| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0311/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 316
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Т.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 02408 0281 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.М нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн 13 дугаар гудамжны 172 тоотод оршин суух 7 настай иргэн З.Бийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчоор З.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13/, гэрч Б.Зууннастаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3680 дугаартай дүгнэлт /хх-н 23/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 28/, Т.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 39-41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас Т.М нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн 13 дугаар гудамжны 172 тоотод оршин суух 7 настай иргэн З.Бийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Мийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 7 настай иргэн З.Бийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч З.Бийн өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орой харанхуй болсон байхад манай Гачууртад байдаг гэрт Лхагваа ах, ээж Зууннаст, эгч Баттулга, дүү Бат-Өлзий, Маралжингоо нарын хамт байж байхад гаднаас Дэлгэрээ ах согтуу орж ирээд аав Өлзийсайханыг асуусан. Ээж аавыг байхгүй гэсэн чинь согтуу унтаж байсан Лхагваа ахыг сэрээх гэсэн чинь ээж боль гэж хэлсэн. Тэгтэл Дэлгэрээ ах ээжийг загнаад байхаар нь би өмөөрөөд Дэлгэрээ ах руу очсон чинь намайг түлхсэн. Түлхэхэд нь би модон орны ирмэг мөргөөд толгойгоо хагалсан." гэх мэдүүлэг /хх-н 13/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Зууннастын өгсөн: ". . Дэлгэрээг орж ирэхэд Лхагваа ах согтуу тасраад унтаж байсан юм. Дэлгэрээ нь манай нөхөр Өлзийсайханыг асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь Лхагваа ахыг сэрээх гээд байсан. Тэгэхээр нь би хүн унтуулаач, хүүхэд унтаж байна шдээ гэж хэлсэн чинь Дэлгэрээ “дуугүй бай, чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд 7 настай хүү Баатархуяг Дэлгэрээ рүү “Миний ээжийг юу гээд байгаа юм” гэсэн чинь Дэлгэрээ хүү Баатархуягийг түлхсэн. Баатархуяг түлхэгдэж унахдаа модон орны ирмэг мөргөсөн чинь толгойноос нь цус гарсан. Би хүүхдийн толгой хагалчихлаа шдээ гэж хэлэхэд Дэлгэрээ гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Дэлгэрээ 40 гаруй насны хүн. Дэлгэрээгийн ээж Ламжавын гэр нь манай гэрийн ойролцоо байдаг. Хүү Баатархуягийн толгой нь их өвдөж байна, эмчилгээ хийлгэмээр байна. Эмчилгээ хийлгэх 500.000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөнгө байхгүй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна." гэх мэдүүлэг. /хх-ийн 15-17/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн № 3680 дугаартай шинжээчийн:
1. З.Бийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 23/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Мийн өгсөн: "...тухайн хэрэг гардаг өдөр Зууннастын гэрт нөхөр Өлзий бид гурав нэг шил 0.75 литрийн хараа архи хувааж уусан. Тэгээд архи дуусахад Зууннаст намайг одоо манай гэрээс гар гээд хөөгөөд байхаар нь би одоо гарлаа гээд бид хоёр маргалдсан. Тэр үед 7 настай хүү З.Б ирээд миний хөл рүү ээжийгээ өмөөрч өшиглөсөн. Тэгэхээр нь би З.Бийг цааш нь түлхсэн чинь төмөр орны толгой мөргөөд толгой нь хагарсан. Надад шүүх эмнэлгийн дүгнэлтэнд ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирогчийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан нь үнэн миний буруу." гэх мэдүүлэг /хх-н 40-41/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.