Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/03387/И |
Дугаар | 4438 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4438
2016 оны 06 сарын 22 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04438 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Жон Бээс” ХХК-ийн байр, 303 тоотод байрлах, “Континенталложистик” ХХК /РД: 5286352/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байр, 32 тоотод байрлах, “Монфрут гранд” ХХК /РД: 5511615/-д холбогдох,
53 038 812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Континенталложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зуучлалаар 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатарт ирсэн 2 чингэлэг Бельги улсын алимыг хүлээн авагч болох “Монфрут” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар албан бичгийг үндэслэн, төлбөр тооцоог 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан 27 174 ам.доллар, 660 000 төгрөгийг барагдуулж дуусгахаар олгов. Гэвч дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 ам.доллар төлж барагдуулсан. Үлдэгдэл 17 174 ам.долларыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөрт багтаан барагдуулахаар хүсэлт гаргасныг харгалзан үзэж, дахин хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох, алдангийг нийт үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор тохиролцон сунгасан. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй. Иймд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 266 хоногийн өдрийн 0.5 хувийн алдангиар бодсон болно. Төлбөрийн үлдэгдэл 17 174 ам.долларын 0.5 хувийн алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул үнийн дүнгийн 50 хувиар тооцож 8 587 ам.долларын хамтаар нийт 25 761 ам.долларыг Монгол банкны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар 2020.45 төгрөгөөр тооцож 52 048 812 төгрөгийг, 660 000 төгрөгийн 0.5 хувийн алданги мөн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул үнийн дүнгийн 50 хувиар тооцож 330 000 төгрөгийг нэмж тооцож нийт 990 000 төгрөгийг тус тус бодож бүгд 53 038 812 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Монфрут гранд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Континенталложистик” ХХК-ийн Белги улсаас оруулж ирсэн 2 чингэлэг алим авсан түүний тээврийн болон бусад зардлыг төлөөгүй нь үнэн. Учир нь манай компани эдийн засгийн боломжгүй байна. Үлдэх төлбөрийг зөвшөөрч байгаа. Алдангийн хэмжээ хэт их байх тул багасгаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Континенталложистик” ХХК нь хариуцагч “Монфрут гранд” ХХК-д холбогдуулан тээврийн хөлсний үлдэгдэл 17 174 ам.доллар, алданги 8 587 ам.доллар, нийт 25 761 ам.доллар буюу 52 048 812 төгрөг, дотоод зардалд 660 000 төгрөг, алданги 330 000 төгрөг, нийт 990 000 төгрөг, бүгд 53 038 812 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг “...алдангийн хэмжээ хэт их байх тул багасгаж өгнө үү” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Бельги улсаас MWCU681830-3/PONU477809-5 дугаар, 2 ширхэг 40 тонн чингэлэг бүхий алимыг Монгол улсад тээвэрлэж хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь тээврийн хөлсөнд 27 174 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Манай компани нь “Континенталложистик” ХХК-ийн Белги улсаас оруулж ирсэн 2 чингэлэг алим авсан түүний тээврийн болон бусад зардлыг төлөөгүй нь үнэн” гэх тайлбар болон хариуцагчийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна. /хх 13 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь 2 ширхэг 40 тонн чингэлэг бүхий алимыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь тээврийн хөлс 27 174 ам.доллараас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 ам.долларыг төлж, үлдэх 17 174 ам.долларыг төлөөгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...Үлдэх төлбөрийг зөвшөөрч байгаа” гэх тайлбар болон хэргийн 14 дүгээр талд авагдсан “...17 174 ам.долларыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлнө” гэх хариуцагчийн хүсэлтээр нотлогдож байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь тээврийн хөлсний үлдэх төлбөр болох 17 174 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн дотоод зардал болох 660 000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна уг төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлөхөөр хариуцагч нь нэхэмжлэгчид хүсэлт гаргасан байна. /хх-14 дүгээр тал/. Иймд уг төлбөрийг тээврийн хөлсөнд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх төлбөрийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба мөн зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр заажээ.
Хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгчид 2015 оны 5 дугаар сарын 26, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ алдангийг хэмжээг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг хүсэлтийг хүлээн авсан нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 05/19/15 дугаар албан бичгээр нотлогдож байна. /хх14-15, 44 дүгээр тал/. Иймд Иргэний хуулийн 40.1, 43.2.2-т зааснаар талуудыг алдангийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь тээврийн хөлсний үлдэгдэл 17 174 ам.долларын алдангийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон, уг хэмжээ нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр алдангийг 8 587 ам.доллар, мөн дотоод зардал 660 000 төгрөгийн алдангийн хэмжээ нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр 330 000 төгрөг болгон шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэнтэй нийцэж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заажээ. Тээврийн хөлсний үлдэгдэл 17 174 ам.долларын алдангийн хэмжээ болох 8 587 ам.доллар нь илт их байх тул шүүх уг хэмжээг 4 294 ам.доллар болгон тооцох нь зүйтэй гэж үзэв. Харин 660 000 төгрөгийн алдангийн хэмжээ болох 330 000 төгрөгийг илт их гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь тээврийн хөлсний үлдэгдэл 17 174 ам.доллар болон түүний алдангийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны 1 ам.доллар 2020.45 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцсон нь хуульд харшлаагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас тээврийн хөлсний үлдэгдэл 34 699 209 төгрөг /17 174 ам.доллар х 2020.45 төгрөг/, алданги 8 675 813 төгрөг /4 294 ам.доллар х 2020.45 төгрөг/, дотоод зардал 660 000 төгрөг, алданги 330 000 төгрөг, нийт 44 365 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Монфрут гранд” ХХК-иас 44 365 022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Континенталложистик” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 673 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 379 776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН