Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2023/02089

 

 

 

 

 

 

 

 

    2023         12            01                                        210/МА2023/02089

 

 

Э нар

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02800 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э -иудын хариуцагч С нарт холбогдуулан гаргасан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/, Ажилчны гудамж,  тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Э -ын нэр дээр гаргуулахыг даалгах, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д -ийн ажилчдын орон сууц захиалан бариулах  тоот гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 5,088,679,200 төгрөг, гэрээний 3.11-д заасны дагуу 219,542,400 төгрөг, компаниас орон сууцны хөнгөлөлт шилжсэн боловч орон сууцанд орохгүй гэсэн ажилтнуудын хөнгөлөлт 299,560,000 төгрөг, нийт 5,607,781,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э -ын төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Э.Н, нэхэмжлэгч Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э -ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Д нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, амьдрах таатай нөхцөл бололцоог хангах зорилгоор ажилчдын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, гүйцэтгэгчийг сонгох тендерт С ХХК шалгарч, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д -ийн ажилчдын орон сууц захиалан бариулах 2-270/15 тоот гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан гүйцэтгэгч компанийн данс хаагдсан, орон сууц баригдахгүй удааширсны улмаас захиалагч ажидтнууд нэгдэн Э байгуулан тус ТББ-ын нэр дээр орон сууцны барилгын 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл С ХХК нь ...банкнаас зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр байх ёстой гэсэн шаардлага банкнаас тавьж байгаа тул С ХХК -ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Э -д удаа дараа тавьсны үндсэн дээр зөвхөн зээлийн барьцаанд тавьж барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөлтэйгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С ХХК -ийн нэр дээр шилжүүлсэн. 7 жил хүлээлгэсний эцэст эхний айлын орон сууц баригдаж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр улсын комисс хүлээн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажилчдын ихэнх нь өөрийн эх үүсвэр болон орон сууцны зээлд хамрагдаж төлбөрөө төлж барагдуулсан. Гэтэл С ХХК нь энэ барилга С ХХК -ийн барилга гэж зөвхөн зээл авахаар шилжүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бусдад үзүүлэн энэ бол манай өмч гэж дур мэдэн зарж борлуулж байх тул Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс/17070/, Ажилчны гудамж, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Д -ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Түлшний эрчим хүчний сайдын 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар тушаалаар Түлш, эрчим хүчний салбарын ажиллагсдын орон сууц хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн гол зорилго нь өндөр мэргэшлийн ажилтан, залуу боловсон хүчнийг тогтвор сууршилтай ажиллуулах, амьдрах таатай нөхцөл боломжоор хангаснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/173 дугаар тушаалаар цахилгаан, дулааны шугам сүлжээг нь шийдвэрлэсэн компанийн эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгох тендерт С ХХК шалгарч 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д -ийн ажилчдын орон сууц захиалан бариулах 2-270/15 тоот гэрээ байгуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээгээр захиалагч орон сууц 30 хувь хүртэлх урьдчилгаа төлбөрийг С ХХК -ийн дансанд шилжүүлэх, орон сууцны урьдчилгаа төлбөр орж ирснээр 7 орон сууцны барилгыг 2016 оны 2 дугаар улиралд, үлдэгдэл 5 орон сууцны барилгыг 2017 оны дүгээр улиралд барилгын батлагдсан стандарт, дүрэм журмын дагуу чанартай барьж дуусган захиалагчид актаар хүлээлгэн өгөх гэрээний 1.4, 2.2, 3.1-д үүргээ биелүүлж, 1,546,216,200 төгрөгийг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлж, өнөөдрийн байдлаар нийт орон сууцны төлбөр 99.9 хувийн төлөлтэй байна. Орон сууцны анхны зураг төсөл нь 210 айлын 16 давхраар төлөвлөгдсөн байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон сууцны давхрыг 12 давхар болгон бууруулах, ажилчдын орон сууц захиалан бариулах гэрээг дүгнэж, гэрээг зөвхөн D блок дээр шинэчлэн байгуулах, орон сууцны барилгыг 2019 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өгсөн. ТУЗ-өөс өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу гэрээний талууд хуралдаж гэрээ дүгнэсэн акт болон гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож баталгаажуулсан боловч гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул үндсэн гэрээг үргэлжлүүлж гэрээний дагуу эхний орон сууц ашиглалтад орсон. Компанийн орон сууц захиалагч ажилтнууд Э -д нэгдэж, ТББ-ын нэр дээр орон сууцны барилгын 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг гаргуулан С ХХК нь банкнаас зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр байх ёстой гэсэн шаардлага банкнаас тавьж байсан. Өөр зорилгоор ашиглахгүй гэж С ХХК -ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Э -д удаа дараа тавьснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагчид мэдэгдэлгүйгээр С ХХК -ийн нэр дээр шилжүүлсэн байна. 7 жил хүлээлгэсний эцэст эхний айлын орон сууц баригдаж 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Гэтэл гүйцэтгэгч компани нь орон сууцны барилгыг хүлээлгэн өгөхгүй зөвхөн зээл авах зорилгоор шилжүүлэн авсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг манай өмч гэж компанийн ажилтнуудаас өөр гадны иргэдэд давхар зарж борлуулж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д -ийн ажилчдын орон сууц захиалан бариулах 2-270/15 тоот гэрээг цуцалж, гэрээний үр дүнд бий болсон айлын орон сууцны Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөгч нь Э -ын өмч мөн болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Э -ын нэр дээр гаргуулахыг даалгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 5,088,679,200 төгрөг, гэрээний 3.11-д заасны дагуу 219,542,400 төгрөг, компанаас орон сууцны хөнгөлөлт шилжсэн боловч орон сууцанд орохгүй гэсэн ажилтнуудын хөнгөлөлт 299,560,000 төгрөг нийт 5,607,781,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С -иудын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нар ямар хууль зүйн үндэслэл, гэрээ хэлцлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй, үр дүнд нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь харагдахгүй байна. 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны дуусаагүй барилгын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь өнөөдөр 100 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээж авсан, улсын бүртгэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хүчингүй болгуулах гээд байгаа гэрээний зүйл болох 210 айлын орон сууцны барилгын угсралтын ажилд захиалагч, гүйцэтгэгч талуудаас нийт 5 тэрбум төгрөг зарцуулсан. 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг анх ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн Э -ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлсэн талаарх баримтаа нэхэмжлэлд хавсаргаагүй нь хариу мэтгэлцэх боломжийг хязгаарлаж байна. Нэхэмжлэгч нь өөрийгөө гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж нэрлэж байгаа боловч ямар гишүүдийнх нь ямар эрх зөрчигдсөн, тэр зөрчигдсөн эрхээ хэнээр яаж хамгаалуулах талаар ямар шийдвэр гаргасан эсэх талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь зөвхөн захиалагч нартай хүчин төгөлдөр болсон болон хүчин төгөлдөр болоогүй гэрээний эрх зүйн харилцаанд орсон С ХХК -д хариу тайлбар гаргах боломжийг олгохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/2022 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/17497 дугаар захирамжаар Д -ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тухайн гуравдагч этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол Э болон С ХХК -ийн хоорондын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай маргаанаас болоод хөндөгдөх гээд байгааг нэхэмжлэгч тодорхойлоогүй учраас гуравдагч этгээд Д -д холбогдох тайлбар, түүний үндэслэлийг тодруулсан нотлох баримтаа гаргаж өгөхөөс өмнө хариуцагчийн хувьд урьдчилан таамаг маягаар тайлбар гаргах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д Д хамтран нэхэмжлэгчээр орж ирсэн, хамтран нэхэмжлэгчээр орж ирэхдээ захиалагчид мэдэгдэлгүйгээр С ХХК -ийн нэр дээр шилжүүлсэн байна. Иргэний хуульд өөрийнх нь зөвшөөрөлгүй ямар нэгэн үйлдэл хийсэн бол зөвшөөрөл авах этгээдээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрх үүсэх эрхтэй. Гэтэл зөвшөөрөл авах ёстой этгээдтэйгээ нийлж гуравдагч этгээдээс өөрийн биш хөрөнгийг хүлээлгэн өгөхийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нотлох баримт тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болохоор хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Д -тай байгуулсан гэрээ 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цуцлагдсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтрүүлсэн хохирол шаардсан нь Д төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гаргасан гэрээг дүгнэж, D-блок дээр шинэчлэн байгуулах, гэрээний орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,950,000 төгрөгөөс харилцан ярилцаж тогтоох санал хүргүүлсэн. 2019 онд цуцалсан гэрээг дахин шүүхээр цуцлуулах гэж нэхэмжлэл гаргаж, ямар ч үндэслэл, тооцоо судалгаа, нотлох баримтгүйгээр хор хохирол гэж ихээхэн хэмжээний төлбөр нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломж, хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүргээ биелүүлээгүй эрхийг нь хангуулах гээд байгаа гэж ойлгож байна. Би орон сууц захиалснаас хойш орон сууцандаа орж чадаагүй цаг хугацаа хойшлох тусам зардал өндөр гараад хохиролтой байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БА-183/2022 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд дурдсаны дагуу Э -ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С ХХК -д даалгаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар С ХХК -д холбогдох Д -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э -аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК -аас 140,400 төгрөг гаргуулж, Э -д олгож, нэхэмжлэгч Д тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар Д -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д гэрээ цуцлах тухайгаа хариуцагчид мэдэгдэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гэрээний үүргээ биелүүлэх хугацаа тогтоосон боловч гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй байх тул захиалагч Д -ийн нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан. Нэгэнт хуульд заасны дагуу захиалагч нь гэрээг цуцалсан байгаа тул шүүх дахин гэрээ цуцлах асуудлыг шийдвэрлэхгүй дүгнэсэн байна. Маргаан бүхий талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2-270/15 тоот гэрээ хүчин төгөлдөр үйлчилсэн болох нь дараах баримтуудаар нотлогдоно. Тус ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 70 хувийн гүйцэтгэлтэй байхад захиалагч Д нь Э -ын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Учир нь Э нь дүрмийн 6.1-д заасан эрхийн хүрээнд өмнө нь 3 ажилтнуудын орон сууцыг ашиглалтад оруулсан, мөн Э , С ХХК -ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 01/17 тоот гэрээ байгуулж С ХХК нь дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаалан авсан зээлийг зөвхөн Эрчим хотхоны 10/4 байрны барилга угсралтын ажилд зарцуулах, Эрчим хотхоны 10/4 байрыг ашиглалтанд орсны дараа захиалагчдыг банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулан үл хөдлөхийн гэрчилгээг захиалагчдын нэр ээр гаргуулан дуусаагүй барилгыг гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Энд ямар ч өмчлөх эрх шилжүүлэх тохиролцоо байгаагүй. Гэтэл Э нь дур мэдэн уг барилгыг С ХХК руу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг шилжүүлж, Д -ийн ажилчдын эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн. Тэр ч утгаараа анхан шатны шүүх Э -ын арилжааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хэмээн дүгнэсэн. Шүүхийн энэхүү дүгнэлт нь Д болон С ХХК -ийн хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2-270/15 тоот гэрээний зүйлийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай дүгнэлт атлаа энэхүү гэрээ өмнө нэгэнт цуцлагдсан гэрээ гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ. Гэтэл 2019 онд цуцлагдаагүй хожим гэрээний үүргийн харилцаа хүчинтэй хэвээр үргэлжилсэн болох нь талуудын хооронд харилцан солилцсон албан бичгүүдээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 2-270/15 тоот хүчин төгөлдөр гэрээний үүрэг шаардсан байна. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг 70 хувь байхад шилжүүлж авсан учраас одоо 100 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй гэж маргасан ч ажил гүйцэтгэгчийн хувьд уг хөрөнгийг 100 хувь болгон улсын комисст хүлээлгэн өгөх нь мөн гэрээгээр хүлээсэн үүрэг нь юм. Эдгээр баримтуудаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зохих хэсэг биелэгдсэн хүчин төгөлдөр үүргийн харилцаа үргэлжилж байгаа нь нотлогдож байна. Тиймээс 2-270/15 тоот гэрээг цуцлах шаардлыг шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Ийнхүү гэрээг цуцалснаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцалсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой. Шүүх Д -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр гүйцэтгэгч компанийн удирдлага гэх Ц.Мөнхбаатар нь “...манай компанийн захиалагч ажилтнууд руу танай компанийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон, манайх 30 хувьдаа орон сууц авна” гэх мэт дарамт шахалт үзүүлж, шөнийн ээлжинд ажиллаад ирэхэд нь орон гэрт нь халдаж цоожийг нь сольж өөр хүн оруулж эмх замбараагүй байдал үүсгэж байна. Иймд, нэг компанийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж шийдвэрт өөрчлөлт оруулж 2 дахь заалтаар Д -ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Д -аас хариуцагч талд ирүүлсэн албан бичгийг үндэслэж гэрээг цуцалсан гэж дүгнэсэн.  2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гэрээ дүгнэх, Б блокыг шинэчлэн байгуулах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн. Анхан шатны шүүх Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гэрээ цуцлагдсан учраас холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг дахин хянаж үзэхэд бусад албан бичгүүдээр гэрээ цуцалсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн, 3 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр талд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ДЦС ТӨХК-ийн 1/1161 дугаар албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулсан. Тус албан бичигт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд барилгын ажлыг дуусгахгүй бол гэрээг цуцалж, холбогдох хохирлыг гэрээний 6.2-т заасны дагуу холбогдох хохирол нэхэмжилнэ гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2019 он 11 давхрын цутгалтай байсан барилга 68 хоногийн хугацаанд 16 давхар гүйцэтгэлтэй барилгыг дуусгахгүй бол гэрээг цуцалж, холбогдох хохирлын хамт нэхэмжилнэ гэсэн албан бичгийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан. Гомдолд дурдсан нотлох баримтууд байгаа учраас гэрээний эрх үүрэг үргэлжилсэн гэдгийг гомдлын 3 дугаар талд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр илгээсэн албан бичигт 4 зүйлээр гэрээг цаашид хэрэгжүүлэх санал тавьж хамтран ажилласан гэж дурдсан байдаг. Гэтэл гэрээг хэрэгжүүлэх санал биш, цаашид Д -тай хамтран ажиллах гэрээний эрх үүргийн харилцаа дуусгавар болсон тул Э -ын төлөөллүүдийг оролцуулан асуудлыг шийдвэрлүүлж, гэрээг шинэчлэх. Д -ийн гэрээгээр хүлээсэн ерөнхий үүрэг биелэгдсэн буюу цаашид Д -аас ажилчдыг ямар нэгэн орон сууц худалдан авахад дэмжлэг байхгүй. 154 ажлын орон сууцанд захиалгын гэрээ болон болзолт хэлцэл хийгдсэн байх тул цаашид гүйцэтгэгч компанид захиалагч ажилтантай орон сууц бариулах гэрээний дагуу ажиллах боломжийг хангах гэж заасан. Э -ын орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан захиалагч ажилчдыг шахаж шаардах, төлбөрийг өөрсдийн дансанд төвлөрүүлэх, ажилчдын ажлын гүйцэтгэлийн дагуу С ХХК -д шилжүүлэх. Өөрөөр хэлбэл, цуцлагдсан гэх гэрээнд Д -ийн зүгээс ажилтан гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөр төлөхгүй, орон сууц авахаас татгалзсан тохиолдолд дараагийн ажилтанд орон сууц шилжүүлэх үүрэгтэй. Д -ийн эрх, үүрэг гэрээ дуусгавар болгосноор хэрэгжих боломжгүй болсон тул 3 дугаар зүйлд Эрчимт хотхон гэдэг ажилчдын төлөөллийг оролцуулах байгууллагын эрх үүргийг Э -ыг хариуцаж ажиллах санал тавьсан. Д -ийн зүгээс “Хаан банк” ХК-д хүргүүлсэн албан бичигт гэрээ хүчин төгөлдөр гэж баталсан гээд байгаа нь манай компанийн хүсэл зоригийн илэрхийлэл биш. Д -ийн зүгээс “Х” ХК-д ирүүлсэн албан бичгийг хариуцагч компани хүсэл зоригоо илэрхийлсэн мэтээр дурдсан байна. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/333 албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар тал/-ийг үндэслэн ажилчдын орон сууцыг үргэлжлүүлэх бариулах ямар ч эрх зүйн үндэслэлгүй болсон тул танай компанитай цаашид хамтран ажиллах боломжгүй талаар 2018  оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичигт “...гэрээний зүйл болох эд хөрөнгө болон газрыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж өгнө үү. Дурдсан хугацаанд чөлөөгүй тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангахгүй болохыг мэдэгдэж байна” гэж 2018 оны өвөл гэрээ цуцалж байгаагаа дурдаж барилгын тог тасалсан. Манай компанийн зүгээс орон сууц захиалан бариулах гэрээний дагуу болзолт хэлцэл байгуулж, тус гэрээний дагуу хамтарч ажиллаж, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу гэрээ байгуулснаас хойш 7 жилийн дараа маргаан бүхий барилгыг ашиглалтад оруулсан. Өнөөдрийг хүртэл ирүүлсэн албан бичиг болох Д -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заалтын шаардлага бол "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" байх ёстой юм байна. Э болон С ХХК -иуд тухайн үед тодорхой үр дүнд хүрэх зорилгоор, өөрөөр хэлбэл "...захиалагч, гүйцэтгэгч талуудаас нийт 5.0 тэрбум гаруй төгрөг зарцуулаад байгаа..." (хэргийн 15-р хуудас), 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Э -ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэлээр "...Манай ажилчид...давхар зээлтэй болон боломжгүй хүмүүс нь урьдчилгаа төлбөрөө хийж чадахгүй байна...С ХХК нь нэгэнт өөрсдийн хөрөнгийг оруулсан, мөн цаашид өөрийн нэр дээр зээл авч, барилгыг дуусгах гэж байгаа..." (хэргийн 21-р хуудас) гэдгийг тус тус хүлээн зөвшөөрч, захиалагч талаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас шалтгаалж гүйцэтгэгч компани өөрөө хөрөнгө босгох зорилгоор өөрийн болоод захиалагч ажилчдын хөрөнгөөр боссон 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын улсын бүртгэлийг өөрийн нэр дээр болгох 3 талын хүсэл зориг, эрмэлзлэлтэйгээр маргаан бүхий хэлцлийг хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно. Тухайлбал, энэ хэлцлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулан түүнийгээ барьцаалсан зээлийн хөрөнгөөр барилга угсралтыг үргэлжлүүлэн орон сууц болгон улмаар хүсэл сонирхлоо илэрхийлсэн захиалагчдыг ХААН банкны зээлд хамруулан тэдний үүргийн гүйцэтгэлд батлан даалт гарган маргаан бүхий үл хөлдлөх хөрөнгийг барьцаалан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БДГ21/03 тоот батлан даалтын гэрээ байгуулснаар Д -ийн ажилчдад зээл олгогдож, түүн дээр нь өөрсдөө нэмэн байж хөрөнгө босгон барилгаа барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гомдолтой байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн эсхүл хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцох боломжтой. Гэтэл маргаан бүхий арилжааны хэлцэл нь Иргэний хуулийн 42, 109 дүгээр зүйл, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн шаардлагуудыг хангасан хэлцэл болохоор хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийсэн арилжааны хэлцэл нь тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлагагүй хэлцэл болохоор Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухай шийдвэрийг заавал аваад байх хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү гэрээг байгуулахад тодорхой этгээд зөвшөөрөл авах тохиолдлыг тодорхойлсон хуульд заасан зүйлгүй боловч нэхэмжлэгч Э -ын эрх бүхий этгээдүүд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдвэр гаргасан нь түүний анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтуудаас тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэж хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Мөн шүүх “...Ү- улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээ орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 210 айлын орон сууц захиалан бариулах гэрээний дагуу барилгыг ашиглалтанд өгөх асуудалд банкнаас зээл авахын тулд 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг С ХХК -ийн өмчлөлд дүр үзүүлэн шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон арилжааны гэрээний дагуу бараа материал буюу арматур, цементийг Э -д өгөөгүй болох нь шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбараар тогтоогдож байна." гэж дүгнэхдээ "...210 айлын орон сууцны...барилгын угсралтын ажилд захиалагч, гүйцэтгэгч талуудаас нийт 5,0 тэрбум төгрөг зарцуулаад байгаа...” 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг анх Э эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа өнөөдрийн С ХХК -ийн нэр дээр хүчин төгөлдөр байгаа улсын бүртгэлд бүртгэлтэй, 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болсон, улсын комисс хүлээж авсан, 60 гаруй оршин суугчид нь банкны зээлээр орон сууцаа өмчлөх эрхээ олоод авсан ба гагцхүү өмчлөх эрхийг нотолсон эрх зүйн баримт бичгээ хүлээж байгаа. Дээрх 60 гаруй хүний зээлийн батлан даалтыг нь хариуцагч С ХХК хариуцаж байгаа. Үүний тулд ХААН банк энэхүү батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Орон сууцны барилгыг буцаан шилжүүлэх утгатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нөгөөтэйгүүр ийм байхад анхан шатны шүүх ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг юмаа гэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заалтыг хэрэглэхдээ нэхэмжлэгч ямар үнэ, өртөгтэй үл хөдлөх хөрөнгөтэй болсон, түүнийгээ ямар баримтаар нотолсон зэрэгт дүгнэлт өгч шүүхийн шийдвэр биелэх боломжтой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч С ХХК -ийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Улсын Архивын ерөнхий газраас өгөх ёстой бичиг баримтыг өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүчин төгөлдөр бус арилжааны гэрээ, хүчин төгөлдөр үйлчилж байгаа 15 тоот гэрээ талуудын маргааны зүйл. Анхан шатны шүүх дүр үзүүлсэн хэлцлийг зөвхөн арилжааны гэрээ, эд зүйлийн тухайд дүгнэлт хийсэн. Гэтэл хариуцагч нарын зүгээс шүүхийг төөрөгдөлд оруулах зорилгоор давж заалдах гомдол гаргаж байна. С ХХК -аас маргаан бүхий орон сууцнаас үйлчилгээний талбай, авто машины гарааш болон 15 тоот гэрээний зүйлийг шаардаж Д -д албан бичиг хүргүүлсэн. Ингэснээр 15 тоот гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр юм.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байхад тухайн гэрээг баримталж хариуцагчаас хохирол шаардаж байгаа нь гуравдагч этгээд болоон тус орон сууцыг худалдан авсан хүмүүст хохирол учруулж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Э нь хариуцагч С -иудад холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/, Ажилчны гудамж, тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Э -ын нэр дээр гаргуулахыг даалгах,

Нэхэмжлэгч Д нь хариуцагч нарт холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д -ийн ажилчдын орон сууц захиалан бариулах 2-270/15 тоот гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 5,088,679,200 төгрөг, гэрээний 3.11-д заасны дагуу 219,542,400 төгрөг, компаниас орон сууцны хөнгөлөлт шилжсэн боловч орон сууцанд орохгүй гэсэн ажилтнуудын хөнгөлөлт 299,560,000 төгрөг, нийт 5,607,781,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн арилжааны гэрээний дагуу Э -ын өмчлөлийн Нийслэлийн 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С ХХК өмчлөлд шилжсэн, үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн иж бүрэн бичиг баримтыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд заасны дагуу өөрийн нэр дээр буцаан хүлээлгэж өгөхийг даалгах” гэж тодорхойлжээ./1хх1-3, 227-229, 3хх121-123, 9хх121-122, 154-157/

Нэхэмжлэгч Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д нь С ХХК -тай 2-270/15 дугаартай байгуулсан Д -ийн ажилчдын орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 154 нэр бүхий захиалагч ажилтнуудаас төлбөл зохих 10,177,358,400 төгрөг төгрөгөөс тооцож алданги 5,088,679,200 төгрөг, гэрээний 3.11-д заасны дагуу 219,542,400 төгрөг, компанаас орон сууцны хөнгөлтөөр шилжсэн боловч орон сууцанд орохгүй айлуудын хөнгөлтөд төлсөн 299,560,000 төгрөгийг тус тус гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Э -д буцаан шилжүүлэхийг даалгах” гэж тодорхойлжээ./3хх138-141, 143-157, 9хх123-124, 154-157/

4. Хэрэгт авагдсан баримтаас маргааны зүйл болох 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн арилжааны гэрээгээр хариуцагч С ХХК -д өмчлөх эрхийг нь шилжүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ ажилчны гудамж, тоот хаягт байршилтай 14342,4 м.кв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комиссын дүгнэлтэд тусгагдсанаар Д -ийн захиалгаар С ХХК -ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой, 12 давхар хүчин чадал бүхий,  24 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, айлын орон сууцны зориулалттай барилга болж өөрчлөгдсөн, уг барилгад гэрээ байгуулахаас өмнө захиалагч, гүйцэтгэгч талуудаас 5 тэрбум гаруй төгрөг зарцуулсан, нэр бүхий 154 захиалагч ажилтнуудаас 7840.8 м.кв талбай бүхий орон сууцны төлбөрт 10,001,851,884 төгрөг төлсөн, уг төлбөрт нэхэмжлэгч Д ажилтнуудаа үзүүлсэн хөнгөлт 1,546,216,200 төгрөг багтсан, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний гүйцэтгэгч болох хариуцагч С ХХК нь уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зориулж “Х” ХК-аас 2.6 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалт авч, зээлээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хаасан гэх байдлууд “Хаан банк” ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээс харагдаж байна . /9хх86/

Түүнчлэн, нэр бүхий 154 захиалагч ажилтнуудаас Э -д итгэмжлэл олгож, өөрсдийгөө төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон/3хх123-134/ байх ба нэхэмжлэгч нарын шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөд захиалагч 154 ажилтан, захиалагч байгуулага Д , гүйцэтгэгч “Соёмбо контсракшн” ХХК-иудаас хөрөнгө оруулалт хийж улмаар гүйцэтгэгч нь уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгасан, уг барилгын талбайн хэмжээ болон үнэ цэнэ нь өөрчлөгдөж, улмаар маргааны зүйлийг бодитойгоор буцаан шилжүүлэх боломжгүй байгаа нөхцөлд анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, мэтгэлцүүлэх ажиллагааг явуулах нь маргааны зүйлд хамааралтай үйл баримт, нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоох нь ач холбогдолтой байжээ.

4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зохигчид маргааны зүйлийн талаар мэтгэлцэх, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Тодруулбал, захиалагч ажилтан, захиалагч байгууллага, гүйцэтгэгч нарын хэн аль нь маргаж буй 70 хувийн гүйцэтгэлтэй барилга байхад оруулсан хөрөнгө нь холилдсон, уг барилгыг ашиглалтад оруулах үүднээс гүйцэтгэгч компанийн банкнаас авсан зээлийг төлсөн байдал хэргийн баримтаар нотлогдсон тохиолдолд гэрээний талуудын оруулсан хөрөнгийн хэмжээг ялган зааглаж тодорхойлсоноор гэрээний үр дагаврыг шийдвэрлэх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий барилгат талуудын оруулсан хөрөнгө холилдож, уг хөрөнгөөр барилга ашиглалтад орсон гэж байгаа нөхцөлд гэрээг цуцалж, өгсөн авсныг буцаах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй буюу талуудын хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тодорхойгүй байх тул эдгээр нөхцөл байдлуудыг бүрэн тодруулсны үндсэн дээр шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх  боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                  Д.ЦОГТСАЙХАН