Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/02012

 

 

 

 

 

 

 

 

    2023           11            17                                        210/МА2023/02012

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02582 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Ө ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,269,198,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Манай компани П ХХК -тай харилцан тохиролцож, Ө ХХК -ийн зөвшөөрлийн дагуу Өмнөговь аймагт Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 240 км хүнд даацын хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр амаар тохиролцож, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхдээ П ХХК -ийн туслан гүйцэтгэгчээр орж ажилласан. Гэвч зардлын төлбөр, ажилчдын цалинг цаг хугацаандаа өгөхгүй асуудал үүсч П ХХК болон Ө ХХК -тай 2021 оны 05 дугаар сард гурвалсан уулзалт хийж, Ө ХХК -тай шууд гэрээ байгуулан ажиллахаар болсон. Гэтэл Ө ХХК -аас гэрээ байгуулах талаар удаа дараа шаардаад үр дүнд хүрээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зам барилгын ажлыг түр зогсоох ба гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймээс цаашид ажиллах боломжгүй болсныг мэдэгдэж, замын ажлыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, замын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар акт үйлдсэн. Уг актыг үндэслэн мэргэшсэн төсөвчин Д.Г ын гаргасан төсөвт өртгийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн тайланд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэл акт 01 тоот актын төсөвт өртгийн нийт дүнг 2,425,328,486 төгрөг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон төсөвт өртгийн дүн 2,247,074,660 төгрөг нь шинжээчийн дүгнэлтээр 2,425,328,4861 төгрөг болж нэмэгдсэн. Нэгэнт талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь тодорхой, ажлын хөлсийг гэрээгээр тохиролцоогүй байгаа учраас ажил гүйцэтгэгчээс гарсан зардлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлсон. Тооцоолол дээр маргахгүй байгаа учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,425,328,486 төгрөгөөс хариуцагчаас өмнө хүлээн авсан төлбөр болох 610,603,150 төгрөг, хэрэглэсэн шатахууны зардал 545,526,440 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл 1,269,198,896 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ө ХХК нь Т ХХК -тай 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/21 тоот гэрээ байгуулан авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд Ө ХХК нь туслан гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, И ХХК К болон П ХХК -уудыг авч ажиллуулсан. Туслан гүйцэтгэгч П ХХК нь гэрээний дагуу ПК001-000-ПК20+000 болон ПК140+000-ПК160+000 хэсгийн нийт 40 км авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр байсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 65/2021 тоот албан бичгээр ПК00+000-ПК20+000 хэсгийн нийт 20 км-ийн зам барилгын ажлыг З ХХК -тай бие дааж гэрээ байгуулан гүйцэтгүүлэх буюу өөрийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулах хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу Ө ХХК -аас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 76/21 тоот албан бичгээр ПК 00+000-ПК20+000 хэсгийн нийт 20 км-ийн зам барилгын ажлыг З ХХК -тай бие даан гэрээ байгуулан ажиллах зөвшөөрлийг П ХХК -д олгосон. Өөрөөр хэлбэл, Ө ХХК болон П ХХК -иудын хооронд байгуулсан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээний 5.1.2-т заасны дагуу П ХХК нь З ХХК -ийг өөрийн туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан. Гэтэл З ХХК-ийн зүгээс Ө ХХК -д холбогдуулан зам барилгын ажил гүйцэтгэсэн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь З ХХК нь Ө ХХК -тай ямар нэгэн гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн зүйлгүй бөгөөд ажлын гүйцэтгэлтэй холбоотой эрх, үүргийг П ХХК -ийн өмнө хүлээж, тус ажлын гүйцэтгэлтэй холбоотой эрх, үүргийг П ХХК нь Ө ХХК -ийн өмнө хүлээсэн. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. Нэхэмжлэгч талаас ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар шаардсан. Гэтэл Ө ХХК , З ХХК -иудын хооронд эрх зүйн харилцаанд ороогүй. Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “гэрээг заавал бичгээр байгуулах ёстой” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар З ХХК нь туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгчээр ажилласан нь тодорхой байна. Нэхэмжлэгч З ХХК анх П ХХК -ийн туслан гүйцэтгэгчээр орсонд маргаагүй. Нэхэмжлэгч З ХХК нь манай компанитай шууд гэрээ байгуулахаар тохиролцоогүй болох нь хэрэгт авагдсан 13 баримтаар тогтоогдсон. Иймд хариуцагч талаас ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй. З ХХК-ийн гаргаж өгсөн 291,237,275 төгрөгийн тооцоог зөвшөөрч байна. Зардлын үлдэгдлийг бид П ХХК -д олгоно. П ХХК нь З ХХК -д өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Төсвийн дүнгээр тооцож байгаа нь манай гэрээтэй нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ө ХХК -тай гэрээний харилцаанд орсон гэж тайлбарлаж байгаа боловч ямар ч ажил хийгээгүй. Шинжээчийн гарсан төсөв нь нийт хийсэн ажлын төсөв байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Ажлыг хүлээж авахгүй, акт үйлдэхгүй байж болохгүй учраас акт үйлдэж хүлээж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П ХХК -ийн тайлбарын агуулга: З ХХК -тай Өмнөговь аймгийн нутагт тавигдах Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын К0+000+К20 дахь хэсгийн 20 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр аман тохиролцоо хийсэн. Энэхүү тохиролцооны дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 482,539,150 төгрөгийг З ХХК -д төлсөнөөс өөр төлбөр тооцоо манай компанийн дансаар дамжиж хийгээгүй. Ө ХХК -аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг хугацаанд шилжүүлээгүйгээс компаниудын удирдлагуудын хэмжээнд уулзалт зохион байгуулж, З ХХК , Ө ХХК нь хоорондоо шууд гэрээ байгуулан зам барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Ийнхүү давхар гэрээ байгуулснаар ажлын хариуцлага алдсан. Иймээс П ХХК болон Ө ХХК нар харилцан зөвшилцөж З ХХК нь ерөнхий гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах нь зөв гэсэн тул ийнхүү гэрээ байгуулах асуудлыг шийдэж өгнө үү гэж албан бичиг өгсөн. Энэ өдрөөс эхлээд П ХХК нь 0-20 км замд хамааралгүй болсон. Тэгээд манайхтай 140-160 км асуудал яригдаж байна. Аман гэрээгээр тохирсон нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр урамшууллын гэрээгээр тогтоогдож байгаа. Манай компанийг 0-20 километрын замыг хийх ёстой байсан гэж үзсэн бол гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж байгаа урамшууллын гэрээг байгуулахгүй байсан. Иймд З ХХК -тай шууд гэрээлэн ажиллахаар тохиролцсон нь нотлогдоно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ө ХХК -иас 1,269,198,896 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,661,899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: З ХХК нь Ө ХХК -тай тохиролцсоны дагуу зам барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд төсөвчингөөр бодуулсан нийт 2,247,074,660 төгрөгөөс Ө ХХК -аас өмнө хүлээн авсан зардлыг хассан дүн болох 1,090,945,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндсэн нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн үнэлгээчний гаргасан үнэлгээний дүнгийн зөрүүг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 178,253,826 төгрөгөөр нэмэгдүүлэн, хариуцагчаас нийт 1,269,198,896 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд хариуцагч талаас З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан үйл баримттай маргадаггүй бөгөөд З ХХК -тай ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй атал бусад туслан гүйцэтгэгч нартай байгуулсан зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний төлбөрийн нөхцлийн дагуу нэхэмжлэгчийн зөвхөн баримтаар баталгаажсан зардлаа нэхэмжлэх эрхтэй. Мөн хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш З ХХК -тай зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй болохыг нотолж оролцсон. Мөн хариуцагчӨ ХХК ньЗ ХХК -д 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 564,481,440 төгрөгийн үнэтэй 260,900 л түлш хүлээлгэн өгсөн, 2021 оны 07 сарын 15-ны өдөр 18,955,000 төгрөгийн үнэтэй 8,500 л түлш буцаан хүлээн авсан, зам барилгын ажлын зардалдЗ ХХК -руу шууд 128,064,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн зэрэг нь хэргийн материалд баримтаар авагдсан бөгөөд К0+000-К20+000-ийн 20 км зам барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой харилцаа зохигчдын хооронд үүссэн болох нь нотлогдож, хариуцагчийн зүгээс дээрх үйл баримтуудтай маргадаггүй болно. Гэтэл шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ дээрх үйл баримтуудыг шүүхийн шийдвэртээ нотлох баримтаар үнэлж дүгнэсэн атлаа Ө ХХК болон З ХХК -иудын хооронд иргэний хуульд заасан харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсан үйл баримтуудаар З ХХК нь К0+000-К20+000 хэсгийн 20 км зам барилгын ажлыг амаар харилцан тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэсэн, Ө ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэлийн үр дүнг хожмоо хүлээн зөвшөөрч хүлээн авсан нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Харин талууд ажлын төлбөрийг төлөх арга, нөхцлийг гэрээг бичгээр байгуулан тохироогүй учирЗ ХХК нь амаар тохиролцсоны дагуу ажлын зардал, хөлсийг удаа дараа "Өндөр алтайн зам" ХХК-аас шаардсан болох нь З ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/218 тоот албан бичгээр нотлогддог. Нэхэмжлэгч З ХХК нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдсэн гэж үзэж байна. Т ХХК -тай Ө ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний ерөнхий гүйцэтгэгч бөгөөд тэрээр П ХХК -ийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан. Гэрээнд санхүүжилтыг шууд гарсан зардлаар урамшуулал олгоно гэж тохирсон. Ингээд сар бүр гарсан зардлын баримт үзүүлээд мөнгөө олгосон. Харин ажлаа бүрэн гүйцэт дуусгасны дараа ашгаа авах гэрээтэй байсан. П ХХК нь Ө ХХК -аас З ХХК -ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар зөвшөөрөл авсан. Гэхдээ танайх хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэдгийг хэлсэн. Ингээд З ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан. П ХХК болон З ХХК -иуд хоорондоо байнга холбоотой ажилладаг. П ХХК -аар дамжуулж санхүүжилт аваад явж байсан. Ингэж явж байгаад компанийн удирдлагууд З ХХК -тай өөр хэсэгт гэрээ байгуулан ажиллаж болно гэсэн боловч З ХХК -аас үнийн санал ирүүлээгүй бөгөөд 2021 оны 06 дугаар сард ажил хийгээгүй, хаяж явсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар З ХХК -ийг П ХХК -ийн туслан гүйцэтгэгч болох нь нотлогддог. П ХХК -аас мөнгөө нэхэж чадахгүй болохоор Ө ХХК -аас нэхэж байгаа. Хэрэгт авагдсан албан бичиг, гэрээ, ажлын акт зэрэг баримтууд бүгд авагдсан. П ХХК мөнгө өгөхгүй гэж хэлсэн болохоор шууд манай байгууллагаас хөлс, мөнгөө нэхэмжилж байна. Яагаад манайх П ХХК -ийг оролцуулахгүйгээр ажил хүлээж авсан гэдэг асуудал яригдана. 2021 онд хийгдсэн ажил нь тухайн замын шороо, далангийн ажил хийгдэнэ. Далангийн ажил хийгдэж дуусаж байж суурин болон цутгалтын ажил хийгддэг. Дараа нь хучилтын ажил хийгдэнэ. 0-20 км замын ажлын хувьд дахиад өөр туслан гүйцэтгэгч олохоос өөр аргагүй болсон. Дахиад туслан гүйцэтгэгч олоод шинэ гэрээ байгуулбал өмнө хийсэн ажил нь баталгаажсан байх ёстой. Ингээд дараагийн ажил хийгдэх ёстой. Энэ ажил нь хийгдэхгүй хаягдсан учраас яалт ч үгүй ажлыг нь шууд хүлээж авахаас өөр арга байгаагүй. Танайх ажлыг нь хүлээгээд авсан учраас мөнгөө өг гэдэг зүйл яригддаг. З ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11, 2021 оны 05 дугаар сарын 21, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн П ХХК руу хандсан албан бичигтээ танайх гэрээгээ байгуулж нөхөж хийж өгнө үү гэсэн агуулгаар албан бичиг явуулсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээг хуульд зохицуулж өгсөн байдаг. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан. Тэгэхээр З ХХК-ийн хувьд захиалагч нь П ХХК юм. П ХХК нь З ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Анх амаар юу гэж тохирсон юм. Бид П ХХК -ийн захиалагч. Иймд ЗБИБ ХХК болон П ХХК нар хоорондоо учраа олох асуудал. Мөнгөний асуудлын хувьд тодорхой хэмжээний мөнгийг хүлээн зөвшөөрсөн гэж ярьдаг. Бид энэ асуудлыг ярьсан. Гэхдээ 0-20 км замын ажил хэдий дуусаагүй ч гэсэн тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн. Бид танай компанийг хохироохыг хүсэхгүй байна. Анх актаар тохирсон 291 сая төгрөгийн ажил хийгдсэн байна гэдгийг зөвшөөрсөн. Үүнийг П ХХК руу явуулна. З ХХК руу хэрхэн явуулах нь танай асуудал гэдэг зүйл яригдаж байсан. Хэрэгт гуравдагч этгээдээр П ХХК оролцсон. Өнөөдрийн шүүх хуралд ирээгүй, хариуцлагаа хүлээхгүй ийм л асуудал байгаа гэжээ.

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П ХХК нь тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Ө ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,269,198,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч “...хариуцагчаас хийсэн ажлын хөлсөө гаргуулна” гэж, хариуцагч нь “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй бөгөөд З ХХК нь П ХХК -ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан тул манайд хамааралгүй” гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Монгол улсын Засгийн газар болон Т ХХК -ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байх ба уг концесс эзэмшигч Т ХХК нь Ө ХХК -тай 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/21 дугаартай Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх45-54, 55-79/

4.2. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ерөнхий гүйцэтгэгч Ө ХХК нь П ХХК -тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/21 дугаар Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч П ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын төсөл-ийн ПК140+000-ПК160+000 хэсгийн 20 км авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, Ө ХХК нь туслан гүйцэтгэгчийн сар тутмын ажлын шууд зардлаар санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон /хх80-106, 2хх20-66/ үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна.

4.3. Үүний дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр П ХХК -аас Ө ХХК -д 65/2021 дугаар албан бичгээр “...манай компани З ХХК -аар ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон тул туслан гүйцэтгэгчээр ажиллуулах зөвшөөрөл олгох”-ыг хүссэн байх ба уг хүсэлтэд Ө ХХК -аас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 76/21 дугаартай албан бичгээр З ХХК -ийг туслан гүйцэтгэгч П ХХК -ийн хамааралтай ажлын гүйцэтгэгчээр ажиллуулах зөвшөөрөл олгосон байна. /хх107, 108/

4.4. Дээрх зөвшөөрлийн үндсэн дээр З ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа Ө ХХК -д хүлээлгэж өгсөн болох нь гүйцэтгэл 01 дугаар баримтаар тогтоогдож байна./1хх-11/

4.5. Ө ХХК , П ХХК -иудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 109/21 дугаартай туслан гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр туслан гүйцэтгэгч ажлыг гэрээний 2.1.1-д заасны дагуу ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэж өгсөн тохиолдолд урамшуулал олгохоор тохиролцсон байх ба талууд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, дээрх гэрээгээр ерөнхий гүйцэтгэгчээс төлбөрийн үлдэгдэл 626,217,188 төгрөг, урамшуулал 900,000,000 төгрөг, нийт 1,526,217,188 төгрөг төлөхийг харилцан тохиролцжээ. /2хх67-69/

Ө ХХК , П ХХК -иудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нийт 291,237,275 төгрөг үлдсэн талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байна./2хх91/

4.6. П ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06  дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 482,539,150 төгрөгийг З ХХК -д шилжүүлсэн байна.

5. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар захиалагч Т ХХК , ерөнхий гүйцэтгэгч Ө ХХК , туслан гүйцэтгэгч П ХХК -иудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын зарим хэсгийг нэхэмжлэгч З ХХК нь гүйцэтгэхэд оролцсон гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй.

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх”-ээр заасан.

Зохигчдын хооронд уг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн авто замын ажлыг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэх, улмаар ажлын хөлс төлөх талаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бий болсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

5.2. Зохигчид Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үздэг.

5.3. Нэхэмжлэгч З ХХК , гуравдагч этгээд П ХХК -иуд хоорондоо тохиролцон шууд Ө ХХК -тай гэрээ байгуулах болсон гэх нөхцөл байдлаа амаар тайлбарласан болохоос хариуцагч Ө ХХК нь гэрээ байгуулах саналыг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

5.4. Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Ө ХХК -аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан үйл баримттай маргаагүй бөгөөд ажил гүйцэтгэлийн үр дүнг хожим хүлээн зөвшөөрч авсан нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Нэхэмжлэгч ямар төрөл, цар хүрээ, хэмжээтэй ажлыг гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх харилцаанд ямар нөхцөл байдлууд үүсч байсан талаар анхан шатны шүүх тусгайлан дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,503,945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                             Т.БАДРАХ

 

                                                    Д.ЦОГТСАЙХАН