Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4300

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04300

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ногооны1-30 дугаар байр, 18 тоотод оршин суух, Боржигин овогт Пүрэвдаваагийн Энхбаяр /РД: ХА61081106/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Энхбаяр, гэрч С.Шүрэнцэцэг, Х.Лхамцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс Монгол гутал тоноглолын үйлдвэрт гуталчнаар ажилласан. 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол гутлын үйлдвэрт 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэн үзэхэд архиваас огт гарч ирээгүй. Мөн хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг буруу бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Энхбаяр нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Пүрэвдаваагийн Энхбаяр нь 1961 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Улаанбаатар хотод төрж, 1961 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсний бүртгэлд бүртгүүлсэн нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх ба эцгийн нэр Гомбосүрэнгийн Пүрэвдаваагийн нэрийг авч бүртгүүлсэн байна. Энэ нь түүний иргэний үнэмлэх болон 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагааны бичилтүүдтэй тохирч байна.

 

Мөн гэрч нар нь нэхэмжлэгчийг Пүрэвдаваагийн Энхбаяр гэдэг байсан талаар болон түүнийг Улаанбаатар хотод төрж, Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь дээрх хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн албан тушаалтны тамга тэмдэгээр баталгаажсан бичилтүүдтэй тохирч байна.

 

Дээрхээс дүгнэхэд Пүрэвдаваагийн Энхбаяр нь Пүрэвдоржийн Энхбаяр нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Улаанбаатар хот дахь Нийтийн аж ахуй, үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулиас 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон Пүрэвдоржийн Энхбаяр гэх Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Пүрэвдаваагийн Энхбаяр мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН