Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/02381/И |
Дугаар | 4437 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4437
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 33 дугаар байр, 1 тоотод байрлах, “Сайханбулган” ХХК /РД: 2044749/-д холбогдох,
562 501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, хариуцагчийн төлөөлөгч Ч.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарна Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн төлөөлөгч Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Сайханбулган” ХХК нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30000148 тоот Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ байгуулан уг үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас’' илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах үйлчилгээний хэрэглээний төлбөрт 562 501 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Сайханбулган” ХХК-ийн төлөөлөгч Ч.Амгаланбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 30000148 дугаартай гэрээ байгуулагдсан бөгөөд ‘‘Интернетийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ” байгуулсан байдаг. Уг гэрээгээр “Сайханбулган” ХХК-ийн түрээсийн гэрээгээр ашиглан, компанийн үйл ажиллагаагаа явуулж байсан Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Бакула Ренбүчи хийдийн урд, Эрхт төвийн 2-р давхарт байрлах түр оффисын байрыг интернетээр хангах, хариу төлбөрт нь үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани дээрх байранд 2013 оны 4 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл байрлан үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сард өөрсдийн барьж, ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 48а байрны 1 дүгээр давхарт байрлах өөрийн оффистоо нүүж орсон юм. Мобиком Корпорацитай холбоотой аливаа асуудлыг гэрээний хугацаанд зөвхөн байгууллага хариуцсан менежер н.Дөлгөөнтамиртай харилцдаг байсан ба үүний дагуу Эрхт төвөөс нүүхдээ ч интернэтийн үйлчилгээг цуцлах тухай албан тоотыг байгууллага хариуцсан менежер н.Дөлгөөнтамирт өгсөн болно. Бид нэхэмжилж буй төлбөрийн хамаарах хугацаанд интернетийн үйлчилгээг бодитоор аваагүй тул төлбөрийг хариуцах боломжгүй ба нэхэмжлэгч компанийн ажилтан зохих ёсоор ажиллаагүйгээс тухайн компанид учирсан үр дагаварыг бид хариуцах ёсгүй. Үүнээс гадна Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Зохицуулах хороо, салбар зөвлөл нь өөрийн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу заавал шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч “Сайханбулган” ХХК-д холбогдуулан интернэтийн байнгын холболтын үйлчилгээ, түрээсийн шугам ашиглуулах үйлчилгээний төлбөрт 562 501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...төлбөрийн хамаарах хугацаанд интернетийн үйлчилгээг бодитоор аваагүй, ...нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас төлбөр гарсан тул бид хариуцахгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 30000148 дугаартай “Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ” байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид интернэтийн үйлчилгээ үзүүлж, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Түүнчлэн, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний төлбөр 562 501 төгрөгийг хариуцагч үгүйсгээгүй байна.
Гэрээний 3.9-д зааснаар хэрэглэгч нь үйлчилгээг цуцлах эсвэл холболтыг нүүлгэн шилжүүлэх тохиолдолд нийлүүлэгчид урьдчилан ажлын 5 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байна. Хариуцагч нь гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14/01/141 дугаар албан бичгээр гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид санал хүргүүлсэн гэх боловч уг саналыг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Түүчлэн, дээрх төлбөр бодогдох болсон үйл баримтанд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байхаас гадна хариуцагч нь 2014 оны 12 дугаар сараас интернэтийн үйлчилгээ болон түрээсийн шугамыг ашиглаагүй гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.
зИймд хариуцагчийг Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт нийт 562 501 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 562 501 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Зохицуулах хороо, салбар зөвлөл нь өөрийн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд уг ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үйлчилгээний төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Сайханбулган” ХХК-иас 562 501 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
|