| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02031/И |
| Дугаар | 210/МА2023/01709 |
| Огноо | 2023-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2023/01709
2023 09 04 210/МА2023/01709
Г.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Г.А-гийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 44,398,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би “М” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ багуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Поларис апартмент-2 хотхоны Е блок, 1 дүгээр орц, 13 дугаар давхар, 13** тоот 61.45 м.кв 3 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд хүлээн авахаар тохиролцсон.
1.2. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2 хуваан эхний төлөлтийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 11,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 24,026,500 төгрөг, нийт 35,026,500 төгрөгийг уг байгууллагын дансанд шилжүүлэн тус гэрээний хавсралтад тусгасан график төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл арван нэгэн сарын хугацаанд сар бүр 852,000 төгрөгийг тус компаны дансанд төлж байсан ба нийт 44,398,500 төгрөгийн төлбөр төлсөн байна.
1.3. “М” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 002/181 тоот санал хүргүүлэх тухай албан бичгээр санал тавьсан ба уг саналд байрны ашиглалтад орох хугацаа хойшлогдох, график төлөлтийн хуваарь болон тухайн байрны дотоод заслын асуудалд өөрчлөлт орсон. Уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй улмаас гэрээг захиалагч талын санаачилгаар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ цуцлах тухай протокол хөтлөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээг цуцалсан. Гэрээ цуцлах тухай протоколд гэрээний 5.12 дахь хэсэгт заасан торгуулийг суутгахгүйгээр төлсөн төлбөрийг олгох, тус төлбөрийг гэрээний 6.2.6 дахь хэсэгт заасан хэрэв гэрээ цуцалцсанаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг түүнээс хойш 180 хоногийн дотор олгоно гэж заасныг үндэслэн 90 хоногийн дотор буцаан олгохоор шийдвэрлэсэн. “М” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 005 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр буцаан олголт болох 44,389,500 төгрөгийг 2023 оны 03 сарын 30-ны өдрийн дотор олгох боломжтой байна гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу тус компанид хэд хэдэн удаа шаардлага тавьсан ч хангах боломжгүй гэх хариу өгсөн. Иймд “М” ХХК-аас 44,389,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 44,398,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 379,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгдэлгэр нь 2023 оны 06 сарын 22-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл албан томилолтоор хөдөө явсан бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
4.2. Хариуцагчаас 44,398,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд зохигчид биечлэн оролцох, талууд мэтгэлцэх болон хууль зүйн туслалцаа авах эрхээр тус тус хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 44,398,5000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.а.Талууд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” нэртэй гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр гүйцэтгэгч тал буюу “М” ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, “Поларис апартмент-2” хорооллын Е блокны 1 дүгээр орц, 13 давхрын 61.45 м.кв талбайтай 3 өрөө бүхий 13** тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч буюу Г.А- нь гэрээгээр тохирсон хөлс 116,755,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Тодруулбал, гүйцэтэгч нь гэрээний 3.2-т зааснаар уг орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч нь төлбөрийн урьдчилгаа 35,026,500 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, 24,026,500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөх, талууд үлдэгдэл 81,728,500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2029 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 852,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-8/
3.б. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.в. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.А нь орон сууцны урьдчилгаанд 35,026,500 төгрөг, гэрээний хавсралтаар баталсан графикийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 11 сарын хугацаанд сар бүр 852,000 төгрөг буюу нийт 44,398,500 төгрөг төлсөн болох гэрээний хавсралт, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа болон графикийн дагуу нийт 44,398,500 төгрөг шилжүүлсэн талаар маргахгүй байна. Түүнчлэн, хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй буруутай байна.
3.г. Үүний дараа хариуцагч “М” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 002/181 тоот санал хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх ба уг албан бичигт “...эдийн засгийн хүнд нөхцөлийн улмаас 8 жилийн хугацаатай хүүгүй зээлийг зогсоож, гэрээтэй холбоотой өмнөх саналыг захиалагчдын санал хүсэлтийн дагуу өөрчилж дараах саналыг хүргүүлж байна. Үүнд: 1. Орон сууцыг 1 м.кв үнийг дотор засалгүйгээр 1,490,000 төгрөгөөр тооцож, захиалагч тал орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж дуусган, орон сууцны дотор заслыг захиалагч тал хийж гүйцэтгэх, 2. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд төлж дуусган, орон сууцны дотор заслыг гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэх, 3. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл тлбөрийг 5 жилийн хугацаанд төлж дуусган, орон сууцны дотор заслыг захиалагч тал хийж гүйцэтгэх саналыг гаргажээ.
3.д. Дээрх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул талууд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлдэж, хариуцагч 44,398,500 төгрөгийн буцаан олголтыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон боловч дээрх хугацаанд төлөөгүй. Улмаар хариуцагч “М” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 005 тоот албадан бичгээр “...таны буцаан олголт 44,398,500 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгох боломжтой талаар мэдэгдэл хүргүүлжээ. /хх-ийн 11/
3.е. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, энэ талаар зохигчид гэрээ цуцлах тухай протокол үйлдсэн, төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан олгох талаар мэдэгдэж байсан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 44,398,5000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
3.ё. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 44,398,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож шийдвэрлэсэн зөв байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн буюу шүүх хуралдаанд хариуцагч талыг биечлэн оролцуулаагүй, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, түүнчлэн бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
4.а. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. Улмаар хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин байх хаяг руу хүргүүлэхэд хариуцагч шүүхэд ирээгүй тул шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/08523 дугаар хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гаргажээ. /хх-ийн 13-15/
4.б. Үүний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгдэлгэрт 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан 14 хоногийн хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй талаар тайлбарласан хэдий ч хариуцагч хуульд заасан хугацаанд тайлбар, татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
4.в. Шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/11363 дугаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр товолж, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн оршин байх хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд н.Мөнхтуяа гэдэг хүн мэдэгдэх хуудсыг гаргаж авсан байна. Түүнчлэн, шүүгчийн туслах 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгдэлгэрийн 8880-7238 дугаарын утсанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “За, ойлголоо” гэсэн хариу өгсөн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 26-27/
4.г. Мөн хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна хариуцагч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Одын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ