Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 252

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг Баянтээг гэх газар оршин суух, Хүү Лхагва овгийн Банзрагчийн Нэргүйн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 120 дугаар байр 1-07 тоотод оршин суух, Шарнууд овгийн Жамбаагийн Алтангэрэлд холбогдох

“25800.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Ж.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нэргүй миний бие иргэн Ж.Алтангэрэлтэй Арвайхээр сумын 1-4-2 тоотод байрлах өвлийн хашаа байшинг 2014 оны 06 дугаар сард худалдаж авахаар аман гэрээ хийсэн. Хашаа байшингаа 28.000.000 төгрөгөөр авч өгөхөөр тохиролцсон. Ингээд Ж.Алтангэрэлд бэлнээр 11.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2014 оны 07 дугаар сарын 21-нд 10.000.000 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 4800.000 төгрөгийг тус тус өгсөн. Үлдэгдэл 2.200.000 төгрөгт нь Ж.Алтангэрэл засвар хийж өгнө гэсэн боловч хийж өгөөгүй. Би өөрөө 2.000.000 төгрөгөнд засвар хийсэн. Хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр болгох хүсэлтийг Ж.Алтангэрэлд удаа тавьж байсан боловч миний нэр дээр байгаа санаа зоволтгүй гээд байхаар нь судалж үзтэл ХААН банкны зээлийн барьцаанд өөр хүний нэр дээр байдгийг нь мэдсэн. Иймд Ж.Алтангэрэлээс 25800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Ж.Алтангэрэлтэй хэлцэл хийгээд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь дараа нь өгье гээд орох байр оронгүй байж байгаад Ж.Алтангэрэлд хэлж байгаад 2015 оны 07 дугаар сард байрыг нь сууллуулаад хүүхдийн бие муу байсан учраас орж чадалгүй хөдөө явсан. 10 сая төгрөгөө банкаар шилжүүлж төлсөн. Бичиг баримтыг нь үзье гэсэн тэр асуудалгүй, санаа зовох зүйлгүй гэж хэлж байсан. Нотариатаар батлуулая гэсэн чинь хэрэггүй биздээ тэрэнд санаа зовох зүйлгүй гэж хэлж байсан. Бичиг баримтаа авъя гэж Ж.Алтангэрэлд удаа дараа хэлж байсан. 4800000 төгрөгөө миний дансан хийчих би бичиг баримтаа шилжүүлье гэсэн. Маргааш нь чимээгүй байсан. Нөгөөдөр нь миний ажил амжихгүй байна гэсэн хариу өгч байсан. Ж.Алтангэрэлээс мөнгөө гаргуулж өөрөө орох оронтой болъё гэж бодож байна. Энэ байранд хүн амьдрах стандартын шаардлага хангаагүй гэв.

Хариуцагч Ж.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Алтангэрэл би Арвайхээр сумын 1 дүгээр багийн Эрчимийн 8-02 тоот хашаа, байшинг Н.Алтангадас гэдэг иргэнээс 2014 оны 04 дүгээр сарын 21-нд худалдан авсан. Би Орхон аймгийн “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн аврах, гал түймэр унтраах ангийн захирагчаар томилогдож ажиллахаар явах болсон тул хашаа байшингаа зарах шаардлагатай болсон. Нарийнтээл сумын харъяат иргэн Нэргүй гэдэг хүн ирээд манайх авъя хүүдээ авч өгье гэж хэлсэн. Тухайн иргэнтэй 2-уулаа мөнгө төгрөгөө 100% өгөхөд наймаагаа хийнэ шүү гэсэн боловч би мөнгө төгрөгийг чинь 2 хувааж өгье гээд гэрт ирээд болон утсаар яриад байхаар нь зарсан. Иргэн Нэргүй 2014 оны 07 дугаар сарын 05-нд 11 сая төгрөг бэлнээр өгсөн. Манайхыг амьдарч байхад одоохон суллаад өгөөч гээд хадагаа зүүгээд явсан. 2014 оны 07 дугаар сарын 21-нд 10 сая төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 7 сая төгрөгийг нь хэзээ өгөх вэ гэж асуусан. Гэтэл манайд одоохондоо бололцоо алга тэгж байгаад өгнө гэдэг хариу өгсөн. Би Эрдэнэтэд ажилладаг болохоор наашаа явж чадахгүй жил гаруй сураг тасарсан. Нэргүйд хашаа, байшингийн гэрчилгээ бусад бичиг баримт цалингийн зээлийн барьцаанд байгаа шүү танайхыг мөнгөө бүрэн гүйцэд өгсний дараа нэр дээр чинь шилжүүлнэ гэж тохирсон. Хашаа байшинг худалдаж авахдаа өөрийн биеэр болон нөхөр, хүүхэд, ах дүү, хамаатан садангийнхантайгаа ирээд сайхан том цэвэрхэн, цэмцгэр саруулхан хашаа байшин байна гэж үзээд л өөрөө худалдаж авсан. Би уг хашаа байшинг худалдаж аваад өвөл хаврын улиралд амьдарч үзээгүй тул хүйтэн дулааныг нь огт мэдэхгүй. Шинэ байсан учир ямар нэгэн байдлаар хүйтэн дулаанд дээврээс нь ус гоожих хүн амьдрах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шинэ хашаа байшин зарсан. Үлдэгдэл 2.200.000 төгрөгөө та хэзээ өгөх вэ? гэтэл танай байшин муу байна гэж элдэв үг яриад байхаар нь хүн чанар гаргаж 2200000 төгрөгөндөө та нар өөрсдөө засвар үйлчилгээгээ хий гэж тохирсон. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчмийн 8-2 тоот хашаа байшинг 2014 онд Алтангадас гэдэг хүнээс аваад 2014 оны 06 дугаар сард иргэн Л.Оюунцэцэгийн хүү Б.Нэргүй өөрсдөө ирээд үзэж хараад аман хэлцэл хийсэн. Аман хэлцэл хийгээд өөрсдөө болж байна, бүтэж байна гээд тохиролцоод явцгаасан. Би байшингийн бичиг баримтаа шилжүүлэхдээ 28000000 төгрөгөө 100 хувь авч байж шилжүүлнэ гэж хэлсэн. Б.Нэргүй энэ жилдээ тал мөнгөө өгье манай малаас гарсан түүхийн эдийн мөнгө нь энэ мөнгө гээд надад 2 удаа мөнгө шилжүүлсэн. Би байшингаа хүлээлгэж өгчихөөд Эрдэнэт хот руу явсан. Би энэ хүнтэй өмнө өмнөөсөө харж байгаад байшингаа үзүүлж харуулж танилцуулаад таньд болж байна уу? таалагдаж байна уу? гэхэд болж байна, сайхан байшин байна гээд хэлцэл хийгээд боллоо, бүтлээ гээд явсан. Би ингэж шүүхээр явна бодсонгүй. Л.Оюунцэцэгт өөрт нь хэлж байсан. Энэ байшинг цалингийн зээлээр аваад бичиг баримт нь барьцаанд байгаа гэж хэлсэн. Иймд таныг мөнгөө өгөөд дуусахаар цалингийн зээлээ төлөөд бичиг баримтыг чинь өгье гэсэн аман хэлцэл хийж тохиролцсон. Би бүрэн бүтэн байшин хүлээлгэж өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

            Б.Нэргүй нь хариуцагч Ж.Алтангэрэлд холбогдуулж “25800000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах талаар 2014 оны 06 дугаар сард тохиролцож, нэхэмжлэгч Б.Нэргүй нь хариуцагчид нийт 25800000 төгрөг өгч, хариуцагч нь 2014 оны 07 сард өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах талаар  амаар тохиролцож, ямар нэгэн бичгийн гэрээ хийгээгүй байгаа тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын тохиролцоог зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Талуудын тохиролцооны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө буюу Арвайхээр сумын 1 дүгээр баг Эрчимын 8-2 тоотод байрлах хашаа, байшин байх ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцэл нь хүчин төгөлдөр болохоор хуульчилжээ.

 

            Талууд үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах талаар хэлцэл байгуулахдаа бичгийн хэлбэрээр байгуулаагүй, мөн хэлцлээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл  гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргаж, гэрчүүд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах талаарх тохиролцоо байсан талаар мэдүүлсэн боловч гэрчүүдийн мэдүүлэг нь талуудын хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэх нотолгооны ач холбогдолгүй гэж үзлээ.

            Хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх санал тавьсан ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөгөөгүй,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэгч тал нь хэлцлийн зүйл болох хашаа, байшинд 2 сая төгрөгний засвар хийсэн гэж дурдагдсан байгаа ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг мөнгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 25800000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэргүйд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 286950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА