Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01764

 

 

 

 

 

 

 

 

    2023         09         15                                        210/МА2023/01764

 

 

“Э” компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/02092 дугаар шийдвэртэй,

“Э" компанийн нэхэмжлэлтэй, “Т” ХК-д холбогдох,

Гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргал, Б.Цэвэгмид, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Э" компанийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “Т” ХК нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3, 4 дүгээр давхрын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар сонгон шалгаруулалт зарласан бөгөөд манай компани уг сонгон шалгаруулалтад шалгарч, гэрээний барьцаа төлбөрт урьдчилан 10,000 ам.долларыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийн дансанд шилжүүлсэн.

1.2. Цаг үеийн нөхцөл байдал буюу ковид-19 цар тахлын хорио цээр, бусад нөхцөл байдлын улмаар “Т” ХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулахаар баталгаажуулан ирүүлснийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй болж уг гэрээг баталгаажуулаагүй тул уг гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй.

1.3. Манай компани 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Т” ХК-д шилжүүлсэн 10,000 ам.доллараа буцаан өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр и-мэйлээр албан бичгийн хариуг ирүүлэхдээ манай компанийн мөнгийг буцаах боломжгүй, танай компанид 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 дугаартай албан бичгийг хавсралтаар ирүүл гэж анх удаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүнээс өмнө манай компанид хавсралтаар ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 дугаартай албан бичгийг өгч байгаагүй. Иймд манай компанийн “Т” ХК-д гэрээ байгуулахаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн барьцаа 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагч “Т” ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компаниас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад 4 компани оролцсоноос нэхэмжлэгч компани шалгарсан. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барьцаа төлбөр болох 10,000 ам.долларыг манай компанийн дансанд байршуулсан. Манай компаниас нүүрс худалдах, худалдан авах гэрээг компанийн эрх бүхий албан тушаалтнуудаар баталгаажуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Э” компанийн харилцдаг албаны и-мэйл хаягаар хүргүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно, мөн хуулийн 42.9 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж тус тус заасантай нийцсэн. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт зааснаар манай компани гэрээг баталгаажуулж нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.

2.2. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компанид гэрээг хүргүүлснээс хойш 8 сарын хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ тус компани биелүүлэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл “Э” компани нь 8 сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул “Т” ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 тоот албан бичгээр гэрээг хүчингүйд тооцож, 10,000 ам.долларын барьцаа төлбөрийг буцаан олгохгүй талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч албаны и-мэйл хаягаар хүргүүлсэн. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилт, тээвэрлэлттэй холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 10,000 ам.долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэж заасан. Талууд гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дах хэсэг гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчмыг баримтлан гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулсан. Иймд барьцаа 10,000 ам.долларыг буцаан олгох боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т” ХК-д холбогдох гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гэж, мөн хуулийн 5.1.17 дахь хэсэгт гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ гэж заасан тул гүйцэтгэлийн баталгаа биш гэж тайлбарлав гэжээ. Гэтэл хариуцагчаас зарласан исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч тал оролцож, “Т” ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/66 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг манайд ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 10,000 ам долларыг ажлын 5 өдрийн дотор доорх дансанд шилжүүлнэ үү, хэрэв шилжүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулах боломжгүй талаар мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан бичгийг үндэслэн тогтоосон хугацааны дотор буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10,000 ам.долларыг хариуцагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн. Талууд 10,000 ам.доллар шилжүүлсэн болон хүлээн авсан тал дээр маргаагүй ба хариуцагч талаас мэдэгдэл ирүүлэхдээ уг төлбөрийг гүйцэтгэлийн баталгаа хэмээн шаардсан учир ямар нэгэн тайлбаргүйгээр төлбөрийг шилжүүлсэн. Хэрэв хариуцагч тал анхнаасаа гэрээний барьцаа төлбөр хэмээн шаардсан бол нэхэмжлэгчийн зүгээс Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хуулийн шаардлагыг биелүүлэх нь зайлшгүй шаардлагатай байсан болон бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байхыг дурьдаж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх хууль зүйн тайлбарыг хэрхэн үндэслэлгүй болох талаар хууль зүйн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй.

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 198.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 10,000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ гэж харилцагч тохиролцсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн дүгнэлт хийж байгаа тохиолдолд нэхэмжлэгч талыг гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч талд хэр хэмжээний хохирол учирсан болох, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хэрхэн тооцож хангасан талаарх дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж дүгнэх атал энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг хохирсон, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангасан хэмээн дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэж байгаа бол хариуцагч талын гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийн дагуу гэрээг дуусгавар болгосон гэж үзвэл барьцаагаар хангагдах шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэгэнт барьцаагаар хангагдах шаардлаа бий болоогүй байх тул барьцаалагч барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж заасан байх ба хариуцагчид барьцаагаар хангах шаардлага бий болоогүй байхад буюу барьцааны үүрэг үүсээгүй байхад барьцааны зүйл болох 10,000 ам.долларыг өөртөө үлдээсэн хариуцагчийн үйлдэл нь хууль бус юм. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гэж, 5.1.17 дахь заалт гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг гэж заасан тул хариуцагч “Т” ХК нь гүйцэтгэлийн баталгаа нэрээр бусдаас төлбөр шаардах эрхгүй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах, бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэмжээн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл аль ч утгаараа нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлаж мэтгэлцсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.долларыг гаргуулах шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалт нь тендерийн тухай хуулиар явагддаггүй, харин сонголт шалгаруулалт зарлаад шалгарсан гэдэг хэлцэл хийгдсэн. Цар тахлын улмаас гэрээгээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.3 дахь хэсэгт зааснаар албан ёсны цахим шуудангаар хүргүүлж, баталгаажуулсныг үзлэг хийж хэрэгт хавсаргасан. Давж заалдах гомдолд дурдсан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10.1 дэх заалтад заасан “Т” ХК-ийн барьцаа гэх ойлголтод хамаарахгүй, харин авлага, банкны дансанд байгаа мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудлыг зохицуулдаг нарийвчилсан хуулийн зохицуулалт юм. Мөн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж тооцсон учир гэрээний 12.1-д зааснаар тодорхой хугацаанд гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй улмаас 10,000 ам.долларыг суутган, улсын төсөвч төвлөрүүлсэн. Яагаад барьцаа хөрөнгө авдаг вэ гэхээр өмнө барьцаа авдаггүй гэрээнүүдийг дамлан зарах эрсдэл гарч байсан тул гэрээг баталгаажуулж байршуулсан хэлбэр гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ӨМӨЗО “Э” компани нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан барьцаанд шилжүүлсэн 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч “Т” ХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын исэлдсэн нүүрс худалдах худалдан авах  сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч “Э” компаниас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдох материалыг хүргүүлсэн байна. /хх-ийн 57-77/

 

3.а. Нэхэмжлэгч “Э” компани сонгон шалгаруулалтад шалгарсан тул хариуцагч “Т” ХК 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/66 дугаартай “... урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр ... исэлдсэн нүүрсийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 10,000 ам.долларыг шилжүүлэх” тухай мэдэгдлийг хүргүүлснээр нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10,000 ам.долларыг хариуцагчийн нэрлэсэн дансанд шилжүүлжээ. /хх-ийн 26, 76/

 

3.б. Хариуцагч “Т” ХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЭТТ-2021/38 дугаартай исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулах  саналыг нэхэмжлэгч “Э” компанийн и-мэйл хаяг руу хүргүүлсэн боловч нэхэмжлэгч “Э” компани нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, буцаан хүргүүлээгүй байна.

 

   3.в. Нэхэмжлэгч “Э” компаниас 2021 оны 04 дүгээр сарын 21 өдөр хариуцагч “Т” ХК-д хүргүүлсэн “барьцаа төлбөр буцаан авах тухай” албан бичигт “...манай компанийн зүгээс гэрээг албажуулан хүчин төгөлдөр болгоогүй. Бид танай компанитай дээрх гэрээг байгуулах нь дэлхий нийтэд дахин нүүрлээд буй цар тахал болон эдийн засгийн хувьд боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлээд зогсохгүй манай компанийн тээвэр явах Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто зам хаагдаж бид тээвэрлэлт хийх боломжгүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг байгуулах, хэрэгжүүлэх боломжгүй байх тул гэрээг албажуулан байгуулахгүй болно. Иймд гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж, албажаагүй тул 10,000 ам.долларыг буцаан шилжүүлж өгнө үү” гэжээ.

 

3.г. Хариуцагч “Т” ХК-аас санал болгож нэхэмжлэгч “Э” компанид хүргүүлсэн загвар гэрээний 1.1-д “талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн ...гэрээ хүчинтэй болно”, мөн гэрээний 14.3-т “гэрээнд  оруулах нэмэлт, өөрчлөлт нь бичгээр үйлдэгдэж, талууд гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байгаагаас дүгнэвэл талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох байжээ.

 

3.д. Иймд талууд гэрээнд хэн аль нь гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцохгүй.

 

4. Мөн нэхэмжлэгч “Э” компаниас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаа төлбөр буцаан шаардсан албан бичгийг хариуцагч “Т” ХК-ийн и-мэйл хаяг руу дахин хүргүүлэхэд хариуцагч “Т” ХК-аас “барьцаа төлбөрийг буцаах боломжгүй, гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн” гэх хариуг нэхэмжлэгчийн и-мэйл хаягт ирүүлжээ. /хх-ийн 27-28, 158/

 

4.а. Хариуцагч “Т” ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 дугаартай албан бичгээр “...танай компани өнөөдрийг хүртэл гэрээг баталгаажуулж ирүүлээгүй тул тус гэрээг хүчингүйд тооцох болсон, харин танай компаниас төлсөн 10,000 ам.долларын барьцаа төлбөрийг буцаан олгохгүй, суутгах болсон”-ыг мэдэгдсэн нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 98-101/

 

Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч “Т” ХК нь гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.

 

4.б. Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байхад гэрээний 12.1-д “худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 10,000 ам долларын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ” гэж зааснаар үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.  

 

4.в. Түүнчлэн, хариуцагч “Т” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Э” компанид “... урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр ... исэлдсэн нүүрсийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 10,000 ам.долларыг шилжүүлнэ үү” гэх мэдэгдлийг хүргүүлсэн байдлаас дүгнэвэл гэрээ байгуулсны баталгаа болгон нөгөө талын өмнө үүсэх үүрэгт тооцуулахаар урьдчилан төлөх агуулгатай байх тул Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан дэнчингийн талаар талуудыг тохиролцсон гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч “Э” компаниас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч “Т” ХХК-д шилжүүлсэн 10,000 ам.долларыг хариуцагчийн тайлбарласнаар барьцаа гэж дүгнэхгүй. Барьцаа бол үндсэн үүргийг зөрчигдсөн тохиолдолд уг үүргийг гүйцэтгүүлэхийн тулд барьцааны зүйлийг захиран зарцуулсны орлого мөнгөн хөрөнгөөс  шаардлагаа хангуулах эрх юм. Дэнчин бол гэрээнд оролцогч нэг тал гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгө юм. Баталгаа нь гэрээний нэг талын үүргийг нөгөө талын өмнө гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд өөртөө хүлээж буй үүрэг болохоос нэг тал нь нөгөө талдаа мөнгөн хөрөнгө шилжүүлэх агуулгагүй юм. Иймд хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 10,000 ам.долларыг баталгаа гэж дүгнэхгүй.

 

4.г. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдаагүй тохиолдолд дэнчинг дэнчин тавьсан этгээдэд буцаан өгөх үүргийн хүрээнд хариуцагч “Т” ХХК-аас  10,000 ам.доллар буюу Монгол банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зарласан 3.451 төгрөгөөр тооцож 34,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ӨМОЗО “Э” компанид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/02092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХК-аас 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ӨМОЗО “Э” компанид олгосугай” гэж өөрчлөн найруулж, 

   2 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч “Т” ХК-аас 330,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ӨМОЗО “Э” компанид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 330,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                      ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ