Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01727

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          09           08                                         210/МА2023/01727

 

 

 

У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/02013 дугаар шийдвэртэй

У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ц-д холбогдох,

Зуучлалын гэрээний үүрэгт 155,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.  Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Г.Ц-той 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, *** тоот хаягт байрлах, 420 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг өөрийн харилцагч Ш.Б-д худалдан борлуулахад зуучилсан. Улмаар талууд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг 2,350,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.

1.2. Хариуцагч нь гэрээний 4.2, 4.3 дүгээр зүйлд заасан зуучлалын хөлс болох 103,400,000 төгрөгийг гэрээний 4.4, 4.5 дахь хэсэгт заасан хугацаанд төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

1.3. Зуучлуулагч буюу хариуцагч нь зуучлалын хөлсийг төлөөгүй тохиолдолд гэрээний 7.2 дахь хэсэгт зуучлуулагч нь энэхүү гэрээнд заасан зуучлалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлөхөөр тохиролцсон.

Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар хариуцагч Г.Ц-гоос зуучлалын хөлс 103,400,000 төгрөг, алданги 51,700,000 төгрөг, нийт 155,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                             

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч “У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тус компанитай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгч тал ажлаа бүрэн дүүрэн хийж чадахгүй, удаа дараа залгасан дуудлагыг авахгүй байх гэх мэт захиалгын дагуу ажлаа хийж байгаа эсэх нь ойлгомжгүй байсан. 2022 оны 01 дүгээр сарын дундуур гэрээг албан ёсоор цуцалж байгаагаа гэрээ байгуулсан захирал М.Н-д мэдэгдсэн. Улмаар би өөрийн танил олон хүмүүст тухайн үл хөдлөх хөрөнгийг зарах тухай мэдээллийг дуулгасан бөгөөд тэдний дундаас иргэн Ш.Б-тай сар гаруй хугацаанд хийсэн хэлцлийн үр дүнд зарсан. Энэ нь нэхэмжлэл гаргаж буй компанитай ямар нэг холбоо байхгүй болохыг Ш.Б гэдэг хүн нотлоно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г.Ц-гоос зуучлалын гэрээний үүрэгт 103,400,000 төгрөг, алданги 51,700,000 төгрөг, нийт 155,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 933,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-гоос 933,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 410 зүйлийн 410.1зааснаар зуучлалын гэрээ байгуулагдсанаар тооцож тус хэргийг шийдвэрлэжээ. Шүүгч хариуцагч Г.Ц-гоос гаргасан тайлбарыг анхаараагүй, хуулийг хэрэглэхдээ маш бүдүүлэг алдааг гаргасан. Учир нь зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол тухайн гэрээг бүхэлд нь дүгнэх шаардлагатай байсан. Хариуцагчаас энэ талаар тайлбарыг дэлгэрэнгүй өгдөг бөгөөд нэхэмжлэгч зуучлалын гэрээ байгуулахдаа гэрээний хугацаа болон бусад чухал мэдээллүүдийг гараар сүүлд нөхөж бичсэн байдаг. Хариуцагчийн энэхүү тайлбар нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг илэрхийлсээр байдаг бөгөөд энэ агуулгаар тайлбар өгсөөр атал шүүх уг тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэт явцуу байдлаар шийдвэрлэсэн.

4.2. Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа тухайн хэрэгт гуравдагч этгээдээр байрыг авсан этгээдийг оролцуулах журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, байрыг авсан этгээд нь Номин холдинг компанийн захирал Ш.Б бөгөөд хариуцагч Г.Ц болон Ш.Б нар нь урьдийн олон жилийн турш танилууд байсан, Г.Ц нь уг байрны саналыг Ш.Б-д өөрийн утасны вайбер аппликэйшнээр дамжуулан зарыг хүргэж, Ш.Б нь тус байрыг үзсэн байдаг. Тиймээс хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх бөгөөд шийдвэр гарсанаар гуравдагч этгээд Ш.Б-ы эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3. Хариуцагч тухайн гэрээг шинжээч томилуулж шинжлүүлэх талаар хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Энэ нь хэргийн оролцогчийн эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл бөгөөд энэхүү хүсэлтээр хэргийн гол үйл баримт болох гэрээн дээр гараар бичигдсэн бичвэрүүдийг хэн нөхөж бичсэн талаарх үйлдэл тодорхой болох учиртай. Учир нь гэрээг уншихдаа гэрээний шууд утгыг анхаарах бөгөөд шууд утганд нөлөөлөхөөр гар бичмэлийг хариуцагч баттай зөвшөөрсөн эсэхийг шүүх шалгаж тогтоолгүйгээр хоосон байгаа хэсэг дээр нэхэмжлэгч хэзээ нь нөхөж бичсэн нь мэдэхгүй бичвэр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талууд гэрээний хугацааг нарийн тохиролцоогүй хоосон үлдээсэн байхад шүүх Иргэний хуулийн 410 зүйлийн 410.3-т заасан хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно гэх заалтыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн захирамжаар хариуцагчийн шүүхэд гаргасан Мобиком корпорациХХК-аас нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хэргийг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийн гаргасан Вайбер аппликэйшны сервер дээрээс Ш.Б-тай харилцан ярьсан тухай мэссэжний хуулбарыг гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээний асуудалтай холбоотойгоор шинжээч томилуулах эрхээ хэрэгжүүлж болох байсан хэдий ч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй буюу улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтээр шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж, хэргийг сэргээж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж өгнө үү гэсний дагуу хэргийг сэргээж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээтэй холбоотой асуудал гаргаагүй буюу гэрээний нөхцөлүүдэд өөрчлөлт оруулаагүй, гэрээний хугацаа 1 жил гэж анхнаасаа байсан хэвээрээ байгаа. Мөн гэрээг эцсийн байдлаар танилцуулж талууд харилцан тохиролцсоноор ганц л гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан ба гэрээний нэг хувийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн болно. Гэрээн дээрх гарын үсэг бол хариуцагч гэрээний нөхцөлүүдийг уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч өөрийнх нь гараар бичиж баталгаажуулсан бичиг мөн бөгөөд талуудын хооронд Иргэний хууль болон гэрээнд зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Иймд хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэхгүй, ноцтой төөрөгдсөн шинжүүд байхгүй байгаа тул хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй.

5.2. Хариуцагч Г.Ц нь уг байрны саналыг Ш.Б-д өөрийн утасны вайбер аппликэйшнээр дамжуулан зарыг хүргэж улмаар Ш.Б- нь тус байрыг үзсэн гэх тайлбарын хувьд хэрэгт авагдсан материалд тухайн тайлбар, үйл баримтыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь тухайн үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээний 4.7.1 дэх хэсэгт зуучлагчийн тусламжгүйгээр худалдан авагч өөрөө олсон гэдгээ нотолж, түүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн гомдолд дурдсанаар дээрх хэрэгтэй холбоотойгоор Ш.Б-ы ямар эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх, эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл бий болсон нь тодорхой бус байгаа тул энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр Ш.Б-ыг тогтоох шаардлага, ач холбогдол байхгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа бөгөөд ингэснээр ямар эрх зүйн үр дагаварт хүрэх гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.


 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Г.Ц-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэг 103,400,000 төгрөг, алданги 51,700,000 төгрөг, нийт 155,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.а.Учир нь хариуцагч шүүхэд  “...би Ш.Б-тай сар гаруй хугацаанд хийсэн хэлцлийн үр дүнд тухайн үл хөдлөх хөрөнгийг түүнд зарсан. Энэ нь нэхэмжлэл гаргаж буй компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй. Харин Ш.Б тухайн нөхцөл байдлыг нотлох боломжтой...” гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

 

3.б. Шүүх зохигчдын тайлбар болон хүсэлтийг  тодруулж, эрх, үүргийг тайлбарлах замаар нотолгооны зүйлийг тодруулж чиглүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу  байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос энэ хэсгийг хангана.

 

4. Харин хариуцагч нь гэрээнд гараар нөхөж бичсэн хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/01823 дугаар захирамжаар талуудын хооронд байгуулсан гэрээнд зурагдсан гарын үсэг нь Г.Ц-гийн гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилсон байна.

 

4.а. Үүний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзах хүсэлт гаргасан тул шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2023/10124 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 21-22, 25-28, 59/

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/02013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 933,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ