| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0025/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 25
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.О-д холбогдох 1935000440020 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 31-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом коллежийн Ургамалын гаралтай хүнсний техникчийн ангийн оюутан, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн 077 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Б.О /РД:ОЮ99073130/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Мийг зодсон болох нь насанд хүрээгүй хохирогч Б.М-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай хорооллын хүүхдүүд болох Х, М нар манай гэрт ирээд намайг “PC Тоглох уу?” гэхээр нь би тэд нартай хамт гараад Найрамдлын хороонд байх “Сод” дэлгүүрийн доод талд байдаг тоглоомын газар очиж явтал араас Х-гийн ах О миний араас дуудсан. Тэгээд бид нар зогсоод хүлээж байтал О миний танил Томоо, М өөр нэг танихгүй хүүхэдтэй хамт ирээд намайг “Яагаад манай дүү Хг уруу татаж PC тоглоод байгаа юм бу?” гэхээр нь би Од хандаж “Танай дүү Х-г би уруу татаж PC рүү авч ирээгүй. Намайг гэртээ байхад өөрөө дуудсан юм” гэхэд “Чи л миний дүүг уруу татсан” гээд миний энгэрээс заамдаад намайг хажуугийн нарийн гудамж руу чирч ороод миний хамар луу зүүн гараа зангидаж байгаад 2 удаа цохиход миний хамраас цус гарч, би газарт унасан. Намайг газар унасны дараа О гуталтай хөлөөрөө миний хамар луу 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг зодчихоод өөрийн дүү Х, М болон хамт ирсэн 3 залуугаа дагуулаад яваад өгсөн. Би хамраас гарсан цусаа гудамжны цасаар угааж арилгаад гэртээ харьсан. Намайг Оөөс өөр хүн зодоогүй. О миний хохирлын 50.000 төгрөгийг төлж барагдуулсан. О надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Одоо надад О-өөс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р талд/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр манай хүү Мийг манай гудамжны Х гэх хүүхэд хажуудаа нэг хүүхэдтэй хамт орж ирээд дагуулаад гарсан би “Хаачих гэж байгаа юм бу?” гэхэд юу ч хэлэлгүй гараад явсан. М 1 цаг орчимын дараа ганцаараа ирэхэд хамар гэмтэж муруйсан байсан тэгэхээр нь юу болсныг асуухад М надад ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд “Толгой өвдөөд байна” гэхээр өвчин намдаах эм өгөөд хонуулсан. Маргааш өглөө нүүр, нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь юу болсныг асуухад О гэдэг хүүхэд дүүг дагуулж явсан гээд зодсон гэж надад хэлсэн. Манай хүү М 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед гэрээс гарахдаа ямар нэг бэртэл гэмтэл байсан. Тэгээд гарчихаад ирэхдээ хүнээр зодуулж хамар гэмтчихсэн ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Насанд хүрээгүй гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Х бид хоёр хамт тоглож байгаад Найрамдлын хороонд байх PC тоглоомын газарт очоод байж байтал миний танил М ахад өртэй хүүхэд мөнгөтэй байхаар нь М ахад хэлэхээр Х бид хоёр М ахын гэрт очсон. Тэгээд М ахтай хамт Найрамдлын хороонд байх PC тоглоомын газарт очоод М ах нөгөө хүүхэдтэй юм яриад зогсож байтал Хгийн ах О “Сод” дэлгүүрийн тэндээс гараад ирсэн. Тэгээд бид нар дээр ирээд М ахыг Х, бид хоёрыг уруу татаж PC тоглолоо гээд уурлаад М ахыг дагуулж нарийн гудамж руу ороод хамар луу нь цохисон. Тэгээд би гэр лүүгээ явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Насанд хүрээгүй гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн PC тоглоомын гадна Мтэй уулзахад М, М, Х нартай хамт явсан. Мтэй юм яриад зогсож байтал Х-гийн ах О PC тоглломын дээд талын дэлгүүрээс гарч ирээд Мийг “Чи яагаад хүүхэд дагуулаад тэнээд байгаа юм бэ?” гээд дагуулаад нарийн гудамж руу орсон. Тэгэхээр нь би Мд Х-гийн төрсөн ах юм хэлж байгаа юм чинь юу ч хэлэлгүй дагаад явж байтал нарийн гудамжны гол хэсэгт очоод О М-ийг хамар луу нь 2-3 удаа гараараа цохиод газар хавирч унагаагаад хамар луу нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд Мий хамраас цус гараад муруйчихсан. Тухайн зодооныг хэн ч салгаагүй. Тэгээд би тэндээс гэр лүүгээ харьчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Ү-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчим гэрээс гараад хорооллын эхэнд байх Оргил нэртэй PC тоглоомын газарт очоод PC тоглож байтал миний зүс таних М гэдэг хүүхэд орж ирээд гарсан. Би тоглож байтал ээж утсаар залгаад хүрээд ир гэхээр нь гэртээ харих гээд явж байтал манай коллежид сурдаг О гэдэг ах М-ийг бариад авчихсан “Чи миний дүүг уруу татаж хулгай хийлгээд золбироод, тэнээд яваад байгаарай” гэж уурлаад гэр хорооллын нарийн гудамжин дотор М-ий хамар луу нь гараараа миний харснаар 1 удаа цохиод хавирч унагаагаад өшиглөөд байсан. Тухайн үед Мий хамраас цус гарч байсан. Тэгээд би гэр лүү явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн “Сод” дэлгүүр орчихоод гарч явтал доод талын PC тоглоомын газраас миний төрсөн дүү Х хажуудаа М, М нартай хамт гарч ирээд Томоо буюу Баттөмөр, М, Ү нартай зогсож байхаар нь М-ийг манай дүүг уруу татаж PC тоглож байна гэж ойлгоод мөн урд өмнө нь М хулгайн хэрэгт холбогдож байсан болохоор манай дүүг ойрд уруу татаад байхаар нь би Мд манай дүүг битгий уруу татаж хэсээд байгаарай гэж хэлтэл М миний хэлсэн үгийг үл ойшоогоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Мийг дагуулж яваад PC тоглоомын хажууд байх гэр хорооллын нарийн гудамж руу ороод Мий хамар тус газар нь зүүн гараараа 2 удаа цохиод хөлөөрөө хавирч унагаачихсан юм. Тухайн үед Мий хамар луу цохиход Мий хамраас цус гарсан ба М цасаар цусаа угааж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би М-өөс уучлалт гуйж эвлэрсэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй хохирогч Б.М-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны хугарал, муруйлт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.М нь “Б.Оөөс нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ