Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2023/00130

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00758 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК /захирал Д.Ц/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** багт оршин суух Н овогт А-ийн Н-т холбогдох,

 

“Зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакений гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат /цахим сүлжээгээр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Иргэн А.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.

1.2. А.Н- нь Г ХХК-ын Зам зуур шатахуун түгээх станцаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 670,350 төгрөгийн шатахууныг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 369,750 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн А.Н- Г ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг төлөөгүй байна.

1.3. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан.

1.4. Иймд хариуцагч А.Н-ээс Зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие тухайн үед “Ц” ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан. Автобусны жолооч нар замд бензин шатахуун авах зайлшгүй шаардлагатай болдог учир замын дагуух шатахуун түгээх станцуудаас гэрээний дагуу шатахуун зээлээр авдаг, авсан шатахууны тооцоог “Ц” ХХК хариуцаж төлдөг байсан. Өөрөөр хэлбэл жолооч бид тус компанийн эзэмшлийн автобусыг жолоодож, компанийн нэр дээр тээвэрлэлт хийдэг байсан учир холбогдох бүр тооцоог тус компани хариуцаж хийдэг байсан.

2.2. Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг “Г” ХХК нь автобусны жолооч тус бүртэй тус тусдаа хийдэг байсан. “Г” ХХК нь жолооч нарын авсан шатахууны тооцоо, холбогдох бусад баримт бичгүүдийг “Ц” ХХК-ийн санхүүд тухай бүрт нь хүргүүлж, холбогдох тооцоог хийдэг байсан. Авсан шатахууны тооцоог жолооч хариуцан төлөх үндэслэл байхгүй.

2.3. Тухайн үед дээрх хоёр компани яагаад хоорондоо тооцоо хийж, шатахууны мөнгө төгрөгийг авч өгөлцөөгүй болохыг би мэдэхгүй. Би нэхэмжлэлд бичсэн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 369,750 төгрөгийн, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 670,350 төгрөгийн шатахуунаас гадна Өлгий-Улаанбаатар, Улаанбаатар-Өлгий хооронд тээвэрт явахдаа байнга шатахуун авдаг байсан. Бид сард нэг удаа, ачаалал зорчигч ихтэй үед хоёр удаа тээвэрлэлт хийдэг байсан. Бусад бүх тооцоог хийсэн мөртлөө дээрх хоёр удаагийн шатахууны тооцоог яагаад хийгээгүй болохыг би мэдэхгүй. “Г” ХХК нь дээрх шатахууны тооцоог автобусны эзэн “Ц” ХХК-аас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна.

2.4. Нөгөө талаар бидний хооронд байгуулсан зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өнгөрсөн байна. Мөн хамгийн сүүлд шатахуун авсан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна.

2.5. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг, нийт 1,560,150 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

2.6. Иймд энэхүү нэхэмжлэлийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00758 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Н-ээс зээлээр авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг, нийт 1,560,150 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-ээс 39,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн.

4.2. Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18/207 дугаартай “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба гэрээний 2.1- зааснаар гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

 

4.3. Хариуцагч А.Н- нь Г ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус тус зээлээр шатахуун авсан ба тэрнээс хойш гэрээтэй холбоотой ямар нэгэн үйлдэл хийсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

4.4. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гэрээний хугацаагаар тооцвол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, хамгийн сүүлд шатахуун авсан өдрөөр тооцвол 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус тус дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 1 жил 4 сар 27 хоногийн дараа, сүүлд шатахуун авсан өдрөөс хойш 1 жил 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснийг нотолж байна.

4.5. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргээ зөвшөөрч байсан ба нэхэмжлэгч тал шаардаж байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ...” гэж хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.6. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ гэрч Ж.Бийн мэдүүлгийг гол үндэслэл болгосон. Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК-д ШТС-ын эрлэгч Ж.Б-ээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Ж.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2-3 удаа шаардлага тавьж утсаар ярьсан.Өмнөх төлбөрөө тухай бүр төлж байсан. Ковид гарсантай холбоотой манайхаас өр төлбөрөө нэхэмжлээгүй.Энэ хүн өрөө төлнө гээд байсан учраас 2018 оны энэ гэрээг авч үлдсэн” гэж мэдүүлсэн. Шүүгчээс “Та А.Н-т шатахууны үнийг төл гэдэг шаардлага тавьж байсан бол хэзээ, хэдэн оны хэдэн сард, хэдэн удаа төл гэдэг шаардлага тавьсан бэ?” гэхэд “яг тэрийг сайн санахгүй байна. Хамгийн сүүлд 2023 оны 6 сард утсаар ярьж шаардахад “Би төлөхгүй, Ц ХХК төлнө” гэсэн. Тэгээд Ц ХХК-тай ярихад манайд хамаагүй гэсэн хариу өгсөн.Т эгээд А.Н-т энэ талаар хэлэхэд надад тооцоо байхгүй гэж бодож байна гэсэн...” гэж мэдүүлсэн байдаг.

4.7. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолохын тулд болж өнгөрсөн үйл явдлын цаг хугацааг маш нарийн тооцож тогтоосон байх ёстой. Ж.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2-3 удаа шаардсан гэх боловч чухам хэзээ, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр хэрхэн шаардсан талаар огт дурдаагүй, хамгийн сүүлд 2023 оны 6 сард ярьсан гэх боловч тэрнээс өмнө 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

4.8. Мөн гэрч Ж.Б болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шаардаж байсныг нотолсон ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Ганцхан гэрч Ж.Б-ийн мэдүүлгийг үндэслэж Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

4.9. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх хуулийн зохицуулалт энд бас хамааралтай байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй

4.10. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00758 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 130/ШШ2023/00758 дугаартай шийдвэр үндэслэлтэй гарсан.

5.2. 2019 оноос эхэлж хариуцагчаас зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан шатахууны үнийг шаардаж байсан. Тухайн үед хариуцагч А.Н- нь шатахууны үнийг төлнө гэдгээ илэрхийлж байсан боловч ковидын үе эхэлж ачааны машин явахгүй байгаа гэх шалтгаан хэлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагчид боломж олгож байсан. Сүүлд 2023 онд дахиж нэхэхэд, хариуцагч шатахууны үнийг төлөхгүй гэсэн болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар шатахууны үнийг төлөхийг шаардсан үед хариуцагч төлж өгнө гэдгээ илэрхийлж байгаад дараа нь хууль зүйн туслалцаа авч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шатахуун худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан шатахууны үнийг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ нь:

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй зөрчил гаргасан байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас цугларсан нотлох баримтаар “Г” ХХК болон А.Н- нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18-207 дугаар Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан, энэ хугацаанд худалдагч худалдан авагчийн өмчлөлд шатахуун шилжүүлэх, харин худалдан авагч нь шатахууныг хүлээн авснаас хойш үнийг хуанлийн 15 хоногт багтаан төлөхөөр,  худалдан авагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

8. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг онцлогтой. Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүдийн аль алинд нь Иргэний хуульд заасан анзын талаар талууд тохиролцож болно. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн, эсхүл үнийг хожим төлөхөөр талууд тохиролцож болно.

Ийнхүү худалдаж авсан барааны үнийг хэсэгчлэн, эсхүл хожим төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа худалдах-худалдан авах гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон тохиолдол бүрийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхгүй.

 

9. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан №069612, №066098 дугаартай зарлагын баримтуудаар хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч “Г” ХХК-аас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэг бүрийн үнэ 1950 төгрөгөөр 396,97 литр дизель түлшийг нийт 696100 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэг бүрийн үнэ 2050 төгрөгөөр 327 литр дизель түлш, нийт 670350 төгрөгийн үнэ  бүхий шатахуун худалдаж авсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О “хариуцагч А.Н- нь Г ХХК-д зээлээр авсан шатахууны мөнгө 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 төгрөг төлөөгүй байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч А.Н- нь “Г” ХХК нь жолооч нарын авсан шатахууны тооцоо, холбогдох бусад баримт бичгүүдийг “Ц” ХХК-ийн санхүүд тухай бүрд нь хүргүүлж, холбогдох тооцоог хийдэг байсан. Авсан шатахууны тооцоог жолооч хариуцан төлөх үндэслэл байхгүй, мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг, нийт 1,560,150 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэж маргажээ.

 

10. Анхан шатны шүүх гэрч Ж.Б-ийн мэдүүлгийг үндэслэж “Зээлийн гэрээний 4.1-т энэхүү гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх ба ийнхүү тохиролцоонд хүрч чадахгүй бол нэхэмжлэлийг худалдагч талын харьяалах шүүхэд гаргахаар талууд харилцан тохиролцов гэж зааснаас үзэхэд эхлээд талууд харилцан зөвшилцөөд, боломжгүй тохиолдолд шүүхэд хандах нөхцөлийг тохирсон байх тул энэ журмаар шүүхэд хандсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах үйлдлийг хийх ёстой бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь гэрч Ж.Б-ийн мэдүүлэгт хариуцагч А.Н-ээс зээлээр авсан шатахууны төлбөрийг төлөхийг шаардсан хугацаа тодорхойгүй, гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт авагдаагүй, бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гагцхүү гэрч Ж.Бийн мэдүүлгийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хийсвэр дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдол нь үндэслэлтэй.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан шатахуун худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлөхөөр тохиролцсоноос дүгнэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч А.Н-ээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авсан 396,97 литр дизель түлшний төлөгдөөгүй үнэ 696100 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан 327 литр дизель түлшний төлөгдөөгүй үнэ 670350 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус шаардах эрх үүссэн байна.

 

            12. Нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч А.Н- нарын хооронд гэрээний улмаас үүрэг үүссэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба нэхэмжлэгч “Г” ХХК нь анхан шатны шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хариуцагч А.Н- мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болно.

 

            Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний ерөнхий хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанаас эхэлж гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа 2023 оны 4 дүгээр сарын байдлаар өнгөрсөн байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх хуулийн зохицуулалт энд бас хамааралтай байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэх гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг тус тус баримталж нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч А.Н-т холбогдуулан гаргасан “худалдаж авсан шатахууны үнэ 1,040,100 төгрөг, алданги 520,050 төгрөг нийт 1,560,150 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.913 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.913 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ