Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1401

 

 

“Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04269 дүгээр шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б.Цэрэнбалтавт холбогдох,

 

            99117796 тоот дугаарын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгож, Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 99117796 дугаар нь 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10000254 тоот дугаартай гэрээгээр “Алтандорнод монгол” ХХК-ийн нэр дээр үүссэн. Дээрх хугацаанаас хойш манай компани 99117796 дугаарыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Гэтэл Монгол Улсын Их хурлаас баталсан 2006 оны Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувийн албан татвар ногдуулж, Захиргааны хэргийн шүүхээс 2007 оны 254 дүгээр шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Мөн энэ татварын өр төлбөрийн маргаантай асуудлаар Улсын мөрдөн байцаах газраас “Алтандорнод монгол” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагааг давхар явуулсан. Манай компанийн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татварын өр төлбөр, барагдуулалтын маргаанаас үүссэн иргэний болон эрүүгийн хэргийн шүүх, хууль хяналтын байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2008 оноос эхэлж, 2012 оны 4 дүгээр сард дууссан. Энэхүү “Алтандорнод монгол” ХХК-д холбогдох татварын, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурор, Цагдаагийн ерөнхий газраас “Алтандорнод монгол” ХХК “Востокнефтегаз” ХХК, “Бумбат” ХХК-иудаар татварын өр төлбөрийг албадан төлүүлэх, бүх эд хөрөнгийн болон эрхийн тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэх, ашиглах эрхийг нь хязгаарлах, арилжааны банкууд дахь бүх дансны гүйлгээг зогсоох, тамга, тэмдгийг хураах зэрэг албадлагын үйл ажиллагааг явуулж, компаниудын үйл ажиллагааг хүчээр зогсоосон.

Компаний үйл ажиллагаа зогссон, эд хөрөнгө битүүмжлэгдсэн, тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан, арилжааны банкинд эзэмшиж байсан дансны зарлагын гүйлгээг хаасан, компанийн гүйцэтгэх удирдлага нас барсан байх үед хуурамч бичиг баримтаар 99117796 дугаар нь бусдын эзэмшилд шилжсэн байна. “Алтандорнод монгол” ХХК-ийн өмнөх удирдлагуудад холбогдох эрүүгийн хэргийн улмаас Улсын мөрдөн байцаах газраас 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Алтандорнод монгол” ХХК-ийн тамга тэмдгийг хураан авсан ба албан бичигт зурагдсан гарын үсэг нь компанийн өмнөх удирдлага болох С.В.Паушокийнх биш гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой илэрхий байх тул дээрх албан бичиг нь тамга, гарын үсэг нь хуурамч байжээ. Ийнхүү компанийн бланкыг ашиглан эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, эрх бүхий байгууллагад хураагдсан байсан тамга тэмдгийг ашигласан хууль бус баримтыг үндэслэн итгэмжлэлтэй эсэхийг нягтлан шалгалгүй компанийн эзэмшлийн дугаарыг О.Соёнгоо гэгчид шилжүүлсэн байна. 99117796 дугаар нь О.Соёнгоогоос Ч.Гантөмөрийн нэр дээр, Ч.Гантөмөрөөс “Нэт капитал” ХХК-ийн нэр дээр, тус компаниас С.Батжаргалын нэр дээр, С.Батжаргалаас Б.Цэрэнбалтавын нэр дээр шилжсэн байна. Иймд “Алтандорнод монгол” ХХК-ийг 99117796 дугаарын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоож, тус дугаарыг Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Цэрэнбалтав шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 12 дугаар сард С.Батжаргалаас дээрх дугаарыг худалдаж авсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг хууль бус үйлдлээр аваагүй. 2014 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс О.Соёнгоо гэгчийг хуурамч бичиг баримт хэрэглэж, уг дугаарыг авсан үйлдлийг хуулийн дагуу шалгаж, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2150 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхээс О.Соёнгоог гэм буруутай гэж тогтоодоогүй байхад хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн түүнээс хойш олон хүн дамжиж худалдагдсаар миний бие хамгийн сүүлд С.Батжаргалаас худалдан авсан болох нь Цагдаагийн байгууллагын баримт бичигт тодорхой байна. Гэтэл би “Алтандорнод монгол” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд уг компанид хохирол учруулаагүй тул хариуцагч мөн эсэхэд эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу 99117796 дугаарыг хууль ёсны дагуу өөрийн эзэмшилд шилжүүлж авсан. Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3, Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаар тогтоолоос үзвэл “Алтандорнод монгол” ХХК нь Б.Цэрэнбалтавын хууль ёсны эзэмшлээс дугаарыг Б.Цэрэнбалтаваас нэхэмжлэх эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заалтыг үндэслэн “Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цэрэнбалтавт холбогдох 99117796 тоот дугаарын хууль ёсны шаардлага эзэмшигчээр тогтоолгож, Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатын шүүх ямар ч үндэслэлгүйгээр хүлээн авч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчид олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал “Алтандорнод монгол” ХХК-ийн зүгээс Мобиком корпорацид ирүүлсэн гэх 2010 оны хуурамч гэгдэх албан бичигт шинжээч томилуулан хуурамч эсэх, компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдсан эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүх хянаж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хэлэлцэхээр шүүгч шүүх хуралдааныг засварлуулсан бөгөөд шүүх танхимаас зохигчдыг гаргасан. Гэвч шүүгч С.Буд нь өөрөө мөн адил шүүх хуралдааны танхимыг орхин гарч явсан үйлдэл гаргасан. Шүүгч С.Буд нь өмнө нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болсон 99117796 дугаартай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэж байсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ өмнөх хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өөрийн компьютерээс харсан гэж тайлбарлаж байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94.1-д заасан Бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэгэн адил 2 хэргийг шийдвэрлэхээр санаархаж байсан нь илэрхий байна. Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ гаргахдаа “Алтандорнод монгол” ХХК-ийн зөвшөөрөлгүй, түүний хүсэл зоригоос гадуур О.Соёнгоогийн нэр дээр шилжсэн байна. Иймээс О.Соёнгоогоос нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрийнхээ үндэслэл хэсгийг танилцуулахдаа хэлсэн. Гэвч энэ талаар шүүхийн шийдвэрт нэг ч үг, өгүүлбэр тусгагдаагүй байна. Нөгөө талаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар О.Соёнгоо, Мобиком корпорацийг татах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч Б.Мандалбаяр үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шийдвэртээ… нэгэнт хариуцагч Б.Цэрэнбалтав нь 99117796 тоот дугаарын хууль ёсны шударга эзэмшигч тул түүнээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар 99117796 тоот дугаарыг буцаан шаардах боломжгүй… гэж талуудын хооронд маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК нь хариуцагч Б.Цэрэнбалтавт холбогдуулан 99117796 тоот дугаарын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгож, Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын маргаж буй үүрэн холбооны телефон утасны 99117796 дугаар 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10000254 тоот гэрээний дагуу “Алтандорнод монгол” ХХК-ийн нэр дээр үүсч, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20055973 тоот гэрээний дагуу О.Соёнгоогийн нэр дээр, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 20137379 тоот гэрээний дагуу Ч.Гантөмөрийн нэр дээр, 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2012908 тоот гэрээний дагуу “Нэткапитал” ХХК-ийн нэр дээр, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20042591 тоот гэрээний дагуу Б.Цэрэнбалтавын нэр дээр тус тус шилжсэн тухай үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.                                                 /хх-62-80 дугаар тал/

     

Хэргийн 92 дугаар талд авагдсан “Алтандорнод монгол” ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/01 тоот албан бичгийг үндэслэж үүрэн холбооны телефон утасны 99117796 дугаарыг О.Соёнгоогийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус уг албан бичиг хуурамч байсан гэх нөхцөл байдал хариуцагч Б.Цэрэнбалтавыг шударга хууль бус эзэмшигч гэж үзэх эсхүл 99117796 дугаарыг эзэших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

 

Хариуцагч Б.Цэрэнбалтав нь уг үүрэн холбооны телефон утасны дугаарыг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу С.Батжаргалаас худалдан авч, “Мобиком корпораци” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр дээрх дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.                                 /хх-73 дугаар тал/

                                                                                                

Иймээс үүрэн холбооны телефон утасны 99117796 дугаарыг гэрээний дагуу эзэмшсэн Б.Цэрэнбалтавын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний эзэмшил хууль ёсных тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Тухайн үед хариуцагч нь О.Соёнгоогийн нэр дээр үүрэн холбооны телефон утасны 99117796 дугаарыг шилжүүлсэн нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/01 тоот албан бичгийг хуурамч гэж маргасныг мэдэх боломжгүй тул нэхэмжлэгч нь түүний эзэмшлээс маргаж буй үүрэн холбооны телефон утасны 99117796 дугаарыг шаардах эрхгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжээч томилуулах, хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзахдаа уг хэрэг маргаанд ач холбогдолгүй гэж үзэж хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгч шийдвэр танилцуулахдаа “Алтандорнод монгол” ХХК-ийн зөвшөөрөлгүй О.Соёнгоогийн нэр дээр шилжсэн тул О.Соёнгоогоос нэхэмжлэх нь зүйтэй гэсэн атал шүүхийн шийдвэрт тусгагдаагүй гэх гомдол нотлогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШШ2016/04269 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1…” гэснийг “…Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ