Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/00565/И |
Дугаар | 210/МА2023/01737 |
Огноо | 2023-09-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2023/01737
2023 09 11 210/МА2023/01737
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02145 дугаар шийдвэртэй
Д.Б-ийн нэхэмжлэлтэй, “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазарт холбогдох,
хохиролд 18,626,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Маралмаа, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1210 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 600 дугаар тогтоолоор намайг нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б/634, Б/635 дугаартай хууль бус тушаал гаргаж, намайг Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцон, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, улмаар ажлаас халсан.
1.2. Миний бие нэгэнт тэтгэвэрт гарах эрх үүссэн тул тушаалын өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн хэсэгтэй маргаагүй, харин 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тооцсон тушаалын хэсэгтэй маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 627 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 837 дугаар магадлалаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазрыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Д.Б-ийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэн, намайг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцаа тасралтгүй үргэлжилсэн тул ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.
1.3. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч байгууллагаас миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлөөгүйгээс миний 1 жил 1 сар, 5 хоногийн хугацаанд өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон. Хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазар нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийсэн тул миний бие 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоход сард олгох тэтгэврийн хэмжээ 1,414,688 төгрөгөөр тогтоогдсон.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасныг үндэслэн хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 1 жил 1 сар 05 хоногийн өндөр насны тэтгэврийн мөнгө болох 18,626,725 төгрөгийг гаргуул өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Д.Б-ийн нэхэмжлэлтэй, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,899,380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах тухай “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазарт холбогдох, хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 627 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин олговорт 21,560,672 төгрөгийг “Иргэний нисэхий үндэсний төв” ААТҮГазраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,833,912 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 837 дугаар магадлалаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазраас 21,560,672 төгрөгийг гэснийг 28,875,760 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-т гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,833,912 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэтгэвэр тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Б-т шүүхийн шийдвэрт дурдсан дүнгээр мөнгийг төлж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нэхэмжлэгч Д.Б нь 1960 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1960 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 60 нас 9 сар буюу нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн. Тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгч Д.Б-т бүрэн нээлттэй байсан. Иймд “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазар нь Д.Б-ийн нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тэтгрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазраас Д.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны тэтгэвэр тэтгэмжтэй тэнцэх 17,919,381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 707,344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазраас 247,547 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГ нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, 14,496,603 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь нотлогдсон гэж дүгнэсэн атлаа ажил олгогч шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх үүргээ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны хуульд заасан өндөр насны тэтгэвэр тэтгэмжээ авах эрхийг хязгаарласан буруутай гэж дүгнээд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн хугацааны тэтгэвэр тэтгэмжтэй тэнцэх 17,919,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Б-ийн цалингийн тооцооллын задаргаа дараах байдлаар тооцоолов гэх баримтаас үзвэл хариуцагч нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоолын дагуу 2019 оны 10, 11, 12 сар, 2020 оны 1-5 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлд 1,244,328.53 төгрөгийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 2020 оны 5-12 сар, 2021 оны 1-10 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ гэж, 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б- нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэрт гарах тухай өргөдлөө өгөх нь хуульд заасны дагуу нээлттэй байхад хариуцагчаас шалтгаалсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазарт холбогдуулан хохиролд 18,626,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Д.Б нь Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргын албан тушаалд ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнийг урьд ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.
3.а. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГ-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/634 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, мөн өдрийн Б/635 дугаар тушаалаар Д.Б-ийг Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудлын даргаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцжээ. /хх-ийн 4-5/
3.б. Нэхэмжлэгч Д.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 60 нас хүрснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээс гадна ажил олгогчийн 2021 оны 10 дугаар сарын Б/634 дугаартай тушаалд Д.Б-ийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэл заан ажлаас чөлөөлснөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн байна.
3.в. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГ-ын даргын Б/635 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 627 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин олговорт Иргэний нисэхийн ерөнхий газраас 9,504,796 төгрөгийг, Иргэний нисэхийн үндэсний төвөөс 21,560,672 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 837 дугаартай магадлалаар “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-аас 12,021,620 төгрөг, “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГ-аас 28,876,760 төгрөг тус тус гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 6-14/
3.г. Хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ААТҮГазраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 37,598,172 төгрөг шилжүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгч Д.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн тайланг хүргүүлж, төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан өглөгийн тайлан, төлбөрийн даалгавар зэрэг баримтаар тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 29-30/
3.д. Үүний дараа нэхэмжлэгч Д.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон болох нь өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас гэх баримтаар тогтоогджээ. /хх-ийн 15/
3.е. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж зохицуулсан.
3.ё. Нэхэмжлэгч Д.Б-т 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байтал хариуцагч нь шүүхийн шийдвэрийг хожим биелүүлж нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хугацаанаас хойш шилжүүлснээс өндөр насны тэтгэврийг тогтоолгож чадахгүй хохирсонд буруутай гэж үзэхээр байна.
3.ж. Иймд анхан шатны шүүхээс хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хуульд заасан өндөр насны тэтгэвэр тэтгэмжээ авах эрхийг хязгаарласан буруутай гэж дүгнэн, мөн хугацааны тэтгэвэр тэтгэмжтэй тэнцэх 17,919,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, харин 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааг ажил олгогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 707,344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус тус өргөдөл гаргасан нь хуульд нийцсэн байна. /хх-ийн 58-61/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ