Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00357/и |
Дугаар | 414 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Чил гэх газар оршин суух Бат-Өлзийгийн Тунгалагтамир /РД:АО94041501/-ын нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цагаан хөтлийн аманд оршин суух Алгаагийн Сүхбаатар /РД:АО91081810/-т холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдэд улсаас олгосон 20 000 төгрөгийн дэвтрийг гаргуулан авах, хүү С.Наранбаярт орон гэр бэлдэж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.Тунгалагтамир,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр,
хариуцагч А.Сүхбаатар,
хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалагтамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатартай 2014 оны 9-р сард дотносон танилцаж байгаад улмаар хуримаа хийж нэг гэрт орж амьдраад бидний дундаас хүү Наранбаяр 2015 оны 12-р сарын 27-ны өдөр төрсөн. Хүүгээ төрснөөс хойш Сүхбаатарын зан хувирч намайг элдвээр доромжилж гутаах, байнга зодох ... мөнгө төгрөгийн ямар ч мэдэлгүй байлгадаг зэрэг байдлаас болж хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 4-р сараас эхлэн тусдаа амьдарч байгаа ба бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Хүүг маань авчихаад намайг хөөгөөд хүүхэдтэй минь уулзуулахгүй зовоож байна.
Иймээс би хүү Наранбаярыг өөрийн асрамждаа авч, хүүдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулах, хүүхдэд улсаас олгосон 20 000 төгрөгийн дэвтрийг авах, хүү Наранбаярт орон гэр бэлдэж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хамтран амьдрах хугацаанд А.Сүхбаатарын зан ааш хувирч, байнга зодож дарамталдаг байсан. Би А.Сүхбаатартай цаашид хамтран амьдрах хүсэлгүй учраас эвлэрэх саналгүй.
Хүү Наранбаярыг 18 нас хүрэх үед нь эцгээр нь орон байр бэлтгүүлэх, энэ талаар шийдвэрт даалгуулахаар тусгуулах хүсэлтэй байгаа. Орон байр нь тухайн үедээ монгол гэр, орон сууц, байшин ямар ч хэлбэрээр байж болно байх гэв.
Хариуцагч А.Сүхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Тунгалагтамиртай 2014 оны намар танилцаж улмаар гэр бүл болсон. Бидний дундаас хүү Наранбаяр 2015 оны 12-р сарын 27-ны өдөр төрсөн. Хүүгээ төрснөөс хойш би Б.Тунгалагтамирыг хөөж тууж байгаагүй. Миний хүү Наранбаяр ээж Алагаагийн гар дээр эрүүл өсөж бойжиж байна. Б.Тунгалагтамир хүүг 2 сар гаруйтай, хүчилтөрөгчтэй бие нь муу байхад нь орхиод явсан. Б.Тунгалагтамир нь хүүхдээ асардаггүй, түүнийг одоо хүүхдээ авна гэхэд би лав айж байна. Түүнд өгч чадахгүй. Ер нь бол хүү маань ээжийн буянаар амьд яваа. Б.Тунгалагтамир бол асарч чадахгүй. Өөрөө хүүхдээ яаж байна гэж ганц ч удаа асууж байгаагүй. Уулзах гээд ирдэггүй байсан. Хүүхдээ бодоод эвлэрэх бодолтой байна
Б.Тунгалагтамир хүүдээ огт санаа зовдоггүй хөхөө хөхүүлдэггүй, арчилгаа болон халамж тавьж чаддаггүй. Миний хүүгийн биеийн эрүүл мэндийн байдал муу Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа учраас хүүгээ авч явж эмчлүүлмээр байна.
Хүүхдэд улсаас олгосон 20 000 төгрөгийн дэвтрийг Б.Тунгалагтамирт өгье.
Хүү С.Наранбаярыг 18 нас хүрэхэд нь би тухайн үедээ амьдрах орон байрыг нь бэлдэж өгөх болно. Орон байр нь монгол гэр, орон сууц, байшин ямар хэлбэрээр байхыг тухайн үедээ шийдвэрлэх болно гэв.
Хэрэгт авагдсан, шинжлэн судласан нотлох баримтууд:
- Боржигон овогт Бат-Өлзийгийн Тунгалагтамир /РД:АО94041501/-ын иргэний үнэмлэхийн хуулбар,
- 2016 оны 5-р сарын 27-ны өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 151/002981 дугаартай С.Наранбаярын “Төрсний бүртгэлийн лавлагаа” эх хувиар /ХХ-н 4-р тал/,
- Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 5-р тал/,
- Эмчийн тодорхойлолт /ХХ-н 6-р тал/,
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалагтамир нь А.Сүхбаатарт холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдэд улсаас олгосон 20 000 төгрөгийн дэвтрийг гаргуулан авах, хүү С.Наранбаярт орон гэр бэлдэж өгөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн зүгээс хүүхдээ өөрийн асрамжид авна, мөн нэхэмжлэлд дурдагдсан хүүхдэд улсаас олгосон 20 000 төгрөгийн дэвтрийг нэхэмжлэгчид өгнө, хүү С.Наранбаярыг 18 нас хүрэхэд нь орон байраар хангах болохоо илэрхийлсэн болно.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
I
С.Наранбаяр нь А.Сүхбаатарын хүүхэд мөн эсэх дээр болон гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2015 оны 12-р сарын 27-ны өдөр төрсөн хүү Наранбаярын эцэг нь Алагаагийн Сүхбаатар /РД:АО91081810/, эх нь Бат-Өлзийгийн Тунгалагтамир /РД:АО94041501/ болохыг Архангай аймгийн Цэнхэр сумын төрөлтийн бүртгэлд 2016 оны 2-р сарын 3-ны өдөр 6546000015 дугаартайгаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны аргаар бүртгэсэн байна.
Б.Тунгалагтамир, А.Сүхбаатар нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.
Гэхдээ шүүхийн зүгээс 7 сартай хүү С.Наранбаярын өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, насыг харгалзан эх Б.Тунгалагтамирын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Тунгалагтамир нь хүүхдээ асран хүмүүжүүлэх боломжгүй талаар хариуцагч талаас маргасан боловч хуульд заасан нотлох баримтыг гаргах замаар мэтгэлцээний байр сууриа нотлоогүй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.
II
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг тул эхийн асрамжид үлдэж байгаатай нь холбогдуулан С.Наранбаярыг эцэг А.Сүхбаатараар тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүү С.Наранбаярыг эцэг А.Сүхбаатараар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү С.Наранбаярыг сар бүр эцэг А.Сүхбаатараар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
III
Нэхэмжлэгч нь хариуцагчаас “хүүхдэд улсаас олгосон 20 000 төгрөгийн дэвтэр” гэсэн баримт бичгийг гаргуулахыг хүссэн бөгөөд энэ тал дээр маргахгүй, нэхэмжлэгчид дэвтрийг өгнө гэдгээ хариуцагч илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангав.
IV
Хүү С.Наранбаярт орон гэр бэлдэж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдийг 18 насанд хүрэх үед нь хэрэгжих хүсэл зоригийн илэрхийлэлтэй болохыг нэхэмжлэгч тайлбарласан.
Мөн хариуцагч А.Сүхбаатар нь хүү С.Наранбаярыг 18 нас хүрсний дараа орон байр бэлдэж өгөхөөр, мөн орон байр гэдэгт орон сууц болоод монгол гэрийг бус ерөнхий утгаар нь амьдрах байраар хангахыг зөвшөөрсөн болохыг дурдвал зохино. Холбогдуулан авч үзвэл энэ шийдвэрийн дагуу хариуцагч нь хүү С.Наранбаярыг 18 хүрэхэд нь амьдрах байраар хангах үүргийг хүлээж байгаа бөгөөд харин ямар төрлийн орон байр, сууцаар хангах асуудал нээлттэй үлдэж байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98 827 төгрөг гаргуулж, 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгов.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, харилцан тохиролцсон байдал, нэхэмжлэлд дурдагдсан нэршил, хүүхдийн эрх ашиг зэргийг харгалзсан, мөн хууль хэрэглээний хувьд зарим харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан зарчмыг удирдлага болгон шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 12-р сарын 27-ны өдөр төрсөн хүү Сүхбаатарын Наранбаярыг эх Бат-Өлзийгийн Тунгалагтамирын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3, 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хүү С.Наранбаярыг 18 нас хүрэхэд нь амьдрах орон байраар хангахыг эцэг А.Сүхбаатарт даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.Наранбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Сүхбаатараар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Тунгалагтамирт даалгасугай.
4. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “хүүхдэд улсаас олгодог 20 000 төгрөг”-ийн дэвтрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчид хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар эх Б.Тунгалагтамирийн хүүхдээ асран хүмүүжүүлж байгаа байдалд хяналт тавихыг Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас А.Сүхбаатараас 98 827 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг Б.Тунгалагтамирт, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага болон Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ