Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2023/02101

 

 

 

 

 

 

 

 

2023 12 04 210/МА2023/02101

 

 

Д.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/03219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г ын хариуцагч Н.М д холбогдуулан гаргасан хамтран өмчлөгчөөр тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагч Н.М , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Би Н.М тай 2008 онд танилцаж, 2010-2021 оны хооронд хамтран амьдарч байгаад, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Москва хорооллын орон сууцыг Төрийн банкны зээлээр авсан. Энэ байрны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр тогтоолгож, байрны 50 хувь буюу 25,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Цагдаагийн дээд сургуульд багшаар 32 жил ажилласан Дотоодын цэргийн штабт ажиллаж байсан. Би харвалт өгснөөс хойш мартдаг өвчтэй болсон. Орон сууцнаас хөөгдөж гарсан. Одоо дундын эд хөрөнгөөс ногдох 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Г оос өмнө банкинд саналаа өгөөд зээлд хамрагдах хүсэлт хүчин төгөлдөр болсон байсан. Ингээд бичиг баримтаа хөөцөлдөж бүтсэн тул хариуцагчид итгээд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Би мэргэжлийн хяналтын байгууллагад 34 жил ажилласан. Олон жил хөөцөлдөж байрны зээлд хамрагдсан. Энэ хүнд итгэж хайрлаж ирсэн, гэтэл надад хань болж, хүүхдүүдэд түшиг тулгуур болж чадсангүй, бидний дунд гэр орны байдаг л жижиг зөрчил байсан, өдий насанд салаад яах вэ гэхэд хамаатантайгаа нийлээд намайг доромжлоод явсан, тэгээд ирээгүй, ирсэн бол хүлээж авах байсан. 2016 онд Д.Г ыг харвахад би өөрөө баас, шээсийг нь цэвэрлээд байнга асарч 2 хөл дээр нь босгосон байсан. 2021 онд мөн маргалдаад салсан. Нэхэмжлэгч өөрөө бас архи бас уудаг байсан. Тэр үед охинтой муудалцсан юм. Ингээд ярилцаад одоо ингээд яв даа гээд л явуулсан, гэтэл 3 сард нь нэхэмжлэл ирсэн. Мөн 2 хүүхдийг нь хүртэл би өөд нь татаад, хүүхдийнх нь ээж нас барахад тэтгэврийн зээлийг нь хүртэл төлж байсан. Группэд би оруулж өгсөн, гэтэл нэхэмжлэгч нь ямар ч орлогогүй, 2015-2021 он хүртэл орлогогүй хамт амьдардаг байсан. Би эхнэрийн ёсоор эхнэр шиг нь байсан. Нэхэмжлэгч 5 эхнэртэй байсан байж одоо хүртэл яагаад эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй юм бол гэдгийг гайхаж байна. Манай ажлынхан хүртэл намайг нөхрөө асар гээд 6 сарын чөлөө өгсөн. Нэхэмжлэгч өөрөө архи ууж янз бүрийн асуудал гаргадаг хүүхэн эргүүлдэг байсан. Би бүгдийг нь тэвчиж хайрлаж явдаг байсан. Зээлд орох гээд хамтран зээлдэгч болох гэтэл гэрлэлтийн баталгаагүй байгаа учир банкны шаардлагад нийцэхийн тулд миний иргэний үнэмлэхийг аваад 2013 оны 3 дугаар сард бүртгүүлэхээр явсан. Гарсан гэрчилгээгээ авахад 2011 оны 10 дугаар сарын 14 гээд бичсэн байсан. Яагаад ингээд гарсан юм бэ гэтэл, ийм байх ёстой тэгэхгүй бол чамд зээл гарахгүй гэсэн. Өмнөх эхнэрээсээ бүртгэлээ салгаагүй байсныг нь мэдээгүй. Мөн нэхэмжлэгч нь тэтгэвэр хуурамчаар баримт бүрдүүлж тогтоож байсан байнга хуурч байдаг байсан. Нэхэмжлэгч надаас өмнө 2 удаа гэрлэсэн, энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн ажилтантай хуйвалдаж хийсэн гэрлэлтийн бүртгэл юм. Мөн хамтран амьдрахаа больсон гэр бүлийн харилцаатай хүмүүс биш, тухайн үед зээлд хамтран зээлдэгчээр оролцохын тулд гэрлэлтээ бүртгүүлсэн, мөн 2011 онд Д.Г нь өөр гэрлэлтийн бүртгэлтэй байсан учир хүчин төгөлдөр бусад тооцуулна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол Москва 44 дүгээр байр тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Г ыг тогтоож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М аас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол Москва 44 дүгээр байр тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Д.Г од оногдох хувь болох 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г од олгож, нэхэмжлэлээс үлдэхээс 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М ын нэхэмжлэгч Д.Г од холбогдуулан Д.Г , Н.М нарын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  иргэний бүртгэлийн дугаартай гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Г ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,150 төгрөг, хариуцагч Н.М ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 10,000 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Г од олгож, хариуцагч Н.М аас 239,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г од олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Н.М нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

ХЯНАВАЛ:

1. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н.М д холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, өөрт ногдох хэсэг 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Г ыг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, орон сууцны ногдох хувь болох 15,000,000 төгрөгийг хариуцагч Н.М аас гаргуулж нэхэмжлэгч Д.Г од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М ын нэхэмжлэгч Д.Г од холбогдуулан гаргасан гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

4. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Г нь анхан шатны шүүхийн шийдвэрээр олгогдох 15,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.М аас авах, нэхэмжлэлд заасан орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байх, энэ талаар ямар нэгэн маргаан үүсгэхгүй байх, хариуцагч Н.М нь 5,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн төлөх үүрэг хүлээх, нэхэмжлэгч Д.Г үндсэн нэхэмжлэлд заасан 25,000,000 төгрөгөөс үлдэж буй 20,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй татгалзахаар харилцан тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг батлаж шийдвэрлэх боломжтой байна.

Хариуцагч Н.М ын гаргасан гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоох эрх зүйн ач холбогдол үйл явдалд хамаарах учир хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй болно.

Иймд зохигч эвлэрсэн, уг эвлэрэл гуравдагч этгээдийн болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/03219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н.М д холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, дүгээр хороолол, Москва  дүгээр байр,   тоотод байрлах 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Д.Г од төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН