Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг Дон гэх газар оршин суух, Боржгон овогт Дисдаагийн Бямбаа /РД:АЗ56060513/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1973 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл, 1978 оны 8-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... Миний бие илгээлтээр анх гарч 1973 оноос 1975 он хүртэл мал маллаж байгаад 1975 оноос 1978 оныг хүртэл цэргийн алба хаагаад цэргээс халагдаж ирээд 1978 оноос 1992 оныг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан.

Иймд Д.Бямбаа намайг Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1973 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл, мөн цэргээс халагдаж ирээд 1978 оны 8-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

                Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн гэжээ.

 

                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч Д.Бямбаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

                                Нэхэмжлэгч Д.Бямбаа нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1973 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 8-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

                1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                - Д.Бямбаагийн Архангай аймгийн Тариат суманд 1973 оны 1-2, 5-7, 10-11, 1974 оны 1-3, 5-7, 10-12, 1978 оны 1, 4, 6, 1979 оны 1-2, 4-5, 8-12, 1980 оны 1-4, 6-10, 1981 оны 1, 3-7, 10, 1982 оны 1, 3, 6-8, 1983 оны 1-3, 5-7, 10-12, 1984 оны 3-7, 11-12, 1986 оны 1-6, 8-9, 1987 оны 1-10 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

                - Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 6-р сарын 14-ний өдрийн “1989 оны ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

                - 1993 оны Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн өмч хувьчлалын комиссын материалуудын хуулбарууд,

 

                2. Д.Бямбаагийн 1988 оны 5-р сарын 10-ны өдөр нээлгэсэн 1981 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, авсан цалин бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр /эх хувиар/,

 

                3. Д.Бямбаад Тариат сумын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, МЗХ-ийн хорооноос 1988 оны 11-р сарын 4-ний өдөр олгосон “Баярын бичиг”  /эх хувиар/,

 

                4. Батлан хамгаалах төв архиваас олгосон 2016 оны 3-р сарын 24-ний өдрийн 3292 тоот албан бичиг, 

               

                5. Д.Бямбаагийн Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдэлд ажиллаж байсныг мэднэ гэх   

                гэрч М.Мягмарсүрэнгийн ... Д.Бямбаа нь 1975 онд цэрэгт яваад 1978 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Д.Бямбаа нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт Сэнгээ аваргын хонин суурьт хоньчноор нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Би тухайн үед Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур багийн Хөх толгой гэх газар саальчнаар ажиллаж байсан учраас Д.Бямбаагийн ажиллаж байсан байдлыг мэднэ... гэх мэдүүлэг.

 

                Нэхэмжлэгч Д.Бямбаа нь 1975 оны 5-р сарын 19-ний өдрөөс 1978 оны 6-р сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан нь Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн 2016 ны 3-р сарын 24-ний өдрийн архивын лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1975 оны 5-р сарын 19-ний өдрөөс 1975 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

                Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогтой Дисдаагийн Бямбаа нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1973 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 8-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1975 оны 5-р сарын 19-ний өдрөөс 1975 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ