Ц.Ш гийн хамаатныд очсон. Ц.Ш бид хоёр хамт Дунд сайханд байдаг айлд очсон. Тэр айлд очоод АПУ-гаас авсан архийг уусан. Юунаас болж Ц.Ш бид хоёр маргалдсаныг мэдэхгүй байна. Ц.Ш бид хоёрыг маргалдаж байхад бид хоёрын дэргэд хүн байгаагүй. Би Ц.Ш гийн нүүр рүү нь хоёр удаа гараараа цохьсон. Өөр юм болоогүй. Ц.Ш миний дух руу цохьсон хөндүүр байна өөр юм болоогүй. Дунд сайханы айлд орж нэг шил архи уугаад гарсан. Тэгээд гудамжинд Ц.Ш бид хоёр нэг нэгнийгээ цохьсон. Дунд сайханы 6 билүү 7 дугаар гудамж л байсан байх. Бид хоёр тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ойчсон л байх согтуу улсууд чинь. Ц.Ш бид хоёр согтуу байсан. Би тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Архи уусан дэн дунтай байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Д.Т Ц.Ш бид хоёртой хамт Дунд сайханд айлд очоод түрүүлээд явсан. Ц.Ш бид хоёр дэлгүүрээс архи аваад Дунд сайханд айлд очоод байж байхад араас Д.Т хүрээд ирсэн. Тэгээд тэр нөгөө архинаас бага зэрэг уугаад гэр рүүгээ явсан байсан байх. Ц.Ш бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Би эхээс төрөөд хөдөө мал маллаж байгаад Хүрмэн сумын сургуульд 1986 оноос нэгдүгээр ангид ороод 2 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч шууд мал дээр гарсан. Сургуулиас гараад Хүрмэн сумын Жанжин багт аав ээжтэйгээ хамт мал малласан. Түүнээс хойш мал маллахаас өөр ажил хийгээгүй. Цэрэгт яваагүй. Тухайн үед би согтуу байсан. Цагдаа дээр ирээд үлээхэд 1 бүхэлтэй гарч байсан. Ц.Ш д надаас өөр гар хүрсэн хүн байхгүй. Би түүнийг цохьсоноо сайн мэдэхгүй, гараараа л цохьсон байх. Намайг цагдаа нар ирээд авах үед түргэний машин ирээд аваад явсан” гэх мэдүүлгээр /хх142-143, 144-145 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г ийн гэмт үйлдэл, хохирогч Ц.Ш гийн их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, ховдол доторх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгч Ц.Байгальмаа шүүхэд гаргасан дүгнэлтдээ:..”Шүүгдэгч Д.Г согтууруулах удааны зүйл хэрэглэсний улмаас санамсаргүй байдлаар хүний амь насанд хүрсэн гэм буруутай” гэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ...” Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хулийн ямар зүйл заалтад зүйлчлэгдэх эсэх дээр дараах саналыг оруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж байдаг. Дээрх заалтын дагуу хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г гэм буруугүй байна гэсэн дүгнэлтийг оруулах гэж байна. Яагаад гэм буруугүй байна гэдэг дүгнэлтийг оруулах гээд байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлын 16.2 дугаар зүйлийн 1-3-д байдаг гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр гэж байдаг. Д.Г ийн гэмт хэрэг нь субьектив санаа зорилго агуулаагүй байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож илэрхийлж байна. “Энэ 2 багийн найзууд байнга хамт явж байдаг байсан үй зайгүй найзууд байсан” гэж мөн хавтаст хэргийн хүрээнд гэрч Ө.А ын мэдүүлэгт “та яагаад энэ хүнийг зодоод байгаа юм бэ? энэ хүн чинь энд үхчихвэл яах юм бэ? гэхэд би энэ хүнийг босгоод аваад явчихна” гэж тодорхой хэмжээнд тухайн хүний амь нас нь өнгөрчихөж гэдгийг энэ хүн мэдээгүй. Мөн энэ хүн найзыгаа алъя гэсэн санаа зорилго байгаагүй тухайн хүнийг санаатайгаар цохисон гэх үйлдэл нь нэг талдаа үгүйсгэгдэнэ гэж хэлэх гээд байна. Д.Г ийн хохирогчийн эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл нь хайхрамжгүйгээр хандсан үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Болгоомжгүй гэмт хэргийн 1 шинж урьд нь хор уршгийг мэдэх боломж бололцоотой байсан байна гэж үзэх гээд байна. Тухайн хэргийн улмаас өөрийн үйлдлийг нийгэмд аюултай хор уршиг учруулах бодит боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хайхрамжгүй хандаж хүний амь насыг хохироосон байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгч та бүхэн гэм буруугийн субьектив талын шинж болох хайхрамжгүй байдлаар хүний амь насыг хохироосон. Санаатай үйлдэл байхгүй гэдгийг анхаарч үзнэ үү? гэсэн саналыг гаргаж байна. Иймээс өмнөх хэлж ярьсанчлан Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай биш харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь:
Шүүгдэгч Д.Г өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүний халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ба гэмт үйлдэлдээ шууд санаатай, хүний амь нас хохирсон хохиролд шууд бус санаатай ханджээ.
Шүүгдэгч Д.Г ийн гэмт үйлдэл хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Ц.Ш амь хохирох үедээ 4.2 промилли согтолттой ба согтолтын хүнд зэрэгтэй байсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 12290 дугаартай дүгнэлтээр /хх-99ху/ тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд бусадтай харилцах, утсаар ярих, түүнчлэн шүүгдэгч Д.Г тэй маргалдах, цохилцох зэргээр идэвхитэй харьцаатай байсан нь хэрэгт авагдсан гэрч А.Ж , насанд хүрээгүй гэрч М.Э , гэрч Д.Т , гэрч Т.О нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх тул хохирогч Ц.Ш г биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж алсан гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул Д.Г ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд талийгаач Ц.Ш г оршуулахтай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн 6000000 төгрөг, хохирогчийн 2010 оны 11 сарын 08-нд төрсөн хүү О.Б, 2015 оны 06 сарын 16-нд төрсөн охин Ш.О нарыг 18 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж, хадгаламжид хүүхэд тус бүрт 15000000 төгрөг буюу 30,000,000 төгрөг нийт 36.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Г оршуулгын зардалд 6.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хадгаламжид бэлнээр 3.000.000 төгрөг, үлдэх 27.000.000 төгрөгөнд тэмээ-5 толгой/ хээлтэй ингэ/, хонь-100 толгой /30 нь хээлтэй/ гэж харилцан тохиролцож гэрээ байгуулан шилжүүлж өгсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх 242-245 дугаар хуудас,
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд тус тус тухайлан заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа...”шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлж барагдуулсан, нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлсэн хувийн бусдаас ялагагдах давуу чанартайг илэрхийлсэн гэрч нарын мэдүүлгийг анхааран үзнэ үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх боломжгүй хохирол бөгөөд хохирлын улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх хуульзүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульд заагаагүй онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Д.Г ийг хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хадгаламжид 30.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөр барагдуулсан, хохиргчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү гийн “гомдол, саналгүй, боломжит хэмжээгээр хорих ялыг багасгаж өгнө үү” гэх хүсэлт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Г 2018 оны 11 сарын 17-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн Шүүгчийн захирамж-2018/ цхшз/36-аар Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх 136-137 дугаар хуудас/
Иймд шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 27 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Д.Г ийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шороо, улбар шар өнгийн фудволк 1 ширхэг, цайвар өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, Д.Г ийн гарын арчдас/баруун, зүүн/, Д.Т ийн гарын арчдас /баруун, зүүн/, Д.Г-ийн 10 хурууны хумс, Д.Т ийн 10 хурууны хумс, Д.Г өөс хурааж авсан хар өнгийн урт түрийтэй гутал зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.
Bottom of FormЭнэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ямаат овгийн Д.Г ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийн урьдчилан цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү д оршуулгын зардалд 6.000.000 төгрөг, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, хадгаламжинд 30.000.000 төгрөг төлж гэрээ байгуулсаныг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шороо, улбар шар өнгийн фудволк 1 ширхэг, цайвар өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, Д.Г ийн гарын арчдас /баруун, зүүн/, Д.Т ийн гарын арчдас /баруун, зүүн/, Д.Гөнтөмөрийн 10 хурууны хумс, Д.Т ийн 10 хурууны хумс, Д.Г өөс хурааж авсан хар өнгийн урт түрийтэй гутал зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
8. Хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцосны үзлэгийн бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Д.БАТТУЛГА