Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0199

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 04 өдөр 

Дугаар 221/МА2019/0199

Улаанбаатар хот

 

“Ш.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Б.М, Я.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2018/0094 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ш.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

        ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02  дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2018/0094 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш.Г ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тендерт шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт"...хариуцагчийн зарим татгалзсан үндэслэл үгүйсгэгдсэн хэдий ч Тендерийн бичиг баримтад заавал ирүүлэхээр дурдсан" дараах талуудыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2 (б)-д заасан “Санхүүгийн тайланг ирүүлэх шаардлагагүй боловч уг санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүгнэлтийг шаардсан байхад ирүүлээгүй” гэжээ.

ТОӨЗ 5.2 (б)-д Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудад санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана. 

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байна заасны дагуу тендерт оролцохдоо сүүлийн 2 жилийн тайланг явуулаагүй.

Харин шүүхийн дүгнэсэн үг санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүгнэлтийг шаардсан байхад ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “дараах аж ахуйн нэгж, байгууллага гүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ” гээд 10.1.1 -д “Нягтлан болох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага” гэж заасан байна. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө” гээд 4.1.1-д “Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл “Ш.Г” ХХК-ийн хувьд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаж, хуульд заасны дагуу татвар, санхүүгийн албанд хүргүүлэхэд дээрх хуулийн дагуу татварын эцсийн тайлангаа аудитаар баталгаажуулсан байхыг шаардаж, улмаар аудитаар баталгаажсан тайланг хүргүүлдэг болно. 

ТОӨЗ 5.2 (б)-д заасан шаардлага ч мөн энэ зарчмын дагуу цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас үзэж буй тайлан өөрөө баталгаажсан тайлан болно.

Гэтэл шүүхээс хариуцагчийн хуульд үндэслээгүй тайланд үндэслэж мөн ТОӨЗ-д заагдаагүй шаардлагыг биелүүлээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгосонд гомдолтой байна.

ТОӨЗ 5.2 /в/-д заасан шаардлагыг ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэдгээ хангалттай нотолж чадаагүй гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.12-г үндэслэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны үед Барилга байгууламж гэдгийг Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг үндэслэж тайлбарлаж үүнийгээ нотлох баримтаар тендерт  хүргүүлсэн, баримт бичгийн 39 дэх талд хавсаргагдсан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2018 оны 06 дугаар сарын 05-ны 03/1341 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн албан бичигт манай компанийн 2016-2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлыг Лаг халдваргүйжүүлэх барилгын ажил, Шугам сүлжээний ажил, Гадна цахилгааны ажил гэсэн үе шатуудтай барилга угсралтын ажил хийсэн болохыг тодорхойлсон байдаг. C:\Users\budkhvv\AppData\Local\Temp\msohtmlclip1\01\clip_image001.png

Гэтэл шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт хийлгүйгээр буюу хангалттай нотлоогүй гэж ямар үндэслэлээр тодорхойлж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчсөн шийдвэр болсон байна.

ТОӨЗ 5.3 (в), 5.3 (г), 14.1.5 (ж)-д Тендерт оролцогч нь ... тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнууд, машин механизмуудыг танилцуулах ... гэсний тухайд ерөнхий инженер Ч.Б, О.Б нарын ажилласан ажил заасан хугацаанд хүрээгүй, машин механизм түрээслэх тухай 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2018 гэрээнд тухайн төслийн ажил үйлчилгээг тусгаагүй, барилга байгууламжид шууд ашиглах боломжгүй, машин механизмыг түрээслэсэн байдал нь эргэлзээ төрүүлж, үнэлэх боломжгүй байдалд хүргэсэн гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал болон түүнд өгсөн хууль зүйн дүгнэлтийг хэрхэн хийснийг тодорхой тайлбарлаж бичих тухай заасан. C:\Users\budkhvv\AppData\Local\Temp\msohtmlclip1\01\clip_image002.png

Гэтэл нэг дэд хэсэгт ТОӨЗ 5.3 (в), 5.3 (г), 14.1.5 (ж) гэсэн гурван татгалзлын үндэслэлийг нэгтгэн бичиж эдгээрийг хэрхэн хангаагүй тухай тодорхой тайлбарыг шүүх хийсэнгүй. 

Нөгөөтээгүүр, маргаан бүхий акт болох 2018 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 01/4019 тоот мэдэгдэлд “Ш.Г” ХХК-ийг шалгаруулаагүй тухай үндэслэлд ТОӨЗ 5.3 (г) гэж байхгүй байхад шүүх өөрөө тогтоож шийдвэрийнхээ үндэслэл болгож буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

Үүнээс гадна шүүх маргаан бүхий захиргааны актын алдааг засаж зөвтгөж дүгнэн  шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актад ТОӨЗ 14.1 (ж) гэж заасан байдаг боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг ТОӨЗ 14.1.5 (ж) гэж дүгнэн тайлбарласан. Мөн  энэ хэсэгт дурдсан “машин механизм түрээслэх тухай 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2018 гэрээнд тухайн төслийн ажил үйлчилгээг тусгаагүй, барилга байгууламжид шууд ашиглах боломжгүй, машин механизмыг түрээсэлсэн байдал нь эргэлзээ төрүүлж, үнэлэх боломжгүй байдалд хүргэсэн" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хуулийн 34.2-д заасны дагуу нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй талаас нь үнэлэх байтал эргэлзээтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буйд гомдолтой байна. 

Шүүх аливаа хэрэг маргааныг хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргадаг гэж ойлгодог, гэтэл энэ тохиолдолд шүүх машин механизмуудад техник талаас нь дүгнэлт хийж барилга байгууламжид шууд ашиглах боломжгүй техник гэ үзсэнийг ойлгохгүй байна. 

Мөн шүүх энэ хэсэгт дүгнэлт өгөхдөө “машин механизм түрээслэх тухай 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2018 гэрээнд тухайн төслийн ажил үйлчилгээг тусгаагүй" гэж бичсэн нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлнэ" заасныг зөрчсөн байна. 

Уг “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт баригдах Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендер” нь 2018 оны 09 дүгээр сарын 12-нд цахимаар зарласан байдаг, харин машин механизм түрээслэх тухай гэрээ нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд тодорхой гүйцэтгэх ажилд биш дөрвөн жилийн хугацаа тогтоосон гэрээ буюу хугацаат тогтоож байгуулсан гэрээ байсан. 

Өөрөөр хэлбэл, тендер зарлахаас өмнө байгуулагдсан гэрээнд төслийн ажил үйлчилгээг тусгаагүй гэж үзэх нь өөрөө утгагүй юм.

Тендерийн бичиг баримтын маягт № ТШМ-1 болох Тендерийн маягт, № ТШМ-2 Чадварын мэдээллийг бичгийн маягтаар огт ирүүлээгүйгээс гадна Тендерийн маягтад тусгагдсан мэдээллийг цахим системд бөглөснийг шүүх үгүйсгэхгүй боловч Тендерийн маягтыг баталгаажуулан ирүүлэх нь Тендерийн бичиг баримтын зайлшгүй бүрдэл хэсэг болох шаардлагыг биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэн шийдвэр гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу “Ш.Г” ХХК-ийг тендер шалгаруулаагүй  мэдэгдэлд тендерийн баримтын бүрдэл дутуу буюу зайлшгүй ирүүлэх шаардлагатай ирүүлээгүй гэх үндэслэл байгаагүй болно. 

Хэргийн материалд 1 хавтасны 211 дахь талд авагдсан оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянан үзсэн хүснэгтэн тэмдэглэлд “Ш.Г” ХХК-ийн тендерийн иж бүрдэл бүрэн буюу Тендерийн бичиг баримтын зайлшгүй байх бүрдэл хэсэг бүрэн шаардлагад нийцсэн гэж үзэж үнэлгээний хорооны дарга Я.Эрдэнэсайхан бусад гишүүдийн хамтаар гарын үсэг зурсан байдаг. 

Нөгөө талаар шүүхээс заны үйл баримт болох уг тендер цахимаар явагдсан байхад цаасаар материал ирүүлэх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ. 

Учир нь шийдвэрт заасан тендерийн маягт ТШМ-1 нь цахим хуудсанд нээгдэхэд бөглөх байдлаар байршсан байдаг билээ. 

Энэ талаар тодруулах зорилгоор миний бие тендерийн цахимд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан хэдий ч шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс зориуд зөвхөн хавсаргаж ирүүлсэн материалыг үзүүлж, бусад тендерийн цахим систем нээгдэх бөглөх цэсүүдийг шүүхэд үзүүлээгүй болно.

Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх хэсэгт шүүх ЗХШХШтХ-ийн 106.5-д заасныг зөрчсөн буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд шүүх дүгнэхдээ "нэхэмжлэгчийн гаргасан эхний шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн,... одоогийн байдлаар тендер нэгэнт хүчингүй болсон, тендерийн хугацаа дууссан учир” уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзжээ. 

Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргаж, улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал уг тендер түдгэлзсэн хэвээр байгаа билээ. 

Нөгөөтээгүүр, тендер захиалагчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тендер түдгэлзүүлсэн байхад шүүхээс тендер нэгэнт хүчингүй болсон, хугацаа дууссан гэдэг байдлаар дүгнэх нь бодит байдлаас зөрөх билээ.

Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа ХХААХҮЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот бүхий мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “Илт хууль бус” болохыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн. 

Гэтэл шүүх уг ХХААХҮЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн, тендер шалгаруулалтын үйл явц хэрхэн болж өнгөрснөөр нь дүгнэлт өгсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг..." гэжээ. 

Энд зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэсэн хэлбэрүүдээр илэрнэ. 

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхолд халдсан эсэхэд дүгнэлт өгөх учиртайг хуулиар зохицуулж өгсөн.

Гэтэл маргаан бүхий акт болох ХХААХҮЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот бүхий мэдэгдлийн агуулга нь тендерийг хүчингүй болгох тухай мэдэгдэл байдаг. 

Тендер хүчингүй болгох гэдэг ойлголт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зөвхөн Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байдаг болохоос захиалагчид байдаг эрх биш юм. 

Хэрэв уг мэдэгдлийг бүх тендерээс татгалзах гэж гэдэг ойлголт гэж үзвэл хуулийн 30 дугаар зүйлд заасан ямар үндэслэлээр татгалзаж буй нь тодорхойгүй.

 Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тендерийг хүчингүй болгох эрх хэмжээ хуульд байхгүй байхад хүчингүй болгосон нь “Ш.Г” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн ч бодит байдалд зөрчигдсөн эрх нь сэргэхгүй байх үр дагавар авчирсныг баталгаажуулсан шийдвэр болсон байна.

Иймээс хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0094 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч “Ш.Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0094 дүгээр шийдвэрийг хянаад зохих өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-аас гаргасан давж заалдах гомдолд санхүүгийн тайлан болон санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт гэсэн 2 ойлголтыг хамтатган авч үзэж бичжээ. 

“Ш.Г” ХХК нь Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-т “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт” гэж заасныг үндэслэн “заавал аудит хийлгэдэг байгууллага” гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч давж заалдах гомдол болон тайлбартаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан 7 төрлийн байгууллагын аль ангилалд хамаарч байгаа тухайгаа дурдахгүй байна. 

Тодруулбал: “4.2.1. гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани”, 4.2.2. “гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани”, 4.2.3. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.10.5, 15.10.6 болон 15.10.13-т заасан чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага”, 4.2.4. “төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж”, 4.2.5. “эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага”, 4.2.6. “улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага”, 4.2.7. “арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага.” гэсэн 7 төрлийн хуулийн этгээдийн аль ангилалд хамаарч байгаа талаараа нотолж чадаагүй байна.

Нөгөө талаар ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2 /б/-д заасан “Санхүүгийн тайланг ирүүлэх” шаардлагагүй боловч уг санхүүгийн тайлангийн “аудитаар баталгаажсан дүгнэлт”-ийг шаардсан байхад ирүүлээгүй болох нь тогтоогдож байна. Энэхүү баримт бичгийг “заавал ирүүлэх”-ээр тендерийн баримт бичигт заасан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 дугаар мэдэгдлийн талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн” гэжээ.

Илт хууль бус гэж маргаж буй 01/4480 дугаар мэдэгдлийг тендерт оролцогч байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд “...тендерийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан тул уг тендер хүчингүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна. “ гэж дурджээ.

Энэхүү мэдэгдэлд үнэлэлт өгөхийн тулд болсон үйл баримтыг он цагийн хувьд дараалалд оруулж үзэх шаардлагатай.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А-139 дүгээр тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт баригдах Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХХААХҮЯ/201805104 дугаартай тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар зарлаж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:10 цагт нээсэн байна.

Улмаар тендерт “Ш.Г” ХХК, “Х.А” ХХК, “Х.Ү” ХХК, “Ц” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК, “И.И” ХХК гэсэн 7 компани оролцож, Үнэлгээний хороо 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдан сонгон шалгаруулалтыг явуулсан.

Үнэлгээний хорооны хурлаар “Х.Б” ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид, захиалагч бүх оролцогчдод мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд тендерт шалгараагүй компаниуд болох “Ц” ХХК, “Ш.Г” ХХК, “Х.А” ХХК-иуд гомдол гаргасантай холбогдуулан тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Сангийн яам “гомдол шалгах хуулийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр хянан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй гомдлыг холбогдох байгууллагуудад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буцаан хүргүүлжээ.

Улмаар хууль заасан тендерийн хүчинтэй хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болжээ. Нэгэнт “хуульд заасан тендерийн хугацаа” дууссан тул хариуцагчаас “тендерийн хүчинтэй хугацаа дууслаа” гэдгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талуудад мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан бичгээр өгсөн мэдэгдлийг буруу ойлгож, “тендерийн хүчинтэй хугацаа дуусчихлаа” гэснийг “тендерийг хүчингүй болгочихлоо“ гэж ойлгосон байна. 

Энэхүү албан бичгээр өгч буй мэдэгдэл нь “тендерийг хүчингүй болгож” буй хэрэг бус, гагцхүү хуульд даасан 45 хоногийн хугацаа дууссан болохыг л мэдэгджээ. Нөгөө талаар “тендерийг хүчингүй болгох эрх хэмжээ” хуулиар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдаж байхад захиалагчийг “тендерийг хүчингүй болгосон” мэтээр давж заалдах гомдол гаргаж буй нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч түүнчлэн “тендерийг хүчингүй болгоогүй бол тендерээс татгалзсан байж таараа” гэж үзээд давж заалдах гомдолдоо тодорхой үндэслэлүүдийг дурджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд “тендерээс татгалзах 4 үндэслэл”-ийг заасан бөгөөд хариуцагчийн гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 дугаар мэдэгдлээс үзэхэд тендерээс татгалзсан ямар ч утга агуулга, үг үсэг үгүй байна. Иймд энэхүү мэдэгдлийг тендерээс татгалзсан захиргааны акт гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар энэхүү албан бичгээр өгсөн мэдэгдлийг ганцхан “Ш.Г” ХХК-д хүргүүлээгүй бөгөөд тендерт оролцсон бүх байгууллага, тэр дундаа тендерт шалгарсан” “Х.Б” ХХК-д хүртэл хүргүүлсэн байна.  

Өнөөдрийн байдлаар тендер хэрэгжсэн зүйл үгүй, “Ховдбаганат” ХХК шалгарсан тендерийнхээ дагуу ажил гүйцэтгээгүй, /гүйцэтгэх боломжгүй болсон/ тендерийн хүчинтэй хугацаа төдийгүй төсвийн жил дууссан, 2019 оны тухайд энэхүү тендер дахин зарлагдаагүй байгаа ажээ.

Нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дуусан тул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 дугаар мэдэгдлээр тендерийн хүчинтэй хугацаа дуусчихлаа гэдгийг нийт оролцогчдод мэдэгдсэн нь заавал биелүүлэх үр дагавар авч ирэхгүй, тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, өөрөөр хэлбэл захиргааны актад байх шинжийг агуулаагүй тул захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.

Иймд шийдвэрийн Тогтоох хэсгийн энэхүү шаардлагад хамаарах хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

“Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн эсэх тухайд: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын нэлээд хэсэг нь энэ үндэслэлээр гарчээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгээс үзвэл нэхэмжлэгч “Ш.Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг л хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөр нэхэмжлэлийн шаардлагыг шийдсэн, нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрчлөөд шийдвэрлэсэн зүйл алга. Үндэслэх нь хэсэгт шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтуудад тодорхой эрх зүйн дүгнэлт хийжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгч Үндэслэх нь хэсэгтээ дурдаж байгаа нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Давж заалдах гомдолд мөн “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гээд жишээ болгож “5.3 (г) гэж байхгүй байхад шүүх өөрөө тогтоож шийдвэрийнхээ үндэслэл болгож буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 заасныг зөрчсөн” гэж дурджээ.

Энэхүү хуулийн заалт ёсоор  шүүхийн шийдвэр өөрөө, бүхэлдээ талуудын маргаагүй асуудлаар хийсэн дүгнэлтэд үндэслээд гарч болохгүй гэдэг нь ойлгомжтой. “Ш.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлээд гарсан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0094 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгчийн 3 нэхэмжлэлийн шаардлага тус бүрт эрх зүйн дүгнэлт хийснээс гадна, шаардлага тус бүрт хамаарах нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаараа дүгнэж бичжээ. 

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн эхний шаардлагын талаар дүгнэлт хийхдээ ТШӨХ, ТОӨЗ-д тусгагдсан, Үнэлгээний хорооны хурал дээрх яригдаж, тэмдэглэлд нь тусгагдсан гэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тендер шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдэлд тухайлан бичгийн хэлбэрээр тусгагдаагүй шаардлагуудын талаар дүгнэлт хийжээ. 

Үүнийг хууль зөрсөн гэж үзэх боломжгүйн дээр энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй байна гэж үзэв. Шүүхийн шийдвэрээс үзвэл энэхүү шийдвэр маань өөрөө дан ганц энэ үндэслэлээр гараагүй, өөр олон үндэслэлийг заасан байна. 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдаж байгаачлан “энэ хэсэгт хамаарах дүгнэлтийг маргаагүй асуудлаар хийсэн дүгнэлт” гэж үзлээ ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөхүйц байдалд хүргэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэх мэт шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол, шүүхийн шийдвэрийн биелэгдэх байдал болон нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн харилцан уялдаатай байдал зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодитой, үндэслэл бүхий, зөв болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон, 

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0094 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан “Ш.Г” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тендерт шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Шийдвэрт “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”гэсэн 2 дахь заалтыг нэмж, Шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                    Н.ХОНИНХҮҮ

                            ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР