Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шүүгдэгч:  Г.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Г.Ат холбогдох эрүүгийн 1809036960972 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-167 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистерийн дугаартай, Боржигин овогт Г.А.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбайн орчимд иргэн А.Хүрэлчулууны нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Хүрэлчулуун /хх-ийн 18-19/, гэрч Э.Сайнзаяа /хх-ийн 23-24/ нарын мэдүүлэг, Г.Аын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 2-4, 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10024 тоот дүгнэлт /хх-ийн 25/, А.Хүрэлчулууны эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 37-39/, Г.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-51, 55-56/, хохирогч А.Хүрэлчулууны хүсэлт /хх-ийн 62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг 16 дугаар сургуулийн орчим байрлах сагсан бөмбөгийн талбай дээр  А.Хүрэлчулууныг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч А.Хүрэлчулууны /хх-ийн 18-19/: “... Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 16 дугаар сургуулийн орчим сагсны талбай дээр тоглож байхад танил ах Анхбаяр, Сайнзаяа нар хүрч ирээд “архи авч өг” гээд байхаар нь “үгүй ээ, би архи авч өгөхгүй” гэж хэлсэн. Гэтэл Анхбаяр нь “чи ахынхаа урдаас ингэж ярьдаг болсон уу” гэж хэлээд шууд миний нүүрэн тус газар руу гараараа зөндөө удаа цохиод газарт унагаасан. ... Миний үүдний 2 шүд хөдөлсөн. Уруул сэтэрсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Сайнзаяагийн /хх-ийн 23-24/: “... Хүрэлчулуун Анхбаяр ахыг “хоёулаа ийшээ яваад уулзъя” гэж хэлээд Анхбаярыг дагуулаад нэлээд зайтай саад руу явсан. Хэсэг хугацааны дараа Анхбаяр муухай орилоход нь би гүйгээд хартал Хүрэлчулуун цааш гүйгээд явж байсан. Араас нь Анхбаяр хөөж явж байгаад буцаад эргээд ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Аын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 2-4, 21-22/:   “... Хүрэлчулуунд “ах   нь   явлаа” гэсэн чинь Хүрэлчулуун “ах хоёулаа дахиад уулзъя” гэснээ урдаас учир зүггүй уурлаад “одоо та нар боль, ах нар хэзээ ийм байсан юм бэ” гээд намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. ...Би Хүрэлчулуунтай нэлээд зайтай зогсож байгаад бид 2 маргалдаад зодолдсон. ...” гэх мэдүүлгээр,

 

Г.Аын буруутай үйлдлийн улмаас А.Хүрэлчулууны биед “тархи доргилт, 21, 22-р шүдний ганхалт, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10024 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Аын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Хүрэлчулуун “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Г.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Аыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг нийт 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ