Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

улсын яллагч: П.Ганбаатар;

өсвөр насны шүүгдэгч:  Ч.Ч, түүний хууль ёсны төлөөллөгч Б.Чинбат, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Элжгэн овогт Ч.Чт  холбогдох эрүүгийн 1809001340933 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  Батлан хамгаалах их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-420 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаартай, Элжгэн овогт Ч.Ч.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Өсвөр насны яллагдагч Ч.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жасмин” төвийн орчим өсвөр насны хохирогч Г.Нарангаравыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Нарангарав /хх-ийн 32-34, 41/,арван найман насанд хүрээгүй гэрч Б.Наранбаатар /хх-ийн 40/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Э.Дашням /хх-ийн 44/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Т.Анхбаяр /хх-ийн 45/, арван найман насанд хүрээгүй гэрч Р.Ууганбаяр /хх-ийн 42/ нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Ч.Чийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36, 3-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 811 дугаартай дүгнэлт /хх-ийн 49/,  Ч.Чийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-66/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батдуламын хүсэлт /хх-ийн 76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жасмин” төвийн орчим “дүү Э.Дашнямыг дээрэлхсэн” гэсэн шалтгаанаар арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Нарангаравыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Нарангаравын /хх-ийн 32-34, 41/: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Жасмин” төвийн 2 дугаар давхарт байрлах интернет тоглоомын газарт найз Наранбаатарын хамт тоглож байгаад гарах гэж байтал үл таних хүүхдүүд замд зогсож саад болоод хажуугаар нь гараад явах гэтэл мөрлөөд манай найз Наранбаатарыг “замаа хараач” гэсэн. ...Тэр хүүхдүүд хойноос гарч ирээд маргалдаад зогсож байтал цаанаас бас хүүхдүүд ирсэн...Тэр хүүхдүүд нийлж байгаад Наранбаатар бид хоёрыг зодсон... Би доошоо хараад тонгойсон байсан тул тухайн хүнийг хараагүй. Намайг цохисон, өшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна…” гэх мэдүүлгээр,

 

арван найман насанд хүрээгүй гэрч Б.Наранбаатарын /хх-ийн 40/: “...Би найз Нарангаравтай хамт тухайн үед 6-н буудалд байдаг тоглоомын газар орсон юм. Гарах гээд явж байхад нэг хүүхэд намайг хашиж зогсоод байхаар нь би мөрлөөд гартал намайг “замаа харж яв” гэхээр нь би тэр хүүхдийг “чи жаахан юм байж эвтэйхэн яваач” гэж хэлээд цаашаа явж мөнгөө төлчихөөд Нарангаравтай цуг гадаа гартал 4-5 хүүхэд зогсож байсан. Нэг хүүхэд нь намайг “дүү яагаад дээрэлхээд байна” гээд миний нүүр рүү зөөлхөн нэг удаа цохисон, тэгэхээр нь би цаашаа зугтаасан... Миний хувьд гэмтэл учраагүй тул эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед миний авч явсан хуучин бэлтгэлийн хувцас, бэлэг зэрэг эд зүйлүүд алга болсон бөгөөд үүнийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

арван зургаан насанд хүрээгүй гэрч Э.Дашнямын /хх-ийн 44/: “... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би “Жасмин” төвийн “РС”-нд байж байтал тэр 2 хүүхэд намайг “давраад байгаарай” гээд хэл амаар доромжлоод байсан. Би гадаа гартал “Очир” төвийн үүдэнд Ууганбаяр, Чинзориг гээд 2 ах маань байхаар нь “намайг зодож байсан хүүхэд “РС” дотор намайг зодох гээд байна, та 2 намайг өмөөрөөд болиулаад өгөөч” гэж хэлсэн. Ууганбаяр, Чинзориг  ах нар тэр 2 хүүхэд дээр ирээд “гар бариад салцгаа” гэсэн чинь тэр 2 хүүхдийн намхан нь намайг гараараа хацар руу алгадсан...Тэгээд зодоон болсон...Манай Чинзориг тэр өндөр хүүхдийн дух руу өшиглөсөн. Би бодохдоо тэр хүүхдийн хамараас нь цус гарч байна гэж бодсон чинь толгойноос нь цус гарч байсан...” гэх мэдүүлгээр,

 

арван зургаан насанд хүрээгүй гэрч Т.Анхбаярын /хх-ийн 45/: “... 2 хүүхэд манай найз Дашнямыг дээрэлхэж мөрлөөд, хараагаад байсан чинь Дашням гарч Чинзориг, Ууганбаяр ах нарт хэлээд, Чинзориг, Ууганбаяр ах нар “Эасмин” төвийн гадаа ирж тэр хүүхдийг “гар бариад эвлэрээд салчих” гэхэд тэр 2 хүүхдийн намхан биетэй нь Дашнямыг алгадсан...Дараа нь өндөр  хүүхэд нь манай найз Ариунболдыг цохиж байтал Чинзориг ах өндөр хүүхдийн толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

 

арван найман насанд хүрээгүй гэрч Р.Ууганбаярын /хх-ийн 42/ “... Чинзориг бид 2 тэр 2 хүүхэд дээр очоод “яасан юм, юу болсон юм” гэж асуугаад “сүртэй юм болоогүй юм байна, уучлалт гуйгаад явчих” гэтэл тэ 2 хүүхдийн намхан нь Дашнямыг “чи мангар бацаан минь хэддүгээр анги юм” гэх зэргээр маргалдаж байгаад” хацар руу нь алгадсан...Манай найз Чинзориг тэр 2 хүүхдийн өндрийг өшиглөчихсөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Чийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 35-36, 3-5/: “...Манай дүү Дашнямтай тэр 2 хүүхдийн намхан нь муудалцаад хацар руу нь алгадаад байсан...Би өндөр найзыг нь уначихсан байхаар нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн... Сонсгож байгаа зүйл анги болон Нарангаравын эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Чийн буруутай үйлдлийн улмаас Г.Нарангаравын биед “тархи доргилт, духанд няцарсан шарх, зовхи, хацар, хамар, сарвуунд зулгаралт, цус хуралт, 1 шүдний эмтрэл” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 811 дугаартай дүгнэлт /хх-ийн 49/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Чийг санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү өсвөр насны шүүгдэгч Ч.Чийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Ч.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ч.Чийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан нийт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж нэг жилийн хугацаатай үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Элжгэн овогт Ч.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Ч.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Чт нэг жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ