Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 842

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: П.Ганбаатар;

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

            шүүгдэгч: Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг;

            шүүгдэгч: Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цолмонгийн Цэндцэсэм, Цоолойн Даваадорж нарт холбогдох эрүүгийн 1809023520465 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашааны 09-07 тоотод оршин суух, 

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 593 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 хоног, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь багтааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 жил 1 сар 26 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 25 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамжаар ял дүйцүүлэн хасаж суллагдсан, НП83070470 регистерийн дугаартай, Боржигон овогт Цолмонгийн Цэндцэсэм,

 

  2. Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг 03-235 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Сургуулийн 1753 тоотод түр оршин суух,

 урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ТЖ81110933 регистерийн дугаартай, Боржигон овогт Цоолойн Даваадорж.  

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

 

Яллагдагч Ц.Ц нь Ц.Дтой бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгт иргэн Б.Дашдондогт хүч хэрэглэн 28.000 төгрөгийг дээрэмдэн авсан,

яллагдагч Ц.Д нь Ц.Цтэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгт иргэн Б.Дашдондогт хүч хэрэглэн 28.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой Багшийн дээдийн урд сааданд Даваадоржтой 21 цагийн үед нэг шил архи хувааж ууж байгаад хохирогчтой таарсан. Би хохирогчийг араас нь очиж цохисон. Даваадорж ирээд хэтэвчтэй мөнгийг нь авсан. Бид хоёр авсан мөнгөөрөө архи авч уусан. Удалгүй эрүүгийн төлөөлөгчид баригдсан гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой ажил тараад Цэндцэсэмтэй Багшийн дээдийн автобусны буудал дээр таарсан. Цэндцэсэм нэг хүнийг бариад авчихсан зогсож байсан. Хохирогч өөрөө эхэлж мөнгөө өгөхөөр нь би авсан. Хохирогчоос авсан мөнгөөрөө нэг шил архи авсан. Би авсан архинаасаа нэг татсан. Тэгээд эрүүгийн төлөөлөгчид баригдсан гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэтүүд /хх-ийн 6-8/, хохирогч Б.Дашдондог /хх-ийн 10/, гэрч Э.Цэцэгсүрэн /хх-ийн 14/ нарын мэдүүлэг, Ц.Дийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11/, Ц.Цийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13/, Ц.Дийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Ц.Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/, Ц.Цийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, Ц.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, Ц.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-44/, Ц.Цийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-66/, хохирогч Б.Дашдондогийн хүсэлт /хх-ийн 69/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Ц, Ц.Д нар нь нийлж 2018 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Улаанбаатар” зочид буудлын урд талын цэцэрлэгт иргэн Б.Дашдондогийг зодож, “мөнгө өгөхгүй бол ална” гэж заналхийлж, энгэрийн халааснаас нь 28.000 төгрөгийг нь авч, уг мөнгөөр нь архи авч уусан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Дашдондогийн /хх-ийн 10/: “... Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... Улаанбаатар зочид буудлын урд талын саадаар дамжаад алхаж байтал араас үл таних 2 залуу ирээд намайг баруун шанаа руу цохиж унагаагаад нэг нь миний гарыг мушгиж байгаад “мөнгө өгөхгүй бол чамайг мод руу оруулж ална” гэсэн. Би “та нар миний амийг авраад байгаа мөнгийг ав” гэхэд нэг нь миний энгэрийн халаасанд байсан түрийвчийг ухаж гаргаж ирээд дотор нь байсан 28.000 төгрөгийг аваад зугтаад явсан. Намайг нэг удаа баруун шанаа руу цохиж, баруун гар мушгисан. Биед учирсан шарх байхгүй. Хохирлоо барагдуулбал гомдолгүй...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Дийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11, 29-30/: “... Би өчигдөр орой 23 цагийн үед Улаанбаатар зочид буудлын урд талын саадан дунд байдаг ТҮЦ-ны хажууд байдаг сандал дээр сууж байтал Цэндцэсэм нэг хүнийг боосон байхаар нь би түрийвчийг нь аваад Цэндцэсэмд өгч бид хоёр дэлгүүр орж 1 шил архи авч хувааж уусан. Түрийвчинд 20.000 орчим төгрөг байсан. Би Дашдондогийг цохиж зодоогүй...” гэснээр,

 

Ц.Цийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13, 33-35/: “... 2018 оны 05 дугаар сарын 20-нд орой Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд Даваадоржийн хамт сууж байсан чинь нэг биеэ үнэлдэг хүүхэн нэг өвгөн дээр очоод буцаад ирэх үед нь би тэр хүүхэн дээр явж очоод “наад өвгөнд чинь мөнгө байна уу” гэхэд “10, 20 юм байна” гэсэн. Би нөгөө үл таних өвгөний ар талаас нь очоод боож байхад хамт явж байсан Даваадорж нөгөө өвгөний түрийвчийг аваад дотор нь байсан мөнгийг надад өгсөн. Харсан чинь 20.000 орчим төгрөг байсан. Тэр мөнгөөр нь Даваадоржийн хамт дэлгүүрээс 0,75 литрийн архи авч уусан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Ц, Ц.Д нарыг таньж олуулах ажиллагаа явуулж “... хохирогч Б.Дашдондог нь “В” дугаарт байрлах яллагдагч Ц.Ц, “Ж” дугаарт байрлах яллагдагч Ц.Д нарын гэрэл зургийг зааж “энэ хоёр хүн миний эд зүйлийг дээрэмдсэн хүмүүс мөн байна” гэснийг тэмдэглэсэн тэмдэглэл /хх-ийн 6-8/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүгдэгч нар хохирогчийг айлгаж, зодож байгаад бэлэн мөнгийг нь авсныг хохирогч мэдүүлсэн, шүүгдэгч нар хохирогчийн мэдүүлгийг баталж болсон үйл явдлыг хохирогчтой адил мэдүүлсэн, хохирогч өөрийг нь зодож эд зүйлийг нь авсан хүмүүсийг эргэлзээгүйгээр таньж олж, заасан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн  2018 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчим  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Улаанбаатар” зочид буудлын урд талын цэцэрлэгт шүүгдэгч Ц.Ц, Ц.Д нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэж шүүх дүгнэв.

 

Бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл (зодох, айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж буюу  шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн бэлэн мөнгийг нь авч буй Ц.Ц, Ц.Д нарын санаатай үйлдэл нь “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Дашдондогийн “...хохирлын мөнгөө бүрэн гүйцэт хүлээн авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт хэргийн 69 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нар хэн аль нь өмнө гэмт хэрэг үйлдэж үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд тэдний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг дурьдаж байна.

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Ц.Ц, Ц.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Д нарт хорих ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                               

            1. Шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Цэндцэсэм, Боржигон овогт Цоолойн Даваадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Д нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц  156 хоног,  шүүгдэгч Ц.Д 2 хоног цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч  Ц.Ц, Ц.Д нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Дид урьд авсан хувийн баталгаа гарргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц, Ц.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ