Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00442/и |
Дугаар | 417 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ихтамир сумын 1-р багт оршин суух Дандарпэрлээгийн Наранцэцэг /РД:АЮ68010660/-ийн
1986 оноос 1989 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн харьяа Булган гуанзанд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Д.Наранцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн харьяа Булган гуанзанд тогоочоор 1986 оны 4-р сарын 7-ны өдрөөс 1989 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд тогоочоор 1986 оны 4-р сарын 7-ны өдрөөс 1989 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- 1986 оны 4-р сарын 7-ны өдрийн Архангай аймгийн Цэцэрлэг хотын худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын “Тогооч нарын бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай” тушаалын хуулбар,
- 1988 оны 8-р сарын 2-ны өдрийн Архангай аймгийн Цэцэрлэг хотын худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын “Арга хэмжээ авах тухай” тушаалын хуулбар,
- 1990 оны 1-р сарын 20-ны өдрийн Архангай аймгийн Цэцэрлэг хотын худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
2. Д.Наранцэцэгийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Л.Жаргалын өгсөн ... Би 1985 онд Завхан аймгийн Худалдааны техникумийг тогооч мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн харьяа Булган гуанзанд 1989 оныг хүртэл, 1989 оноос 1990 оныг хүртэл Төв гуанзанд тогоочоор тус тус тасралтгүй ажилласан. Д.Наранцэцэг нь 1986 онд Завхан аймгийн Худалдааны техникумийг төгсөөд Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн харьяа Булган гуанзанд ээлжийн тогоочоор ажиллаж эхэлсэн. Намайг 1989 онд төв гуанз руу шилжин ажиллах хүртэл Булган гуанзанд тасралтгүй ажиллаж байсан ... гэх,
гэрч А.Мягмарсүрэнгийн өгсөн ... Би 1973 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн харьяа Булган гуанзанд зөөгч, тогоочоор тасралтгүй ажиллаж байсан. Д.Наранцэцэг нь 1986 онд Завхан аймгийн Худалдааны техникумийг төгсөөд Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн харьяа Булган гуанзанд ээлжийн туслах тогоочоор ажиллаж эхэлсэн. Д.Наранцэцэг нь 1986 оноос 1989 оныг хүртэл Булган гуанзанд тасралтгүй тогоочоор ажиллаж байсан. Би Д.Наранцэцэгтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиад боржигон овгийн Дандарпэрлээгийн Наранцэцэгийн Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1986 оны 4-р сарын 7-ны өдрөөс 1989 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ