Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 292

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А, улсын яллагч Ч.Алтансүх, хохирогч Л.Э, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806099400055 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Deer” нэртэй пабад иргэн Л.Эийг пиво өгсөнгүй гэж маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…“…2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр салсан нөхөр ирээд хүүхдүүдийг минь авна гэсэн асуудлаас болж маргалдаад сэтгэл санаа тавгүй болсон учраас найз нартайгаа хэдэн пиво уусан. “Deer” нэртэй пабд орсноо санаж байгаа. Маргааш нь найзындаа сэрсэнээ санаж байгаа. Өөр зүйл санахгүй байна.” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед шүүгдэгч эмэгтэй манай пабд орж ирсэн. Би тухайн үед гал тогоонд байсан. Шүүгдэгч зүгээр сууж байсан хүмүүс дээр очиж маргасан байсан. Бичлэгээс үзэхэд манай хамаг шилэн аягануудыг шидэлж, зөөгч охин руу мөн шидэж байгаа нь харагддаг. Тэгээд би гал тогоооноос гарч ирээд маргааныг зохицуулах гэж хоёр залууг эхлээд гаргасан. Би тухайн үед шүүгдэгчийг өөрийн үйлдлээ хянахааргүй болтлоо согтсон байсан гэж бодоогүй. Намайг болон зөөгч охиныг маш муухайгаар хэл амаар доромжилж байсан. Би цагдаа дуудна гэтэл надад цагдаа хуулийн байгууллага үйлчлэхгүй гэсэн байдалтай байсан. Их хэмжээний мөнгө гаргаж ирээд миний нүүр рүү шидээд байсан. Би эмнэлгийн баримтаа авч баталгаажуулна гэж санасангүй. Шинэ жилийн үеэр ажлын ачаалал ихтэй байсан юм. Би орноосоо хоёр өдөр босч чадаагүй. Миний зулайг цохьсон тул хавдсан байсан. Даралт ихэссэн байснаа мэдээгүй яваад байсан. Бариач дээр очиж толгойгоо бариулсан. Би 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөнд өөрийн оронд ажиллуулсан нэг хүний цалин багтсан байгаа. Би пабд захирал хийдэг ч өөрөө бараагаа татаж, хүнсээ цуглуулах ажил хийдэг байсан. Тухайн үед өөрөө бие өвдөөд хийж чадаагүй учир хүн авч ажиллуулсан.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Л.Эийнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-7, 10-11/, Б.Б гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх12-13/, гэрч Т.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаар дүгнэлт /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32/, хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх37/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Deer” нэртэй пабд иргэн Л.Эийг пиво өгсөнгүй гэж маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Б.Быг согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Deer” нэртэй пабад иргэн Л.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Эийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Deer” нэртэй пабд ажлаа хийж байхад 35 орчим насны Баасанжаргал гэх эмэгтэй орж ирээд пиво захиалж уусан. Тэгтэл тэр эмэгтэй зөөгч Отгонжаргал бид хоёр руу пиво нэхэхээр нь манайх хаасан байна. Такси дуудаад өгье гэж хэлэхэд уурлаж агсараад байсан. Гар гэхэд гарахгүй текний араар ороод байхаар нь би Баасанжаргалын толгойных нь ар хэсгээс түлхэж гаргасан. Хаалганы орчим очиход Баасанжаргал намайг үсдэж газар унагаагаад толгой, нүүр, бие рүү 10 гаруй удаа өшиглөөд үснээс татаж чирч, савж унагаад дахин өшиглөж зодсон. Тэгээд тэнд байсан танихгүй 3 эрэгтэй хүн болон зөөгч Отгонцэцэг нар салгасан.." гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Т.Отгонцэцэгийн өгсөн: "...Текний араас гаргатал Баасанжаргал гэх эмэгтэй Эрдэнэцэцэг эгчийг үсдэж газар унагаагаад толгой, нүүр, бие рүү нь 10 гаруй удаа өшиглөж, үснээс нь татаж унагааж зодсон." гэх мэдүүлэг /хх-н 14/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаар,

          1. Л.Эийн биед хамар, дээд зовхи, дух, баруун мөр, тохой, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 17/, 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.