Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00771

 

Т.Тулгабатын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00138 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 680 дугаар магадлалтай,

Т.Тулгабатын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Тулгабатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Тулгабат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаар шүүгчийн захирамжаар надаас болон эхнэр Д.Болортуяагаас 130.964.639 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд эхнэр Д.Болортуяагийн өмчлөлд бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047131 дугаарын Баянгол дүүргийн 1, дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамж, 21 дүгээр байр 49 тоотод байрлах 112.7 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх талаар асуухад 282.000.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг үнээс хэт доогуур буюу 197.400.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар надад мэдэгдсэн. Иймд дээрх орон сууцыг 197.400.000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, орон сууцыг хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулалгүй битүүмжилж, хураасан ба нөхөн гарын үсэг зуруулсан тул  битүүмжилсэн, хураасан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаартай шүүгчийн захирамжаар Т.Тулгабат, Д.Болортуяа нараас 131.777.462.20 төгрөгийг Хас банканд олгохоор шийдвэрлэж үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамжны 21 дүгээр байрны 49 тоотод байрлах 112.7 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан. Төлбөр төлөгч нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 282 000 000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 282.000.000 төгрөгийн 70 хувь болох 197.400.000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоохыг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т  заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хураахдаа хөндлөнгийн гэрчээр М.Ганзориг, Б.Бямбазориг нарын оролцуулан энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл тусгаж, танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундармаа шүүхэд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, мөн үнийн санал авах ажиллагаа шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00138 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь зүйлд заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаартай шүүгчийн захирамжаар Т.Тулгабат, Д.Болортуяа нараас 130.964.639 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 812.823.20 төгрөг нийт 131.777.462.20 төгрөгийг Хас банканд олгохоор шийдвэрлэсэн захирамжийн дагуу явагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06095 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 680 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “34 дүгээр зүйлийн 34.3,” гэсний дараа “34 дугаар зүйлийн 36.1” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Тулгабат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.10-ны өдрийн 181/ШШ2017/00138 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.10-ны өдрийн 680 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хөндлөнгийн гэрч хэмээн гарын үсэг нөхөн зуруулсан иргэдийг, мөн битүүмжлэх хураах ажиллагаанд оролцсон өмчлөгч Болортуяаг гэрчээр асуулгах тухай хүсэлтүүдийг удаа дараа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж гарын үсэг зурсан иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх, төлбөр төлөгч, өмчлөгч нарын эрх ашиг зөрчигдсөн эсэх мөн төлбөр төлөгч өмчлөгч нараас санал хүсэлт гаргасан эсэх, гаргасан бол шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хүлээн авч шийдвэрлэсэн эсэхэд хөндлөнгийн гэрчийн байр сууринаас оролцох эрх үүрэг бүхий этгээд мөн эсэх тодорхой болох байсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн гэрчийг хуулийн дагуу хураах ажиллагаанд  байлцуулаагүй, хөндлөнгийн гэрчгүй үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг хийж, гэрч хэмээн 2 иргэнээр нөхөн гарын үсэг зуруулсан гэж мэтгэлцсээр байхад 2 шатны шүүх анхаарч үзээгүй хөндлөнгийн гэрч оролцсон гэж хянан шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Тулгабат нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан орон сууц битүүмжлэх, хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг “...хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, үнийг үндэслэлгүйгээр бууруулсан...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаар захирамжаар Т.Тулгабат, Д.Болортуяа нар нь “Хас” банкинд 130.964.639 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчтай эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.  

Шүүгчийн дээрх захирамжид 2016 оны 6 дугаар сарын 13-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, 21 дүгээр байр 49 тоотын 112.7 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Төлбөр төлөгч, өмчлөгч орон сууцаа 282.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрчээ /хэргийн 43-45 дугаар тал/.

Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч тал харилцан тохиролцсон тул уг үнийн 70 хувиар дуудлага худалдааны санал өгөх доод үнийг тогтоосон хариуцагч байгууллагын ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

Дуудлага худалдааны санал болгох үнийг хэт доогуур тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдол баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч оролцож, тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан /хэргийн 37-42 дугаар тал/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т “төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан  өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан ба  нэхэмжлэгч “...битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгох” шаардлагаа энэхүү журмын дагуу гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргааныг зохицуулсан хуулийн заалтыг буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 680 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Тулгабатын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ