Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01802

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023          09            25                                       210/МА2023/01802

 

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дугаар шийдвэртэй,

Г.М-ын нэхэмжлэлтэй, “Д” ХХК, Б.С нарт холбогдох,

Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Ди Эн апартмент” /DN apartment/ барилгын ** тоот 46,36 м.кв орон сууц, ** тоот 49,83 м.кв орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн гудамж, “Ди Эн апартмент” /DN apartment/, 215-р байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах тухай үндсэн,

2019 оны 08 сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Б.Цэнд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д ХХК болон Г.М- нарын хооронд орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, DN Apartment барилгын 14 давхрын 63, ** тоот хаягт байрлах, 46.36 м.кв болон 49.83 м.кв тус бүр 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд 2021 оны 01 дүгээр улиралд багтаан шилжүүлэх, захиалагч нь төлбөрөөс сар бүр 5,000,000 төгрөг, орон сууцыг ашиглалтад ороход үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Би орон сууцны урьдчилгаанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 4,000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3,285,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 144,285,000 төгрөгийг төлсөн.

1.2. Хариуцагч “Д” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.4-т заасны дагуу захиалагч талд орон сууцыг 100 хувь барьж дууссан, төлбөр тооцоогоо дуусгахыг мэдэгдэх үүрэгтэй атал байрыг хэзээ улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг шаардлагатай мэдээллийг өгөөгүй, орон сууцыг авах талаар хөөцөлдсөн боловч гэрээ цуцалсан гэсэн үндэслэлээр хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 3.4-т зааснаар орон сууцыг 100 хувь дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох бүртгэлийн байгууллагад захиалагч өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг хүргүүлсэн. Тухайн байгууллагаас зохих шийдвэрийг бичгээр гүйцэтгэгчид ирүүлсэн тохиолдолд өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг нь захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний 6.2-т гүйцэтгэгч ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 31 хоногоос эхлэн гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги захиалагчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч захиалагчийн зүгээс цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан орон сууцыг улсын комисс хүлээн авсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойших 603 хоногийн нийт 43,502,229 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, DN apartment барилгын 14 давхрын 63, ** тоот 46,36 м.кв болон 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, алданги 43,502,229 төгрөгийг гаргуулна.

1.3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 91 хоногийн алданги болох 6,564,922 төгрөг гаргуулах, мөн хариуцагч Б.С, “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж DN Apartment 215 дугаар байр, ** тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгуулахаар нэмэгдүүлж байна. Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, DN apartment барилгын 14 давхрын 63, ** тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж DN apartment 215 байр, ** тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгаж өгнө үү гэжээ.

                                                      

2. Хариуцагч “Д” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Г.М-той байгуулсан гэх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ хууль бус гэрээ болох нь батлагдсан тул 2021 онд гэрээнээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Учир нь тухайн үед гэрээ байгуулсан Г.М нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байсан атал хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ерөнхий инженер Б.Г-тэй үгсэн хуйвалдаж хямд үнээр гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл тул Г.М, Б.Г нарт хариуцлага тооцон ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.С-ын тайлбар, татгалзлын агуулга:

Г.М нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Б.С-ыг татан оролцуулж шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.С-аас “Д” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, орон сууц захиалсан бөгөөд бараг 2 жил орчмын хугацаанд уг орон сууцандаа амьдарч ашиглалтын төлбөр төлж байгаагаас гадна тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.С-ын нэр дээр гарсан. Гэтэл Г.М бидний хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, улмаар Б.С-ыг орон сууцны өмчлөх эрхээ Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан Б.С-ын өмчлөлийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзнэ гэжээ.

 

4. Хариуцагч “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Г.М-той байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээнд “Д” ХХК-ийг төлөөлж Г.М гэх хүн гарын үсэг зурж гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болно. Харин “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Т нь 2019 онд томилогдон ажиллаж байсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн. Гэтэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Г.М гэх хүн манай компанийн гүйцэтгэх захирал гэх байр сууринаас орон сууц худалдах гэрээг бусад этгээдтэй байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх удирдлага компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасныг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Г.М-той байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч “Д” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ Г.М гэх хүн манай компанийн гүйцэтгэх захирлын байр сууринаас орон сууц худалдах гэрээг бусад этгээдтэй байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6, 83.8 дэх заасныг тус тус зөрчсөн гэжээ. Гэтэл Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолын 5.1-д хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна гэжээ. Хуулийн этгээдийн гэрээ хэлцэл гүйцэтгэх захирлаас өөр этгээд байгуулахыг хориглосон юм уу өөр этгээд компанийг төлөөлж гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн шаардлага байхгүй. Маргаан бүхий гэрээнд Г.М нь гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан ба гүйцэтгэх захирал гэж өөрийгөө тодорхойлоогүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заажээ. Иймд Г.М нь тухайн үед компанийн эрх бүхий албан тушаалтан байсан учраас компанийг төлөөлж гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д” ХХК-д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, DN apartment барилгын 14 дүгээр давхрын 46,36 м.кв болон 49,83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, хариуцагч “Д” ХХК-аас алданги 50,067,151 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож, хариуцагч Б.С болон “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж DN apartment 215 байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгаж, нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Д” ХХК-ийн гаргасан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны захилгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,866,875 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 1,216,875 төгрөг, хариуцагч Б.С-аас 650,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож шийдвэрлэжээ.

 

7.  Хариуцагч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх Б.С-ын өмчлөх эрхэнд ноцтой халдаж, урьд өмнө танихгүй, хоорондоо ямар нэгэн хэлцэл хийж үүрэг хүлээгээгүй Г.М- гэгчид өөрийнхөө амьдралын эх үүсвэр болсон орон сууцаа шилжүүлж өгөхийг даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Б.С-ын хувьд Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан хүний наад захын эрхийг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. Б.С нь “Д” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ21/41 дугаартай орон сууцны захиалгын гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “DN Apartment” барилгын 14 давхар, 2 өрөө, 48,7 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан бөгөөд тухайн цаг хугацаанд Г.М нь орон сууц захиалсан боловч түүний үнийг бүрэн төлөөгүй учраас гэрээ цуцлагдсан. Тиймээс Б.С нь орон сууцны үнийг 100 хувь төлсөн тул 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус компаниас орон сууцаа хүлээн авч, 2 жил гаруйн хугацаанд өөрийн гэр бүлийн хамт амьдарч, орон сууцны ашиглалтын зардлыг cap бүр төлж уг байрыг өмчлөн ашиглаж байна. “Д” ХХК-ийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.С миний нэр дээр гаргуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичгээр хүргүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Б.Сын хувьд орон сууцны өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой асуудлаар улсын бүртгэлд хандаж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах үед тухайн орон сууцны эрхийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн хориг тавигдсан зүйл байгаагүй, маргаан үүсээгүй байсан. “Д” ХХК-тай байгуулсан гэрээ нь 2 талын хүсэл зоригийн илэрхийлэлд нийцсэн бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болно. Г.М-ын хувьд хэдийгээр “Д” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ” байгуулсан гэх боловч төлбөр төлөх үүргээ урт хугацаанд гүйцэтгэлгүйгээр тэдний хороонд байгуулсан гэрээний 1.1-д заасан үндсэн үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, Г.М-той байгуулсан гэрээг цуцалсан талаараа шүүхэд хариу тайлбар өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл Г.М- нь “Д” ХХК-ийн өмнө cap бүр 5,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул “Д” ХХК нь хуульд заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дэхь хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шшжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хууль зүйн үр дагавар үүсэхээр байна. Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1  дэх хэсэгт зааснаар давуу эрхтэй тул 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Д” ХХК-тай хүчин төгөлдөр гэрээ багуулсан учраас Б.С нь хууль ёсны өмчлөгч мөн болно.

7.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.С-ын өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, хууль зөрчиж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Г.М, Б.С нарын хооронд ямар нэгэн эрх, үүргийн харилцаа үүсээгүй. Гэтэл шүүхийн шийдвэрт орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.С-т даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хариуцагч Б.С-ын хөрөнгийг ямар нэгэн аргаар булааж Г.М-т өгөх гэсэн үндэслэлгүй шийдвэр гарсан. Хэрэв шүүх хэн нэгний өмчлөх эрхийг өөр нэгэнд шилжүүлэх үндэслэлийг тогтоох гэж байгаа бол Улсын бүртгэлийн байгууллагын буртгэлийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага үүснэ. Энэ нөхдөлд тухайн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу захиргааны шүүх шийдвэрлэх учиртай. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.С, “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх зохицуулалтыг дурдсан боловч Б.С нь Г.М-ын өмнө үүрэг хүлээж, өмчлөх эрхээ шилжүүлэх болоод байгаа талаар тайлбар хэлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Зүй нь бол Б.С болон “Д” ХХК нарын хооронд байгуулсан хэлцлийн үр дагаварыг тухайн талууд хариуцах ёстой. Мөн шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар Б.С, “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болоод байгаа талаар тайлбар хийгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт энэ хуулийн 56.1.2, 56.1.4, 56.1.8 дахь хэсэгт заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн хуулийн заалтын дагуу Б.С болон “Д” ХХК нар хүсэл зориг, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдлыг хангалттай ойлголцож, одоо ч шүүх дээр өөрсдийнхөө хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа. Харин Г.М-ын хувьд нэгэнт тухайн үед гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийг бүрэн төлөөгүй, Б.Сыг орон сууц шилжүүлэн авч байхад ямар нэгэн маргаан гаргаагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн үйлдлийн үр дагаварыг Б.Саас бус, харин “Д” ХХК-аас шаардах эрх нээлттэй байна.

7.3 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэсэн. Тухайлбал нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь орон сууцнуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах гэсэн шаардлага байх бөгөөд хэрхэн, яагаад ийнхүү баримт бичгийг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, мөн Б.С болон “Д” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаагаа тайлбарлаж чадаагүй байсаар байхад шүүх санаачлагаараа таамаглах байдлаар асуудалд хандаж, нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлан ойлгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, хэрэгт хамааралгүй баримт болох гэрээнүүдийг үндэслэж, Г.М- болон “Д” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн захиалгын гэрээг хүчин төгөлдөр, Г.М- болон “Д ” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний шинжид илүү нийцсэн гэрээ байна гэж дүгнэсэн боловч 50,067,151 төгрөгийн алдангийг “Д” ХХК-аас гаргуулж шийдвэрлэхдээ тэдний хооронд байгуулагдсан гэх гэрээг ажил гүйцэтгэх гэрээний хувьд дүгнэж, алдангийг Г.М-т олгохоор шийдвэрлэсэн нь шүүх өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэсэн зөрчилдөөнтэй, логикийн хувьд алдаатай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

7.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтууд байсан боловч энэхүү нөхцөл байдлыг тодруулж үзэлгүйгээр, тэдгээрт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүх маргаан бүхий асуудал нь ямар шалтгаанаар үүссэн талаар төсөөлөлгүй, нэхэмжлэгч Г.М гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн эсэх дээр нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн. Г.М-ыг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнээд Б.С-ын хууль ёсны өмчлөлд дураараа халдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ тохиолдолд шүүхэд энэ хэргийн нөхцөл байдлыг мэдэх гэрч зайлшгүй шаардлагатай байсан. Энэ талаар бидний зүгээс хүсэлт өгөхөд шүүх хүлээж аваагүй. Бидний хувьд шүүх хуралдаанд оролцохдоо шүүхэд хандаж гаргасан зүй ёсны хүсэлтүүдийг шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь бидний зүгээс энэ мэт нотлох баримтыг цуглуулах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг шүүх хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            8. Хариуцагч “Д” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            8.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганзориг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал “Д” ХХК-ийн зүгээс гүйцэтгэх захирал Д.Г гэрээний ажлаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллах зайлшгүй шааардлага гарсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар, нотолгоо гаргах эрхээр хангах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх бидний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж, байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна.

8.2. Итгэмжлэлгүйгээр төлөлөөлөх эрхгүй этгээд манай компанийг төлөөлөн хэлцэл байгуулсан нь хууль бус тул нэхэмжлэгч Г.М-т холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Учир нь дээрх гэрээнд “Д” ХХК-ийг төлөөлж Г.М гэх хүн гарын үсэг зурж, нэхэмжлэгч Г.М-той гэрээ байгуулсан гэх үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн үед манай компанид ерөнхий инженерээр ажиллаж байсан Н.Гантөмөр гэдэг хүн өөрийн хүү Г.М-ын нэр дээр хямд үнээр компаниас 2 ширхэг байр авахаар санаархсан. Харин 2019 оны 08 сард “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Тгэх хүн томилогдон ажиллаж байсан бөгөөд тэрээр хуульд заасны дагуу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн ажилласан. Гэтэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Г.М гэх хүн нь манай компанийн гүйцэтгэх захирал гэх байр сууринаас орон сууц худалдан гэрээг бусад этгээдтэй байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6, 83.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Г.М- “Д” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Г.М гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. Г.М нь гүйцэтгэх захирал гэж өөрийгөө тодорхойлоогүй, гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан байх ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь “Д” ХХК болон нэхэмжлэгч Г.М- нарын хооронд байгуулсан гэрээ нь хэргийн материалд авагдсан бөгөөд уг гэрээний эхний нүүрний эхний мөрөнд энэхүү гэрээг нэг талаас “Д” ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.М байгуулав гэж заасан байдлаас үзэхэд Г.М нь өөрийгөө гүйцэтгэх захирал гэж гэрээнд тодорхойлжээ. Гэтэл шүүхээс Т.Мягмаржамц нь гүйцэтгэх захирал гэж өөрийгөө тодорхойлоогүй байна гэж илт худал дүгнэж, улмаар Г.М нь энэ гэрээнд гарын үсэг зурах эрхтэй хүн байсан гэж хүчээр үзэн “Д” ХХК болон нэхэмжлэгч Г.М- нарын хооронд байгуулсан гэрээг хүчинтэй гэсэн байдлаар хийсвэрээр шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх ёстой гэх шардлагыг хангахгүй байна.

8.3. “Д” ХХК болон нэхэмжлэгч Г.М нарын хооронд байгуулсан гэрээнд дээрх Г.М-ын гарын үсэг нь түүний сүүлд “Д” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт зурсан гарын үсэгтэй илтэд зөрүүтэй байгааг мэдсэн. Тиймээс Г.М-ын гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах үүднээс шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Гэтэл анхан шатны шүүх тодорхой үндэслэлгүйгээр дээрх хүсэлтийг буцааж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Д” ХХК, Б.С нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Ди Эн апартмент” /DN apartment/ барилгын ** тоот 46,36 м.кв орон сууц, ** тоот 49,83 м.кв орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С, “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн гудамж “Ди Эн апартмент” /DN apartment/,  215-р байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Г.М- болон “Д” ХХК-ийн хооронд 2019 оны 08 сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

  1. “Д” ХХК нь 2019 оны 08 сарын 26-ны өдөр Г.М-той ЗГ19/02 тоот “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, “Ди Эн апартмент” /DN apartment/ барилгын ** тоот 46,36 м.в талбайтай орон сууц, ** тоот 49,83 м.кв талбайтай орон сууцыг нийт 144,285,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 6-7/

Мөн “Д” ХХК нь дээрх гэрээний зүйл болох ** тоот орон сууцыг 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ЗГ21/41 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-гээр Б.С-т худалдсан байна. /1хх 124-125/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна.

 

  1. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ЗГ21/41 тоот үндсэн нэхэмжлэлийн шаардлага, мөн 2019 оны 08 сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г “Орон сууцны захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй. Тодруулбал:
    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг хэд хэдэн этгээдтэй байгуулахыг хуулиар хориглоогүй тул “Д” ХХК нь Г.М-той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа хожим Б.С-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан явдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.
    2. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй тул “Д” ХХК болон Г.М- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд худалдагч талыг төлөөлж Г.М гэх этгээд гарын үсэг зурсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.

 

  1. Өмнө дурдсанчлан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг хэд хэдэн этгээдтэй байгуулахыг хуулиар хориглоогүй тул зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх нь ач холбогдолтой байна.

Худалдан авагч Б.С нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Ди Эн апартмент” /DN apartment/ барилгын ** тоот орон сууцны үнэ 97,400,000 төгрөгийг төлж, орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч ... эзэмшилдээ шилжүүлэн давуу эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.М-ын гаргасан “...** тоот 49,83 м.кв орон сууцыг өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. /1хх 81, /   

Түүнчлэн, хариуцагч Б.С нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол /14181/, Алтайн гудамж, 215-р байрны ** тоот хаягт байршилтай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг “Д” ХХК нь бусадтай байгуулсан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул түүнийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзнэ. Иймд хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргааны зүйл болох ** тоот орон сууцыг “Д” ХХК хэд хэдэн этгээдэд зэрэг худалдаж, Б.С эзэмшилдээ түрүүлж авс ныг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлыг хангав.

 

  1. Харин “...Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Ди Эн апартмент” /DN apartment/ барилгын ** тоот 46,36 м.кв орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах...” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Д” ХХК-д 2019 оны 08 сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 02 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 01 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 03 сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 07-ны өдөр 3,285,000 төгрөг, 2021 оны 07 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 144,285,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтын тухайд зохигчид маргаагүй. /1-р хх-ийн 8-36/

Хариуцагч “Д” ХХК нь “...худалдан авагч Г.М гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалсан...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Д” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Г.М-т үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч Г.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Ди Эн апартмент” /DN apartment/ барилгын ** тоот 46,36 м.кв орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Д” ХХК-аас шаардах эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.М-ыг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэн, улмаар алданги 50,067,151 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
    1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах нөхцөлийг, 4.11-т захиалагч төлбөрөө 100 хувь төлөхөөс өмнө орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байх нөхцөлийг тус тус тусгасныг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу тайлбарлавал захиалагч нь орон сууцнуудын үнэ 144,285,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохиролцжээ гэж үзэхээр байна.
    2. Худалдан авагч Г.М нь 2020 оны 03 сарын 31-ний өдрийн дотор нийт 144,285,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн атлаа 2019 оны 08 сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 46,000,000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй.
    3. Нэхэмжлэгч Г.М нь орон сууцны үнийг сар бүр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, ийм тохиролцоо гэрээнд тусгагдаагүй байна. 
    4. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч анз авах эрхээ алдахаар зохицуулсан тул нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Д” ХХК-аас алданги шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. 

 

  1. Хариуцагч “Д” ХХК-аас “...анхан шатны шүүх шинжээч томилуулах болон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
    1. Хариуцагч “Д” ХХК-аас 2023 оны 06 сарын 19-ний өдөр орон сууцны захиалгын гэрээнд зурагдсан гарын үсэг Г.М-ын гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/08129 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.2-т дурдсанчлан гэрээнд зурагдсан гарын үсэг Г.М-ын гарын үсэг мөн эсэх нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

    1. 2023 оны 06 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Д” ХХК-аас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганзориг нь томилолтоор хөдөө орон нутагт руу явсан гэх нөхцөл байдал нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

 

  1. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй тул уг заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

  1. Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийг тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтаар талуудын маргаанд шууд хамааралгүй асуудлыг тогтоосон байх тул эдгээр заалтыг хассан өөрчлөлтийг мөн шийдвэрт оруулна.  

 

  1. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч “Д” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгосон “73 дугаар зүйлийн 73.1” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14181/, алтай гудамж, 215 дугаар байр, ** тоот, 46.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Д” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14181/, алтай гудамж, 215 дугаар байр, ** тоот, 49.83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Д” ХХК-д даалгах, хариуцагч “Д” ХХК-аас алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14181/, алтай гудамж, 215 дугаар байр, ** тоот, 49.83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах тухай үндсэн, хариуцагч “Д” ХХК-ийн нэхэмжлэгч Г.М-той байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.М-ын төлсөн 1,866,875 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас төлсөн 879,375 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хасч, 5 дахь заалтыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д” ХХК-ийн төлсөн 1,216,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сын төлсөн 650,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР                        

 

                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ