Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Батням,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Ч.Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809050911240 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1953 оны 9 дүгээр сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэл 11-33 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Ч.М,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ч.Ч.М нь 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стандарт” тавилгын үйлдвэрт О.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хамар, зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.Мыг 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стандарт” тавилгын үйлдвэрт О.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хамар, зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Ч.Ч.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ч.Ч.М нь 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стандарт” тавилгын үйлдвэрт О.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хамар, зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч О.Баяржаргалын “Би 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ...Тэгээд би захиралдаа хүмүүс юм хийлгэж байхад Ч.М ажил хийлгэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Ч.М чамд хамаагүй би өөрийнхөө юмыг өөрөө мэдэж байна гээд дарамталж эхэлсэн. Тэгээд маргалдаад байж байтал гараараа хамрын дээд хэсэг рүү 2 удаа, зүүн хацар руу 2 удаа цохисон. Тэгээд манай ажилчид салгасан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өглөө ажил дээрээ ирэхэд угтаж ирээд чи зайлаач гэхээр нь би чи дуугүй бай би ажлаа хиймээр байна гээд маргалдаад зогсож байтал гэнэт зүүн нүд рүү 2 удаа толгойн зүүн тал руу 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг  /хх-12/,

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹13481 тоот актын “…О.Баяржаргалын биед тархи доргилт, дух, хамар, зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт зүүн ухархайн дотор ханын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч Ч.Ч.М мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд ажлын залуу болох О.Баяржаргалтай ажлыг нь хийлгэлгүй хөрөөг нь ашигласан гэж маргалдаад улмаар зодсон юм. Миний буруу дахиж ийм зүйл гаргахгүй, бага шийтгэл оногдуулж өгнө үү…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Ч.Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ч.Ч.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Ч.Мт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ч.Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ч.Ч.Мт 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хавтмэргэн овогт Чойжилсүрэнгийн Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Ч.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Ч.Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ч.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР