| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0014/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 17
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Иргэний хариуцагч: Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Б-д холбогдох 1835004070238 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 04-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М овогт Б-ын Б. РД:...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Титэм дэлгүүрийн урд талын хар зам дээр 14-48 УВХ улсын дугаартай Хюндэй портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөний улмаас хохирогч Ч.О-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Титэм дэлгүүрийн урд талын засмал зам дээр 14-48 УВХ улсын дугаартай Хюндэй портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Ч.Оыг мөргөсөн болох хохирогч Ч.О-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Арьдчилсан намын байранд сонгууль болж байсан юм. Би гэрээс такси бариад Ардчилсан намын байрны урд ирж байгаад дэлгүүрээс юм сонирхож явсан. Манай 64 айлын үүдэнд түлээ нүүрс зардаг юм. Манай нөхөр тэнд байсан учир тийшээ очих гээд Жэтс баарнаас урд зүг рүү явган хүний гарцаар явж гарч байтал миний зүүн гар талаас хөх өнгийн портер загварын машин ирээд намайг мөргөсөн. Түүний дараа намайг хэн эмнэлэгт авч ирсэн, юу болсон талаар мэдэхгүй байна. Машинд мөргүүлэх үедээ би хар өнгийн куртик, өмд,малгай зэрэг хувцастай явсан. Осолд орох үед өмсөж явсан хувцас цус болоод ашиглах боломжгүй тул хувцасаа төлүүлж авмаар байна. Осолд ороод босож чадахгүй хэвтрийн дэглэм сахиж байгаа. Надад эмчилгээний зардалд 2.100.000 төгрөг өгсөн. Би одоо 7.900.000 төгрөг нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-41, 164-165-р тал/
гэрч Я.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “..2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой эхнэр Ч.О-ыг осолд орсон талаар мэдсэн. Намайг гэмтлийн тасаг дээр очиход манай эхнэр Ч.О-ы зүүн чихнээс цус гарсан, ухаангүй хэвтэж байсан. Баруун талын хацар шанааны хэсгээр шалбарсан, цус хурсан мэт хөхөрсөн, зүүн хөл толбо үүссэн, даралт буурсан байдалтай, хүндээр бие засдаг хэсгээс цус гарч байсан. Манай эхнэр Ч.О 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед надтай утсаар ярьсан. Намайг чи яваад эгчийнхээ мод хөрөөдөөд өгчих гэж хэлсэн. Би 64 айлын байрны хажууд түлээ нүүрс зарж байсан. Тэгээд удалгүй манай охин О ирж намайг аваад Чандманьд хүргэж буулгасан. Манай охин О эхнэр Ч.О-ыг осолд орсон талаар надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
гэрч Х.Мөнхнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт сувилагчаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутын орчим Ч.О гэх зам тээврийн осолд орсон хүн ирсэн. Тухайн хүнээс гэр бүлийн гишүүдийнхэн дугаарыг авч холбогдож хэлсэн. Осолд орсон гэх эмэгтэйн зүүн чихнээс цус гарсан, гарын сарвуу хэсгээр шалбарчихсан, өмд нь өмдөг хэсгээрээ урагдчихсан байсан. Тэр хүний биед үзлэг хийж, эхо, рентгенд харуулж, цус тогтоох болон өвчин намдаах тариа хийгээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р тал/,
гэрч М.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед осолд орсон Ч.О гэх эмэгтэйг 103-ын эмч авч ирсэн. Ч.О-ы толгой болон цээжний зүүн тал, зүүн хөл өвдөх зовиуртай хөдөлж чадахгүй байсан. Нүүрний хэсэгт шалбарсан шархтай, гарын сарвуу хэсгүүдээр зулгарсан шархтай, зүүн чихнээс цус гарсан байдалтай хүргэгдэж ирсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь ярилцаж байх үед амнаас гарч байгаа үнэрээр мэдэгдэж байсан. Ч.О-д өвчин намдаах тариа хийж, тархины томографид үзүүлж бусад шинжилгээ хийлгэж гэмтлийн тасагт хэвтүүлэн эмчилгээ хийсэн”гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” худалдааны төвийн хойд талд 40 орчим насны эмэгтэй машинд мөргүүлсэн гэх дуудлага 15 цаг өнгөрч байхад ирсэн. Дуудлагын дагуу осол болсон газарт очиход 40 орчим насны эмэгтэйг автомашины жолооч гэх залуу тэврээд сууж байсан. Би үзлэг хийхэд даралт 110, 70, пульс 86 байсан. Толгой, нүүр хэсэг цус болсон, хоёр чихнээс нь цус гарч байсан. Тэгээд өвчтөнийг яаралтай эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж үзээд тухайн хүнийг мөргөсөн гэх залуутай хамт насилк дээр хэвтүүлээд эмнэлэг рүү авч явсан. Ч.О-ы хоёр гар цус болчихсон байсан болохоор ямар гэмтэлтэй болох, мөн яс хугарсан эсэхийг тогтоох боломжгүй байсан”гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/,
Шинжээч Ц.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” 12.3-д заасан “жолооч замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Явган зорчигч Ч.О нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р тал/
Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би гэрээсээ нүүрс зарахаар өөрийн аавын эзэмшлийн 14-48 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн Хюндэй портер загварын автомашинтай жолоодож Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах Өгөөж төвийн урд талд очиж зогссон. Тэгээд нүүрсээ зарчихаад Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ очихоор ганцаараа 14-48 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Нэгдсэн эмнэлэгийн урд талын засмал замаар баруун тийш явж Тэнгэр худалдааны төвийн урд талын 4 замын уулзвар өнгөрөөд явж байгаад хүн мөргөсөн. Би машинаа зогсоогоод буугад харахад тэр хүний толгойноос цус гарсан, гар, хөл нь шалбарчихсан хэвтэж байсан. Би маш их айж сандарсан бөгөөд тэр хүнийг тэврээд замын хажууд гаргаад эмнэлэг дуудсан. Эмч ирээд тэр хүнийг насилк дээр хэвтүүлээд эмнэлэгийн машинаар авч явахад нь хамт яваад эмнэлэгийн гадна очоод буулгахад мөргүлсэн эмэгтэй “Би гэр лүүгээ явмаар байна” гэж байсан. Тэр хүнийг эмнэлэгт хэвтүүлээд буцаж хэрэг болсон газарт ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчиийн нэхэмжилсэн 10.000.000 төгрөгөөс 2.100.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 7.900.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хоёр хувааж төлнө” гэх мэдүүлэг,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6, 8-9-р тал/,
- Эд зүйл /хохирогч өмсөж явсан хувцас/-д үзлэг хийж хүлээлгэсн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18-р тал/,
- Дүрс бичлэг /замын хяналтын камер болон Титэм худалдааны төвийн гадна хяналтын камерын дүрс бичлэг/-т үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-28-р тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD дээрх 2 ширхэг дүрс бичлэгээр нотлогдож байна.
“Хюндэй портер" загварын тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж 12.3-д заасан “жолооч замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыгмэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
“Хюндэй портер" загварын тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа хурдаа хасах болон зогсоох арга хэмжээ авахгүйгээр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” худалдааны төвийн урд /ертөнцийн зүгээр хойд/ талын засмал замын явганаар замын хөдөлгөөнд оролцож явган хүний гарцаар гарч явсан хохирогч Ч.О-ыг мөргөж унаган дайрч гарсны дараа хурдаа хасаж, зогссон болох нь замын хяналтын болон Титэм худалдааны төвийн гадна хяналтын камерт хадгалагдсан дзрс бичлэгээр тогтоогдож байх бөгөөд уг үйлдэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” 12.3-д заасан “жолооч замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Энэ талаар гаргасан Увс аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-р тал/ үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Хюндэй портер” загварын 14-48 УВХ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа хохирогч Ч.О-ыг дайрч, дагз ясны битүү хугарал, цуурал, дагзны хэсэгт гавлын хөндийд хий хуралт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархины дунд зэргийн няцрал, цээжний зүүн талын 5, 6, 7, 10 дугаар хавирганы хугарал, аарцаг ясны зүүн талын умдаг, суудал яс зүүн талын олон уулзах үеэр салахтай хавсарсан хугарал, ууцны 1-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хэнгэрэг хальсны урагдал, зүүн сарвууны 2 дугаар хуруунд язарсан шарх, зулгаралт, дух зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, зүүн чихний ард зүүн тохой, зүүн сарвуу, баруун шуу, гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, амны баруун булан, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөгний үений дотно хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд учруулсан бөгөөд уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 772 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-р тал/-ээр тогтоогджээ.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн , Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь “Хюндэй портер” загварын 14-48 УВХ улсын дугаартай автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.О гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 10.000.000 /арван сая/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Ц.Б нар хүлээн зөвшөөрч 2.100.000 төгрөгийг төлж, үлдэх 7.900.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хоёр хувааж төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул тэднийг хохирол, хор уршгийн талаар маргаагүй гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Бг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн 14-48 УВХ улсын дугаартай “Хюндэй портер” загварын авто машин нь “Гялс төгрөг” ХЗХ-ны барьцаанд байдаг болох гэрч С.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Б нь манай “Гялс төгрөг” ХЗХ-ноос 14-48 УВХ улсын дугаартай “Хюндэй портер” загварын авто машин барьцаалж 2018 оны 9 дүгээр сард 2.100.000 төгрөгийн зээл авсан. Тухайн автомашин манай эзэмшлийн манай нэр дээр байдаг боловч тухайн хүмүүс өөрсдөө ашигладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 1 дүгээр 02-ны өдрийн 355 дугаартай албан тоот /хх-ийн 156-р тал/-оор нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Ц.Б нар хохирогчийн нэхэмжлсэн 7.900.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хоёр хувааж төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул түүнийг батлаж, 14-48 УВХ улсын дугаартай “Хюндэй портер” загварын, УАЗ Зил-130 загварын 0889 УВА улсын дугаартай авто машинуудыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 5/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Б-ы 1191064 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсаргаж, Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хохиролд 2.1000.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн, 7.900.000 төгрөгийн хор уршгийг 1 /нэг/ жилийн хугацаанд 2 /хоёр/ хувааж төлөхөө илэрхийлснийг болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт 14-48 УВХ улсын дугаартай “Хюндэй портер” загварын, УАЗ Зил-130 загварын 0889 УВА улсын дугаартай авто машинуудыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 5/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 /нэг/ ширхэгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б-ы 1191064 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Нямжавд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ