Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 415

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Хануйн 1-5 тоотод оршин суух Батсүрэнгийн Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 30 дугаар байрны 1-30 тоотод оршин суух Жанчивдоржийн Өлзийжаргалд холбогдох 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Өлзийжаргал нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр Оюунцэцэг надаас 1 000 000 төгрөг хоногийн хугацаатай тохиролцсон тул ямар ч хүү тооцохгүйгээр “Хэрэг болоод байна. Та надад туслаач” гэж гуйхаар итгэн хүлээлгэн өгсөн билээ. Гэвч зээлсэн мөнгөө өгөхгүй худлаа яриад хуурч мэхэлж байна. Би өөрөө хүнсний дэлгүүртэй, хувиараа бизнес хийдэг хүн 1 000 000 төгрөгөөр бараа татсан бол 1 жилийн хугацаанд дор хаяж 1 500 000 төгрөг болгох байсан гэж үзэж, эхний зээлж авсан үндсэн мөнгө 1 000 000 төгрөг, дээр нь жилийн турш намайг хохироосон хохиролд 500 000 төгрөг, бүгд 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: 2015 оны 5-р сарын 1-ний өдөр манай дүү Б.Оюунцэцэг нутгийн хүн гэх Ж.Өлзийсайханд 1 000 000 төгрөгийг өөрийнхөө утсаар мобайл банкаар шилжүүлэн өгсөн. 1 000 000 төгрөгийг өгөхдөө хүү тооцоогүй, нэг жилийн хугацаатайгаар өгсөн байдаг.

Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад, 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Ж.Өлзийжаргалын ээж нь Б.Оюунцэцэгт охиныхоо мөнгөний асуудалд холбогдуулан 50 000 төгрөг өгсөн байсан гэв. 

Хариуцагч Ж.Өлзийжаргал

2016 оны 7-р сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Жанчивдорж овогтой Өлзийжаргал миний бие нь иргэн Б.Оюунцэцэгээс 1 000 000 төгрөг өөрийн биеэр авсан удаа байхгүй. Би энэ 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх хүсэлгүй байна гэжээ.

2016 оны 8-р сарын 2-ны өдөр гаргасан тайлбартаа: Миний төрсөн эх Дуламсүрэн нь Оюунцэцэгт бэлнээр 50 000 төгрөг өгсөн байдаг. 1 000 000 төгрөг гээд байгаа мөнгөнөөс 50 000 төгрөгийг хасч 950 000 төгрөг Ж.Өлзийжаргал надаас гаргуулж Оюунцэцэгт өгөхөөр, энэ шүүх хуралд миний бие оролцох боломжгүй байгаа тул Ж.Өлзийжаргал намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр надад хохиролгүй үнэн зөв 950 000 төгрөг гаргуулахаар шийдэж өгнө үү гэжээ. 

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтууд:

          - Б.Оюунцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-н 4-р тал/,

          - “Хаан банк” ХХК-ий Архангай салбарын 2016 оны 8-р сарын 2-ны өдрийн 0249 тоот албан бичиг /ХХ-н 29-р тал/,

          - Ж.Өлзийжаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-н 30-р тал/,

         

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь хариуцагч Ж.Өлзийжаргалаас 1 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 500 000 төгрөгөөр багасгаж 1 000 000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулсан болно.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 950 000 төгрөгийг төлнө, 50 000  төгрөгийг төлөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно. 

            Б.Оюунцэцэг, Ж.Өлзийжаргал нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг амаар байгуулсан байх бөгөөд энэ гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Нэхэмжлэгч нь хууль болон гэрээгээр хүлээн үүргээ гүйцэтгэж, хариуцагчид 1 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь талуудын мэтгэлцээний байр сууриар тогтоогдож байна гэж үзлээ.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчид 50 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 950 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Б.Оюунцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангаагүй тул шүүхийн зүгээс үнэлээгүй болно.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

          1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар Ж.Өлзийжаргалаас 950 000 төгрөг гаргуулан Б.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Өлзийжаргалаас 27 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунцэцэгт олгосугай.

 

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                       

 

 

                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Т.БАДРАХ