Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Батням,

          улсын яллагч Г.Сундуй,

          шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хт холбогдох эрүүгийн 1809033791258 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энэрэл” сувилахуйн ухааны дээд сургуульд 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 45 дугаар байр 51 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 513-33 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, А.Х,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч А.Х нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны гадна С.Байгалийг нөхөртэйгөө хардаж улмаар толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “… Би 2018 оны 6 дугаар сарын дундуур хөдөөнөөс ирсэн бөгөөд манай нөхрийн гар утас гэрт байсан тэгээд аваад үзсэн чинь нэг танихгүй дугаараас тэнэг гээд мессэж ирсэн байхаар нь залгасан чинь эмэгтэй хүн утсаа авахаар нь би дуугараагүй бөгөөд яасан зүгээр үү гэсэн мессэж ирсэн бөгөөд би мессэж бичээд уулзъя гээд хүрээд ир гэсэн юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 44 дүгээр байрны гадна талд С.Байгаль гэгчтэй уулзсан бөгөөд улмаар маргалдаж хэрүүл зодоон болсон...” гэсэн мэдүүлэг /хх-3-4/,

 

хохирогч С.Байгалийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Зоос гоёл ХХК байранд үнэт эдлэлийн лангуунд худалдагч хийдэг юм. Тэгтэл тэнд худалдаа эрхэлдэг Тэлмэн гэж залуугийн эхнэр Хонгороо гэгч намайг нөхөртэйгөө хардаж утсаар хэл амаар доромжилж улмаар гэрийн гадаа ирж гараад ир гэхээр нь би 2018 оны 06 сарын 23-ны орой 21 цагийн орчимд гарахад Хонгороо гэгч эгч нь бололтой эмэгтэйн хамт ирээд намайг зодсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

гэрч Г.Ганчимэгийн “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а дугаар байрны 16 тоотод гэртээ амарч байхад манай хажуу айлын охин Хонгорцог нь манай гэрт орж ирчхээд намайг гадаа цуг гарчихъя гэж хэлээд байхаар нь цуг гарсан юм. Манай нөхөр Тэлмэн өөр хүнтэй яваад байна нөгөө хүүхнийг дуудсан байгаа гэж хэлж байсан. Замын цаанаас үл таних эмэгтэй хүн явж байсан чинь Хонгорцог энэ нөгөө хүүхэн мөн байна та наанаа байж бай гэж хэлээд тэр хүүхэд дээр очсон юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7963 тоот актын “…С.Байгалийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-35/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-44-48/, хохирлын баримт /хх-37/, хохирол төлсөн баримт /хх-49/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-56-57/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Х нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны гадна С.Байгалийг нөхөртэйгөө хардаж улмаар толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч С.Байгаль, гэрч Г.Ганчимэг нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7963 тоот актын дүгнэлт, шүүгдэгч А.Хийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Хийг хохирогч С.Байгалийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Х нь хохирогчид учирсан эмчилгээний зардалд 565.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч С.Байгаль нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Хийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч А.Хийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР