Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2023/02100

 

 

 

 

 

 

 

 

2023 12 04 210/МА2023/02100

 

 

Б.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/03479 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г ийн хариуцагч М -д холбогдуулан гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/2/170 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Замын даргын тушаалаар худалдааны албаны орлогч даргаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хууль, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн гүйцэтгэж ирсэн. Принтерийн хорны худалдан авалттай холбоотой асуудлаар намайг ажлаас чөлөөлсөн. Худалдан авалт нь өөрөө асуудалтай байсныг тухайн үед н.Т, А.Э нарт хэлж байсан. Тухайн ажилтай холбоотой нарийн бичгийн дарга ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, компаниуд руу явуулах мэдэгдэл, зөвлөмжийг явуулаагүй. Үүнтэй холбоотой хурлаар гаргасан мэдэгдэл, зөвлөмжийг хугацаанд нь явуулаагүй гэсэн гомдол гарсан. Дотоод аудит хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар принтерийн хор, бичгийн цаас, бичгийн хэрэгсэл худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжид Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэхийг шалгаж тендерт оролцогч нарт албан бичгээр мэдэгдээгүй, нарийн бичгийн дарга О.Сансармаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийгээгүй гэж дүгнэсэн. Би Худалдааны албаны орлогч дарга, Худалдааны албаны дарга Б.А даргын гарын үсэгтэй гарсан албан бичгийг холбогдох компаниудад явуулах нь нарийн бичгийн дарга О.С-гийн хийх ажил. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Дотоод аудит хийсэн тайланг хэлэлцээд намайг зөрчил гаргасан тендерийн хорооны нарийн бичгийг солих талаар хороог хуралдуулж шийдвэр гаргаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хаалттай сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тус хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/2/170 тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Худалдааны албаны мэдэлд шилжүүлсэн. Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуульд заасан мэдэгдэж бичгээр тайлбар авах ажиллагаа хийгдээгүй. Өнөөдрийг хүртэл би ажилгүй явж байна. Иймд М ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/2/170 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Худалдааны албанд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж Б.Г т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авах саналыг Замын удирдлагад хүргүүлэх шийдвэр гаргасан. Замын дарга Худалдааны албаны орлогч дарга Б.Г нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ээлжит бус шалгалтаар үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, удирдлагыг буруу мэдээллээр хангасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг ноцтой зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэн түүнийг албан тушаал бууруулж, ажлын байраар хангах асуудлыг Худалдааны албаны мэдэлд шилжүүлсэн. Б.Г нь дээрх тушаал Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд гомдлын шаардлагыг хангаж, ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Худалдааны албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлтэй гэж гаргасан. Тус нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр Б.Г т Авто тээвэр үйлчилгээний төвийн засвар үйлчилгээ хариуцсан орлогч дарга, Дархан худалдааны төвийн даргын ажлын байрыг тус тус санал болгосноор Авто тээвэр үйлчилгээний төвийн засвар, үйлчилгээ хариуцсан орлогч даргын албан тушаалыг хүлээн зөвшөөрч, ажилд орох өргөдөл гаргасан. Б.Г ийн өргөдлийг үндэслэн Монгол улсын Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр Б.Г нь барилгын материалын худалдаа, аялал жуулчлал, кофе шоп, гадаад худалдаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй Бурхант бүст нуур ХХК-ийн захирлаар бүртгэлтэй байгаа нь дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6 дахь хэсэгт зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно гэж заасан нь түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал үүсэхээр байна, мөн тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байна гэсэн хариу ирүүлсэн. Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичгээр нийтийн албан тушаалд тэнцээгүй тул Улаанбаатар худалдааны төвийн худалдааны мэргэжилтний албан тушаал санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасны дагуу албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Замын даргын тушаал 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шалгалтын тайланг үндэслэн гарсан. Тушаал үндэслэлтэй гарсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан М ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Б/II/170 Б.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Г ийг Худалдааны албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч М аас 21,233,583 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М аас 264,118 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигч маргааны талаар эвлэрэн хэлэлцэж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

2. Гэрээнд М нь 21,233,583 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г т 2023 онд багтаан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж, баталгаажуулах,

Б.Г нь М -ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/170 Б.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, худалдааны албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар заажээ.

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б.Г , хариуцагч М -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Ц.Ж нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/03479 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г нь М -ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Б/2/170 дугаартай Б.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, худалдааны албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М нь Б.Г т ажилгүй байсан хугацааны олговор 21,233,583 төгрөгийг 2023 онд багтаан төлөх, Б.Г ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахаар эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН