| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 102/2016/02474/и |
| Дугаар | 1404 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1404
“Зул” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03850 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Зул” Сууц өмчлөгчдийн холбооны
Хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдох
Дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 569 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Солонго,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “Зул” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Н.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Сууц өмчлөгчдийн холбооны 12 дугаар байрны 5 тоотод оршин суугч Д.Эрдэнэбаатар нь 2011 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал нийт 59 сарын сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 569 690 төгрөгийг төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар 569 690 төгрөгийг нэхэмжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдын мөнгөөр санхүүждэг, засвар үйлчилгээ хийдэг, үйлчилгээний ажилчдын цалинг тавьдаг. Энэ мөнгийг төлөөгүйгээс үйл ажиллагаа доголдоход хүрдэг. Байранд нь цанталт үүссэнээс төлбөр төлөөгүй гэж байгаа ч бид үүнийг засуулахаар мэргэжлийн ажилчид явуулсан боловч өөрсдөө засуулаагүй байсан. Тэгэхээр нь өөрсдөө засуулчихаад төлбөрөө сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөсөө хасуулаад тооцуулж болохыг хэлсэн боловч энэ талаар баримт огт өгөөгүй. Манай сууц өмчлөгчдийн холбооны зүгээс мэргэжлийн компанийг оруулж засвар хийлгэж, айлуудын цанталыг арилгах арга хэмжээ авсан. Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс 2011 оны 12 дугаар сар хүртэлх төлбөрийг хасахад татгалзахгүй, харин үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 5 тоотод оршин суудаг нь үнэн. 2003 оноос 2011 он хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан боловч 2011 онд манай байранд цандалт хийснээс хойш даацын хана улам их цан цохиж мөөгөнцөрдөж байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар даацын хана нь орон сууц, байшингийн дундын хөрөнгөд орж байхад даацын ханын засвар үйлчилгээнд “Зул” Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй, сууц өмчлөгчдийн холбооны захиргаанд хандахад засвар үйлчилгээг хариуцаж байгаа эзэн байхгүй хэнд хандах нь ойлгомжгүй байсан. Иймд миний бие тус орон сууц өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээ байхгүй тул Сууц өмчлөгчдийн холбоо болон сууц өмчлөгч бидний хооронд иргэний хэргийн маргаан үүсэх үндэслэлгүй, иргэний харилцааны оролцогч биш гэж үзэж байна.
Хэрэв нэхэмжилж байгаа төлбөрийг би төлөх үүрэгтэй гэж үзвэл “Зул” Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар холбооны дүрэм болон холбооны үйл ажиллагаа, сар, улирал, жилийн эцсийн тайлан бланс, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэгт тус тус заасан зай талбайг сууц өмчлөгч надад ногдох хэсэг, ногдох м.кв болон м.кв-ыг үнэлсэн үнэлгээ зэргийг танилцуулдаггүй учраас сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг мэдэх боломжгүй байгаа нь “Зул” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэл үндэслэлгүй. Оршин суугч миний болон миний гэр бүлийн хувьд сууц өмчлөгчдийн холбооны хариуцлагагүй байдлаас даацын ханын засвар үйлчилгээ хийгдээгүй, засвар үйлчилгээг хариуцах эзэнгүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын иргэн хүний хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөж байгаагаас гэр бүлийн гишүүд өвчлөмтгий болж, чийгтэй, мөөгөнцөртэй орчноос болж халдварт өвчин гарах магадлал үүсч байгаа талаар Сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэхэд мөн л шийдвэрлэж өгөхгүй хариуцах эзэнгүй байсаар байна. Иймд Иргэний хуулийн 82, 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6, 15 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Өмнө нь бид төлбөрөө ямар ч асуудалгүй төлөөд яваад ирсэн. Манай байр өмнө нь цанталт өгдөггүй зүгээр байхад сууц өмчлөгчдийн холбооны зүгээс мэргэжлийн бус хүмүүсээр барилгын ажил хийлгэснээс болоод цанталт өгдөг болсон. Иймээс бид хийлгээгүй юм, өөр газраас хийлгэх тухай бодож байсан боловч амжаагүй, өөрсдөө сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс хасна гэж хэлчихээд хасахгүй байгаа юм. Хэрвээ төлвөл завсар үйлчилгээний зардлыг нь хасаад төлөхийг зөвшөөрч байна. Засвар үйлчилгээ хийгээгүй болохоор энэ зардлыг нь төлөхгүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 741 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зул” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-т заасны дагуу даацын хана дундын өмчлөлийн хөрөнгө байсаар байтал даацын хана цана цохиж, хөгц мөөгөнцөртөж, энэ талаар “Зул” сууц өмчлөгчдийн холбоонд удаа дараа мэдэгдэхэд засвар үйлчилгээ хийнэ гэж өөрөө ирж зураг дарж авсан боловч одоо хүртэл засвар хийгдээгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасны дагуу гадна талбай, явган шат зэрэг нийтийн зориулалттай талбайг нийт суугчидад хуваасны м.кв-ыг тогтоосон тайлан байхгүй. Иймд миний бие тус Сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээ байхгүй, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн бидний хооронд иргэний эрх зүйн маргаан үүсэх үндэслэлгүй гэж үзэж байна. ...“Зул” Сууц өмчлөгчдийн холбооны хариуцлагагүй байдлаас даацын хана засвар үйлчилгээ хийгдээгүй хариуцах эзэнгүй, сууц өмчлөгчдийн холбоо мэдсэн ч мэдээгүй юм шиг хайхрамжгүй байдлаас иргэн миний болон гэр бүл үр хүүхдүүдийн минь хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх минь ноцтойгоор зарчигдсөөр байтал шүүх төлбөр гаргаж шийдвэрлэлээ. Иймд шүүхийн шийдвэрийг шударга үнэн зөвөөр хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “Зул” СӨХ нь хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдуулан дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 569 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2011 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд нийт 569 690 төгрөг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч “Зул” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11, 12, 13 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус 12 дугаар байр уг Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 110 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй ба тэрээр орон сууцны дундын өмчлөлийн зүйлийг ашигладаггүй, засвар үйлчилгээг авдаггүй байх үндэслэлгүй.
Хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөх үндэслэлгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Хэрэгт авагдсан 4 ш фото зурагнууд /хх-14/ нь хариуцагчийн оршин сууж буй орон сууц, амьдардаг өрөөний зураг мөн эсэх, хуульд заасан арга хэлбэрээр авсан эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй.
Хариуцагч Д.Эрдэнэбаатарын “...засвар үйлчилгээ муу, байрны цанталтыг арилгаагүй, мэргэжлийн бус хүмүүсээр засвар хийлгэсэн, сууц өмчлөгчдийн холбооны тайлан байхгүй, танилцуулаагүй, гэрээ байгуулаагүй,...” гэх тайлбар нь Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар гомдол болохоос бусад сууц өмчлөгчдийн адил дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтооосон хэмжээгээр оролцох үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тооцон, нэхэмжлэлийн шаардлагаас 364 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасантай нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаатараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА