Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 204/МА2023/00018

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 146/ШШ2023/00104 дугаар шийдвэртэй

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй “АБ” ХХК-иас гэм хорын хохирол 10.823.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “АБ” ХХК-ийн нэхэмжлэгч Г.Ө-д холбогдуулан гэм хорын хохиролд 36.100.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбекийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ө би 2022 оны 10 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод хувийн ажилтай явж байтал манай адууны зарим хэсэг хариулгагүй явж байгаад Өвөрхангай аймгийн *** сумын *** багт байрлах “АБ” ХХК-ийн тариалалтын талбайд орсон байсан. Ингээд холбогдох хүмүүсийг утсаар хэлэхэд нь мэдээд манай гэрийг сахиж байсан Э, С нар авахаар очиход манай адууг малын тэжээлийн зориулалтын бус улаан буудай /малд хортой/ хураасан хашаанд хашсан байдалтай адууг чинь өгөхгүй гэх тайлбарыг хэлэн өгч явуулаагүй байсан. Ингээд 2022 оны 10 сарын 11-ний өдөр мөн адуунуудаа авахаар очиход тухайн талбайд ажиллаж байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай танай адуунууд өлсөөгүй, будаа идэж байна, та нарт адууг чинь өгөхгүй гэх тайлбарыг хэлээд, улаан буудай идэхээр адуу хордлогод орж үхдэг гэж олон удаа тайлбарлахад сонсоогүй төдийгүй, бид нар мэдэж байна яв гэж хөөсөн байсан. 2022 оны 10 сарын 12-ны өдөр тухайн компанийн захирал Э гэх хүн над руу утсаар залган танай адуу нийт 3 тонн будаа идсэн, нэг тонн будаа 900 000 төгрөгийн үнэтэй, үүнийг төлөөд адуугаа ав гэх мэтээр ярьж байснаа тасалсан. Тэгээд би хүн явуулж адуугаа авахаар болж байтал дахин над руу 30 минутын дараа залгаж адуунууд чинь будаа идээд тийчилж унаад босохгүй байна, адуугаа ирж хурдан ав гэж дахин хэлсэн. Тэгээд манай гэрийг сахиж байсан Э гэх хүн очиж манай адуунуудыг босгож арай ядан авч явсан бөгөөд гэрийнхээ гадна ирээд тэр оройноос эхлээд 2022 оны 10 сарын 13-ны өдөр гэхэд нийт 6 тооны адуу улаан буудайнд хордож үхсэн. Миний бие тэр даруй мал эмнэлгийн алба дуудаж бүх адуунуудаа хордлого тайлах эмчилгээ хийлгэж, үхсэн адуунуудаа малын эмчийн дүгнэлт гаргуулсан. Одоогоор 5 адуунд эмчилгээг хийж байгаа бөгөөд биеийн байдал сайжраагүй байгаа. Миний адуунууд Сүхбаатар аймгийн ***, ***, *** сумаас авч ирсэн эдгээр нутгийн гаралтай удам угшил сайтай, үнэтэй адуунууд байсан. Дээрх 6 тооны адуунд хийсэн Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн адуунууд 2 өдөр өлгүй хашаанд хашуулсан учраас хашаанд байсан хураасан будаанаас их хэмжээгээр идсэн бөгөөд тухайн үед цас орсон байсан тул хашаанд байсан цасны шар уснаас уусан, ингээд исэлдэж, улаан буудайны хор буюу уургийн хордлогод орж үхсэн байна гэж дүгнэсэн. Миний бие дээрх компанийн буруутай үйлдлийн улмаас 6 тооны адуугаа үхүүлсэн тул түүний үнэлгээг Өвөрхангай аймгийн *** сум дахь “В” ХХК-аар гаргуулсан ба нийт 10,100,000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээгээр тогтоосон үнийн дүн дээр малын эмч дуудсан, эмчилгээ хийлгэсэн зардал 535,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг зэргийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд Өвөрхангай аймгийн *** сумын *** багт байрлах “АБ” ХХК-аас 6 тооны адууны үнэ 10,100,000 төгрөг, малын эмчийн зардал 635,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 10,823,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Нэхэмжлэгч Г.Ө анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны үед Улаанбаатар хот яваад эзэнгүй байх хоорондоо Л.Э, Д.С гэх 2 хүнийг гэрээ харуулахаар үлдээгээд явсан. Улаанбаатар хотод очоод 2, 3 хонож байсан чинь манай 60 гаруй адуу тариан талбайд орсон байсан. Очоод авчих гээд хүн явуулахад өгөөгүй байсан. Гэтэл 2 хоног зориулалтын бус хашаанд хийгээд манай адуу үхсэн. Хоосон хашаанд хийсэн бол ийм зүйл болохгүй байсан. Улаан буудайг нь идээд үхсэн. Тиймээс би шүүхийг үнэн зөв шийдвэрлэх байх гээд шүүхэд хандсан. Одоо “АБ” ХХК-аас 6 тооны адууны үнэ 10,100,000 төгрөг, малын эмчийн зардал 635,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 10,823,000 нэхэмжилж байгаа гэв.

 

  1. Хариуцагч “АБ” ХХК-ийн захирал Г.Э шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оноос хойш тус нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 920 гаруй га талбайг өөрийн хөрөнгөөр хашаалж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани жил бүрийн хавар уринш тариалалт хийж намар ургац хурааж ургацын хувьд ган гачиг, хур борооны тааламжгүй байдал хариулгагүй мал зэргээс болж үр ашгийн маш их алдагдалтай байдаг. Гэвч бид ургацын үлдэгдэл өвс, улаан буудай, ногоон тэжээлийг тэр хавийнхаа малчид, иргэдэд үнэгүй болон хямдралтай үнээр өгч хамтран ажиллаж ирсэн. 2022 оны 09, 10 сард ургац хураалт эхэлж байхад цаг агаарын хүндрэл үүсэж, цас их хэмжээгээр орж байсныг нийт нутгийнхан мэдэж байгаа. 2022.10.10-ны өдөр үр тариа дөнгөж хурааж байхад цас ихтэй, малчид тариалангийн талбайн хашаа торыг тасалж бод малаа оруулсан байсан. Манай ажилчид 2-3 өдөр хашаанд орсон малыг хөөж гаргаж хашаагаа янзалж байсан. Тухайн үед өдөрт 400-500 толгой бод мал өдөр, шөнөгүй орж байсан бөгөөд эзэнтэй нь холбоо тогтоон малыг нь тууж гарган хүлээлгэн өгч байсан. Гэвч зарим малчин нь утсаа унтрааж холбогдох боломжгүй мөн намрын дунд сарын 17 буюу 2022.10.12-нд найр наадам хийгээд согтуу хөлчүү малаа хариулгагүй орхисон байсан. Тухайн үед бид зүс тамгыг нь мэдэх малчдадаа утсаар тариалангийн талбайгаас адуу, үхэр, малаа гаргаж аваач гэж ярьж байсан. Манай ажилчдыг архи, согтууруулах ундаа уусан гэж гүтгэж байгаад гомдолтой байна. 2-3 өдөр малтай хөөцөлдөж маш их ядарцгаасан байсан. Харин тэр Э, С нар согтуу байдалтай ирж намрын цагт цастай хүйтэн байхад мал ийш тийш нь машин мотоциклоор байнга хөөж тууж байна гэж дайрч давшлах байдал гаргаж байсан. Бид хүнсний хэрэглээний улаан буудай тариалж Улаанбаатар гурил ХХК-д тушаасан байхад хортой малын тэжээлийн зориулалтын бус улаан буудай хураасан гэж байгаад гайхаж байна. Шинжилгээний хариу болон Улаанбаатар гурил ХХК-тай хийсэн гэрээ байгаа. Ө-тай утсаар адуу чинь 3 тонн будаа идсэн, 1 тонн нь 900000 төгрөг төлөөд адуугаа ав гэж огт яриагүй. Тариалангийн талбайд үхэр, адуу, мал орж идсэн, гишгэсэн будааг яаж тэгж тооцоолох вэ? Тэр үед 78 га, 200 га зэрэг талбай руу Ө-ын 60-70 адуу бидний мэдэж байгаагаар 4-5 удаагийн давтамжтай орж тариа идэж, хэвтэж, хөрвөөж хашаа эвдэн их хэмжээний хохирол манайд учруулсан бөгөөд зөвхөн 78 га талбайд уринш, хор, бордоо, үр, түлш, ажилчдын цалин гээд бидний 2 жилийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн. 2022 оны 10 сарын 12, 13-ны өдөр тариалангийн талбайд унасан, үхсэн адууг байгаагүйг малчин Э гэрчлэх бөгөөд адуугаа бүрэн туугаад аваад явсан байдаг. Бид тариан талбайд мал их орж байна, малчид хашаа эвдэж тасалж малаа оруулж байна гэж сумын удирдлага, газар тариалангийн мэргэжилтэн, багийн дарга нарт удаа дараа мэдэгдэж малчдыг ургац хурааж дуустал малаа хариулгатай байхыг хэлж мэдэгдэж ихэнх малчидтай хамтран ажиллаж туслалцаж байсныг дахин хэлье. Бид аймгийн ерөнхий агрономи Алтай болон Хархорин сумын ХХАА-н мэргэжилтэн М болон Хархорин сумын ургацын комисст мэдэгдэж арга хэмжээ авсны дүнд нөхцөл байдалтай танилцаж явахад бас л иргэн Ө-ын адуу нь тариан талбайд орон улаан буудай идэж байсныг харж зургийг нь дарж баримтжуулж авсан. Мөн хэд хоногийн дараа буюу 17-нд бас л Ө-ын адуу орсон байсныг хэлэхэд Чи бид хоёрын тооцоо дуусаагүй байгаа шүү гэж заналхийлээд адуугаа аваад явсан. Миний хувьд иргэн Ө-тай хувийн өс хонзон байхгүй боловч компанийн эд хөрөнгө болон ашиг орлогод байнга санаатай хохирол учруулж байсан. Мөн тариалангийн талбайн хашааг эвдэж үхэр, адуу малаа оруулсан мал нь улаан буудай идэж хордож үхсэн бол тэр орчмын бүх л үхэр, адуу, ямаа бүгд хордож үхэх байсан байх. Тийм тохиолдол гарч байгаагүй. Тиймээс Г.Ө-ын адуу манай тариалангийн талбайд орж улаан буудай идэж 6 адуу үхсэн гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022.10.13-ны өдөр авч явсан адуу нь тэр өдрөө үхсэн гэжээ, энэ нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Тэр цаг хугацаанд юун цасны шар ус, маш хүйтэн цас ихтэй байсан. 6 адуу үхсэн юм уу 5 адуу эмчилж байгаа нь тодорхой бус тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

  1. Хариуцагч “АБ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвөрхангай аймгийн *** сумын *** багт Тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “АБ” ХХК-ны тариалангийн талбайд 2022.10.10-ны өдрөөс 17-ны хооронд тариалангийн талбайн торон хашааг тасдаж, эвдэн оруулсан Өвөрхангай аймгийн *** сумын харьяат ***-ийн Ө-ын 60-70 толгой адуу 4-5 удаагийн давтамжтайгаар нийт 78 га талбайн улаан буудайн ургацын идэж сүйтгэсэн. 2022.10.12-ны өдөр буюу намрын дунд сарын 17-ноос эхлэн тухайн газрын малчид найр наадам хийж согтуу хөлчүү байж малаа хариулгагүй орхисноос “АБ” ХХК-ны 78 га талбайн тариа идэгдэж, гишгэгдэн сүйтгэгдсэнээс болж тус компанид 36-н сая төгрөгийн хохирол учраад байна. Хүн хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019.12.25-ны өдрийн А/501 тоот Журам батлах тухай" Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.5 дах заалтыг үндэслэн тушаах нь: 1-д: Малын бүртгэлийн журамд мал бүртгэлийн гэрчилгээтэй, малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолттой байх ёстой гэжээ. Гэтэл иргэн Ө нь сүүлийн 3-н жилд 400-500 толгой адуутай болж улмаар миний үйлчлүүлэгчээс гарал, бүртгэлийн гэрчилгээгүй, шилжилт хөдөлгөөний тодорхойлолтгүй малыг хариуцагч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. 78 га талбайд тариалсан тариа 78 тонн будааны үнэ 70,200,000 төгрөг бөгөөд 50 хувиар хорогдол тооцон 35,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 сая төгрөг, нийт 36,100,000 төгрөгийг Г.Ө-аас гаргуулж өгнө үү гэв.

 

  1. Нэхэмжлэгч Г.Ө сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж шүүх анхан шатны хуралдаанд тайлбарлахдаа: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад 500 адуу байхгүй. Манай хамаатны хэдэн адуу байдаг, гэхдээ намар нь тэжээл рүү гээ яваад, хавар нь энд ирж уядаг. Манай адуу урд нь тийм зөрчил гаргаж байгаагүй. Үнэндээ тариан талбайн хашаа нь ч муудсан байгаа. Бусад улсын малыг өгч явуулаад миний адууг өгч явуулаагүй байсан тэрэнд би гомдолтой байгаа гэв.

 

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох зорилгоор манай талаас нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зүйлийг эхлээд ярья. Нэхэмжлэгч Г.Ө-ын хувьд “АБ” ХХК-н буруутай үйлдлээс болж 10,823,000 төгрөгийн хохирол учирсан нь бүрэн нотлогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр тухайн гэм хор учруулсан хашсан, будаа идсэн гэх үйл баримттай хариуцагч тал маргадаггүй. Мөн гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар бүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Тухайлбал мал эмнэлгийн улсын байцаагчийн акт байна. Хортой улаан буудай идсэн гэж ерөөсөө яриагүй, хордлогод ороод үхсэн байна гэсэн акт гарсан. Мөн задлан шинжилгээний явцын мэдээлэл, малын эмчийн баримтаас бүрэн харагдаж байна гэж үзэж байна. Мөн үхсэн гээд байгаа 6 адууны үнэлгээг нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлээд хөрөнгийн үнэлгээний компанид гарал үүслийн бүх баримт бичгээ аваачих өгөөд үнэлгээгээ тогтоолгосон байгаа. Тогтоогдсон үнэлгээ дээр бусад зардлаа нэмээд нийт 10,823,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбар, мал эмнэлгийн гэрчилгээ, малын эмчийн тодорхойлолт, 2 гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд 2 хоног хашаанд байснаас болоод улаан буудайн хордлогод ороод үхсэн гэдэг нь харагдах тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч “АБ” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Мөн үндэслэл шаардлага нь тодорхойгүй. Сая гэрчийн мэдүүлгээр би 78 га талбайд учирсан хохирлыг 285 толгой адуунаас бодоход энэ хохирол учирсан гэж байна. Гэтэл Г.Ө-ын орсон гээд байгаа 10 гаруй адууны эзлэх хувь нь хэд гэдэг нь тодорхойгүй байна. Дээр нь 78 га талбайд нийт 70,000,000 төгрөгийн хохирол үнийн дүнгээр учирсан үүний тал хувь буюу 35,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэдэг зүйлийг яриад байх юм. Тийм байж үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, хохирлын хэмжээг тодорхойлсон үнэлгээ байхгүй, зарим талаар санаатайгаар торыг эвдэж оруулсан зүйл ярьсан энэ талаар гомдол гаргаад шалгуулсан баримт хэрэгт 1 ширхэг ч авагдаагүй. Тариалангийн тухай хууль, Газрын тухай хууль зөрчсөн байна гээд хуулийн заалтууд уншаад байна. Хэрвээ эдгээр хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа бол энэ талаараа зөрчлийн хэрэг нээлгээд энэ хүндээр холбогдох арга хэмжээг авхуулаад шалгуулах боломж нь байсан. Тухайн үед яагаад арга хэмжээ авхуулаагүй гэдэг нь тодорхойгүй байж өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

 

  1. Хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбек анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын газар тариаланчид жилийн жилд тариан талбайн ургацын 30 хувийг малын хариулгагүй, малчдын хариуцлагагүйгээс болж тариалангийн тухай хууль, газрын тухай хууль зөрчсөнөөс болж хохирол амсдаг. Энэ хохирол нь өөрөө эргээд Монгол улсын эдийн засагт нөлөөлж байна. Энэ алдагдсан 30 хувийг гадаадаас худалдан авч ард иргэдийг хүнсний хомсдолоос хамгаалж байна. Энэ хохирлыг аль аль талдаа хүлээгээд явдаг, гэхдээ эндээс малчид огт хүлээдэггүй. Миний үйлчлүүлэгч “АБ” ХХК бол жилийн жилд эзэмшиж буй газрынхаа газрын төлбөрийг орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Газрын татвар бол өндөр байдаг. Гэтэл малчид малын хөлийн татвар төлдөггүй. Гэрчүүд малын хашааг 500, 600 гээд янз бүрээр тайлбарлаж байна гэхдээ төрийн байгууллагаас албан ёсоор дуудаж ирсэн гэрч бол тариалангийн талбайн хашаанд 50 метр ойролцоо малын хашаа байж болохгүй талаар хэлж нотолж байна. Энэ Тариалангийн тухай хуулийн 24.2-т заасныг зөрчсөн нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 54.3-т заасныг зөрчсөнийг Э, С нар бүгдээрээ зөрчсөнийг тогтоож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд “АБ” ХХК-н буруугаас болж малчинд учирсан хохирлын тухай ярилаа. “АБ” ХХК өөрийн өмч хөрөнгийг хамгаалах гээд хашаалаад хаврын бэлтгэлээ хийгээд масло, тос тосол, хүмүүсийн цалин, хоол унд гээд маш их хөдөлмөрийн үр дүнд байгалийн баялгаа хүртээд бүтээгдэхүүнээ авч байхад малчид хашааг нь эвдэж орчхоод малаа хариулгагүй орхисон хариуцагчийн буруу юм уу, нэхэмжлэгчийн буруу юм уу. Энэ тал дээр шүүх анхаарах байх гэж бодож байна. Сөрөг нэхэмжлэл дээр зөрчлөөр цагдаагийн байгууллагад шалгуулах байсныг хийгээгүй гэж байна. Яг бодит байдал дээр газар тариалангийн ажил явуулж байгаа байгууллага орон нутгийн малчидтай маш эв зүйтэй ажиллахгүй бол зөрчилдөх юм бол дараа жилийн ажил хэцүүддэг. Үүнээс дүгнэлт хийхэд хариуцагч өөрийн бүтээгдэхүүнээс тарааж өгдөг орон нутагт дэмжлэг үзүүлдэг. Орон нутагт дэмжлэг үзүүлэн ажилладаг энэ хүнийг нэхэмжлэл бичээд ирж байгаа нь нэхэмжлэгч өөрөө өөрийнхөө бурууг нуух гэсэн оролдлого хийж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагыг гадуурхаж байгаа ойлголт гэж харж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

     8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АБ” ХХК-аас гэм хорын хохиролд 10,823,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д олгож, хариуцагч “АБ” ХХК-ий нэхэмжлэгч Г.Ө-д холбогдуулан гэм хорын хохиролд 36,100,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АБ” ХХК-аас 188,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д олгож, хариуцагч “АБ” ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

            9. Хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбек давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №146/ШШ2023/00104 тоот шийдвэрийг миний үйлчлүүлэгч хариуцагч “АБ” ХХК-ийн захирал ***-ийн Э нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх шийдвэртээ үхсэн адуунуудыг ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийнх гэж үзсэн мөртлөө хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн фото зургаар баталгаажуулсан нэхэмжлэгчийн адуунууд хариуцагчийн тариалангийн талбайд орсон байгааг шүүх үнэлээгүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн хохирлыг няцаах талаар тайлбар хийгээгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлд заасан хохирлыг тооцох боломжгүй гэсэн. Хариуцагчийн хөрөнгө хүч зардлаа гаргаж ургуулсан тариа бүхий эзэмшлийн тариалангийн талбайд нь нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх эзэнгүй адуунууд орж ургасан тариаг нь идэж, сүйтгэж байгаа зөрчилд шүүх зөв дүгнэлт хийгээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна.

            2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Тариалангийн тухай хуулийн 24-р зүйл: Тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах, 24.1-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 24.1.1. Мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх”. 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэжээ. Газрын тухай хуулийн 54-т “Тариалангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах”. 54.3-т “Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах бэлчээхийг хориглоно” гэжээ.

             2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ***-ийн Ө нь тариалангийн талбайн торон хашааг тасдаж эвдэн адуунуудаа тариалангийн талбайд оруулснаас үүссэн хохирол, хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Эцэст нь хэлэхэд хариуцагчийн тариалангийн талбай руу нэхэмжлэгч нь 4-5 удаагийн давтамжтайгаар адуугаа оруулан бэлчээсэн. Хариуцагчийг удаа дараа шаардлага тавихад урдаас нь эсэргүүцэж дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байсныг Хархорин сумын Хүнс, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн М гэрчилнэ.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            10. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад ач холбогдол өгч анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөл байдлаа тогтоолгох нотлох баримтаа гаргаж чадаагүй. Хуурамч нотлох баримт гаргасан. Зориулалтын бус талбайд будаа хурааж байгаа талбайд адууг оруулсан гэж байна. Хариуцагч адууг өөрөө туугаад зориулалтын бус талбайд оруулсан зүйл байхгүй. Мөн өөрсдөө хариуцлагагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл хэсэгтээ шинжээчийн дүгнэлт тодорхой гарсан, 6-н адуу үхсэн байна гэж дүгнэсэн. Үүнийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй. Хавтаст хэргийн 7-14 дүгээр хуудсанд байгаа “В” ХХК компанийн үнэлгээ нь шүүхээс тогтоосон журмаар хийгдсэн үнэлгээ биш харин нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар үнэлсэн. Үүнийг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан. Хавтаст хэргийн 115-121 дүгээр хуудсанд мал эмнэлгийн гэрчилгээнүүд байгаа. Энэ баримтад үхчихсэн байгаа 6-н адууны баримт байдаггүй. Ө-ын мал мөн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талаас тухайн адуунуудыг Сүхбаатар аймгаас ирсэн хурдан удмын адуу гэж хэлдэг. Нэг л гүүг Сүхбаатар аймгаас ирсэн хурдан удмын адуу гэж хэлдэг болохоос бусдыг нь тэгж хэлээгүй. Сүхбаатар аймгаас авсан бол түүнийгээ баримтаар нотлох ёстой. “В” ХХК нь тухайн адуунуудыг хурдан удмын адуу гэж үнэлсэн. “В” ХХК-ийн үнэлгээнд үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэлгээ болон үнэлүүлэх хөрөнгийн материалыг хүлээн авч үнэлсэн гэдэн. Ямар материал хүлээж авсан юм, өөр аймгийн адуунаас энэ адуунууд үнэтэй байгаа юм гэдгийг нотлоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн амаар хэлсэн хурдан удмынх, Сүхбаатар аймгаас ирсэн гэдгээр нь үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт адуунд задлан хийсэн зураг байгаа. Малын эмч 7-н адуунд үзлэг хийгээд түүнээс 4-н адуу нь хүнд байгаа учир эмчилгээ хийсэн гэдэг. Хавтаст хэргийн 8-13 дугаар хуудаст нэг адуунд задлан хийгээд будаанд хордож үхсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Хавтас хэрэгт авагдсан зурагт өвдсөн 4-н адуу байгаа. Нуруугаар нь зэрэгцүүлээд тавьсан хоёр адууны зургийг хоёр удаа хийгээд, нэг унаганы зураг хийгээд түүнийгээ 6-н адуу гэж дүгнэсэн. Тэр 6-н адуу зургуулаа тариа будаанаас болоод хордсон эсэхийг хэн нотлоод байгаа юм. Өвөрхангай аймгаас ирсэн үнэлгээний баг дутуу ажилласан. Үзлэг хийхэд хажуу айлын мал тариан талбайд ороод үхсэн байсан зургийг нь авсан гэдэг. Тариачдын талбайд малчид яагаад малаа оруулсан бэ гэдэгт дүгнэлт хийж, акт тогтоолгож Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваагүй. Хэрвээ акт тогтоосон бол хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангуулах үндэслэлтэй байсан. Тариалангийн тухай хуулиар тариалангийн талбайгаас 500 метр газарт малтай айл байлгаж болохгүй гэж заасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуулийг дүгнэж үзээгүй.  Нэхэмжлэгч өөрөө буруутай болохгүйн тулд 500 метр газарт байгаагүй гэдэг ч бусад гэрч нарын мэдүүлгээр 50-н алхмын газар байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч 6-н адуу үхсэн гэдгээ нотолж чадаагүй. 6-н адуу үхсэн гэх задлан шинжилгээ, малын эмчийн дүгнэлт байхгүй. Хариуцагч талаас малын эздэд мэдэгдсээр байтал дахин дахин тариалангийн талбайд малаа оруулж байгаа нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Нэхэмжлэгчээс бодит бус зүйлийг шаардсан байхад шүүхээс дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгч талаас өгсөн бүх баримтыг үнэлээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.          

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

            11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хариуцагч талаас Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуулийг зөрчсөн байхад энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй. Дээрх хуулиудыг зөрчсөн талаар зөрчлийн хэрэг үүсгээд шалгасан нотлох баримт байдаггүй. Мөн нэхэмжлэгч талаас хуурамч нотлох баримт огт гаргаж өгөөгүй. Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн мэргэжилтнээс хуулбарлаж авсан баримтуудаас гаргаж өгсөн. Малын А дансны хуулбарын ард  хөдөлгөөний баримтыг гаргаж өгсөн. Манай талаас хортой ургамал идсэн гэж яриагүй, хордлогод орсон гэж Мал эмнэлгийн эмчийн дүгнэлт гарсан. 6-н адуу үхсэн нь гэрч С, Э нарын мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулахын тулд хөрөнгийн үнэлгээний газраас адууны удам угшлыг тогтоож, шагнал урамшуулал авч байсан баримт, зураг, гарал үүсэл, малын А дансны хуулга зэргийг үндэслээд тусгай мэдлэг бүхий газраас үнэлгээ гаргаж адуунуудын үнийг тогтоосон. Шинжээч дахин томилуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй. 6-н адуу үхсэн гэдгийг шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, задлан шинжилгээ хийсэн дүгнэлт зэргээр тогтоосон.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбекийн  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

            13. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

            14. Г.Ө нь “АБ” ХХК-д холбогдуулан “гэм хорын хохирол 10.823.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2022 оны 10 дугаар сарын 10-ны үед Улаанбаатар хот яваад эзэнгүй байх хооронд манай 60 гаруй адуу тариан талбайд орсон байсан. Очоод авчих гээд хүн явуулахад өгөөгүй, 2 хоног зориулалтын бус хашаанд хийгээд манай адуу үхсэн. Хоосон хашаанд хийсэн бол ийм зүйл болохгүй байсан. Улаан буудайг нь идээд үхсэн. “АБ” ХХК-иас 6-н тооны адууны үнэ болох 10,100,000 төгрөг, малын эмчийн зардал 635,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 88,000 төгрөг нийт 10,823,000 нэхэмжилж байгаа” гэж тодорхойлсон.

            15. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үр тариа дөнгөж хурааж байхад цас ихтэй, малчид тариалангийн талбайн хашаа торыг тасалж бод малаа оруулсан байсан. Манай ажилчид 2-3-н өдөр хашаанд орсон малыг хөөж гаргаж хашаагаа янзалж байсан. Тухайн үед өдөрт 400-500-н толгой бод мал өдөр, шөнөгүй орж байсан бөгөөд эзэнтэй нь холбоо тогтоон малыг нь тууж гарган хүлээлгэн өгч байсан. ...Г.Ө-ын 60-70-н адуу бидний мэдэж байгаагаар 4-5-н удаагийн давтамжтай орж ирж тариа идэж, хэвтэж, хөрвөөж хашаа эвдэн их хэмжээний хохирол учруулсан бөгөөд зөвхөн 78 га талбайд уринш, хор, бордоо, үр, түлш, ажилчдын цалин гээд бидний 2 жилийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр авч явсан адуу нь тэр өдрөө үхсэн гэсэн. Энэ нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Тэр цаг хугацаанд цасны шар ус, маш хүйтэн цас ихтэй байсан. 6-н адуу үхсэн юм уу 5-н адуу эмчилж байгаа нь тодорхой бус тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргасан.

            16. Мөн хариуцагч нь Г.Ө-аас гэм хорын хохиролд 36.100.000 гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/501 тоот Журам батлах тухай Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т заасныг үндэслэн тушаах нь: 1-д: Малын бүртгэлийн журамд мал бүртгэлийн гэрчилгээтэй, малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолттой байх ёстой гэжээ. Гэтэл иргэн Г.Ө нь сүүлийн 3-н жилд 400-500-н толгой адуутай болж улмаар гарал, бүртгэлийн гэрчилгээгүй, шилжилт хөдөлгөөний тодорхойлолтгүй малыг хариуцагч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. 78 га талбайд тариалсан тариа 78 тонн будааны үнэ 70,200,000 төгрөг бөгөөд 50 хувиар хорогдол тооцон 35,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 сая төгрөг нийт 36,100,000 төгрөгийг Г.Ө-аас гаргуулах” гэж тодорхойлсон.

            17. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад 500-н адуу байхгүй. Манай хамаатны хэдэн адуу байдаг, гэхдээ намар нь тэжээл рүү гээ яваад, хавар нь энд ирж уядаг. Манай адуу урд нь тийм зөрчил гаргаж байгаагүй. Үнэндээ тариан талбайн хашаа нь ч муудсан байсан.” гэж маргасан. 

            18. Анхан шатны шүүх “...Өвөрхангай аймгийн *** сумын *** багт байрлах “АБ” ХХК-ны тариалангийн талбайд 2022 оны 10 дугаар 10-ны өдөр нэхэмжлэгч Г.Ө-ын адуу орсон, тухайн адуунуудыг 2 өдөр улаан буудай хураасан хашаанд хашсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн хашуулсны улмаас хураасан буудайнаас идэж 6-н тооны адуу үхэж хохирол учирсан болох нь тогтоогдсон. ...Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т заасны дагуу нотлоогүй...” гэж дүгнэн хариуцагч “АБ” ХХК-аас гэм хорын хохиролд 10,823,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д олгож, хариуцагч “АБ” ХХК-ийн нэхэмжлэгч Г.Ө-д холбогдуулан гэм хорын хохиролд 36,100,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            19. Зохигчдын хооронд “АБ” ХХК-ийн тариалангийн талбайд Г.Ө-ын адуу орсон талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн адуу хоёр хоног хашуулахдаа улаан буудай идэж үхсэн гэж, хариуцагч нь Г.Ө-ын адуу тариалангийн талбайд орж хохирол учруулсан гэж маргасан.       

          Хариуцагчийн төлөөлөгч “...Бид хүнсний хэрэглээний улаан буудай тариалж Улаанбаатар гурил ХХК-д тушаасан байхад хортой малын тэжээлийн зориулалтын бус улаан буудай хураасан гэж байгаад гайхаж байна. Шинжилгээний хариу болон Улаанбаатар гурил ХХК-тай хийсэн гэрээ байгаа...” гэж тайлбарлаж байгаа боловч Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн дүгнэлтэд “... хашаанд байсан хураасан будаанаас их хэмжээгээр идсэн бөгөөд тухайн үед цас орсон байсан учир хашаанд тогтсон шар уснаас уусан. Ингээд исэлдэж улаан буудайны хор буюу уургийн хордлогод орж үхсэн.” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл хортой улаан буудай идсэн гэсэн үг биш бөгөөд харин улаан будаа идсэний дараа ходоодонд нь исэлдэж уургийн хордлогоор үхсэн гэж дүгнэжээ.

            20. Нэхэмжлэгчийн адууг хоёр хоног хашсан үйлдэл болон будаа идсэнээс болж уургийн хордлогод орж 6-н тооны адуу үхсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Г.Ө өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна. 

            21. Хариуцагч “АБ” ХХК нь 78 га талбайд тариалсан тариа 78 тонн будааны үнэ 70,200,000 төгрөгийг 50 хувиар хорогдол тооцон 35,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 сая төгрөг, нийт 36,100,000 төгрөгийг Г.Ө-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

          “АБ” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайд Г.Ө-ын адуу орсон талаар талууд маргаагүй боловч хариуцагч байгууллагын төлөөлөгчийн “...Тухайн үед өдөрт 400-500-н толгой бод мал өдөр, шөнөгүй орж байсан бөгөөд эзэнтэй нь холбоо тогтоон малыг нь тууж гарган хүлээлгэн өгч байсан. Гэвч зарим малчин нь утсаа унтрааж холбогдох боломжгүй, мөн намрын дунд сарын 17 буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр найр наадам хийгээд согтуу хөлчүү малаа хариулгагүй орхисон байсан. Тухайн үед бид зүс тамгыг нь мэдэх малчдадаа утсаар тариалангийн талбайгаас адуу, үхэр, малаа гаргаж аваач гэж ярьж байсан...” гэсэн тайлбар, гэрч С.М-ын “...Тухайн үед газар дээр нь очиж ажиллахад хоорондоо тохиролцоод малаа авсан гээд 8 өрх буюу Бүрд сумын 3-н малчин, Хархорин сумын 5-н малчин өрхийн нийт 285 толгой мал орсон гэх мэдээллийг өгсөн...” гэсэн тайлбаруудаас үзвэл зөвхөн Г.Ө-ын адуу тариан талбайд орж  78 га талбайн улаан буудайг идэж сүйтгэн  35,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

           Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.”Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 тоот хамтарсан тушаалаар хохирлыг ямар аргачлал, тооцоолол ашиглан тогтоохыг нарийвчлан зохицуулсан ба тушаалын хавсралтын 3.1.-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлнэ.” гэж заасан. Гэтэл “АБ” ХК-ийн “хохирлыг төлж барагдуулах тухай акт” нь хууль, журамд нийцээгүй, бодит хохирлыг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байна.

           Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, тухайн компанийн эсвэл эрх бүхий этгээд хууль, журамд заасны дагуу хохирлыг бодитой тогтоох нь шүүхээс тухайн маргааны хувьд шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.

           “АБ” ХХК нь өөрт учирсан хохирлоо хууль тогтоомжид заасан журмаар хангалттай нотолж, баталгаажуулаагүй, хэрэгт авагдсан хохирлын талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй юм.

           Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.     

            22. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

            23. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч “АБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 338 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 146/ШШ2023/00104 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбекийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “АБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 338 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.