| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0017/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 20
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Ё.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ё.З-д холбогдох 18350003460212 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1957 оны 3 дугаар сарын 15-нд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, өөрийн мал малладаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 3-р багт оршин суух Б овогт Ё.З. РД:ОЙ57031531.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ё.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ё.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Б-ыг зодсон болох нь
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон гэрч Т.Н-тай нүүрэлдүүлэн байцаахад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь сумын Тавтын ам гэх газарт мал угаалга болсон. Мал угаалгаас Н бид хоёр хамт явж байгаад замаа алдаад нэг айл харагдахаар нь энэ айлаас орж зам асууя гээд тэр айлын гадна зогсоход Н энэ айл унтаж байгаа юм шиг байна явъя гэхэд нь би ороод зам асуугаад явъя гээд З гэдэг айлын хаалгыг татахад хаалгаа уясан уяа тасарч тотгоны 2 унь унасан. Тэгээд тэр айл руу ороход З хөгшин “Яах гэж яваа хар гуйлгачин бэ?” гээд намайг саваа модоор хэд хэдэн удаа цохиход нь би Зыг тэврээд унасан. Нэг мэдэхэд намайг гадна гаргаад ирчихсэн З-ы хүү О толгой руу ус хийж өгч, миний нүүрнээс цус гарсан байсныг угаалгаж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 160-163-р тал/,
гэрч Т.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б бид хоёр мал угаалгаас тараад харих гээд явж байгаад замдаа төөрөөд айл харагдахаар нь энэ айлаас орж зам асууя гээд очиход уг айлын гадна З-гийн хүү О-ын мотоцикль байсан. Гэрийн хаалгыг нь татахад уяатай байхаар нь “Энэ айл унтчихсан юм шиг явъя” гэхэд Б.Б “Өрх байвал ордог юм” гээд хаалгыг нь татахад хаалга уясан уяа тасарч, унь унасан. Тэгээд Б бид хоёр З-гийн гэрт ороход З Б-ыг саваа модоор цохиод эхэлсэн. З Б-ыг цохиход Б З-ыг тэврээд унасан. З-гийн гэрт ороход З-гийн эхнэр Б унтаагүй байсан. Тэгж байтал Згийн хүү О орж ирээд Быг гадна гаргаад нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн. О З-ы гэрт Б-ыг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед Б согтуу болохоор сайн мэдэхгүй байсан. Толгой хэсгээс цус гарч байсан өөр ил харагдах зүйл байгаагүй. О ус хийж цусыг нь угаалгаад шалбарсан хэсэгт нь цаас нааж өгсөн. Маргааш өглөө нь Бын гэрт ороход толгой өвдөөд даагдахгүй байна гээд хэвтэж байсан. Б бид хоёр Ё.З-гийн гэрээс гараад Д гэдэг айлд очсон тэнд ямар нэг хэрүүл маргаан, зодоон болоогүй. Гэртээ ирэх замдаа мотоциклиос унаж бэртсэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р тал/,
гэрч Г.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: "..2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай Орлого багийн мал угаалга болсон манай нөхөр малаа угаалгаад манай багийн иргэн Н гэдэг залуутай хамт мотоциклиор гэртээ харихаар явсан. Манай нөхөр Б нь шөнө 04 цагийн үед би хүнээр зодуулчихлаа миний чих болон нүүр амнаас цус гараад тогтохгүй байна гэж ярихааар нь би шөнө яаж явах билээ гээд өглөө 08 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Б нь их зовиуртай нүд нүүр нь шалбарсан, цус гоожоод улаан цоохор болчихсон хэвтэж байсан. Нуруу, ууц, нь хар хөхөрсөн байдалтай байсан тэгээд удалгүй сумын эмч Батгэрэл ирээд цус тогтоох тариа хийгээд сумын эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
гэрч М.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт амарч байхад Б, Н нар шөнө ирээд манай хаалга цохиод жаахан халамцуу орж ирсэн. Манайд орж ирээд архи байна уу гэж асуухаар нь би архи байхгүй гээд явуулсан. Б манайд ирэхэд хацар нь шалбарсан, цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
гэрч З.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө гэртээ амарч байтал 23 цагийн үед гадна хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь хувцасаа өмсөөд аавын гэр лүү очиход гэрийн гадна нэг хүн зогсож байсан. Гэрт нэг хүн гэр дотор аавыг дарчихсан байхаар нь тэр хүний бүснээс нь татаж гадна гаргаж ирээд дарж байгаад “Яагаад харанхуй шөнө согтуу ирж миний аавыг зодож байгаа юм бэ?” гэж асуухад Б “Гэр байхаар орох ёстой” гэж хэлсэн. Тэгтэл аав гарч ирээд “Чи яагаад хаалга эвдэж байгаа юм бэ?” гэж асуугаад байсан. Би Б-ыг дараад байж байтал ээж Б болон эхнэр Б нар ирээд “Хүн зодож болохгүй” гэхээр нь би босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
гэрч Л.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө гэртээ унтаж байтал гадна хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь нөхөр О бид хоёр босоод хувцасаа өмсөж байтал О түрүүлээд гараад явсан. Би араас нь очиход О нэг хүнийг гэрийн гадна дарчихсан байсан. Гэрт ороход унь унаад гэрийн баруун багц /хатавч/-нд байсан ус асгарсан байсан. Гэрээс гарч ирээд харахад Б-ын нүүр хэсгээс цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө нөхөр З бид хоёр гэртээ унтаж амарч байтал 23 цагийн орчимд гадна мотоцикльтой хоёр хүн ирээд хаалга татахаар нь “”Харанхуй шөнө ямар хүмүүс явж байгаа юм бэ? Гэртээ оруулахгүй. Манай хүүгийн гэрт ор” гэж хэлэхэд нэг хүн хаалга татсаар байгаад уясан уяаг нь таслаад, унь унагаад орж ирээд миний нөхөр Зг дараад унасан. Би босоод харахад Б, Н хоёр байсан. Би Б-ыг салгах гээд дийлэхгүй болохоор хүү О-ыг дуудаж орилсон. О ирээд “Аавыг хэн зодож байгаа юм бэ?” гээд Быг араас нь татаад гэрээс гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,
Шүүгдэгч З-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 24 цагийн үед гэртээ унтаж амарч байтал мотоцикльтой хүн ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр хаалгаа уяасан. Тэгтэл хэн нь мэдэхгүй нэг хүн “мөн байна” гээд хаалга татаад хаалганы уяа таслаад, унь унагаад ороод ирсэн. Тэгээд би саваа модоор Б-ыг хэд хэдэн удаа цохисон нь үнэн. Б миний шилэн хүзүү рүү цохиод намайг дараад унгаасан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Би Б-ыг зодсноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ё.З нь хохирогч Б.Б-ыг зодсны улмаас түүний биед тархи доргилт, баруун шанай, зүүн хөмсөгний гадна, зүүн чихний дэлбэнд язарсан шархтай оёдол тавигдсан, зүүн хацар, эрүү, баруун шанайн хэсэгт зулгаралт, нурууны хэсэгт хар хөхөрсөн зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 674 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-р тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ё.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ё.З нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ё.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ё.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ё.З нь хохирогч Б.Б-ын эмчилгээний болон бусад зардалд 800.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хохирогчид үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн.
Хохирогч Б 1.155.000 төгрөг нэхэмжлэсэн байна. Үүнээс хохирогчийн эмчилгээнд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирж очиход гарсан зардалд 550.000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр болох 600.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй юм.
Иймд хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд 600.000 төгрөг нэхэмжлэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас 550.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, шүүгдэгч хохиролд 800.000 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ё.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саваа модыг шийтгэх толтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ё.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.З-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ё.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Б.Б-д 550.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг тогтоож, шүүгдэгч Ё.З хохиролд 800.000 төгрөг төлснийг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн 1.155.000 төгрөгийн нэхэмжлэлээс 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг саваа модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.З-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ