Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01778

 

 

 

 

 

 

 

    2023        09         18                                           210/МА2023/01778

 

 

П.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/01631 дугаар шийдвэртэй

П.С-гийн нэхэмжлэлтэй, Х.Г, М.Мнарт холбогдох,

2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоотод байрлалтай 18642312834759 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-22030029** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагч Х.Г, хариуцагч М.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Х.Гын өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Х.Г-той байгуулсан. Тус гэрээгээр Х.Г нь 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлүүлж, П.С нь гэрээний нийт хугацааны төгсгөлд зээлийн төлбөрийг үндсэн хүүгийн хамт төлж барагдуулах үүргийг харилцан хүлээсэн. 

1.2. Х.Г нь үүргийн гүйцэтгэл хангах арга болгож тодорхой эд хөрөнгийг барьцаа болгож өгөхийг шаардсан тул би өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9-р гудамжны 103 тоотод байрлалтай 18642312834759 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-22030029** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрыг барьцаалахаар болсон. Улмаар зээлийн гэрээ байгуулагдсан өдөр газар захиран зарцуулах итгэмжлэлийг хийлгэж, нотариатчаар батлуулсан. Гэтэл миний бие итгэмжлэлд гарын үсэг зурахдаа өмчлөх эрх бүхий газраа худалдан борлуулах эрхийг Х.Г-од олгож байна гэж бодоогүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах арга болгож, газраа барьцаалуулж байна гэж ойлгосон тул итгэмжлэлд гарын үсэг зурсан. 

1.3. Би үндсэн зээлийн 5,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг төлж, 1,500,000 төгрөгийг төлж чадаагүй тул Х.Г нь өмнөх итгэмжлэлийн хугацаа дууссан учир шинээр итгэмжлэл хийж өгөхийг хүссэн. Энэ үед би мөн л газраа барьцаалуулсан хэлцлээ сунгаж байна гэсэн ойлголттойгоор ижил агуулга бүхий итгэмжлэлд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан. Дээрх итгэмжлэл хийгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа буюу мөн оны 3 дугаар сарын 04-ний өдөр Х.Г нь миний зөвшөөрөлгүйгээр М.М-тэй газар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, газрын өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Би анхнаасаа газраа барьцаалуулах хүсэл зоригтой байсан, харин худалдан борлуулах, итгэмжлэлийн үндсэн дээр өөр хүний өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй. Маргаан бүхий газар нь М.М-ийн нэр дээр бүртгэгдсэн боловч бодит байдал дээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу Х.Г болон М.М нарын хамтран өмчлөх дундын өмч болжээ.

1.4. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэж заасан байхад Х.Г нь миний хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг ашиглаж, миний зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж өөрийн эхнэр М.М-тэйгээ газар худалдах, худалдан авах гэрээг нууцаар байгуулсан.

Иймд П.С болон Х.Г нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн Х.Г болон М.М нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 болон 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, газрын өмчлөх эрхийг миний нэр дээр буцаан шилжүүлэхийг Х.Г, М.М нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.Г-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. П.С нь зээлийн гэрээгээр тохиролцсон сар бүр төлөх 300,000 төгрөгийн хүүгээ 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлсөн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг төлөөд түүнээс хойш төлөлт хийгээгүй. Улмаар П.С нь 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр хүсэлт гаргасны дагуу зээлийн хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 9 сараар сунгасан боловч мөн төлөлт хийгээгүй. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр П.С-тэй уулзахад тэрээр өөрийн гараар “миний бие 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Х.Г-той байгуулсан зээлийн хугацаа нь дуусаад одоог хүртэл зээлийн мөнгө болон хүүг төлөхгүй явж байгаа болно. Цаашид 10 хоног хугацааг сунгаж энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавигдсан газрыг шилжүүлэх болно гэж гарын үсгээ зураад 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэсэн бичгийг надад хийж өгсөн.

2.2. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжпэлийг өөрийн хүсэл зоригийн дагуу итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг сайтар ойлгож, уншиж танилцсаны үндсэн дээр олгосон итгэмжлэл байсан бөгөөд итгэмжлэл олгохдоо ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хэлцэл биш. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэлийг 3 сарын хугацаатайгаар надад олгосон байсан. Энэхүү итгэмжлэлийн хүчинтэй хугацааны дотор буюу 2012 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Х.Г миний бие М.М-тэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг газрыг худалдсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.М-ийн нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

2.3. 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр анх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж намайг шалгуулсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай прокурорын хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг авснаас хойш олон жилийн дараа тухайн газар дээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууц барих болсноос хойш намайг эрэн сурвалжлуулж, ноцтой төөрөгдсөн болж жүжиглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь миний зөвшөөрөлгүйгээр Х.Г нь М.М-тэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Би газраа барьцаалуулах хүсэл зоригтой байснаас биш худалдан борлуулах, итгэмжлэлийн үндсэн дээр хэн нэгний өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэл зоригтой байгаагүй гэжээ. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл бол үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах гэсэн тодотгосон оноосон агуулгатай, итгэмжлэгч П.С нь тухайн газрыг худалдах бүрэн эрхийг Х.Г надад 3 сарын хугацаагаар итгэмжлэн олгосон. М.Мбид хоёр 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тухайн газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж байх үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Тухайн газар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болсон уу гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болсон уу гэдэг нь хэрэгт ач холбогдолтой биш. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө хийсэн хэлцэл ч биш, гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хийсэн хэлцэл ч биш юм. Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус итгэмжпэлийн үндсэн дээр хийсэн, 56.1,8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл биш.

2.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.М-ийн нэр дээр өмчлөх эрх бүртгэгдэж, түүний өмчлөлийн газар болсон дээрх газрыг буцаан шилжүүлэх эрх надад байхгүй. М.М нь П.С-гээс надад олгосон 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг шалгаж, газар худалдах, худалдан авах гэрээ болон итгэмжпэлийг нотариатч нягталж, шалгасны үндсэн дээр гэрээний үнэн зөвийг баталж гэрчилсэн. Дээрх итгэмжлэл болон газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай бүрэн нийцэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 109.1-д заасны дагуу бүртгүүлэх хүсэлт, холбогдох мэдүүлгийг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага хуулийн дагуу дахин нягталж хууль зөрчөөгүй тул бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд М.Мнь газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан шударга өмчлөгч юм. Харин П.С нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу түүний өмчлөх эрх нь дуусгавар болсон. Түүнчлэн, П.С-гийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд П.С-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.М-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. П.С-гээс Х.Г-од бичгээр олгосон 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан итгэмжлэл байсан тул хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн бол шууд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж заасан. Ноцтой төөрөгдөнө гэдэг бол П.С нь Х.Год итгэмжлэл олгохдоо газраа худалдах бүрэн эрхийг олгосноо газраа барьцаалуулсан хэлцлээ л сунгаж байна гэж ойлгосон гэж хүсэл зоригоо тайлбарлаж байгаа нь Х.Г, нотариатч, шүүхийг хууран мэхэлж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүйн улмаас газраа худалдахыг зөвшөөрч итгэмжлэл олгочихоод дараа нь би ноцтой төөрөлдсөний улмаас хэлцэл хийсэн байжээ гэж П.С нь дээрх итгэмжлэлийг олгохоос өмнө Х.Г-той зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн газраа барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан тул барьцааны гэрээг эрхийн зөрчилгүй гэж үзнэ. Итгэмжлэл надад шууд хамааралгүй юм шиг боловч шууд бусаар тэрхүү итгэмжлэлээр олгосон газар худалдах бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн Х.Г-той 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний бие дээрх газрыг худалдаж авсан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагаас газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, надад гэрчилгээ олгосон.

3.2. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл бол үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах гэсэн тодотгосон оноосон агуулгатай, итгэмжлэгч П.С нь өөрийн өмчлөлийн газрыг худалдах бүрэн эрхийг Х.Г-од 3 сарын хугацаагаар итгэмжлэн олгож, үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн. Миний хувьд газар худалдах, худалдан авах гэрээ хийхдээ нэгэнт итгэмжпэл авсан хүн болох Х.Г нь өөрөө, түүнчлэн нотариатчаар гэрчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах, газар худалдах эрх олгогдсон итгэмжлэл нь бичгээр байхад заавал П.С-гээс зөвшөөрөл авах хууль зүйн үүрэг байхгүй. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх үндэслэлгүй. Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж байх үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас газар худалдах, худалдан авах гэрээ нь ямар хууль тогтоомжийн ямар заалт зөрчсөн нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болгох гээд байгаа нь үндэслэлгүй, 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчөөгүй тул мөн хуулийн 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл биш юм.

3.3. Уг газар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр  М.Мминий нээр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн тул би өөрийн өмчлөлийн газраа П.С-д буцааж шилжүүлж өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. М.Мминий бие газар худалдах худалдан авах гэрээ хийхдээ 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг үзэж шалгаснаас гадна мөн газар худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн наториатч уг итгэмжлэлийг нягталж, шалгасны үндсэн дээр гэрээний үнэн зөвийг баталж гэрчилсэн. Дээрх итгэмжлэл, газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай бүрэн нийцэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 109.1-д заасны дагуу бүртгүүлэх хүсэлт, холбогдох мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэгч хуулийн дагуу дахин нягталж, хянан үзэж, хууль зөрчөөгүй тул бүртгэж надад газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд би газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч гэж өөрийгөө үзэж байна. Харин П.С-гийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу түүний өмчлөх эрх нь дуусгавар болсон тул буцааж шилжүүлэхийг шаардах эрхгүй. П.С нь 2013 онд болсон үйл явдлаас улбаатайгаар 2022 онд тэр тусмаа надад холбогдуулан намайг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, миний хувьд жинхэнэ хариуцагч болох эсэх нь ч эргэлзээтэй, түүнчлэн 9 жилийн дараа ингэж шаардлага гаргах эрх байгаа эсэх, Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоотод байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М.М-т даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 378,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.С-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Зээлийн хугацаа сунгах гэрээний хугацаа дуусаж П.С- нь зээлээ төлөхгүй байсан тул 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй уулзахад тэрээр өөрийн гараар “П.С миний бие 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Х.Г-той байгуулсан зээлийн хугацаа нь дуусаад одоог хүртэл зээлийн мөнгө болон хүүг төлөөгүй. Цаашид 10 хоног хугацааг сунгаж энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавигдсан газрыг шилжүүлэх болно” гэж гарын үсгээ зураад 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэсэн бичгийг надад хийж өгсөн бөгөөд тухайн өдөр нотариатч дээр очиж үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн дагуу итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг сайтар ойлгож, уншиж танилцсаны үндсэн дээр Х.Г надад итгэмжлэл олгосон. Итгэмжлэл олгохдоо П.С нь ноцтой төөрөгдсөн, түүний үндсэн дээр итгэмжлэл олгосон гэдэг нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь буруу. Мөн “...зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилготой барьцааны гэрээ байгуулах хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн итгэмжлэлээр газрын өмчлөх эрхийг худалдах бүрэн эрхийг шилжүүлж авсан П.С болон Х.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна гэж хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн. Зээлийн гэрээ, зээлийн хугацаа сунгах гэрээ, барьцааны гэрээний хугацаа дуусаж П.С нь зээлийн гэрээний үүргээ өөрийн өмчлөлийн газраар солихыг зөвшөөрч нотариатаар гэрчлүүлж итгэмжлэл олгосон атал анхан шатны шүүхээс “...Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, сольсон агуулга байхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ хязгаар, хүрээнээс давсан дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, харин эсрэгээрээ хэрэглэх ёстой Иргэний хуулийн 236.1.3 дахь заалт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, мөн хуулийн 236.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байгаа болно.

5.2. Анхан шатны шүүх 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн бид гэрлэлтээ батлуулаагүй байхад өөрийн эхнэр М.М-тэй 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, газрын өмчлөх эрхийг түүний өмчлөлд шилжүүлэх, харин М.М нь 30,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарч байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “...үүрэг хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр Х.Г, М.М нарын хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байх тул хариуцагч М.М-ээс газрын өмчлөх эрхийн гэрчилгээг П.С-д буцаан шилжүүлж өгөхийг М.М-т даалгасан нь дээр дурьдсан үндэслэлүүдээр няцаагдаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.3. Шүүх хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг ч буруу тодорхойлж, тоолсон. Учир нь 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний харилцаанаас эхлэлтэй бөгөөд итгэмжлэл олгосон харилцаа нь үл хөдлөх хөрөнгө болох газрыг худалдах, захиран зарцуулах эрхтэй холбоотой харилцаа. Шүүхээс Иргэний хуулийн 75.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсний хуульд өөрөөр заагаагүй бол гэснийг буруугаар тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбооотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 75.2.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэснийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл  тогтоогдож байна.

5.4. П.С нь 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гараар бичиж олгосон гар бичмэл баримтад зурсан гарын үсгээ өөрөө зураагүй дуурайлгаж зурсан байна гэж шүүхэд хүсэлт гарган шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлтээр П.С-гийн гарын үсэг мөн болох нь тогтоосон. Нэхэмжлэгчийн 2013 оны 02 дугаар сарын 19, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гар бичмэлүүдийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг өөр байдлаар тайлбарлаж байхад шүүхийг уг асуудлыг өөрөөр тайлбарласан гэж үзэх нь үндэслэлгүй. Хариуцагч нь гэрээний агуулгыг фидуцийн гэрээтэй андуурсан гэж үзэхээр байна. Хариуцагч Х.Г нь мэргэжлийн зээлийн үйл ажиллагаа явуулж, барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл олгож байгаа гэдгээ ойлгохгүйгээр фидуцийн гэрээтэй адилтгаж ойлгосон. Уг фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авч болно гэж ойлгосон. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны гэрээ байгуулагдаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн шаардлагуудыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу албан ёсоор шүүхэд хандаж, шүүхийн журмаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргуулан дуудлага худалдаа зохион байгуулж, худалдан борлуулсан. Уг дуудлага худалдаанаас олсон ашгаас зээлийн үндсэн төлбөрөө гаргуулан авч, зөрүү төлбөрийг нь зээлдэгч П.С-д олгох ёстой. Гэтэл бодит нөхцөл байдалд үүргийн гүйцэтгэл хангасан тохиолдолд 5,000,000 төгрөгийн зөрүү төлбөрийг нэхэмжлэгчид өгсөн зүйл байхгүй.

6.2. Үүргийн гүйцэтгэлийг хангаж авсан газар нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай байдаг. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаж авсан газрын ханшийн зөрүү, үүргийн гүйцэтгэлийг тооцсон арга нь байж болохгүй асуудал байдаг. Хариуцагч нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч П.С-гийн гар бичмэлийг үндэслэж, газрын өмчлөлийг шилжүүлэн авахад асуудал байхгүй гэж тайлбарласан. Иргэний хуулийн 165-181 дүгээр зүйл, 231 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан тохиолдолд зөрүү төлбөрийг олгох талаар заасан. Хуульд тусгайлан заасан хэм хэмжээг гэрээний талууд өөрчлөн тохиролцох боломжгүй. Талуудын хооронд үүссэн маргааны харилцаанд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3 дахь хэсэгт заасантай холбоотой харилцаа үүсээгүй. Мөн талуудын маргааны зүйл нь үндсэн зээлийн гэрээ биш бөгөөд зээлийн гэрээг дагаж байгуулагдсан гэрээ байна. Уг асуудлыг гэрээний талууд өөрсдийн хүслээр солин найруулах боломжгүй. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл нь өөрөө гэрээ биш байдаг.

6.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан хэм хэмжээнд гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан. Тухайн итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байгаа учраас газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болох ёстой. Мөн хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар тусгайлсан хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Х.Г, М.М нарт холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус  хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоотод байрлалтай 18642312834759 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-22030029** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч П.С- болон хариуцагч Х.Г нар 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлээ эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна.  /хх 150/

 

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр П.С-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-22030029** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18642312834759 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 448 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 151, 177/

 

3.б.  Талууд 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний хугацааг  9 сараар сунгасан бөгөөд П.С нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “...зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлээ төлөөгүй, 10 хоногийн дотор зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа авсан газрыг шилжүүлэх болно” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 50-51, 92-101/

 

3.в. Үүний дараа П.С-гээс Х.Г-од 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн Г-22030029** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18642312834759 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 448 м.кв талбай бүхий газрыг барьцаанд тавих, зээл авах, хөлслөх, барьцааг бүртгүүлэх, буцаан авах, үүрэг дуусгавар болгох зэрэг бүрэн эрх олгосон итгэмжлэлийг 3 сарын хугацаатай олгожээ. /хх-ийн 9/

 

3.г. Мөн П.С-гээс Х.А-д 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн Г-22030029** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18642312834759 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 448 м.кв талбай бүхий газрыг захиран зарцуулах, барьцаанд тавих, хөлслөх, түрээслэх, худалдах, үүрэг дуусгавар болгох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБА-нд бүртгүүлэх, гэрчилгээг буцаан авах үйлдэл хийх бүрэн эрхийг 1 сарын хугацаатай олгожээ. /х.х-ийн 154 хуудас/

 

3.д. 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Х.Г Х.А нар 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг үндэслэн дуусгавар болсонд тооцож, маргаж буй газрыг барьцаанаас чөлөөлсөн агуулга бүхий үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хийсэн. /хх-ийн 153/

 

3.е. Мөн хариуцагч Х.Г нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн М.М-тэй 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь улсын бүртгэлийн Г-22030029** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18642312834759 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 448 м.кв талбай бүхий газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч газрын үнэд 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, тухайн газрын хууль ёсны өмчлөгчөөр М.М2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь худалдах, худалдах авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тус тус нотлогдож байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 11/

 

4. Анхан шатны шүүх П.С-, Х.Г нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн” хэлцэл гэж дүгнэсэн нь оновчгүй байгааг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

4.а. Учир нь зээлийн гэрээний талууд болох зээлдэгч П.С- нь зээлдүүлэгч Х.Год үүрэг дуусгавар болгох эрхийг итгэмжлэлээр олгосон нь агуулгын хувьд алдаатай байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч нь нэгэн зэрэг үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч нарын гаргасан “...нэхэмжлэгч хэлцлийг өөрөө уншиж, үр дагаврыг нь ойлгож хийсэн тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй, мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Уг итгэмжлэлийг үндэслэн Х.Г болон М.Мнарын хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.б. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч хэлцлээр шилжүүлсэн газрыг хариуцагч нараас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв хэрэглэн, улсын бүртгэлийн Г-22030029** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18642312834759 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 448 м.кв талбай бүхий газрыг П.С-гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

4.в. Нэхэмжлэгчийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж байгаа нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.

 

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв.   Учир нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахтай холбоотой шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа үйлчилнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/01631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын бүртгэлийн Г-22030029** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18642312834759 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 448 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч П.С-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 378,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД 

 

                                          ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА                      

 

                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ