Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 735

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 30-44 тоотод оршин суух Даржаагийн Юмчмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 35-12 тоотод оршин суух Балжиннямын Эрдэнэчимэгт холбогдох

170 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3-р сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Юмчмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие барьцаат зээлийн үйл ажиллагааг хоногт 0.5 хувийн хүүтэй, хугацаа алдвал 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцон Эрдэнэчимэгт 100 000 төгрөгийг 2015 оны 10-р сарын 5-ны өдөр өгсөн боловч өнөөдөр, маргааш өгнө гэсээр өдий хүрсэн тул үндсэн 100 000 төгрөгөн дээр хүү, алданги, такси, утас нийт 170 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд шүүхийн зүгээс иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Эрдэнэчимэгт нэхэмжлэлийн хувийг гардуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүхэд дуудах арга хэмжээг удаа дараа авч, улмаар тус шүүхийн 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн 654 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн болно.

4-р тойргийн Тахарын албаны Архангай аймаг дахь хэсгийн 2016 оны 4-р сарын 7-ны өдрийн 69 тоот албан бичиг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 11-ний өдөр өгсөн тодорхойлолт, тус шүүхийн бичиг хүргэгчийн тэмдэглэл зэргээр Балжиннямын Эрдэнэчимэг нь нэхэмжлэлд бичигдсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 35-12 тоот хаягт оршин суухгүй байгаа болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэлд бичигдсэн хаягт хариуцагч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхой бус байгаатай холбогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг баримтлан Д.Юмчмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдох 170 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Юмчмаа нь хариуцагч Б.Эрдэнэчимэгийн хаягийг тодруулах боломжтой бол тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Д.Юмчмаагийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэчимэгт холбогдох 170 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 750 төгрөгийг төрийн сангийн 180 000 280 976 тоот данснаас гаргуулж Д.Юмчмаад буцаан олгосугай.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ