| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2035000000156 |
| Дугаар | 177 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 177
С.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ДШМ/07 дугаар магадлалтай, С.Д-д холбогдох 2035000000156 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Д-ыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Д-аас хохиролд 777,000 төгрөгийг Увс аймгийн Тариалан сумын Байгаль хамгаалах сангийн 100151355405 данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 388,879 төгрөгийн үнэ бүхий 1.6367 метр куб 78 ширхэг шинэс модыг, шүүгдэгч С.Д-ын эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын мотоциклыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Дружба хөрөөний үнэ болох 20,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Д гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Би эрүүгийн хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Харин нийтэд тустай ажил хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нийтэд тустай ажил хийх цаг хугацаанд баруун нүдэндээ болор суулгах шаардлагатай болсон тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хэрэгт шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэх баримт авагдаагүй тул түүнд шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хяналтын шатны шүүх шүүгдэгч С.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Шүүгдэгч С.Д нь **** аймгийн **** сумын **** баг, “****” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 10-ны үед зохих зөвшөөрөлгүйгээр 1.6367 метр куб шинэс мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 388,879 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.
Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарласнаас гадна шүүхийн дүгнэлт “Ойн тухай” хууль, түүнд тусгагдсан ойлголтод нийцжээ.
Шүүгдэгч С.Д хяналтын шатны шүүхэд гаргасан “...баруун нүдэндээ болор суулгах шаардлагатай болсон тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж байжээ.
Хоёр шатны шүүх шүүгдэгч С.Д-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм бурууд маргаагүй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Үүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-ын ял эдлүүлэх газрыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-т гэж тусгайлан заасныг буруутгах боломжгүй бөгөөд шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотойгоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2, 163.3-т тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэх асуудалд хамаарна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хуульд нийцсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ДШМ/07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ