| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0070/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809047971234 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, охин, 2 зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505 дугаар байрны 1-3 тоотод оршин суудаг, Д.М,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505Б байрны 03 тоот, гэртээ өөрийн зээ охин 8 настай, Х.Энэрлэнг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодон түүний биед зүүн мөр, бугалга, шуу, гуя, хэвлий, зүүн ташаа, шилбэ, баруун гуя, өгзөг, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505Б байрны 03 тоот, гэртээ өөрийн зээ охин 8 настай, Х.Энэрлэнг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодон түүний биед зүүн мөр, бугалга, шуу, гуя, хэвлий, зүүн ташаа, шилбэ, баруун гуя, өгзөг, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505Б байрны 03 тоот, гэртээ өөрийн зээ охин 8 настай, Х.Энэрлэнг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодон түүний биед зүүн мөр, бугалга, шуу, гуя, хэвлий, зүүн ташаа, шилбэ, баруун гуя, өгзөг, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Х.Энэрлэнгийн “…2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ эмээ Мөнхтуяа, эгч Амирлан нарын хамт байсан бөгөөд эмээ миний хумсыг хугарсныг идсэн байна гэж харсан бөгөөд эмээ намайг сүх барьж айлгаж чимхсэн. Би айсандаа болоод буйдангийн араар орсон чинь буйдангийн араас чирээд миний гар руу болон хөл рүү сүхээр 2, 2 удаа цохисон. Тэгээд маргааш өглөө нь эмээг гараад явахаар нь 108 руу залгасан чинь гэрийн хаяг асуугаад цагдаа ах нар ирээд ээж рүү яриад болсон явдлыг сонсоод цагдаа ах нартай хамт цагдаагийн газарт очсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,
гэрч Г.Гантуяагийн “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг 30 минутын орчим миний утас руу цагдаагаас ярьж байна гээд залгасан бөгөөд манай охид 108 төв рүү залгасан байсныг хэлсэн. ...охин Энэрлэнгийн цамцыг тайлахад зүүн гар нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 59/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12433 тоот актын “…Х.Энэрлэнгийн биед зүүн мөр, бугалга, шуу, гуя, хэвлий, зүүн ташаа, шилбэ, баруун гуя, өгзөг, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт,
шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.М зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Мг 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР