Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/04092/И |
Дугаар | 4302 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 4302
2016 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2016/04302 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгчид Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 76-30 тоотод оршин суух, Ухаанууд овогт Дашнямын Цогбаяр /РД: ЖЯ87060710/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТТЭ-37-14 тоотод оршин суух, Халх тайчууд овогт Төрбатын Бат-Оюун /РД: ЧЛ81110410/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 659 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цогбаяр, хариуцагч Т.Бат-Оюун, иргэдийн төлөөлөгч Л.Чимэдлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18.10 цагийн орчимд ЧД-ийн нутаг дэвсгэрт 89-90 УНӨ улсын дугаартай, Хьюндай Соната 6 автомашиныг жолоодож явсан хариуцагч Т.Бат-Оюун нь Энхтайвны өргөн чөлөө 11-р сургуулийн баруун хойд уулзвараас баруун тийш дөнгөж өнгөрч яваад миний автомашины өмнө санаатайгаар огцом тоормозлосны улмаас зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослыг уг уулзвар дээр зохицуулж байсан цагдаа хараад өөрийн холбоогоороо зам тээврийн ослын үзлэгийн бүрэлдэхүүнийг дуудсан. Удалгүй ЧД-ийн ЗЦХ-ийн цагдаа нар ирж, ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. ЧД-ийн ЗЦХ-и,йн 2014 оны 604 дугаартай дүгнэлтээр Хариуцагч Т.Бат-Оюун нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “жолооч...шалтгаангүйгээр огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулахыг хориглоно” гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-ийн “г”-д “Жолоооч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон. Тухайн осол гарахын өмнө Д.Цогбаяр, би уг уулзварыг нэвтрэхээр чигээрээ явах 2-р эгнээнд машинтайгаа зогсож байхад 89-90 УНӨ автомашинтай Т.Бат-Оюун нь уулзвараар зүүн гар тийш эргэхээр дохио өгч, миний өмнө 2-р эгнээнд, эгнээ байрлалаа буруу эзлэн зогсч байсан. Зөвхөн чигээрээ явах ногоон гэрэл асахад Т.Бат-Оюун явалгүй түгжрэл үүсгэн зогссоор байсан, би болон миний ард байсан олон машин гэрлээрээ дохиж, сигналдаж, түүнийг явахыг шаардсан. Уулзвар дээр зохицуулж байсан цагдаа үүнийг анзаарч, түүнийг чигээрээ явахыг шаардахад тэрээр цагдаатай хэрэлдэж, 4 замын уулзварын голд хэсэг зогсч байгаад чигээр явсан. Уулзвар дөнгөж өнгөрөөд миний урд огцом тоормозлож осол гаргасан. Гэрэл дохион дээр тэр хамгийн өмнө байсан ба түүний урд өөр машин, явган хүний гарц, бусад саад байгаагүй зам чөлөөтэй байсан. Т.Бат-Оюун нь түүнийг зүүн гар тийш эргүүлэлгүй, араас нь сигналдаж, чигээр нь явуулахад хүргэсэн гэж надад хорссондоо дээрх үйлдлийг хийсэн. Ослын дараа тэрээр “Хохь чинь, араас мөргөсөн л бол чиний буруу” гэсэн. Мөн түүний 89-90 УНӨ машины арын буфер нь тухайн ослоос болоогүй хуучин олон эвдрэлтэй, будаг нь халцарсан байсан тул араасаа мөргүүлсэн болж, надаас төлбөр авах гэсэн санаатай байсан. “Итгэлт-Эстимэйт” ХХК үнэлгээний байгууллагын 2014.11.06-ны өдрийн №69977 дугаартай үнэлгээний тайлангаар миний 94-58 УНК Тоёота Приус 20 автомашин “урд талаасаа мөргөлдөж, урд буфер хагарч цуурсан, копут урд хэсгээрээ чихэгдэж, нугас хэсгээрээ гажсан, буферийн суурь төмөр нугарч гулзайсан” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд надад учирсан хохирлын хэмжээг 659 000 төгрөг гэж тогтоосон байна. ЧД-ийн ЗЦХ-ээс Т.Бат-Оюуныг надад учруулсан хохирлоо барагдуулахыг шаардахад Т.Бат-Оюун: “Би Номин даатгалд даатгуулсан тул даатгалаас ппөлбөрөө гаргуулж хохирлыг барагдуулна” гээд цагдаагаас хэргийн материалыг хуулбарлан авч, 11 дүгээр сарын 10-ны өдөр Т.Бат-Оюун даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар Номин даатгалд өргөдөл бичиж өгсөн. Номин даатгалын ажилтан 1 сарын хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэсний дагуу 12 дугаар сар өнгөртөл хүлээсэн. Би 12 дугаар сарын сүүлээр Номин даатгал руу удаа дараа залгаж асуухад “таны материал хурлаар орж байгаа, дахин судлах шаардлагатай байна” гэх зэргээр хариу өгч байсан. Гэтэл 2015 оны 1 дүгээр сард Номин даатгалаас над руу утасдаж “Даатгуулагч Т.Бат-Оюун нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасныг зөрчиж санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй болсон” гэж мэдэгдсэн, мөн ЧД-ийн ЗЦХ рүү 2015.01.13-ны өдрийн 604 дугаартай албан бичиг явуулсан байсан. Үүнээс хойш би Т.Бат-Оюун руу удаа дараа залгаж, хохирлоо барагдуулахыг шаардсан боловч өнөөг хүртэл барагдуулаагүй байна. Иймд хариуцагчийн буруугаас болж одоо хүртэл хохирч яваа миний хохирлыг бүрэн барагдуулж, намайг хохиролгүй болгож, гэм хорыг арилгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Бат-Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зүүн 4 замаас Баруун 4 замруу явах замд 2 дугаар эгнээнд зогсож байтал ардаас приус маркын машин байнга сигнаал өгсөөр байсан. Замын зохицуулагч чигээрээ урагшаа яв гэсэн дохиогоор би чигээрээ урагшаа явсан. Гэтэл хойноос машин сигнаалдсан хэвээр яваад байсан. Ингээд би яагаад сигнаалдаад байгааг мэдэх санаатай зогсоод буух гэтэл хойноос машинаараа мөргөсөн. Гэтэл Приус машины жолооч хамт ирсэн цагдаатайгаа хоёулаа хамтран нийлж байгаад автын цагдааг ятган соната-6-ийн буруу гэж хэлж ятгаж байсан. Т.Бат-оуюн миний буруу мэт дайрч, ятган хэлж байсан. Яг тухайн үед, тэр орой хэний бурууг шийдээгүй байж байгаад салсан. Гэтэл маргааш нь миний буруу болсон байсан. Би тэр өдөр нь Д.Цогбаярын нэхэмжлэх болсон баримтуудыг хавсарган Номин даатгалд аваачиж өгсөн гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Цогбаяр би нэхэмжлэлийн шаардлага 659 000 төгрөгийн 134 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Бат-Оюун би үлдэх 525 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогбаяр нь хариуцагч Т.Бат-Оюунд холбогдуулан гэм хорын хохиролд 659 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Цогбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 659 000 төгрөгийн 134 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Бат-Оюун үлдэх 525 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Цогбаярын нэхэмжлэлтэй, Т.Бат-Оюунд холбогдох, 659 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Цогбаяр нэхэмжлэлийн шаардлага 659 000 төгрөгийн 134 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Бат-Оюун үлдэх 525 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ХАНГАЛ