Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2023/02050

 

 

 

 

 

 

 

 

    2023         11            24                                        210/МА2023/02050

 

 

С.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/03216 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б гийн хариуцагч Г.М д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.М , хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Г.М нь Цамбагарав төвийн хойно байрлах паб, цайны газар ажиллуулах нэрээр 12,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр өсгөж өгөхөөр амаар тохиролцсон. Г.М нь эхнэртэйгээ хамт манай байгууллагад ажиллаж байгаад баар ажиллуулна, баарны түрээсийг эхний ээлжид 3 сараар өгөх мөнгө хэрэгтэй байна гэж яаруулан 7,600,000 төгрөг авсан. Мөн бааранд хэрэглэх архи, пиво, ундаа авахаар 2,000,000 төгрөг, хүүхэд өвдсөн гэж 400,000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 600,000 төгрөг, ажил хийгээгүй учраас цалинд өгсөн 400,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг авсан. Гэтэл хариуцагч тохирсон ёсоор үүргээ биелүүлэхгүй, мөнгийг буцааж өгөхгүй саад учруулж байна. Харин шатахуун хийхээр өгсөн 250,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд хариуцагчаас 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Я.А , С.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байр, тоот хаягт байрладаг пабыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс түрээслэхээр болж 3 сарын түрээсийн мөнгө 5,700,000 төгрөг, дээр нь нэг сарын барьцаа 1,900,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг Н.Г ын Хаан банкны тоот дансанд өөрийнхөө тоот данснаас шилжүүлсэн байдаг. Ингээд Я.А нь пабыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд Хаан банкны пос машин зайлшгүй хэрэгтэй болсон тул Н.Г ын пос машиныг ашиглахаар болсон. Пос машиныг ашиглахын тулд түрээсийн гэрээ байгуулсан байх шаардлагатай тул 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Хаан банкны данстай болохоор Н.Г бид хоёрын нэр дээр гэрээ байгуулж, миний Хаан банкны тоот данстай холбосон. Түүнээс уг пабын түрээслэх, ашиглуулах асуудалд миний зүгээс оролцоо байгаагүй. Нэхэмжлэлд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг гэх мэт төгрөгийн урьдчилгаа маягаар аваад бүтэн ажиллаагүй мөнгө авсан гэсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Учир нь Я.А ыг 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг хүртэл өөрийнхөө туслах ажилтнаар сарын 600,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан ба миний Хаан банкны дансаар цалин болон ажилдаа эд зүйл авахад зарцуулсан мөнгийг шилжүүлсэн юм. Намайг өөрийнхөө жолоочоор ажиллуулж эхний сард 800,000 төгрөгөөр дараа сараас сар бүр 200,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,400,000-1,600,000 төгрөгөөр цалинжуулна гэж ярьсаар 2022 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М гаас 9,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М гаас улсын тэмдэгтийн хураамжид 168,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 194,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан шүүх хурлын товыг хариуцагч надад болон миний өмгөөлөгчид мэдэгдээгүйд гомдолтой байна. Би тус шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох байсан болно. Шүүхийн шийдвэрт миний оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар р хороо, 33 дугаар байр, тоот гэж буруу бичсэн байна. Сонгино хайрхан дүүрэг 17 дугаар хороо, 58 дугаар байр, 0 тоотод амьдардаг. Шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу 9,600,000 төгрөгийг надаас гаргуулан С.Б д олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 9,600,000 төгрөгөөс бараа материалын зардалд өгсөн 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин С Баяр өөрийн Хаан банкны тоот данснаас 7,600,000 төгрөгийг түрээслүүлэгч Н.Г ын пабыг түрээслэн ажилуулахаар харилцан тохирч түүний дансанд мөнгийг шилжүүлсэн. Мөн Я.А тай паб ажилуулахаар тохирсон. Намайг жолоочоор ажиллуулж сард 800,000 төгрөгөөр цалинжуулахаар болсон. Цалинд нийт 1,400,000 төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны гүйлгээгээр тогтоогдсон. Мөн Н.Г , С Баяраа нар харилцан тохирч дансаар гүйлгээ хийсэн зэргийг шүүх анхаарч үзэлгүй, үнэлж дүгнэлгүй 7,600,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. С.Б нь пабыг түрээслэхээр түрээслүүлэгч Н.Г той уулзаж тохирч түрээсийн мөнгөө шилжүүлж, намайг Н.Г той гэрээ байгуулуулсан. Эдгээрийг түрээслүүлэгч Н.Г гэрчээр мэдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрт С.Б , Н.Г нарын хоорондын тохирч түрээслэсэн пабын түрээсэд С.Б гаас Н.Г ын дансанд шилжүүлсэн 7,600,000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгч нь хуралд биеэр оролцох бололцоогүй болж, тус өдрийн 10 цагийн 30 минутын хурал удааширч, гал тэрэгнээс хожигдох байдал үүссэн тул хуралд оролцох боломжгүй бол тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Г.М д холбогдуулан гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 11,000,000 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “мөнгийг зээлдэхээр аваагүй, хамтарч паб түрээслэн ажиллуулах зорилгоор түрээсийн төлбөрийг шилжүүлсэн, намайг өөрийнхөө жолоочоор ажиллуулсан цалингаа тасалж өгдөг байсан” гэх үндэслэл заан татгалзан, талууд маргажээ.

3. Зохигчид мөнгөн хөрөнгийг эрх зүйн ямар харилцааны үндсэн дээр шилжүүлсэн асуудлаар маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

4.1. Г.М нь Н.Г той 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байр, тоот од хаягт байршилтай 100.33 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч Г.М нь сарын 1,900,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэх, барьцаа 1,900,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх54-55/ С.Б нь Н.Г ын данс руу түрээсийн төлбөрт 7,600,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх3-8/

4.2. С.Баяр, Г.М нар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “иргэн Г.М д 7,600,000 төгрөгийг өгсөн болно. Эхний 3 сард бараа материал авахад 2,000,000 төгрөг авав. 3 сард ашиг гарвал 20 хувь ашиг өгөх нь сэтгэлийн асуудал” гэсэн баримт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-3, 93/

4.3. Гэрч Н.Г мэдүүлэгтээ “...Г.М , С.Б , нэг эмэгтэй хамт ирсэн ба эдгээр хүмүүсийг хамт түрээслэх гэж байгаа гэж ойлгосон. Миний дансанд 7,600,000 төгрөг орсон, Г.М надтай гэрээ хийсэн учраас Г.М г түрээсэлсэн гэж ойлгосон, ...3 сарын хугацаа нь дуусахад Г.М над руу залгаад суух боломжгүй боллоо, гарах боллоо гэж байсан” гэж /хх84-86/, гэрч Я.А мэдүүлэгтээ “...С.Б нь манай гэр бүлийн амьдралд туслах зорилгоор хөрөнгө оруулж, ресторан түрээсэлж өгье гэхээр нь Цамбагаравт байрлах пабыг түрээслэсэн, түрээсийн 7,600,000 төгрөгийг Н.Г ын дансанд хийгээд намайг ажиллуул гэсэн, ...Г.М пабын ажилтай ямар ч хамааралгүй. ...пос машин ашиглахад түрээсийн гэрээ хийх хэрэгтэй гэсэн учраас Г.М г Н.Г той гэрээ байгуулуулсан, ...тэр пабыг би өөрөө ажиллуулж байсан” гэж тус тус мэдүүлжээ./хх108-113/

5. Дээрх нотлох баримтуудаар С.Б нь Г.М , Я.А нартай хамтарч түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдохгүй байна. Харин Г.М , Н.Г нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу Г.М нь түрээсийн төлбөр төлөх үүргийг гуравдагч этгээд буюу С.Б гаар гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч Г.М уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Хариуцагч Г.М нь 2,000,000 төгрөг зээлсэн гэдгийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ. Анхан шатны шүүх С.Б , Г.М нарын үйлдсэн баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

7. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон зээлийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Хариуцагч Г.М нь 7,600,000 төгрөгийг буцааж төлж үүргээ гүйцэтгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

8. Анхан шатны шүүх хариуцагч Г.М гаас зээлийн гэрээний үүрэгт 9,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Хариуцагч Г.М нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” гэж тайлбарлаж байна. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 58-р байр, 7 тоот хаяг оршин суудаг, энэ хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авахдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, БЗНТ 80 айл гудамжны 19/1 тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлжээ. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн тодорхойлсон хаяг болон өөрчилсөн гэх хаягаар нь баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрөө шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/03216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД

 

 ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                      Д.ЦОГТСАЙХАН