Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 16

 

Х.Болдбаатар, Б.Эрдэнэбаатар, Д.Лонжид нарт

                                  холбогдох захиргааны зөрчилтэй хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Гомдол гаргагч Г.Туяа, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийн  2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн зөрчилд холбогдогч нарын  өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах гомдлоор  Баянжаргалан сумын Ардчилсан намын хорооны дарга Х.Болдбаатар болон Б.Эрдэнэбаатар, Д.Лонжид нарт холбогдох  Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх захиргааны зөрчилтэй  хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           1968 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын орлогч ажилтай, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Чулуутын 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлхүүгийн Болдбаатар,

 

           1950 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  малчин, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, Хайрхан овогт Должингийн Лонжид,

 

           1970 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, “Баян бүрдийн хишиг” хоршооны дарга ажилтай, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Чулуутын 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, Гучид овогт Базарваанийн Эрдэнэбаатар нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13  дахь заалтыг зөрчсөн буюу сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох , гутаах, хуурамч мэдээ , мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараасан гэх зөрчилд холбогджээ.

 

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот  захирамжаар:

           Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын Намын Хорооны дарга Г.Туяагаас Х.Болдбаатар, Д.Лонжид, Б.Эрдэнэбаатар нарт холбогдуулан гаргасан захиргааны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Болдбаатар, Д.Лонжид, Б.Эрдэнэбаатар нарыг захиргааны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

 

Зөрчилд холбогдогч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо:  Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогсдын өмгөөлөгч би давж заалдах гомдол гаргаж байна.

 Захирамжийн үндэслэх хэсэгт Б.Эрдэнэбаатар нь “Ардын нам дуугардаг хүмүүсээ дэвшүүлсэнгүй. Өөрийхөө хэлснийг үг дуугүй дагадаг, зөвхөн гар өргөдөг тийм л хүмүүсийг Туяа дарга дэвшүүлэх юм даа. Манай намаас нэр дэвшүүлсэн хүмүүс бол нам гэж туйлширдаггүй, төрсөн нутагтаа эзэн нь байж сум, орон нутгаа гэсэн чин сэтгэлтэй, өөрийн үзэл бодолтой, шилдгүүд билээ” гэсэн үг, өгүүлбэр нь Г.Туяа миний нэрийг гутаан доромжилсон, иймээс сонгуульд ялагдал хүлээсэн гэснийг хүлээн авах нь зүйтэй. Иймд Б.Эрдэнэбаатарыг гомдол гаргагчийн нэр хүнд болон эрхэлсэн ажилтай нь холбогдуулан доромжилсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  Дээрх үг, өгүүлбэрийн яг аль хэсэг нь Г.Туяаг доромжилсон утга агуулга бүхий байгаа талаар шүүх бодитой дүгнээгүй, зөвхөн гомдол гаргагчийн тайлбарт үндэслэн дүгнэсэн. Б.Эрдэнэбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн хүрээнд  мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн байгааг шүүх ямар нотлох баримтыг үнэлж доромжилсон гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Мөн аливаа улс төрийн нам сонгуульд нэр дэвшигчдээ шилдэг болохыг олон нийтэд таниулан сурталчлах үүргийн дагуу  Б.Эрдэнэбаатар “манай нам шилдгүүдээ дэвшүүллээ” гэж хэлснээр  тус суманд МАН сонгуульд ялагдсан болохыг шүүх ямар нотлох баримтаар нотлон тогтоосон талаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй нь шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн зохих заалтууд, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5, 11 дүгээр  зүйлийг ноцтой зөрчсөн.

 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.4.4-т хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол захиргааны зөрчлийг хянан хэлэлцэхгүй гэж хуульчилсан байхад  анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүх хууль зөрчсөн болохыг нотолж байна.

  Х.Болдбаатарын хувьд  Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-ыг бүхэлд нь зөрчсөн гэж шүүх дүгнэхдээ гомдлын хүрээнд бус Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын ...нүүр тус бүрийн дор тухайн материалыг эрхлэн хэвлүүлсэн нэр дэвшигч, нам эвслийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг дурьдах ба хариуцлагыг сонгуулийн штабын  удирдлага хүлээнэ” гэсэн заалтыг дурьдаж, зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн гомдолтой ямар нэгэн байдлаар огт хамааралгүй, энэ талаар гомдолд огт дурьдаагүй байхад шүүх гомдолд дурьдаагүй асуудлаар дур зоргын дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрвээ шүүх Х.Болдбаатарыг  Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-г зөрчсөн гэж дүгнэж байгаа тохиолдолд  Х.Болдбаатарт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан үндэслэлээр захиргааны зөрчил гаргасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм. Сонгуулийн тухай хуулийн  77.6 дахь хэсэгт хэвлэмэл материалд хяналт тавих, редакц хийх, сэтгэгдлийг хасах зэрэг эрхийг, үүргийг штабын удирдлагад олгосон зохицуулалт байхгүй юм. Шүүх тайлбарлахдаа Х.Болдбаатар нь Б.Эрдэнэбаатарын сурталчилгааны материал өгсөн сэтгэгдлийг хянаагүй, хэвлүүлж тараасан нь  Сонгуулийн тухай хуулийн 70.5.13-ийг зөрчсөн гэж үзсэн талаар тайлбарласан. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Х.Болдбаатарын нэр төр, алдар хүндийг гутааж захирамж гаргасан. Иймд захирамжийн үндэслэх хэсгийн Б.Эрдэнэбаатарт хэсэгт  “Б.Эрдэнэбаатар нь гомдол гаргагчийн нэр хүнд болон эрхэлсэн ажилтай нь холбогдуулан доромжлоогүй,  СТХ-ийн 70-р зүйлийн 70.5.13-ийг зөрчөөгүй” гэж өөрчлөлт оруулах,

Х.Болдбаатарт холбогдох хэсэгт “Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан асуудлаар гомдол гаргаагүй болохыг дурьдаж, иймээс шүүх хэлэлцсэн гомдлын хүрээнд сонгуулийн хэвлэмэл материалд эх сурвалжийг буруу байршуулсан, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т холбогдолгүй талаарх хууль зүйн дүгнэлт хийж, Х.Болдбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-ийг зөрчөөгүй гэсэн  өөрчлөлтийг  тус тус оруулж өгнө үү гэжээ

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардчилсан намын хорооны дарга Х.Болдбаатар болон Б.Эрдэнэбаатар, Д.Лонжид нар нь Сонгуулийн тухай хуулийн  70 дугаар зүйлийн 70.1.13 дахь заалтыг зөрчсөн тухай гомдлыг тус сумын Монгол Ардын намын хорооны дарга Г.Туяа аймгийн Цагдаагийн газарт гаргаснаар зөрчлийн асуудлыг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ирүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс  зөрчлийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж захиргааны хэриуцлагад татаж болох хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Х.Болдбаатар, Д.Лонжид, Б.Эрдэнэбаатар нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зөрчилд холбогдогч нарыг  захиргааны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

          Шүүгчийн захирамжид Х.Болдбаатар, Б.Эрдэнэбаатар, Д.Лонжид нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол гаргасан байна.

         Гомдлын дагуу зөрчлийн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс зөрчилд холбогдогч нар нь  Г.Туяагийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, иймээс сонгуульд ялагдал хүлээсэн гэсэн Г.Туяагийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж  үндэслэлгүй дүгнэлт хийсэн,  хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол захиргааны зөрчлийг хянан хэлэлцэхгүй гэж хуульчилсан байхад шүүх хянан хэлэлцсэн нь хууль зөрчсөн гэсэн   өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах гомдол  үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Х.Болдбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-г зөрчсөн гэж шүүхэд гаргасан гомдолтой огт холбогдолгүй асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн гэсэн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хянан үзэхэд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцсэн байх тул захирамжид энэ талаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна. 

       Зөрчлийг хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад  шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр зөрчлийн материалыг цагдаагийн байгууллагад буцаах, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, зөрчилд холбогдогч нарыг захиргааны хариуцлагаас чөлөөлөх ажиллагаа явуулж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4 дэх заалтыг зөрчсөн байна.

             Зөрчлийг  хянан шалгах ажиллагаа явуулсан  атлаа Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт хянан шалгах ажиллагаа явуулахыг хориглосон заалт болох захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.4.4 дэх заалтыг удирдлага болгож хууль буруу хэрэглэсэн байх тул  захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн  захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын “ Х.Болдбаатар, Д.Лонжид, Б.Эрдэнэбаатар нарыг захиргааны хариуцлагаас чөлөөлсүгэй” гэснийг хүчингүй болгосугай.

2.Шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Т.БЯМБАЖАВ

           ШҮҮГЧИД                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                 Х.ГЭРЭЛМАА