Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 21

 

 

         Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

          Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

         Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох 1935000300019 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 22-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, хамтран амьдрагч, охин, хүүгийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Б.Б /РД:ОО91052211.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

       Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлднж, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт хамтран амьдрагч болох Т.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

   1. Шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Б-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 дүгээр ссарын 13-ны орой 23 цагийн үед  миний хамтран амьдрагч Б.Б нь архи уучихсан согтуу гэртээ ирээд “Чи миний хүүхдийг тосож авсангүй, хүлээж авсангүй” гэж ээж Ц-тэйгээ маргалдахад ээж нь гараад зугатаад явахаар нь над руу дайрч миний нуруу руу нэг удаа өшиглөж, хөл рүү нэг удаа өшиглөөд миний толгой руу гараараа 2 удаа цохиж, баруун нүд рүү баруун гараараа хүчтэй цохьсон. Тэгээд миний нүд хөхөрсөн. Тэр өдөр Б намайг зодох үед манай гэрт миний 1 сартай охиноос өөр хүн байгаагүй. Б.Б намайг миний хүргэн ах болон миний төрсөн ах нартай хардаж зодсон. Тэр үед Б.Б намайг зодохдоо “Сүүлийн үед миний уур их хүрээд байгаа шүү. Энэ удаа чамайг өршөөлөө дараагийн удаад чамайг ална шүү” гэж намайг дарамталсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б намайг зодож миний нүдийг хөхрүүлсэн. Тухайн үед манайд Б-ы төрсөн эгч Окоо /О/ хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэр хүн миний нүд хөхөрсөн байхыг харсан. 2018 оны 11 дүгээр сард Б бид хоёр Улаангомд айлд очоод буцаж яваад Цагдаагийн газрын ард талд  Б согтуу байхдаа намайг зодож миний нүдийг хөхөрүүлсэн. Тухайн үед миний нүд хөхөрсөн байхыг миний төрсөн эгч Т.Н харсан. Б траншейний нүх рүү унасан гэж хэл гэсэн болохоор би Нт траншейны нүх рүү унасан гэж хэлсэн. Б надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Одоо надад Б.Баас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р талд/,

      гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард миний дүү Т.Б төрөх гээд манайд ирсэн. Тэр үед нэг өдөр нөхөртэйгээ хоёулаа манайхаас гарч яваад орой буцаж ирэхдээ Т.Б-гийн баруун нүд хөхөрсөн байсан. Тэгээд Т.Бгаас юу болсон талаар асуухад “траншейний нүх рүү уначихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-р тал/

    гэрч Х.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны  9 дүгээр сард миний охин Т.Б нь надтай утсаар ярьж манай нөхөр Б.Б архи ууж согтуу гэрт ирсэн үедээ байнга намайг зоддог. Зодохдоо гэрийнхээ хаалгыг түгжээд зоддог гэж хэлсэн. Т.Б аав, ээж, ах, дүү рүүгээ ярьсан үед нөхөр Б.Б нь чанга яригч дээр нь тавьж ярь гээд намайг утсаар чөлөөтэй яриулдаггүй гэж хэлж байсан. 2018 оны 11 дүгээр сард төрөх гээд Улаангомд манай хүргэн Б-гийнд ирчихсэн байхад нь эхнэр бид хоёр Улаангомд ирсэн. Тэгээд Б-гийнд хонож байтал шөнө 01 цагийн үед хүргэн Б.Б ирээд эхнэр Т.Бгаа чи хүнтэй утсаар ярилаа миний утас авсангүй гэж хардаад хэрэлдэж маргалдаад зодох гэж дайрахад нь бид нар салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

    гэрч О.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед манай охин Т.Б төрөх гээд Улаангомд манай хүргэн Б-гийн гэрт ирчихсэн байхад нь би Улаанбаатар хотоос ирээд хонож байтал шөнө 01 цагийн үед манай хүргэн Б согтуу ирээд манай охин Бг утсаа авахгүй хэнтэй яриад байгаа юм бу? гээд Б руу утсаа шидсэн. Тэр үед манай охин Б айгаад орноосоо боссон. Б би чамайг янхан байхад эхнэрээ болгож аваад жил тэжээж байна гэж Б.Бг хэл амаар доромжилсон. Түүнээс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Харин Б босоод уйлаад чичрээд зогсоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

        Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны эхээр Т.Б бид танилцаад Увс аймгийн Тэс суманд манайд очиж ээжтэй хамт амьдарсан. Т.Б бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй. Бид хоёр хамт амьдарч байх хугацаанд Т.Б жирэмсэн болж охин Б.Хүслэн төрсөн. 2019 оны 1 дүгээр сарын 13-ы өдөр би Тэс сумын төвд байх найзынхаа гэрт 0.5 литрийн “Түмний хишиг” гэдэг архи уучихаад гэртээ 23 цагийн ирсэн. Би архи уугаад их согтсон байсан тул юу болсон талаар санахгүй байна. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр согтуу байхдаа хамтран амьдрагч Т.Б-г зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

   Шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Б-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны хугарал, баруун нүдний эргэн тойрон зовхи, хамар дээр хар хөхрөлт, зүүн шилбэний дээд хэсэгт хар хөхрөлт  зөөлөн эдийн гэмтэл үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-р тал/-ээр, тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

      Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.1-д : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж зааснаар хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарахаар хуульчилсан байна.

   Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.  

        Шүүгдэгч Б.Б, хохирогч Т.Б нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамтран амьдрагч болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.      

    

        Шүүгдэгч Б.Б хамтран амьдрагч Т.Б-г 2018 оны 11 дүгээр сард зодож баруун нүдийг хөхөрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нүдийг хөхрүүлсэн, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зодож хамар ясны хугарал, баруун нүдний эргэн тойрон зовхи, хамар дээр хар хөхрөлт, зүүн шилбэний дээд хэсэгт хар хөхрөлт гэмтэл учруулсан нь тус тус тогтоогдож байгаа тул түүнийг үйлдлийг байнгын шинжтэй гэж үзэх  тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

     Иймд шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Б.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

       2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Хохирогч Т.Б нь мөрдөн байцаалтанд “Надад Б.Б-аас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

    Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

     3. Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх  ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ