Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 4283

 

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/04283

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ҮСАХ-ын Хангайн 1-4 тоотод байрлах, “Электрикком” ХХК /РД: 2833883/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр, Монгол түлхүүр байр, 204 тоотод байрлах, “Готикголд” ХХК /РД: 5081459/-д холбогдох

 

529 398 811 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдолыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, С.Нямхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Электрикком” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Готик Голд” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч тал болох “Электрикком” ХХК нь “Готик Голд” ХХК-ийн Архангай аймгийн Цэцэрлэг хотод гүйцэтгэж буй авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд авто зам доогуур турба сүвлэх, 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг кабель шугамаар солих, авто замын гэрэлтүүлгийн ажлыг захиалагч талын мэдээлэл өгөгдөл, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэх, харин захиалагч тал болох “Готик Голд” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 977 611 083 төгрөгийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн боловч “Гудамж төсөл”-ийн ажлыг гүйцэтгэх явцад ажлын өртөг нь төгрөг болж 80 574 792 төгрөгөөр багассан. Иймээс тус компаний төлөх ёстой төлбөрийг 897 036 291 төгрөг гэж тооцон нэхэмжлэл гаргаж байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, чанарын өндөр түвшинд, бодитоор гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үр дүнг 2014 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Барилга Байгууламжийг Ашиглалтад Оруулах Комисс ЗБААО-2014/32 тоот актаар хүлээн авсан байдаг. Нэгэнт манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэн улсын комисст актаар хүлээлгэн өгсөн тул талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэхийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр “Готик Голд” ХХК-д хүргүүлж, гэрээний төлбөр болох 897 036 291 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ний дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн. Уг нэхэмжлэлийн дагуу “Готик Голд” ХХК нь 2015 оны 5 дугаар сард 120 000 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй ихээхэн удсан. Тиймээс манай компани 2015 оны 8 дугаар сард тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд “Готик Голд” ХХК нэхэмжлэл гаргаснаас хойш 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 717 718 225 төгрөг төлж барагдуулсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 59 318 066 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т “Захиалагч нь төлбөрийг шилжүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” хэмээн заасан тул 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх буюу гэрээний төлбөрт 120 000 000 төгрөг төлөх хүртэлх 163 хоногт нийт гэрээний үнийн дүн болох 897 036 291 төгрөгөөс хоногт 2 691 108 төгрөгийн алданги тооцон 438 650 604 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буюу гэрээний төлбөрт 717 718 225 төгрөг төлөх хүртэлх 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 105 хоногт 777 036 291 төгрөгөөс хоногт 2 331 108 төгрөгийн алданги тооцон нийт 244 766 340 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх нийт 161 хоногт гүйцэтгээгүй үүрэг болох 59 318 066 төгрөгөөс алданги тооцоход нийт 28 650 594 төгрөгийн алданги болсон байна. “Готик голд” ХХК нь гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэний алдангид нийт 712 067 538 төгрөг төлөх үүрэгтэй хэдий ч манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөр 897 036 291 төгрөгийн 50 хувь болох 448 518 145 төгрөгийг нэхэмжилж байна. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 59 318 066 төгрөг, уг төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул алдангид 448 518 145 төгрөг, нийт 507 836 211 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн, манай компани “Готик Голд” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 121 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч тал болох “Электрикком” ХХК нь захиалагчийн даалгаврын дагуу өөрийн материалаар Дархан минжийн уулзварын замын трасст орсон кабель шугамын зөөх ажлыг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, “Готик Голд” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 208 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. Манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн боловч захиалагч болон “Готик Голд” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 70 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 116 137 400 төгрөг төлсөн ба 300 000 төгрөгийн үнэтэй тоосгыг манай байгууллагад өгсөн. Одоогийн байдлаар нийт 21 562 600 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд “Готик Голд” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 59 318 066 төгрөг, алданги 448 518 145 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 21 562 600 төгрөг, нийт 529 398 811 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Готикголд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘Готик Голд” ХХК нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвийн 4-н уулзвар 5.06 км авто замуудын траст орсон 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шилжүүлэх, газар доогуур сувагчлан кабель шугамаар солих, трубо сүвлэх, авто замуудын гэрэлтүүлгийг шинээр суурилуулах дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр “Электрикком” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж төсөөлсөн. Манай компани санхүүгийн чадваргүй байсан ч гэсэн ажлын төлбөрт 120 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сард “Электрикком” ХХК-д шилжүүлсэн. Мөн манай компанид “Гудамж” төслөөс санхүүжилт орсон даруйд “Электрикком” ХХК-д 717 718 225 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Ийнхүү төлбөр хоцорж хийгдсэн нь “Гудамж” төслөөс санхүүжилт хийгдэхгүй удааширсантай холбоотой. Бид нөхцөл байдлыг тухай бүр “Электрикком” ХХК-д мэдэгдэж байсан. Манай компани захиалагчийн албаны зардал, баталгаат хугацааны 5 хувийг суутгасны дараа нийт 837 718 225 төгрөгийг “Электрикком” ХХК-д шилжүүлсэнээр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсанаар барахгүй илүү төлөлтийг хийсэн. Мөн манай компани “Электрикком” ХХК-тай 208 000 000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 7 дугаар сарын 20-нд байгуулсан. Уг гэрээний дагуу зохих бүх төлбөрийг бид бүрэн барагдуулсан. Харин захиалагчийн албаны зардал, баталгаат хугацааны барьцааг өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу суутган авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Готикголд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Цэцэрлэг хотод гүйцэтгэж буй авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд авто зам доогуур труба сүвлэх, 10 кв-ын цахилгаан дамжуулах шугамуудыг кабел шугамаар солих, авто замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Готик Голд” ХХК нь “Электрикком” ХХК-тай 21 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан. “Готик Голд” ХХК болон энэхүү ажлын зөвлөх үйлчилгээг үзүүлэгч “Си Ти Ай Инженеринг Интернэшнл” ХХК-ийн төлөөлөгчид хамтран “Электрикком” ХХК ажлын гүйцэтгэлд үзлэг хийхэд. 10 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг кабел шугамаар солих ажлыг YLV3*25+1*16 хүчин чадал бухий кабелыг суурилуулах ёстой байтал YLV3*16+1*10 хүчин чадал бухий гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй кабелаар гуйцэтгэж, биет байдлын доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Энэхүү доголдлыг арилгахын тулд суурилуулсан байгаа кабелыг ухаж гарган гэрээний дагуу шаардлага хангасан кабелаар солин буцааж суурилуулах хэрэгтэй. Түүнчлэн кабел солих явцад орчны зүлэгжүүлэлтийг сүйтгэх тул уг зүлэгжүүлэлтийг технологийн дагуу хуулж авах, буцаан зүлэгжүүлэх ажлыг мөн гүйцэтгэх шаардлагатай. Бидний тооцоолсноор гэрээг зөрчин суурилуулсан чанарын шаардлага хангаагүй кабелыг ажлын зурагт нийцүүлэн YLV3*25+1*16 хүчин чадал бүхий кабелаар солиж доголдол арилгахад 100 000 000 сая гаруй төгрөгийн зардал гарахаар байна. Ийнхүү “Готик Голд” ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлагад нийцээгүй кабел суурилуулсантай холбогдох гэрээний зөрчлийг нэн даруй арилгах шаардлагыг өмнө нь удаа дараа “Электрикком” ХХК-д мэдэгдэж байсан боловч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн уг асуудлаар уулзах үед “Электрикком” ХХК зүгээс “материалын зардлын зөрүүг буцаан шилжүүлж болох юм” хэмээн амаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд энэхүү зөрчлөө арилгах талаар “Электрикком” ХХК зүгээс ямар нэгэн арга хэмжээг аваагүй байна. Иймд 100 000 000 сая гаруй төгрөгийн зардал бүхий дээрх доголдлыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг “Электрикком” ХХК- иас шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч “Готикголд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагдаа: Нэхэмжлэгчийн зүгээс урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг тодруулах, зөв тооцоолох үүднээс энэхүү ажлын доголдлыг арилгахад шаардагдах хөрөнгийн үнэлгээг “ЛЭНДС” ХХК болон түүний мэргэжлийн үнэлгээчинээр хийлгэсэн. Тус үнэлгээний тайланд кабелын доголдлыг арилгахад нийт 151 376 447 төгрөг гэж тооцоолсон. Иймд манай талаас үнэлгээний дүгнэлтийг үндэслэн урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 51 376 447 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 151 376 447 төгрөг нэхэмжилж байгаа тул манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Электрикком” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь мөнгө нэхэмжилж байгаа хэрэг юм байна. Мөнгийг ямар учраас нэхэмжилж байгаа вэ гэхээр чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засан сайжруулахтай холбоотой гарах зардал гэж хариуцагч тал нэхэмжилж байгаа юм байна. Тиймээс дараах 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Үүнд: Энэ сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа “Готикголд” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн хувьд “Готикголд” ХХК нь жинхэнэ эзэмшигч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Гудамж төсөлтэй “Готикголд” ХХК гэрээ хийсэн, уг гэрээний туслан гүйцэтгэгчээр “Электрикком” ХХК ажилласан. “Электрикком” ХХК болон үндсэн ажил гүйцэтгэгч болох “Готикголд” ХХК-ийн гэрээгээр хүлээх эрх нь хэзээ дуусгавар болох вэ гэхээр уг ажлыг эрх бүхий байгууллагад нь албан ёсоор хүлээлгэж өгснөөр гэрээний харилцаа дуусгавар болно. Тиймээс одоо гомдол гаргах эрх бүхий этгээд нь Гудамж төсөл. Уг эд хөрөнгийг одоогоор эзэмшилдээ байлгаж байгаа, эзэмшиж, ашиглаж байгаа этгээд нь энэ эд хөрөнгийн доголдлын талаар асуудал яриагүй, уг доголдлын талаар гомдлын шаардлага гараагүй байгаа. Иймд 151 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2-рт: Энэ нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь субъектийн хувьд байхгүйн зэрэгцээ шаардах эрхийн хувьд “Готикголд” ХХК-д байхгүй. Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлд хэрвээ ажил гүйцэтгэгч ажлаа доголдолтой гүйцэтгэсэн, гэрээг зөрчсөн байвал захиалагчийн хувьд доголдлыг арилгуулах шаардлагыг гаргах эрхтэй гэж заасан байгаа. Мөн доголдлыг арилгуулахаар гуравдагч этгээдийг хөлсөлж доголдлыг арилгуулах эрхтэй гэж заасан байдаг. Харин “Готикголд” ХХК-ийн хувьд энэ доголдлыг арилгуулаагүй байгаа. 3-рт: Доголдын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурхаар байвал гэрээний үнийн дүнг ажлын хөлсийг бууруулах эрхтэй, гэрээнээс татгалзах эрхтэй талаар 352 дугаар зүйлд заасан. Гэтэл хариуцагч өөрөө ямар нэгэн доголдлыг арилгаагүй байж арилгах зардал гэх мэтээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул “Готикголд” ХХК шаардлага гаргах эрхгүй. Мөн эрх бүхий байгууллагаас энэхүү ажлыг шалгаад хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, 2014 оны 11 дугаар сарын 12-ны өдөр Улсын комисс хүлээж авсан. Нэгэнт улсын комисс хүлээгээд авсан тул энэ доголдлын талаар доголдол байсан гэж үзэх юм бол улсын комисс үүнийг хүлээж авахгүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлиийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Электрикком” ХХК нь хариуцагч “Готикголд” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 80 880 666 төгрөг, аданги 448 518 145 төгрөг, бүгд 529 398 811 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Готикголд” ХХК нь нэхэмжлэгч “Электрикком” ХХК-д холбогдуулан, “151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдолыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...албаны зардал болон баталгаат хугацааны барьцаанд гэрээний үнийн дүнгийн 5 хувийг тооцон суутгасан тул гэрээний  төлбөрийг бүрэн төлсөн” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...ажлыг гэрээнд заасны дагуу доголдолгүй хийж гүйцэтгэсэн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

1. Талууд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр /цаашид “гэрээ” гэх/ гүйцэтгэгч “Электрикком” ХХК нь захиалагч “Готикголд” ХХК-ийн Архангай аймгийн Цэцэрлэг хотод гүйцэтгэж буй авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд авто зам доогуур труба сүвлэх, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг кабель шугамаар солих, авто замын гэрэлтүүлэгийн ажлыг захиалагч талын мэдээлэл, өгөгдөл, ажлын зургийн дагуу 977 611 083 төгрөгөөр гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу ажлын 3 хоногийн дотор төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон нь дээрх гэрээ /хх 10-14 дүгээр тал/ болон  талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг гэрээг “...9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулаагүй дараа нь нөхөж байгуулсан” гэх боловч сөрөг нэхэмжлэлдээ “...2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан” гэх тайлбар болон хариуцагч нэхэмжлэгчийг гэрээний дагуу дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулыг өөрсдөө тодорхойлсон, гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээний агуулга, шинж, төлбөр төлөх нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 1-д заасан ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь гэрээний 1-д заасан ажлын хөлс 977 611 083 төгрөгийг гэрээний 4.2-т заасан журмын дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэг талуудад үүссэн байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд гэрээний 1-д хэдийгээр гэрээний үнийн дүнг 977 611 083 төгрөг гэж заасан байх боловч нэхэмжлэгчийн уг хэмжээг 897 036 291 төгрөг болгон багасгасан тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, маргаагүй байх тул талуудыг гэрээний үний дүн буюу ажлын хөлсний хэмжээг 897 036 291 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд 897 036 291 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хийсэн ажил ямар нэгэн доголдолтой болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна гэрээнд заасан ажлыг “Гудамж төсөл” 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗБААО-2014/32 дугаар актаар хүлээн авсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй юм. “Гудамж төсөл” 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр актаар ажлыг хүлээн авсан байх тул хариуцагчийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байх ба гэрээний 4.2-т гэрээнд заасан ажлыг хариуцагч хүлээн авч, нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу ажлын 3 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүсэх заалт нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх заалттай харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Гудамж төсөл” ажлыг хүлээн авсанаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүссэн байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж байсан гэх үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан 137 дугаартай нэхэмжлэх /хх 18 дугаар тал/-ийг хариуцагч хүлээн авсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь “Гудамж төсөл” ажлыг хүлээн авсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс гэрээний 4.2-т заасны дагуу үндсэн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлсөн төлбөрөөс  тооцон алданги шаардсан нь үндэслэлгүй байна. 

 

Хариуцагч гэрээний төлбөр 897 036 291 төгрөгийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 120 000 000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 717 718 225 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй байна. 

 

Гэрээний үлдэгдэл төлбөр болох 59 318 066 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхгүй байх үндэслэлээ “...албаны зардал болон баталгаат хугацааны барьцаанд суутган авсан” гэх боловч гэрээнд талууд энэ талаар харилцан тохиролцсон нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь ажлын үлдэгдэл төлбөрт 59 318 066 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд талууд алдангийн хэмжээг гэрээний 5.3-т зааснаар хоногийн 0.3 хувиар тогтоосон байна. Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 717 718 225 төгрөгийг төлж, гэрээний төлбөрт 59 318 066 төгрөгийг төлөөгүй байх тул мөн өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэлх хугацааны 59 318 066 төгрөгийн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч  байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу алдангинд 59 318 066 төгрөгийн 50 хувь болох 29 659 033 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

2. Талууд 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 121 дугаартай, “Замын трасст орсон кабель шугамуудыг зөөх ажил гүйцэтгэх гэрээ”-ээр /цаашид “гэрээ” гэх/ гүйцэтгэгч “Электрикком” ХХК нь захиалагч “Готикголд” ХХК-ийн даалгаврын дагуу өөрийн материалаар, “Дархан минжийн уулзварын замын трасст орсон кабель шугамыг зөөх ажил”-ыг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, ажлын нийт хөлс 208 000 000 төгрөг, урьдчилгаа 30 хувийг ажил гүйцэтгэж эхэлснээс хойш 14 хоногийн дотор, ажлын үлдсэн 70 хувийг ажил дууссан өдрөөс 7 хоногийн дотор захиалагч нэхэмжлэгчид төлөхөөр харилцсан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээг нотлогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Гэрээний агуулга, шинж, төлбөр төлөх нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч ажлыг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч гэрээний үүрэгт нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 70 000 000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 116 137 400 төгрөгийг тус тус төлсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх 22-23 дугаар тал/.

Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 21 562 600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхгүй байх үндэслэлээ “...албаны зардал болон баталгаат хугацааны барьцаанд суутган авсан” гэх боловч гэрээнд талууд энэ талаар харилцан тохиролцсон нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үлдэгдэл төлбөрт 21 562 600  төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдолыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай” гэж тодорхойлсон байх ба шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-д үндэслэжээ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхийг захиалагч шаардах эрхтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэх бөгөөд хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгчийг хийж гүйцэтгэсэн ажил нь тоо, хэмжээ, чанарын хувьд биет байдлын доголдолтой нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхаас гадна “Гудамж төсөл” 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗБААО-2014/32 дугаар актаар ажлыг хүлээн авсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил  биет байдлын доголдолтой гэж үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар 151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдолыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 110 539 699 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлий шаардлагаас үлдэх 418 859 112 төгрөг болон  сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Готикголд” ХХК-иас 110 539 699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Электрикком” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 418 859 112 төгрөг, 151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдолыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 804 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 072 840 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 710 648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН