| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0063/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 16.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч Ц.Сүхбат,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М холбогдох эрүүгийн 1809010221263 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 28-нд Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Приус сервис” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Баатархайрханы 7 дугаар гудамжны 23 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд түр оршин суудаг, ял шийтгэлгүй, О.М,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.М нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 1-1 тоотод иргэн Ж.Батболдоос “мөнгө байна уу зээлье” гэхэд Ж.Батболд нь “бөгсөө өг тэгвэл зээлье” гэж хэлснээс болж марган улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2018 оны 02 дугаартай 21-ний шөнө найз Сүхбатын гэрт би найзуудаараа сууж байгаад Батболдтой маргалдаж улмаар зодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-78/,
Хохирогч Ж.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн “...Чи юу яриад байгаа юм бэ, хүний амьдралд чи оролцдог хэн юм гэхэд Шагай босож ирээд шууд намайг нүүрэн тус газар цохиод үсдэж дараад зодож эхэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч Э.Сүхбатын “...Шагай Батболдоос мөнгө байна уу зээлье гэхэд Батболд Шагайгийн урдаас бөгсөө өг гэж хэлсэн... Тэгээд тэр хоёр бие биенээ цохисон …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Б.Цэрмаагийн “...Тэр хоёр барьцалдаж авсан, хамар амнаас нь цус гарсан байсан” /хх-ийн 38-39/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2834 тоот актын “…Батболдын биед цохны шарх, зүүн дээд доод зовхи, дал шуу, дээд доод уруулын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үеийн гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно…” гэсэн дүгнэлт /хх-54/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-66/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-86-87/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 1-1 тоотод иргэн Ж.Батболдоос “мөнгө байна уу зээлье” гэхэд Ж.Батболд нь “бөгсөө өг тэгвэл зээлье” гэж хэлснээс болж марган улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ж.Батболд, гэрч Э.Сүхбат, Цэрмаагийн нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2834 тоот актын дүгнэлт, шүүгдэгч О.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч О.Мгийн хохирогч Ж.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Ж.Батболд нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Мгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР