| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0812/Э |
| Дугаар | 816 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
улсын яллагч: П.Ганбаатар,
шүүгдэгч: П.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овогт П.Ад холбогдох эрүүгийн 1809007830922 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЦОБА” ХХК-д хөөсөн пасадчин ажилтай, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт Төв аймгийн Лүн сум, 2 дугаар баг Өгөөмөрт оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, НА93120319 регистерийн дугаартай, Шарнууд овогт П.А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Алтаншагай нь 2018 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна иргэн Б.Мөнхтулгатай “төлбөр тооцооны асуудлаас” болж марган, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнхтулга /хх-ийн 18-19/, гэрч Л.Батдорж /хх-ийн 26/, Б.Сүрэндэмбэрэл /хх-ийн 28х/ нарын мэдүүлэг, П.Агийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31, 41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2287 тоот дүгнэлт /хх-ийн 33/, П.Ан хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-51/, яллагдагч П.Агийн хүсэлт /хх-72/, эвлэрсэн тухай баталгаа /хх-ийн 71/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.А нь 2018 оны 2 дугаар сарын 1-2 шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна Б.Мөнхтулгыг “согтуурхаж агсамналаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Мөнхтулгын /хх-ийн 18-19/: “...2018 оны 2 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” нэртэй бааранд найзуудтайгаа хамт орцгоосон. Шөнийн 03 цагийн үед гарцгаах гэтэл хамгаалагч залуу надаас “300.000 төгрөгийн тооцоогоо өг” гэхээр нь “ямар тооцоо вэ, би тооцоогоо хийчихсэн ш дээ” гэж хэлтэл “та нар яахаараа ууж идчихээд ингэж байдаг юм” гээд миний зүүн талын нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би газар ухаан алдаад уначихсан . ...Намайг үүдэнд байхад миний нүд рүү цохисон хамгаалагч нь 185 см өндөр, бор царайтай, туранхай биетэй, 24-28 насны залуу байсан ба миний зүүн талын нүд рүү нэг удаа гараа зангидаж байгаад үеийнхээ хэсгээр цохиж газар унагаасан...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Батдоржийн /хх-ийн 26/: “... Нэг хамгаалагч нь Мөнхтулгыг гадаа гаргаж байгаад нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод ухаан алдуулчихсан. Мөнхтулга нэг удаа нүүр рүүгээ цохиулсан. Өөрөөр цохиулж зодуулаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Сүрэндэмбэрэлийн /хх-ийн 28/: “...Алтаншагай маргалдаад тэр залууг цохиод газар унагаачихсан...” гэх мэдүүлгээр,
П.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 41/: “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Намайг цохих гэж байгаа юм шиг гараа нүүр орчим руу сарвайхад нь гарыг нь холдуулах гэтэл би нүд рүүгээ тэр залуугийн гараар хатгачихсан. Тэгээд уурандаа нүүр рүү нь гараа зангидаж байгаад нэг удаа цохитол тэр залуу газар бөгсөөрөө уначихсан ...” гэх мэдүүлгээр,
П.Агийн буруутай үйлдлийн улмаас Б.Мөнхтулгын биед “баруун хоншоор ясны далд хугарал, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2287 тоот дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан П.Агийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч П.Агийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
П.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 947.160 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч Б.Мөнхтулгатай эвлэрсэн байх тул шүүгдэгчээс 947.160 төгрөгийг үл маргах журмаар гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шарнууд овогт П.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Агаас 947.160 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнхтулгад олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ