Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Э.Жавхланбаяр,

          улсын яллагч П.Ганбаатар,

          өөрийгөө өмгөөлөн оролцож байгаа шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809015610723 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Хан- Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 48 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б.Б, 

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Гансувдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг  нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Тайвань улсад суралцахдаа амьдрах зардлаа гэрээсээ авахгүй гэж бодоод мөнгө эргэлдүүлж мөнгө өсгөх зорилгоор Гансувд гээд найзаасаа батлан даалтын сангаас 200.000.000 төгрөгийн зээл авна гэж худал хэлж байгаад 14.000.000 төгрөг авсан юм. Уг 14.000.000 төгрөгийг авахдаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. Тэгээд үлдсэн мөнгийг нь цувуулаад л авсан, ямар ч байсан нийтдээ 14.000.000 төгрөгийг авсан юм. Тэгээд би тэр 14.000.000 төгрөгөөр биткойн худалдаж аваад эргэлдүүлсэн юм. Тэгээд эргэлдүүлж байсан чинь биткойны ханш унаад эргүүлж Гансувдад төлөх боломжгүй болоод мөнгийг нь эргүүлж өгч чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-32/,

 

Хохирогч Н.Гансувдын “...Монголд ирсэн чинь Биндэръяа уулзъя гээд байхаар нь 2017 оны 8 дугаар сард уулзахад Зээлийн батлан даалтын сангаас 200.000.000 төгрөгийн зээл авна, одоо 20.000.000 төгрөгийг өгчихвөл би 25.000.000 төгрөг болгоод өгье гээд байсан. Тэгэхээр нь би ажлыг нь лавлаж асуухад батлан даалтын сангаас 200.000.000 төгрөгийн зээл аваад 9911-тэй дугаар болон автомашины ломбард нээнэ гэж ярьж байсан. Тэгэхээр нь би 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд Биндэръяа нь Тайванд байдаг сургуульдаа явсан ба би араас нь дансаар 10.000.000 төгрөгийг хувааж шилжүүлсэн. Тэгээд надаас мөнгө авахдаа 7 хоногийн дараа мөнгө өгчихнө гэсэн ба би 14.000.000 төгрөгийг өгсөн. Гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-25/,

 

Гэрч Ү.Оюундарийн “...Би Гансувдтай найзууд юм. Тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би зээлсэн. Тэгээд дараа нь мөнгөө надад эргүүлж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, хохирлын баримт /хх-40-45/, хохирол төлсөн баримт /хх-49/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-62-63/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Гансувдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг  нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь дээр дурьдсан хохирогч Н.Гансувдын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Бгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Гансувдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Н.Гансувдын нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Гансувдад 14.000.000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлсөн болох нь хохирогч Н.Гансувдын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР