Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/02064

 

 

 

 

 

 

 

 

2023 11 27 210/МА2023/02064

 

 

Ж.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03165 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б ын хариуцагч Д.Б д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б гийн Төрийн банкин дах дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг Д.О ийн өмнөөс шилжүүлсэн. Гэвч тус мөнгийг миний бие Д.О-т өөрт нь өгөх ёстой байсныг сүүлд мэдсэн. Миний бие Д.О-т эй хамааралгүй, зөвхөн эмчлэгч, эмчлүүлэгчийн харилцаатай. Д.Б д би ямар нэгэн өглөг байгаагүй тул дээрх андуурч хийсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ж.Б бид хоёр найз нөхдийн харилцаатай. Харин Д.О нь Ж.Б тай гэр бүлийн харилцаатай хүмүүс. 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах орон сууцны барилгаас 1 давхрын 80 м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг Ж.Б , Д.О нар надаас худалдан авсан. Ж.Б , Д.О нараас би үндэслэлгүйгээр нэг ч төгрөг аваагүй. Харин надаас үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Уг орон сууц Ж.Б ын нэр дээр шилжсэнийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн. Нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Надаас банкны зээлээр орон сууц авахад байрны урьдчилгаа хэрэгтэй гээд миний данснаас тэр өдөр гурван удаагийн гүйлгээгээр мөнгө авахуулж, буцаагаад миний данс руу банкаар дамжуулан шилжүүлсэн. Ингэж хийсэн нь байрны урьдчилгаа мөнгө болгож харагдуулах үүднээс шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Б гээс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжилж буй 15,000,000 төгрөгтэй холбоотойгоор хариуцагч Д.Б тэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Гэтэл шүүх хариуцагч Д.Б-гийн Төрийн банкны харилцах дансны 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дансны хуулгаар тухайн өдөр гарсан зарлага, орлогыг харьцуулан тооцож "үнийн дүн адилхан бөгөөд нэхэмжлэгчээс зөвхөн нэг удаагийн гүйлгээг сонгож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй" гэх бодит байдалд нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Учир нь миний бие Д.Б д тухайн өдөр шилжүүлсэн болон бусад байдлаар шилжүүлж байсан төлбөр мөнгөтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн өөрийн 15,000,000 төгрөгийг Д.О ийн өмнөөс андуурч Д.Б д бодитойгоор шилжүүлсэн асуудлаар нотлох баримтаа гарган өгч нэхэмжилсэн. Харин Д.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б надад ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө өгөөгүй, Д.Б гийн данснаас гарсан 28,000,000 төгрөгийг миний бие тухайн өдөр бэлнээр болон бусад байдлаар хүлээж аваагүй ба энэ талаар тайлбараа анхан шатны шүүх хуралд хангалттай тайлбарласан бөгөөд хариуцагчийн гаргасан гаргасан "надаас бэлнээр мөнгийг авч буцаагаад надад шилжүүлсэн..." гэх тайлбар нь илт үндэслэлгүй бөгөөд бусад үйл баримтаар нотлогдоогүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Б миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болгонд өөр, өөрөөр тайлбарладаг. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд Д.Б өөрөө оролцсон. Тухайн үед 50,000,000 төгрөг зээлсэн гэх асуудал огт яриагүй атлаа өөрийг нь байхгүй байхад нь зээлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бид тухайн үеийн буюу 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гүйлгээний хуулгыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд Д.Б д Д.О , Ж.Б нар нь орон сууц худалдаж авахдаа 56,000,000 төгрөгийн урьдчилгаа хийсэн мэтээр харагдуулъя гэж, эхлээд 28,000,000 төгрөг авсан. Буцаагаад Ж.Б аас гээд 28,000,000 төгрөгийг хийсэн. Дахин 28,000,000 зарлагдаж аваад 15,000,000 төгрөгийг Д.О ээс, 13,000,000 төгрөгийг Ж.Б аас хийсэн. Тус дансны хуулгыг нь гаргаж өгсөн. 50,000,000 төгрөг Д.Б зээлсэн гэж худал тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад 56,000,000 төгрөг, 28,000,000 төгрөг танд байсан бол ямар данснаас гаргаж авсан бэ, дансны хуулга чинь байгаа юу, танд ямар үндэслэлээр тус мөнгө байсан бэ гэхэд, үүнийгээ тайлбарлаж чаддаггүй. Орон сууц өөрсдөө худалдаж авч байхдаа давхар хүнд мөнгө зээлсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа учир анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Б д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн дансанд андуурч шилжүүлсэн мөнгөө гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...орон сууцны урьдчилгаа мөнгө болгож харагдуулах үүднээс миний данснаас гурван удаагийн гүйлгээгээр мөнгө авахуулж, буцаагаад миний данс руу банкаар шилжүүлсэн тул үндэслэлгүйгээр мөнгө аваагүй гэж үгүйсгэн маргасан.

4. Хэрэгт авагдсан Төрийн банкин дахь харилцах дансны харилцагчийн хуулгаас үзвэл 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б нь 28,000,000 төгрөгийн зарлага хийж мөнгөө бэлнээр авсан ба буцаагаад Буянбаатараас гэсэн гүйлгээний утгатайгаар 28,000,000 төгрөгийн орлого орсон,

дараа нь дахин 28,000,000 төгрөгийн бэлнээр зарлагын гүйлгээ хийж, буцаагаад 15,000,000 төгрөгийг орлого Д-гийн О-гээс 99146492, 13,000,000 төгрөгийг орлого Ж Б-аас  гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-128/

4.1. Гэрч Г.Б нь мэдүүлэгтээ ...Тэр өдөр Ж.Б ах 3 удаа ирсэн. ...Тэгэхэд Ж.Б ах байр авах гэж байгаа байрны үнийн дүнг нааш цааш нь хөдөлгөж 3 удаа гэрээг өөрчилсөн. ...Би цай өгөх гээд ороход ахын ширээн дээр хар цаастай бэлэн мөнгө гаргаж ирээд задалж байсан, Тэр мөнгийг Ж.Б ах тоолж байсан. ...Цайны цагийн дараа Д.Б ах орж ирэхдээ гаднаас барьж орж ирсэн, Тэр мөнгө ахын мөнгө гэж мэдүүлжээ. /хх137-138/

4.2. Дээрхээс дүгнэхэд Д.Б гийн дансанд 15,000,000 төгрөг Д.О ээс гэсэн гүйлгээний утгатайгаар орлого орсон нь нэхэмжлэгчийн андуурч мөнгө шилжүүлсэн, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Д.Б гээс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд Д.О ийн нэрийн өмнөөс андуурч мөнгө шилжүүлсэн, Ж.Б надад ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө өгөөгүй гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

...Д.Б гийн нэхэмжлэлтэй Д.О , Ж.Б нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 157,245,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн байх ба уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ...шүүх нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН