Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/03296/И |
Дугаар | 4324 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4324
2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/04324 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 27-457 тоотод байрлах, “Энхцэцүүн” ХХК /РД: 5184401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36И байр, 106 тоотод оршин суух, Бэрсүд овогт Зоригтын Одбаяр /РД: НХ87041214/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4 770 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтунгалаг, хариуцагч З.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК-ийн төлөөлөгч Н.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь З.Одбаярын хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 16-83 УНЛ улсын дугаартай, тоёота марк-2 автомашиныг барьцаалан 3 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч З.Одбаяр нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул, нийт үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү алданги 1 770 000 төгрөг, нийт 4 770 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Энхцэцүүн” ХХК-ийн менежер манай найз болох н.Баттөгс зээлийн бачиг баримтыг бүрдүүлэн зээлийн гэрээг байгуулсан. Тэрээр миний авсан зээл дээр нэмж 900 000 төгрөгийг авсан байсан. Хэрэв н.Баттөгс нь өөрөө авсан 900 000 төгрөгийг төлөх юм бол өөрийн зээлсэн мөнгийг төлнө гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтунгалаг би нэхэмжлэлийн шаардлага 4 770 000 төгрөгийн 770 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.Одбаяр би нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийн 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор, үлдэх 2 500 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК нь хариуцагч З.Одбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 770 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 4 770 000 төгрөгийн 770 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.Одбаяр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийн 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор, үлдэх 2 500 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрч зохигч эвлэрсэн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Энхцэцүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Одбаярт холбогдох, 4 770 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК нэхэмжлэлийн шаардлага 4 770 000 төгрөгийн 770 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.Одбаяр үлдэх 4 000 000 төгрөгийн 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор, 2 500 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН