| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0810/Э |
| Дугаар | 814 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: П.Ганбаатар;
шүүгдэгч: С.С.С, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүхбаатарын С.Сд холбогдох эрүүгийн 1809046230979 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Монгол Үндэсний Техникийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, дүүгийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Ачуут шинэ хороо, 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ГЮ89090714 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бэрсүүд овогт Сүхбаатарын С.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.С.С нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Энто” ХХК-д борлуулалт, түгээлтийн ажилтнаар ажиллах хугацаандаа орлогын 1.199.145 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С.С мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 7-9/, С.Сэр-Оддамбын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/, хохирлын 1.199.145 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 11/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 28-29/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 30-32/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-33/, С.Сэр-Оддамбын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Энто” ХХК-д борлуулалт, түгээлтийн ажилтнаар ажиллах хугацаандаа буюу 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Энто” ХХК-ийн орлогын 1.199.145 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Лхагвасүрэнгийн /хх-ийн 7-9/ “...С.С.С нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 07 сар хүртэл ажиллаж байх хугацаандаа харилцагч нарын барааны төлбөрт бэлнээр өгсөн мөнгийг нь өөртөө удаа дараа завшсан байсныг сүүлд нь би харилцагч нараас мэдээд С.Стай 99012435 дугаарын утас руу нь яриад мөнгө авсан талаар хэлэхэд дутсан 2.863.750 төгрөгөөс 1.664.605 төгрөгийг төлсөн, 1.199.145 төгрөгийг төлөөгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 761.445 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 437.700 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
С.Сэр-Оддамбын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23/: “...Би ажиллаж байх хугацаандаа бараа түгээж бэлэн мөнгө харилцагч байгууллагуудаас аваад өөртөө авсан. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлгээр болон хохирлын 1.199.145 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 11/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 28-29/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 30-32/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “Энто” ХХК-ийн ажилтан болохыг, шүүгдэгч нь “Энто” ХХК-ийн орлогын мөнгийг хувьдаа захиран зарцуулсныг, үүний улмаас “Энто” ХХК-д эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч С.С.С нь гэрээнд зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээж, борлуулалтаар түгээсэн барааныхаа орлогын мөнгийг байгууллагадаа тушаах ёстой атлаа энэ байдлаа урвуугаар ашиглаж, шунахай сэдэлтээр мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй түүний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Ийнхүү С.Сэр-Оддамбын “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн “хохирлын мөнгө 1.199.145 төгрөгийг бүрэн гүйцэт хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хэргийн 49 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Сэр-Оддамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч С.Сэр-Оддамбын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бэрсүүд овогт Сүхбаатарын Сэр-Оддамбыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэр-Оддамбыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Сд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ